Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 346

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар С.Одонтуяагийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн  иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх  хуралдаанд:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1966 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Буурагчин 2 дугаар баг, 4-31 тоотод оршин суух, “Их шинстэй” ХХК-ний үтрэмд нормчин ажилтай                                       

                                   Баатад овгийн Сэндэнгийн Одонтуяа       

                                   регистрийн  дугаар:МЕ- 66091304

Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  С.Энхтайван  нар  оролцов.

Тодорхойлох нь: 

Нэхэмжлэгч: С.Одонтуяа шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1982 оны 09 дүгээр сарын 26-наас 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл  Ерөө сумын Сангийн аж ахуйн 1 дүгээр тасгийн үртэмд тасралтгүй 8 жил 3 сар 4 хоног нормчноор ажилласан боловч ажилласан жилийн лавлагаа авахад саальчнаар тушаал гарсан байна.

Иймд намайг 1982 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Ерөө сумын сангийн аж ахуйд нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү!  гэжээ. 

Нэхэмжлэгч: С.Одонтуяа шүүх  хуралдаанд  гаргасан    тайлбартаа:

...Би 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд газар тариаланд гарна гээд Сангийн аж ахуйн 1 дүгээр үтрэмд нормчноор ажилд орсон. Тэр цагаас хойш тасралтгүй ажиллаж байсан. Гэтэл намайг  ажилд орсон тушаалыг минь “саальчин” гэж гаргасан байна. Тэгээд тэтгэвэрт гарах болоод энэ бүхнээ мэдэж ажилласан жилээ тогтоолгохоор болсон. Уг нь сангийн аж ахуйд ажиллаж байхад надад хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн  боловч  Сангийн аж ахуйн контор шатахад дэвтэр маань шатаж байхгүй болсон. Би аймгийн архиваас шүүлгэж үзэхэд намайг саальчнаар ажилд орсон гэсэн тушаал гарсан байсан. Иймд Хөдөө аж ахуйд 1982 оны 8 дугаар сарын 26-наас  1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан гэдгийг тогтоолгох гэсэн юм...гэв.

Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч С.Одонтуяа нь Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйн 1 дүгээр үртэмд 1982 оноос 1991 оныг дуустал ажиллаж байсан боловч түүнтэй холбогдох ажилд орсон тушаалд “саальчнаар авч ажиллуулав” гэсэн бичилт хийгдсэн мөн хөдөлмөрийн дэвтэр нь устаж үгүй болсон” гэх шалтгааны улмаас ажилласан байдлыг  тогтоолгохоор шүүхэд ханджээ. 

С.Одонтуяа нь 1982 оны 08 дугаар сарын 26-наас 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл  Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйд тогооч, нормчноор ажиллаж байсан боловч тус Сангийн аж ахуйн даргын 1982 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 159 дугаар тушаалд “саальчнаар” гэж бичигдсэн болох нь хэрэгт авагдсан тус Сангийн аж ахуйн даргын 1982 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 179 дугаар тушаалд “... С.Одонтуяаг 4 дүгээр бригадын тогоочоор...” томилон ажиллуусан, мөн 1991 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 180 дугаар  тушаалд “...1 дүгээр үтрэмийн нормчин С.Одонтуяа...” гэсэн байгаа нь нэхэмжлэгч нь анх ажилд орохдоо Сангийн аж ахуйд үтрэмд нормчноор ажилд орсон болохыг нотолж байна. 

Мөн нэхэмжлэгч нь тус сангийн аж ахуйд 1982 оны 08 дугаар сарын 26-наас 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл  ажиллаж байсан болох нь Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйн даргын дээрх тушаалууд болон нэхэмжлэгч тухайн Сангийн аж ахуйд ажиллаж байх хугацаандаа ажлын амжилт гаргаж шагнал урамшил авч байсан “Залуу гавшгайч”, “VIII таван жилийн гавшгайч” зэрэг тэмдэгүүд, баярын бичиг өргөмжлөлийн хуулбарууд, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын лавлагаа, мөн тухайн үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх Д.Отгонбаяр, Г.Эрдэнэтуяа, Ц.Наранцэцэг, Х.Чимгээ, Л.Цэрмаа, Б.Энхтуяа нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.   

Иймд Баатад овгийн Сэндэнгийн Одонтуяаг Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйд 1982 оны 08 дугаар сарын 26-наас 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл үр тарианы үтрэмд тогтооч, нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

          

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135  дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сэндэнгийн Одонтуяаг Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйд 1982 оны 08 дугаар сарын 26-наас 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл үр тарианы үтрэмд тогтооч, нормчноор ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Одонтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд оролцсон тал энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор хойш  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж  заалдах  шатны  шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

            

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