Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

 

    2019          02         14                                     132

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдаг,

хохирогч: Д.Отгон, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд /2499/,

хохирогч: Б.Туяа,

хохирогч: Ц.Цэцэг,

шүүгдэгч: Д.Заяа, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг /0301/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Заяад холбогдох эрүүгийн 201726020857 дугаартай, 2 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, одоо Эмээлтэд махны үйлдвэрт ангилагч ажилтай, сард 900 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, 2-5 насны 2 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Заяа.

Шүүгдэгч Д.Заяа нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д иргэн Э.Цэндаас Хоох.мн сүлжээнд элсүүлнэ хэмээн 290 000 төгрөгийг хуурч авсан,

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д иргэн Э.Цэндаас “Easy Up” сүлжээнд элсүүлнэ хэмээн 11 150 000 төгрөгийг хуурч авч нийт 11 440 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д иргэн Д.Отгоныг “Easy Up” сүлжээнд элсүүлнэ хэмээн хуурч, 2 800 000 төгрөгийг Хаан банкны 5680056701 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Жи тайм” сүлжээнд оруулж өгнө хэмээн хуурч 6 690 000 төгрөгийг авч нийт 8 090 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д иргэн Ц.Цогзолг “Easy Up”  сүлжээнд элсүүлнэ хэмээн 2 775 000 төгрөгийг хуурч авсан,

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц.Цогзолг “Жи тайм” сүлжээнд элсүүлж өгнө хэмээн 390 000 төгрөгийг хууран авч нийт 3 165 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д иргэн Ц.Анхээс “Easy Up” сүлжээнд элсүүлж өгнө хэмээн хуурч 1 400 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

 

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д иргэн Ц.Цэцэгийг “Easy Up”  сүлжээнд элсүүлж өгнө хэмээн хуурч 2 750 000 төгрөгийг Хаан банкны 5680056701 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

 

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д иргэн Б.Туяаг “Easy Up” сүлжээнд элсүүлж өгнө гэж 2 775 000 төгрөгийг хуурч авсан,

 

2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д иргэн Б.Оюунг “Жи тайм” сүлжээнд элсүүлнэ гэж хуурч 400 000 төрөгийг авсан,

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д иргэн Б.Оюунг “Жи тайм” сүлжээнд элсүүлнэ хэмээн хуурч 1 380 000 төгрөгийг Хаан банкны 5680056701 дугаарын дансаар шилжүүлэн авч 1 780 000 төгрөгийн хохирол буюу нийт 32 800 000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Заяа мэдүүлэхдээ:

Би анх энэ сүлжээг пирамид гэж мэдээгүй. Би сүлжээнд ажиллаж байхдаа 2 500 000 төгрөгөөр хоёр удаа, нийт 5 000 000 төгрөгийн цалин авсан. Хохирогч нараас авсан мөнгөө уг сүлжээнд миний дээр байгаа хүмүүст өгсөн. Тэр хүмүүсээс мөнгөө буцааж авахаар оролдсон боловч өгөхгүй байсан. Миний дээр Мөнгөнчимэг гэж охин байсан. Тэр охин надаас 7 500 000 төгрөг авсан. Мөн Байгаль гэж нэг эгч байгаа. Мөн надаас 5 000 000 төгрөг авсан. Би мөрдөн байцаагчид энэ талаар хэлсэн. Энэ хэргээс гадна гомдол гаргаагүй хохирогч нарт би 19 000 000 төгрөг төлсөн. Уг мөнгийг төлөхдөө манай нөхөр байрны мөнгөнд урьдчилан төлсөн мөнгөө буцаан авч, миний төлбөрт төлсөн юм. Энэ хэргээс болж  нөхөр маань надаас салж, би 2-6 насны хоёр хүүхдээ өөрөө харж байгаа. Бага хүүхэд маань хөхүүл юм. Хэрэг мөрдөн байцаалтад байх үед би хохирогч нартай гэрээ байгуулж, хохирлыг хэрхэн яаж барагдуулах талаар тохиролцох талаар санал гаргаж байсан боловч Отгон эгч дургүй байсан. Өнгөрсөн хоёр жил би хүүхдээ хараад ажилгүй, орлогогүй байсан. Би хөдөөнөөс ирж, очиж ажил хийсэн болохоор олигтой цалин авдаггүй байсан тул хохирогч нарт хохирол төлөх боломж байгаагүй. Одоо би ажилгүй гэртээ хүүхдүүдээ харж байгаа тул орлогын эх үүсвэр байхгүй. Дөрвөн сараас махны үйлдвэр дахин ажиллаж эхлэнэ. Тэр үед би ажилдаа орж хохирогч нарт хохирлыг нь барагдуулна. Би өмнө тухайн албан байгууллагад ороод жинхлээгүй байсан. Одоо эргээд ажилдаа орохдоо жинхэлж сарын 1 200 000 төгрөгийн цалинтай тул сард 1 сая төгрөгийг хохирогч нарт төлөх боломжтой болно. Хохирлыг төлөхдөө хамгийн эхлээд Отгон эгчийн хохирлыг төлнө. Нөхөр маань миний өрнөөс хамт төлөөд надаас салахдаа хоёр хүүхдүүдийн тэтгэмжид 18 000 000 төгрөг өгснийг би өрөндөө бусад хохирогч нарт өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, их гэмшиж байна. Хохирогч нарт нийт 32 800 000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг төлж барагдуулна гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Д.Отгон мэдүүлэхдээ:

