Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 133

 

 

 

 

 

 

 

    2019         02           15                                    133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                       

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

хохирогч: П.Саруул,

иргэний нэхэмжлэгч:Г.Пүрэв, тэдгээрийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, /1584/

иргэний нэхэмжлэгч: Б.Чимэг,

иргэний нэхэмжлэгч:Б.Төр, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Туяа, /0154/

шүүгдэгч: Ц.Даваа, түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очир,/1312/ Ч.Отгонбаатар /0134/  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваад холбогдох эрүүгийн 201626020488 дугаартай, 2 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, сард 2 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эхнэр, 2-10 насны 3 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Даваа.

 

Шүүгдэгч Ц.Даваа нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн нуур” нэртэй зочид буудлын урд талын автомашины зам дээр П.Мэнд-Саруулыг 92-53 УНЧ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота хайландер” машинтай хөдөлгөөнд оролцож явахад нь машинаас нь бууна гэж П.Мэнд-Саруулын араас хоолойг нь боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн нуур” нэртэй зочид буудлын урд талын автомашины зам дээр П.Мэнд-Саруулыг 92-53 УНЧ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Хайландер” машинтай хөдөлгөөнд оролцож явахад нь машинаас нь бууна гэж П.Мэнд-Саруулын араас хоолойг нь боосны улмаас П.Саруул нь ухаан алдаж машинынхаа жолоодлогыг алдан, зогсоол дээр байсан 53-15 УБО улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн автомашин, 07-80 улсын дугаартай “Тоёота аллион” маркийн автомашинуудыг мөргөж, 6 571 000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

нийтийн эзэмшлийн цахилгааны шон мөргөж, гэмтээн 1 536 000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.Даваа мэдүүлэхдээ:

Би Мэнд-Саруулын машинд суугаад “та нар миний машиныг эвдлээ, яасныг буугаад хар” гэхэд тэр машинаасаа буухгүй байсан. Миний машины гуперийг Мэнд-Саруулын найзууд гэмтээсэн. Тэгэхээр нь би Мэнд-Саруулын машинд суугаад “хоёулаа зүүн эргээд Баянголын замын цагдаа оръё” гэж хэлээд явсан. Гэтэл зүүн эргэх байтал тэр баруун эргээд маш хурдтай явсан. Тэр үед түүний зан байдал нь өөрчлөгдөөд “аваачдаг газар нь аваачиж ална” гээд намайг заналхийлж эхэлсэн. Тэгэхэд нь би бууя гээд орилоход машинаа зогсоогоогүй. Тэр үед хажуунаас машин орж ирсэн бол осол болохоор л байсан. Би арын суудалд нь сууж байсан болохоор арын хаалгыг онгойлгосон боловч машин маш хурдтай явж байсан болохоор үсэрч чадаагүй. Дараа нь түүнийг зогсооч гээд мөрнөөс нь татахад тэр зөрүүлээд миний нүүр рүү цохисон. Тэгэхэд миний нүдний шил, малгай унасан.  Би нүдний шилээ авахаар доошоо тонгойсон үед хохирогч машинаараа юм мөргөөд зогсохоор нь машинаас нь буугаад найз нар руугаа гүйгээд явсан. Би Мэнд-Саруулыг гэрлийн шон мөргөөд зогссон юм болов уу гэж бодсон. Машинаас буух боломж олдсон учраас би буугаад л шууд зугтаасан. Хохирогч тухайн үед согтуу байсан. Би яагаад Мэнд-Саруулын машинд суусан гэхээр түүний бичиг баримтыг авбал маргааш нь уулзаад өөрийн машины эвдрэлийн талаар уулзаж, учрыг нь олох боломжтой гэж бодсон юм. Би  Мэнд-Саруулыг машин жолоодож явах үед нь түүнийг хойноос нь боогоогүй, тэр худлаа мэдүүлж байна. Би гэм буруугүй тул хохирогч, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөөгүй. Хэрвээ шүүхээс намайг гэм буруутайд тооцож хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэвэл шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-П.Саруул мэдүүлэхдээ:

Би найзууд руугаа утсаар яриад сүүлд нь машинтайгаа очсон, согтууруулах ундааны  зүйл хэрэглээгүй байсан. Даваа намайг эрүүл байсан болохоор үүнтэй л зууралдвал юм олж авна гэж бодоод зууралдаад байсан. Гэтэл Даваа надтай зууралдаад, машинд орж, суусан. Тэгэхээр нь би түүнд “машинаас буугаач, би энэ хэрэгт хамаагүй” гэхэд тэр намайг цохиод, найзуудаа дуудаад “энэ залууг зодоорой” гэж хэлсэн. Манай найзууд цагдаа дуудсан байсныг би мэдэж байсан. Би олон залуучууд машиныг маань гэмтээж магадгүй гэж бодоод машинаа холдуулах гэтэл Даваа машинд орж ирж суугаад буухгүй, хэрүүл хийгээд байсан. Тэгээд би машинтайгаа баруун эргэж яваад түүнд  “чи энд буучих” гэж хэлэхэд буугаагүй. Тэгээд намайг машин жолоодоод явж байхад Даваа цээжин биеэрээ миний өмнүүр орж ирээд зүүн гарт байсан утсыг булааж авах гээд дайрахаар нь утсаа доош болгосон. Тэгтэл тэр баруун гараараа хоолой боогоод намайг хэвттэл хойшоо татсан. Би түүнд “тэнэг минь би машин барьж байна шүү дээ” гэхэд үгийн зөрүүгүй хоёр гараараа боосон. Нэг сэрэхэд машины хамраас утаа гарч байсан. Би цочролд ороод суудал дээрээ хэсэг суусан. Миний жолоодож явсан авто машин гэмтэж, эрүүл мэндэд маань хөнгөн хохирол учирсан. Би ухаан алдсан байсан. Би томографийн зураг 100 000 төгрөгөөр авахуулж, 100 000 төгрөгөөр эм тариа авсан. Мобикомоос лизингээр авсан “Ай Фоне 6 эс” загварын 1 700 000 төгрөгийн гар утас алга болсон. Иймд Даваагаас 1 900 000 төгрөг нэхэмжилнэ. Би эд материал болон сэтгэл санаагаар их хохирсон. Би Солонгос улс руу сургуульд явахаар болоод сургалтын төлбөрөө хийсэн байсан боловч энэ хэргээс болоод явж чадаагүй. Надад Даваатай замын цагдаагийн газар руу явах шаардлага байхгүй байсан. Учир нь би Даваагийн машин гэмтсэнийг мэдэхгүй, надад хамааралгүй байсан. Даваа согтуу байсан болохоор түүний амыг дагуулаад за замын цагдаа явъя гэж хэлсэн. Манай найзууд цагдаа дуудсан байсан болохоор буцаж эргээд очъё гэж бодсон. Би Давааг машинаасаа  буулгах гэхэд тэр чамаас ямар нэгэн зүйл авч байж сална гээд байсан. Би Давааг буулгаад машинаа унаад явах гэхээр Даваа гүйж ирээд машинд маань суугаад байсан болохоор түүнийг машинаасаа буулгаж чадаагүй гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч-Г.Пүрэв мэдүүлэхдээ:

Миний машины урд тал авах юмгүй болтлоо гэмтэж, эвдэрсэн байсан. Хүүгээ амьд гарсанд нь баярладаг. Даваа хүүг маань осолд орсон байхад цагдаа, эмнэлэг дуудаагүйд гомддог юм. 92-53 УНЧ улсын дугаартай, “Тоёота хайландер” маркийн автомашиныг засахад нийт 9 225 000 төгрөгийн засвар үйлчилгээний зардал гарсан. Одоо энэ мөнгөө нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч-Б.Чимэг мэдүүлэхдээ:

Тэр шөнө манай хоёр машиныг маань мөргөсөн байсан. Би цагдаа дуудахад наад асуудал чинь шөнийн 02 цагт болсон, бид үзлэг хийсэн, машин чинь  мөргөсөн хүнийг нь олсон гэсэн. Тухайн үед цагаан сар болох гэж байсан болохоор би “Тоёото Аллион” маркийн автомашинаа 2 773 000 төгрөгөөр засуулсан. Одоо энэ хохирлыг нэхэмжилж байна гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч-Б.Төр мэдүүлэхдээ:

Миний эзэмшлийн машинд учирсан гэм хорын хохирол 3 763 000 төгрөгийг гаргуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжпэгч-Б.Батжаргал мэдүүлэхдээ:

“Манай байгууллага нь Баянгол дүүргийн Нийтийн эзэмшил, гэр хороолол, орон сууцын ашиглалтыг хариуцдаг юм. Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамжны 3ЗА шонг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ослын улмаас эвдсэн байсан. Тухайн ослын улмаас учирсан нийт хохирол 1 536 000 төгрөг болсон бөгөөд энэ хохирлоо нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 195 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Алтанзул мэдүүлэхдээ:

...Тэгж байгаад бид нар бүгдээрээ зугтаагаад манай байрны орц руу ороод зогсож байхад, Баасандорж руу Даваа залгаад “машины гупер хагалчихлаа” гэсэн. Тэгээд Энхбаатар, Мөнхбаяр 2 түрүүлж гүйж гараад явсан. Тэгээд би хар машины хажууд ирэхэд бүдүүн залуу \Бат-эрдэнэ\ жолооны ард сууж байсан. Даваа бид 2 тэр залууд хандаж “машиныхаа бичиг баримтыг өг” гэхэд тэр залуу би жолооч нь бишээ гээд байсан. Тэр үед бид нар хойд талын суудал дээр нь ээлжлээд суугаад, буугаад байсан. Тэр үед Даваа машины арын суудал руу суусан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 167 дугаар хуудас)

           

Мөрдөн байцаалтад гэрч-С.Баасандорж мэдүүлэхдээ:

“...бид нар Алтанзулын байрны орцонд ороод байж байтал Даваа залгаад гупер хагалчихлаа гэхэд Мөнхбаяр, Энхбаатар 2 түрүүлээд гараад явсан. Тэгээд Алтанзул бид 2 араас нь гараад явж байтал Энхбаатар, Мөнхбаяр хоёр дээр хэдэн залуучууд ирчихсэн зууралдаад, чирээд явж байсан. Нэг харсан чинь хоёр талынхан бүгд цуглачихсан, Даваа ирчихсэн. Тэгээд байж байтал нэг машин хөдлөөд явсан бөгөөд цагдаагийн машин зөрөөд ирсэн гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 169 дүгээр хуудас)

           

Мөрдөн байцаалтад гэрч-М.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:

“...Тэр үед Гантулга намайг цохичихлоо цагдаа дуудаарай гэж орилсон. Тэр үед Аргууныг би цагдаа дууд гэхэд цагдаа дуудсан. Тэгээд Гантулга өөрийг нь цохисон гэх улаан куртиктэй залууг гарнаас нь бариад тавихгүй гэхэд тэр залуу нь тавиулах гээд Гантулгыг цохиод байсан. Тэгээд тэр хоёр рестораны хойшоо тойроод явахаар нь бид нар бас дагаад явсан. Тэд нар Гантулгыг газарт унагаагаад өшиглөчихөөд бүгдээрээ зугтаагаад явчихсан. Тэр үед Саруул машинтайгаа ирж таараад Гантулга бид хоёр нөгөө хүмүүсийн араас нь хөөгөөд хоёрыг нь чирээд Саруулын машины хажууд авчраад байж байтал нөгөө залуучууд нь хойноос нь бүгд хүрээд ирсэн. Тэгээд гадаа хүйтэн байсан болохоор Саруулын машины урд талд суусан. Тэгтэл нүдний шилтэй залуу болон улаан куртиктэй залуу хоёр миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод машины гупер төлж өг гээд дайраад байсан. Тэр үед та хоёр холд, би машинаа аваад явлаа гэхэд тэр хоёр Саруул руу дайрахаар нь би “наадах чинь биш ээ, сая ирсэн дуудлагын жолооч” гэхэд нүдний шилтэй залуу нь хойд талын суудал руу ороод суучихсан. Тэгэхээр нь би буугаад нүдний шилтэй залууг буулгаад өөрөө машиндаа суугаад холдуулах гэтэл нүдний шилтэй залуу машины хойшоо дахиад ороод суучихсан. Тэгэхэд Саруул машинаа бариад цаашаа хөдлөөд явсан гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 29 дүгээр хуудас)

           

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Гантулга мэдүүлэхдээ:

“...би найзууд руугаа ирэхэд Саруулын машин ирчихсэн байсан. Тэгээд би машин дээр нь явж очиход Бат-эрдэнэ урд нь суучихсан, Саруул машины гадна зогсчихсон, нүдний шилтэй залуу хойно нь ороод суучихсан байсан. Тэгээд нүдний шилтэй залуу Бат-Эрдэнээс миний машиныг хэн ингэсэн юм гээд хэрүүл хийгээд байсан, энэ дуудлагын жолооч ямарч хамаагүй чи зүгээр буу гээд Саруул очоод гарнаас нь татахад улаан куртиктэй залуу нь Саруулыг куртикнээс нь зулгаасан. Тэгэхээр нь би улаан куртиктэй залууг Саруулаас салгасан” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 175 дугаар хуудас)

           

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Саранчимэг мэдүүлэхдээ:

’’Тухайн хэрэг болсон гэх шөнийн 01 цагийн үед Төмөр замын хажууд осол болсон байна гэсэн. Би хүү Мэндбаярын хамт осол болсон гэх газар очиход манай машин эсрэг талын урсгалд орсон хамар нь эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд гэмтэлд очиход Саруул нь хүчилтөрөгч залгуулчихсан хэвтэж байсан, үзэж байсан эмч нь хэвтрийн байдалтай 5 хоног байлгаарай шоконд орчихсон байна гэсэн. Саруулын биед ил харагдах гэмтлүүд сайн ажиглагдаагүй. Тэгээд Саруулыг аваад гэртээ очоод 2 хоног босолгүй тайван гэрт нь хэвтүүлсэн. Тэгээд нэг дэх өдрийн өглөө замын цагдаа дээр очоод Одсүрэн гэх байцаагчтай уулзаад тэндээс шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг авч явж үзүүлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 178 дугаар хуудас)

           

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Зундуйсүрэн мэдүүлэхдээ:

“одоо миний санаж байгаагаар 01 цаг 30 минутын орчим их чанга дуу чимээ гарахаар нь 3 давхарт байрлах гэрийн цонхоор харахад хар өнгийн жип машин байх шиг байсан бөгөөд тухайн машин нь нилээн хүчтэй юм мөргөчихөөд эсрэг урсгалд буюу зүүнээсээ баруун зүгт явах чиглэлд ороод зогссон. Тухайн машиныг зогсмогц дотроос нь 1 эрэгтэй хүн гараад баруун урд зүгт гүйчихсэн. Тэгэхээр нь би өөрийн машинаа зогсоолд тавьчихсан байсан учраас мөргөчихсөн байж магадгүй гэж бодоод гараад шалгахад миний машин зүгээр байсан. Тэгэхээр нь хар өнгийн жип машин дээр очоод зүүн урд талын хаалгыг татаж онгойлгоход жолооны хүрдэн дээр 1 эрэгтэй сууж байсан. “Чи зүгээр үү” гэж асуухад “би зүгээр, таньд утас байвал яриулаач” гэсэн. Жолооч жолооныхоо хүрдийг мөргөчихсөн, жавьж орчмоос нь цус гарчихсан байдалтай байсан. Тухайн үед би чи согтуу юм уу хаашаа юм гэж хэлэхэд тэр залуу би зүгээр гэж хэлсэн. Тухайн машин нь урд хэсэг нь тэр чигтээ эвдэрчихсэн, машины урд мотор орчмоос уур савчихсан байдалтай байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 130-131 дүгээр хуудас)

           

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1691 тоот дүгнэлтэд:

 

1.П.Саруулын биед тархи доргилт, духны зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.          

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 29 дүгээр хуудас)

           

Мөрдөн байцаалтад шинжээч-А.Амгаланболд мэдүүлэхдээ:

“Саруулын биед учирсан гэмтлүүд нь ямар ч хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Аваар ослын үед ч боломжтой, цохих, боох зэрэг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ялгах, салгах боломжгүй. Жолоочийн анхаарал сарних төдийд жолооч жолоодлого алдах боломжтой. Тэгэхээр боох үед жолоодлого алдах боломжтой гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 91 дүгээр хуудас)

                       

Мөрдөн байцаалтад шинжээч-Д.Батзориг мэдүүлэхдээ:

“би 100 дугаартай дүгнэлтийг ЗХД-ийг үндэслэж 2017.03.16-ны өдөр гаргасан. Жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болохгүй гэдэг нь тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоочид ямар нэгэн байдлаар саад болохгүй байх үүрэгтэй" гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 113 дугаар хуудас)

           

“Ашид билгүүн” ХХК-ийн автомашины үнэлгээний тайланд:

07-80 улсын дугаартай, “Тоёота аллион” маркийн автомашинд 1 833 000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 54 дүгээр хуудас)

           

“Ашид билгүүн” ХХК-ийн автомашины үнэлгээний тайланд:

53-15 УБО улсын дугаартай, “Ниссан экстрал” маркийн автомашинд 3 243 000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 56 дугаар хуудас)

           

“Ашид билгүүн” ХХК-ийн автомашины үнэлгээний тайланд:

92-53 УНЧ улсын дугаартай, “Тоёота хайландер” маркийн автомашинд  8 427 000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 59 дүгээр хуудас)

 

“РЗА”-ХХК-ийн хохирлын зардлын тооцоонд:

Материал 1 107 000 төгрөг, машин механизм 106 200 төгрөг, цалин хөлс 323 000 төгрөг, нийт 1 536 000 төгрөг гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 65 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

Ц.Даваа ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 52 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Даваад 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн нуур” нэртэй зочид буудлын урд талын автомашины зам дээр П.Мэнд-Саруулыг 92-53 УНЧ улсын дугаартай, “Тоёота хайландер” машиныг жолоодож явахад машинаас нь бууна гэж үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж зодож танхайран, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулснаас П.Мэнд-Саруул ухаан алдаж машиныхаа жолоодлогыг алдаж, зогсоол дээр байсан машинуудыг мөргөж, гэмтээсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял сонсгон, яллагдагчаар татаж, улмаар уг зүйлээр яллах дүгнэлт үйлдэж байжээ.

Уг хэрэг мөрдөн байцаалтад шалгагдаж байхад 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилсэн тул прокуророос шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь зөв байна.

 

Шүүгдэгч Ц.Даваа нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн нуур” нэртэй зочид буудлын урд талын автомашины зам дээр хохирогч П.Саруулыг “Тоёота хайландер” маркийн, 92-53 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үед араас хоолойг нь боосноос эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч П.Саруул, иргэний нэхэмжлэгч Г.Пүрэв, гэрч Д.Зундуйсүрэн нарын мэдүүлэг,  2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1691 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Давааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ”,

мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэж тус тус заажээ.

Ц.Даваа нь дээрх гэмт хэргийг үйлдсэнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн 2016 онд үйлдсэн гэмт хэрэгт прокурор түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1-д зааснаар зүйлчлэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаагүй тул шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамласан болно. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан бол”  гэж уг гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талыг хуульчилж, гэмт хэрэг гэж тооцож байсан байна.

Ц.Даваа нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бусдыг эд хөрөнгийг санаатай гэмтээгээгүй байхад прокуророос түүний эрх зүйн байдлыг дордуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь буруу байх ба энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг зөрчжээ.

  Иймд Ц.Даваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчийн бусдад хөнгөн гэмтэл учруулснаас тэр ухаан алдаж, машиныхаа жолоог алдсаны улмаас иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвгийн 92-53 УНЧ улсын дугаартай, “Тоёота хайландер” маркийн автомашинд 9 225 000 төгрөгийн,

иргэний нэхэмжлэгч Б.Чимэгийн 07-80 улсын дугаартай, “Тоёота аллион” маркийн автомашинд 2 773 300 төгрөгийн,

иргэний нэхэмжлэгч Б.Төрийн 53-15 УБО улсын дугаартай, “Ниссан экстрал” маркийн автомашинд 3 763 000 төгрөгийн,

“Хайрхан наран трейд” ХХК-д 1 536 000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашины үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “РЗА” ХХК-ийн гудамжны гэрэлтүүлэгчийн зардлын тооцоо, Мастер сүлжээ оношлогооны баримт, Вьетнам авто засварын газрын үйлчилгээний хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул тэдэнд учирсан хохирлыг Ц.Даваа хариуцах хууль зүйн үндэстэй болно.

 

“РЗА” ХХК нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамжид хийгдсэн гудамжны гэрэлтүүлгийг урьд нь хариуцаж байсан ба 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн “Хайрхан наран трейд” ХХК тус гэрэлтүүлгийн асуудлыг хариуцан ажиллаж байх тул  1 536 000 төгрөгийг тус компанид олгож шийдвэрлэв.  

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг си ди бичлэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй. 

Хохирогч П.Саруул томографийн зураг 100 000 төгрөгөөр авахуулж, 100 000 төгрөгөөр эм тариа авсан. Мобикомоос лизингээр авсан “Ай Фоне 6 эс” загварын 1 700 000 төгрөгийн гар утас алга болсон тул Ц.Даваагаас 1 900 000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байх боловч үүнийг нотолсон нотлох баримт байхгүй байна. Энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1, 1, 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Даваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Давааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Ц.Даваад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг си ди бичлэгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч Ц.Даваагаас 9 225 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвд,

2 773 300 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Чимэгт,

3 763 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Төрд,

1 536 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Хайрхан наран трейд” ХХК-д тус тус олгосугай.

 

7. Хохирогч П.Саруул нь 1 900 000 төгрөгийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН