Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 48

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж, шүүгч Д.Ренченхорол, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

“С.Сарантуяагийн нэхэмжлэлтэй Ц.Ууганжаргалд холбогдох “Гэм хорын хохирол 5000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг гаргуулах, 3 хүүхдэд олгох тэтгэмжийн зөрүү гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд;

            Нэхэмжлэгч С.Сарантуяа түүний өмгөөлөгч Г.Амартүвшин

            Хариуцагч: Ц.Ууганжаргал

            Иргэдийн төлөөлөгч: Б.Даваажав

            Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар  оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч С.Сарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

... 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Ц.Ууганжаргал нь согтуугаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас миний хүү Д.Майнбаярыг мөргөж амь насыг нь хохироосон юм. 

Тус хэргийн шүүх хуралдаан 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж Ц.Ууганжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.3, 216.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж 03 жил 01 сарын хорих ял оногдуулсан. 

Ц.Ууганжаргал нь тухайн үед гарсан хохирол оршуулгын зардлаас гадна миний талийгаач хүүгийн банкны зээл болох 5.000.000 төгрөгийг төлж барагдуулна гэж хэлээд хохирол гомдолгүй гэж надаар тодорхойлолт бичүүлсэнийхаа дагуу   шүүх ял оногдуулахдаа хохирол төлбөр төлөгдсөн гэж хөнгөрүүлж үзсэн. 

Уул нь шүүх хурал болдог өдөр ээж Эрдэнэчимэг болон Ц.Ууганжаргал нь надтай уулзахдаа “миний дансыг хаачихсан байна, хурлаас гарч ирээд данс нээгдэхээр нь хүүгийн чинь банкны зээлийг хаагаад өгье” гэсэн боловч одоо болтол өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. 

Тухайн үед надад хүүгээ алдаад 3 өнчин хүүхэдтэй нь үлдээд хэцүү байсан боловч  Ц.Ууганжаргалыг хүн чанар гаргаж банкны зээлийг хаах юм байна гэсэн итгэлээр шүүх хуралдаанд гомдолгүй гэж хэлсэн юм. 

Гэтэл одоо Ц.Ууганжаргал нь Өршөөлийн тухай хуулиар суллагдсан ба утсаа ч авахгүй, Алтанбулагт байх аавынд нь очихоор та нар өөрсдөө учраа ол” гээд эгчид нь хэлэхээр “нэгэнт ялаа эдлээд гараад ирсэн юм чинь одоо наадах чинь ямар хамаатай юм гээд уулзуулахгүй байгаа юм.

Миний бие хүүгийнхээ банкны зээл болох 5.000.000 төгрөгийг талийгаач хүүгийнхээ хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болон өөрийн цалингаараа  арай ядан төлж дуусгасан. 

Ц.Ууганжаргалыг өршөөлөөр суллагдаад гарч ирээд өгөх юм болов уу гэтэл уулзахгүй байна. Иймд Ц.Ууганжаргалаас талийгаач хүүгийнхээ банкны зээл 5.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг, мөн 3 хүүхдүүдэд олгох тэтгэмжийн зөрүүг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.  

Хариуцагч Ц.Ууганжаргал 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: 

....Миний бие С.Сарантуяагийн нэхэмжилсэн 5500.000 төгрөгийг хүлээн зөвөшөөрхгүй байна. 

Учир нь: С.Сарантуяа ь шүүх хурал болохоос өмнө баримтгүй 5000.000 төгрөг нэхэж байсан учир хэрэв шүүх хурлаас надад хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд шаардсан мөнгийг боломжооороо өгөхөөр тохиролцсон юм. 

Гэвч шүүхээс намайг 3 жил 5 сар хорих ялаар шийтгэгдсэн тул дээрх тохиролцоо хүчингүй болсон. Миний бие нь Дархан-Уул аймгийн 445 дугаар хорих ангид ялыг 1 жил 2 сарын хугацаанд биеээр эдэлж 2015 оны 11 сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан.

Үүнээс хойш эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй “ХААН” банкинд өндөр үлдэгдэлтэй. Өр зээлтэй байгаа билээ. 

Иймд тогтсон ажил, орлоготой болсон үедээ хохирогчийн хүүхдийн тэтгэмжийн зөрүүг тодорхой хэмжээгээр төлж өгөх болно гэжээ.

Иргэний хэргийн нэхэмжлэгч С.Сарантуяа, хариуцагч Ц.Ууганжаргал нар нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

      ... Нэг талаас нэхэмжлэгч С.Сарантуяа нөгөө талаас Ц.Ууганжаргал нар нь доорх байдлаар эвлэрэн хэлэлцэв.

1- т: Нэхэмжлэгч С.Сарантуяа нь нэхэмжлэлийг шаардлагаасаа хүүхдийн тэтгэмж гаргуулах шаардлагаас татгалзаж, 5500.000 төгрөгийг хариуцагч Ц.Ууганжаргалаас авахаар, 

2- т: Хариуцагч Ц.Ууганжаргал нь 5500.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр, 

3- т: Зохигчид дээрх асуудлаар дахин маргах, шүүхэд хандах эрхгүй байхаар эвлэрэн хэлэлцэв.

                                             Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

                                 Нэхэмжлэгч                          С.Сарантуяа,

 

                                 Хариуцагч                            Ц.Ууганжаргал гэжээ. 

 

                                                         Үндэслэх нь:

“С.Сарантуяагийн нэхэмжлэлтэй Ц.Ууганжаргалд холбогдох “Гэм хорын хохирол 5000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг гаргуулах, 3 хүүхдэд олгох тэтгэмжийн зөрүү гаргуулах”-ыг хүссэн  нэхэмжлэл  гаргасан бөгөөд шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч С.Сарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 3 хүүхдэд олгох тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж, 5500.000 төгрөгийн хэмжээнд зохигч харилцан тохиролцож эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь  Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

            Нэхэмжлэгч  С.Сарантуяа нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигч талуудын эвлэрэн хэлэлцсэн 5500.000 төгрөгөнд тохирох 102.950 төгрөгний тал хувь буюу 51.475 төгрөгийг хариуцагч Ц.Ууганжаргалаас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

           

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэхь хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. С.Сарантуяагийн нэхэмжлэлтэй  Ц.Ууганжаргалд холбогдох хэргийн зохигчид  5.500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Нэхэмжлэгч  С.Сарантуяа нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохуг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчдын эвлэрэн хэлэлцсэн 5.500.000 төгрөгөнд тохирох 102.950 төгрөгний тал хувь буюу 51.475 төгрөгийг хариуцагч Ц.Ууганжаргалаас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Л.СОЁЛМАА

 ШҮҮГЧИД                               Д.РЕНЧЕНХОРОЛ

                                       Б.МӨНХЗУЛ