Би 8 090 000 төгрөгийг Д.Заяад өгсөн бөгөөд Заяа надад 800 000 төгрөгийг л эргүүлж төлсөн. Хэрэг гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Заяад хохирол төлөх боломж байсан. Хэрвээ намайг цагдаагийн байгууллагад хандах юм бол миний мөнгийг тэр тусмаа өгөхгүй гэж над руу мессеж бичиж намайг дарамталж байсан. Би хүнээс мөнгө зээлж, энэ хүнд өгсөн тул тэр хүн намайг дарамтлаад байна. Би сэтгэл санааны болон эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон. Одоо би Заяагаас нийт 7 290 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Цэцэг мэдүүлэхдээ:

Анх Д.Заяа бид хоёр цахимаар дамжуулан танилцаж, харилцдаг байсан. Би Дарханд байдаг аав, ээжээсээ мөнгө зээлэхээр болж хэрэг гарсан өдрийн орой 10 цагийн үед аав, ээж маань над руу мөнгө шилжүүлж би уг мөнгийг Д.Заяа руу шилжүүлсэн. Дараа нь биткойн хийлгэнэ гээд намайг биткойн хийдэг газар руу дагуулж явж, очиж уулзсан. Одоо биткойн хийлгээд намайг хохиролгүй болгоно гэсэн. Тэрнээс хойш холбоогүй болсон. Миний хохирол 2 750 000 төгрөг байгаа. Хэрэг гарснаас хойш хоёр жил өнгөрсөн. Надад ямар нэгэн хохирол нөхөн төлж барагдуулаагүй. Би өөрт учирсан хохирол болох 2 750 000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Туяа мэдүүлэхдээ:

Би өөрт учирсан хохирол 2 275 000 төгрөгийг шүүгдэгч Д.Заяагаас нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.

 

Хохирогч Б.Оюун 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний ангийн хүүхэд нэг өдөр над руу утсаар яриад мөнгө зээлээч гэсэн. Би түүнд мөнгө байхгүй гэхэд тэр “чи гэртээ ажилгүй сууж байгаа юм бол би чамд нэг санал тавья, мөнгө арвижуулдаг сүлжээнд орж, мөнгөө өсгөөч” гэсэн. Заяа надад Жи тайм сүлжээнд орсон гэдгээ хэлсэн. Тэгээд анх 1 380 000 төгрөгийг түүний Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. Дараа нь 400 000 төгрөгийг Жи таймд оруулж өгье гэхэд нь шилжүүлсэн. Гэтэл намайг Жи таймд оруулаагүй байсан. Би сүлжээний дансанд мөнгө хийгээгүй, харин Заяагийн дансанд мөнгөө шилжүүлсэн. Би сүлжээнээс цалин аваагүй, өнөөдрийг хүртэл хохирлоо аваагүй байна гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 83-87 дугаар хуудас)

Хохирогч Ц.Цогзол 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би анх Заяаг таньдаггүй байсан. Манай ажлын охин намайг ашигтай ажил байна, хоёулаа хамт очиж уулзъя гэхэд нь очсон. Тэгээд Заяатай уулзахад надад 7 хоногт хоёр удаа цалин гаргаж өгч чадна гэсэн. Тэгэхэд нь би тухайн сүлжээнд элсэж ороогүй гараад явсан. Гэтэл араас залгаад эсвэл та хүүтэй мөнгө зээлж болно гэсэн. Тэгээд би ахаасаа 3 000 000 төгрөг, найзаасаа 2 775 000 төгрөг зээлээд мөнгөө Заяад өгсөн. Заяа Доржнамжилд 2 500 000 төгрөг буцааж өгсөн. Надад огт мөнгө өгөөгүй. Надад Заяа руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга нь байгаа. 12 дугаар сарын 20-ны өдөр Жи тайм гэдэг сүлжээ байна. Энэ сүлжээнд бүгдээрээ хамтарч ажиллая. Таны мөнгө гарч ирээгүй байгаа юм чинь үүнээс хэдэн төгрөгийг нь ч гэсэн гаргая гэхэд нь би 390 000 төгрөгөөр орсон. Энэ мөнгөнөөсөө би нэг төгрөг ч аваагүй. Заяа бие өвдөөд байна гэхэд нь би Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт хэвтүүлж байсан. Дараа нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа утасгүй байна гэхэд нь утсаа хүртэл өгч байсан. Одоо би 3 165 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би ямар нэгэн хүү нэхэмжлээгүй. Энэ мөнгө нь “Easy Up” сүлжээнд 2 775 000 төгрөг, Жи тайм сүлжээнд 390 000 төгрөг оруулсан гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 83-87 дугаар хуудас)

Хохирогч Э.Цэнд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Анх фейсбүүкээр гарч байсан сүлжээний талаарх бичлэгийг үзээд мөнгө чинь өснө гэдэгт нь итгээд энэ сүлжээнд орсон юм. Түүнээс Заяаг таньдаггүй байсан. Сүлжээнд анх орохдоо 1000 доллароор 2 удаа, 5 550 000 төгрөгөөр, 1 400 000 төгрөгөөр 4 удаа, нийт 11 445 000 төгрөг төлсөн. Үүнээс 5 000 000 төгрөгийг буцааж авсан. Одоо 6 140 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 83-87 дугаар хуудас)

Хохирогч Ц.Анх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Анх “Easy Up” сүлжээний талаар фейсбүүкээр лайв хийхийг  харсан. Тэгээд миний таньдаг охин надад 77 500 төгрөгөөр ордог юм байна. Та сонирхоод үзээч гэсэн тул 77 500 төгрөгтэй “Easy Up” сүлжээнд элсэхээр очиж байсан. Гэтэл удалгүй 500 ам.доллараар элсчих, хоёр хоногийн дараа мөнгө чинь орно гээд хоёр хоногийн дараа мөнгөө өгөөрэй, доор чинь хүмүүс орох гээд байна гэхээр нь өөрийн машинаа ломбардад тавиад Уянга гэдэг охины данс руу 1 400 000 төгрөг хийж байсан. Түүнээс хойш мөнгөний сураг гарахгүй, мөнгө өгөхгүй байж байгаад 12 дугаар сарын 30-ны өдөр 150 000 төгрөг шилжүүлээд дахиж надаас мөнгө битгий нэхээд бай гээд дахиж надтай харьцаагүй. Одоо би 1 250 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 83-87 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтанд гэрч-Д.Хулан мэдүүлэхдээ:

Би 2016 оны 12 дугаар сард фейсбүүкээр Заяа гэдэг хүнийг Live хийгээд өмнөө баахан боодолтой мөнгө тавьчихаад “өнөөдөр манайхаас 2, 3 хүн цалингаа авлаа, бидэнтэй нэгдээрэй” гэсэн бичлэг хийцэн байхыг нь олж харсан. Тэгээд би тэр үедээ фейсбүүкээр холбоо барьж байгаад Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Бизнес төвд очиж Заяатай уулзаж энэ сүлжээний талаар мэдээлэл авсан. Заяа намайг тухайн үед мөнгөө бариад хүрээд ир, би цалинд хүргээд өгнө гэж амласан. Тэгэхээр нь би 2 775 000 төгрөг өгөөд энэ сүлжээнд 2016 оны 12 дугаар сарын дундуур элссэн. Тэгээд би энэ мөнгөө 5 сая төгрөг болгоод буцаагаад Заяагаас бэлнээр авсан. Тэгээд би тэр үедээ мөнгө авсан тухайгаа Туяад ярьсан. Тэгээд би Туяад энэ сүлжээнд орох санал тавихад Туяа зөвшөөрсөн. Тэгээд Туяа бид хоёр 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бизнес төв дээр очиж Мөнгөнчимэгт Туяа мөнгөө бэлнээр тоолоод өгсөн. Тэгээд Туяа мөнгөө өгчихөөд Туяа, Мөнгөнчимэг бид нар хамт гарсан. Би хүүхэдтэйгээ явж байсан ба манай хүүхдийн бие өвдөөд эмнэлэгт үзүүлэхээр явсан. Тэгээд эмнэлгээсээ Мөнгөнчимэг Уянга хоёр Заяад мөнгийг нь аваачиж өгөх гээд явсан. Би Заяагаас мөнгө зээлье гээд өөрт нь хэлээд тэр мөнгөнөөс нь 200 000 төгрөг авч үлдсэн. Энэ мөнгийг би Заяагаас зээлсэн. Заяа намайг зээлсэн мөнгөө нөхөөд өгчихөөрэй гэж хэлээд 200 000 төгрөг авахыг минь хүлээн зөвшөөрсөн. Тэгээд хэд хоногийн дараа Туяа ерөөсөө мөнгөө авъя гэсэн. Тэгээд Заяагаас Туяагийн мөнгийг нь авч өгөх гэтэл мөнгө байхгүй гээд өгөхгүй байсан. “Easy1up-нөхөрсөг ээжүүд” сүлжээний толгой хүн нь хэн гэдгийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нарыг хариуцаж энэ сүлжээнд оруулсан хүн нь Заяа. Тухайн үед Заяа фейсбүүкээр энэ сүлжээг рекламдаагүй байсан бол би энэ сүлжээнд орохгүй байсан. Би Заяаг огт таньдаггүй байсан. Би энэ сүлжээнд элсэхдээ мөнгөө бэлнээр Заяад өгч байсан. Заяа надад бэлнээр болон дансаар өгч болно гэж байсан. Би Туяатай зүгээр л зүс таних найзууд. Би 5 сая төгрөгийг энэ сүлжээнээс авахдаа Заяагаас бэлнээр авсан. Заяа нэг л өдөр орсон гээд надад өгсөн. Үндсэндээ би 2 775 000 төгрөгөөсөө гадна 2 225 000 төгрөгийг урамшуулал болгож энэ сүлжээнээс авсан гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Б.Мөнгөнчимэг мэдүүлэхдээ:

Би “Easy1up-нөхөрсөг ээжүүд” сүлжээнд 2016 оны 12 дугаар сард элссэн. Би энэ сүлжээний талаар фейсбүүкээр “Gegee Erdenebat” гэдэг хүний нүүр хуудаснаас олж мэдсэн. Тухайн үед энэ фейсбүүк хаягтай хүн энэ сүлжээний талаар танилцуулга хийж постолсон байсан. Тэгээд би чатаар энэ сүлжээний талаар асуутал би энэ сүлжээг Монголд нэвтрүүлж байгаа хүн нь юм. Би Швед улсад байна гэж хэлсэн. Энэ хүн надад өөрийгөө хэн гэдгийг танилцуулаагүй. Би фейсбүүкийг нь хараад Гэгээ гэдэг нэртэй хүн юм байна гэж бодсон. Тэгээд би энэ сүлжээнд яг нэгдэхдээ Paido гэсэн фейсбүүк хаягтай хүнээр дамжуулж нэгдсэн. Энэ хүнтэй би байнга чатаар харьцдаг байсан бөгөөд биечилж нэг ч удаа уулзаагүй. Тэгээд энэ хүн надад чатаар 2016 оны 12 дугаар сард нэг Хаан банкны данс явуулсан. Би одоо тэр дансыг нь санахгүй байна. Дөлгөөн гэдэг хүний нэртэй данс байсан. Би энэ данс руу 77 500 төгрөг хийгээд тэрнийгээ 125 000 төгрөг болгож өөрийнхөө 5890524580 дугаартай дансанд авсан. Дараа нь би мөн 2016 оны 12 дугаар сард Ичинхорлоо гэдэг энэ сүлжээний хүнтэй уулзаад данс руу нь 2 775 000 төгрөг цувуулж хийсэн. Тэгээд удалгүй 2 775 000 төгрөгөө 5 000 000 төгрөг болгож авсан. Би Ичинхорлоогийн доор ажиллаж байгаад Заяатай сүлжээний шугамаар танилцсан. Тэгээд Заяа надад би нилээн олон хүн бүртгэх хэрэгтэй байна. Би ачаалалтай байна надад туслаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би Заяад туслах санаатай Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Бизнес төвд 2017 оны 01 дүгээр сард ирж очин сууж өгсөн. Би ерөнхийд нь бүртгэлийг нь зааж өгөөд сууж байдаг байсан. Би Бизнес төвд сууж байхдаа хүнээс мөнгө төгрөг огт авдаггүй байсан. Харин 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Туяа ирээд надад 2 775 000 төгрөг тоолж өгсөн. Тухайн үед Заяа намайг Туяагаас мөнгийг нь авчих, дараа нь би авъя гэхээр нь би зөвшөөрөөд авсан. Тэгээд Уянга бид хоёр Заяаг 19 дүгээр хороололд түрээсийн байрандаа байж байхад нь 2 575 000 төгрөгийг нь аваачиж өгсөн. Хулан тэр өдөр 200 000 төгрөгийг нь хүүхдээ эмнэлэгт үзүүлнэ гээд авч үлдсэн. “Easy1up-нөхөрсөг ээжүүд” сүлжээнд бүртгүүлэхдээ Easy1up.com гэсэн сайт руу ороод зааврынх нь дагуу бүртгүүлдэг. “Easy1up-нөхөрсөг ээжүүд” сүлжээний толгой нь Заяаг гэж бодож байна. Хулан, Уянга бид нар Заяагийн мөнгө төгрөгийн асуудалд огт ордоггүй байсан гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтанд гэрч-М.Уянга мэдүүлэхдээ:

Би “Easy1up-нөхөрсөг ээжүүд” сүлжээнд 2016 оны 12 дугаар сарын дундуур Заяагаар дамжуулан элссэн. Тухайн үед би Заяагийн Хаан банкны данс руу 1 400 000 төгрөг шилжүүлж элссэн. Тэгээд би 1 250 000 төгрөг буцааж аваад 150 000 төгрөг болохоор нь бүтгэлийн мөнгө гэж өгөөд хэд хоногийн дараа дахиад Заяад бэлнээр 2 775 000 төгрөг өгөөд тэрнээсээ бүртгэлийн мөнгө гэж дахиад 250 000 төгрөг үлдээгээд дансаараа 1 500 000 төгрөгийг нь аваад, дараа нь 700 000 төгрөг Заяагаас бэлнээр авсан. Мөн Заяагаас би өмнө нь 300 000 төгрөг зээлсэн байсан ба тэрнийгээ суутгаад, үлдсэн мөнгөө аваагүй. Би энэ сүлжээнд цалин нэмж ч аваагүй, хохироогүй. Мөн би доороо хүн элсүүлж аваагүй. Би энэ сүлжээний шугамаар өөр хүнээс мөнгө аваагүй. Харин 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Заяа нүүдэл хийх гэж байгаа гээд Мөнгөнчимэг очиж танилцуулага хийх гэж байгаа гэхээр нь би Мөнгөнчимэгтэй хамт очсон. Түүнээс биш би Бизнес төвд суугаад тэнд хүмүүст танилцуулга хийгээд байсан зүйл байхгүй. “Easy1up-нөхөрсөг ээжүүд” сүлжээний толгой хүнийг нь мэдэхгүй байна. Бид нарыг хариуцаж бид нараас мөнгө авсан хүн нь Заяа юм гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Заяа ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Д.Заяа нь давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д хохирогч Э.Цэндаас Хоох.мн сүлжээнд элсүүлнэ гэж 290 000 төгрөгийг хуурч авсан,

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д “Easy Up” сүлжээнд элсүүлнэ хэмээн 11 150 000 төгрөгийг хуурч авч, нийт 11 440 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д хохирогч Д.Отгоныг “Easy Up” сүлжээнд элсүүлнэ хэмээн хуурч, 2 800 000 төгрөгийг Хаан банкны 5680056701 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Жи тайм” сүлжээнд оруулж өгнө хэмээн хуурч, 6 690 000 төгрөгийг авч нийт 8 090 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д хохирогч Ц.Цогзолг “Easy Up”  сүлжээнд элсүүлнэ хэмээн 2 775 000 төгрөгийг хуурч авсан,

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Жи тайм” сүлжээнд элсүүлж өгнө хэмээн 390 000 төгрөгийг хууран авч, нийт 3 165 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д хохирогч Ц.Анхээс “Easy Up” сүлжээнд элсүүлж өгнө хэмээн хуурч, 1 400 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

 

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д хохирогч Ц.Цэцэгийг “Easy Up”  сүлжээнд элсүүлж өгнө хэмээн хуурч 2 750 000 төгрөгийг Хаан банкны 5680056701 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

 

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д хохирогч Б.Туяаг “Easy Up” сүлжээнд элсүүлж өгнө гэж 2 775 000 төгрөгийг хуурч авсан,

 

2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д хохирогч Б.Оюунг “Жи тайм” сүлжээнд элсүүлнэ гэж хуурч 400 000 төрөгийг авсан,

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д “Жи тайм” сүлжээнд элсүүлнэ хэмээн хуурч 1 380 000 төгрөгийг Хаан банкны 5680056701 дугаарын дансаар шилжүүлэн авч 1 780 000 төгрөгийн хохирол буюу нийт 32 800 000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Отгон, Б.Оюун, Ц.Цогзол, Э.Цэнд, Ц.Анх, Б.Туяа, Ц.Цэцэг, гэрч Б.Мөнгөнчимэг, М.Уянга нарын мэдүүлэг, Э.Цэндийн Хаан банкны 5100088271 тоот дансны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, Д.Отгонын 5166274499 тоот дансны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, Ц.Цогзолгийн Хаан банкны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, Ц.Анхийн Хаан банкны 5022347838 тоот дансны 2018 оны 9 дүгэр сарын 17-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, Ц.Цэцэгийн Хаан банкны 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан байна.        

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148-2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна. 

Иймд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар давтан үйлдлээр залилан мэхлэж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Б.Заяа 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү О.Маргадыг төрүүлсэн, хүү нь одоо 2 нас, 9 сар 04 хоногтой эрүүл бойжиж байгаа нь шүүгдэгчийн болон гэрч Х.Гэрэлмаагийн мэдүүлэг, 1110930075 тоот төрсний гэрчилгээний хуулбар, их эмчийн тодорхойлолтоор нотлогдож байна.

 

Д.Заяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирогч нарт хохирол төлөхөө илэрхийлж байгаа, 02 жил 09 сар, 04 хоногтой хүүгээ асран хамгаалдаг  зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж заасан тул түүнд 4 жил хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс хохирогч нар хохирсон тул Д.Заяагаас 7 290 000 төгрөг гаргуулан Д.Отгонт, 1 780 000 төгрөг гаргуулан Б.Оюунд, 3 165 000 төгрөг гаргуулан Ц.Цогзолд, 6 140 000 төгрөг гаргуулан Э.Цэндид, 1 250 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Анхт, 2 275 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Туяад, 2 750 000 төгрөг гаргуулан Ц.Цэцэгт олгож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Заяаг давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар шүүгдэгч Д.Заяаг 4 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Заяад оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч Д.Заяад 4 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

 

5. Д.Заяа хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргах эрхтэй, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус дурдсугай.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Заяа цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч Д.Заяагаас

7 290 000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Отгонт,

1 780 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Оюунд,

3 165 000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Цогзолд,

6 140 000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Цэндид,

1 250 000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Анхт,

2 275 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Туяад,

2 750 000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Цэцэгт тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Заяад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН