| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0136/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,
Улсын яллагч: Г.Цогтгэрэл /томилолтоор/,
Шүүгдэгч: С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-ийн Б-д холбогдох эрүүгийн 1809049930021 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-н автобусны буудлын орчим 81-84 УНТ улсын дугаартай “Субару Импереза” маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байсан иргэн Ч.Ариунболдын өмчлөлийн 780.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А6” маркийн гар утас, биет 310.000 төгрөг нийт 1.090.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1809049930021 дугаартай хэргээс:
Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Налайх дүүрэгт оршин суудаг ба дүүргийн гар бөмбөгийн тэмцээнд орох шаардлагатай болоод багын бэлтгэлийн өмсгөл хүнээс авахаар Улаанбаатар хотод 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой өөрийн 81-84 улсын дугаартай Субару импереза маркийн машинтайгаа ирсэн. Өмсгөл авах ёстой хүн маань “түр хүлээлгэх хэрэгтэй болчихлоо” гэхээр нь гадуур халтуур хийх санаатай машинтайгаа явж байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Төмөр замын эмнэлэгийн эсрэг талын уулзвар дээрээс 30 орчим насны эрэгтэй хүн гар өргөж суусан. Тэр эрэгтэй хүн машинд орж ирээд “Дарь эх орно” гэсэн хөдлөөд явж байхдаа яг хаана буухаа зааж өгнө гэсэн. Тэр хүн архи уучихсан бага зэрэг халамцуу байсан. Тэгээд Дарь эхийн 33-ын буудал дээр ирээд тэр хүний заасан газар очоод зогсоод би “таксины мөнгө 12.000 төгрөг гарсан байна” гэж хэлэхэд тэр хүн унтаж байгаа юм шиг байснаа мөнгөө өгөхгүй халаасаа ухаж байгаад түрийвчээ гаргаад надад өгсөн. Тэгэхээр нь би түрийвчин дотор нь байсан 310.000 төгрөгийг аваад түрийвчийг нь буцаагаад тэр хүнд өгсөн. Тэгээд бас халааснаас нь гар утас цухуйж харагдаад байхаар нь гар утсыг нь бас хулгайлчихсан юм. Тэгээд тэр хүнийг “буугаарай” гээд сэрээсэн чинь шууд миний машинаас буугаад явчихсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Ариунболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 27-ны 04 цагийн үед Богд-Ар хорооллын “Аяз” караокений үүднээс такси барьж суугаад “Бэлх явна” гэсэн. Би тухайн үед нойр дутуу байсан учраас амархан согтсон байсан. Таксинд суугаад баруун 4 зам орж байсныг санаж байгаа тэгээд унтсан байсан. Нэг сэрсэн чинь таксины жолооч намайг “буу” гээд татаад байсан. Тэгэхээр нь би гэртээ ирчихсэн юм байна гэж бодоод таксинаас буусан чинь намайг танихгүй гудманд хаяаад явчихсан байсан. Би даараад ухаан орсон чинь миний утас байхгүй байсан. Тэгээд түрийвч байхаар нь ямар ч байсан мөнгө байгаа юм байна гэж бодоод зам дээр гараад дахин такси бариад гэртээ ирээд таксины мөнгө өгөх гээд түрийвчинд мөнгө байхгүй болчихсон бичиг баримт нь байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж байгаа хөрөнгө нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэсийн МБТасагт шалгагдаж байгаа 1809049930021 дугаартай хэрэгт холбогдох бусдад хулгайд алдагдсан Самсунг А-6 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/, шүүгдэгч С.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36-39 дүгээр хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 44 дүгээр хуудас/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 10 дугаар сарын 26-наас 2018 оны 10 дугаар сарын 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-н автобусны буудлын орчим 81-84 УНТ улсын дугаартай “Субару Импереза” маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байсан иргэн Ч.Ариунболдын өмчлөлийн 780.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А6” загварын гар утас, биет 310.000 төгрөг, нийт 1.090.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Ариунболдын “...Би тухайн үед нойр дутуу байсан учраас амархан согтсон байсан. Би гэртээ ирчихсэн юм байна гэж бодоод таксинаас буусан чинь намайг танихгүй гудманд хаяаад явчихсан байсан. Би даараад ухаан орсон чинь миний утас байхгүй байсан. Тэгээд түрийвч байхаар нь ямар ч байсан мөнгө байгаа юм байна гэж бодоод зам дээр гараад дахин такси бариад гэртээ ирээд таксины мөнгө өгөх гэхэд түрийвчинд мөнгө байхгүй болчихсон байсан...” мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч С.Б нь хохирогч Ч.Ариунболдыг гэрт нь хүргэж өгөхөөр авиомашин жолоодон явахдаа хохирогчийг согтуурч биеэ хянах чадваргүй байдлыг далимдуулан нууцаар түүний гар утас, мөнгийг авсан болох нь тэдгээрийн тодорхой мэдүүлэг, хохирогчийн алдагдсан эд хөрөнгийг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоож, бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч С.Бийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч С.Бийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирлыг бэлэн мөнгөөр нөхөн төлсөн нь баримтаар /хх-ийн 44/ тогтоогдсоноос гадна хохирогч Ч.Ариунболдоос хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “...хохирлын мөнгө хүлээн авсан, санал, гомдолгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч С.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд шүүхээс учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчээс “...надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн ба харин хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Учир нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгын дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгыг бүрэн хангахын зэрэгцээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг /хохирогчийг биеэ хянах чадваргүй байдал, түүний биед байсан бүх хөрөнгийг авсан байдал, эзэнгүй гудамжинд орхисон болон бусад байдал/ харгалзсан болохыг тэмдэглэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С-ийн Б-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсаны улмаас 1.090.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН