Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганжуур,

улсын яллагч Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Ц.Д (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох эрүүгийн 1809026980121 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

             Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй, “HI Green” ХХК-нд бренд менежер ажилтай, хөл бөмбөгийн спортын мастер зэрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3-9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн гудамжинд О.Жавхлантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтан шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809026980121 дугаартай хэргээс:

 

            Шүүгдэгч Ц.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 6 дугаар сарын 02-ны шөнө танил Жавхлантай маргалдаж түүнийг цохиж хамрыг нь хугалж эрүүл мэндийг нь хохироосон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

Хохирогч О.Жавхлан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 6 дугаар сарын 02-ны шөнө 04:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн гудамжинд найз Шүхэрт, Анхбаяр, Тэмүүжин нарын хамт явж байхдаа зүс таних Дөлгөөнтамиртай тааралдсан. Анхбаяр, Шүхэрт хоёр Дөлгөөнтамиртай ярилцаж байсан. Шүхэрт Дөлгөөнтамир хоёр маргалдаж эхэлсэн. Би Шүхэртийг “за хоёулаа явъя” гэсэн чинь Дөлгөөнтамир миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Миний хамарнаас цус гарсан. Би “яагаад намайг цохиж байгаа юм бэ” гээд би зөрүүлээд цохих гэсэн боловч оноогүй. Тэгээд Шүхэрт бид хоёр тэндээс явсан. Тэгээд болсон явдлыг Анхбаяр, Тэмүүжин хоёрт очиж хэлсэн чинь тэр хоёр тэд нартай уулзая” гээд явсан. Би нүүрнийхээ цусыг цэвэрлэчихээд Шүхэртийн хамт Анхбаяр, Тэмүүжин хоёрын араас очсон чинь тэр хоёр байхгүй байсан. Тэгээд Дөлгөөнтамирын ширээнд очоод зүүн талд сууж байсан залууг өшиглөх гэсэн боловч оноогүй. Тэр залуу бас намайг өшиглөх гэж байгаад өөрөө уначихсан. Анархүү гэдэг залуу намайг “болио чи юу болоод байгаа юм” гээд тэвэрсэн чинь Дөлгөөнтамир намайг тэврүүлсэн байхад хамар руу нэг удаа хүчтэй цохисон. Миний хамар хугарсан, зүүн нүд цус хурсан, хүзүү улайсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Шүхэрт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 6 дугаар сарын 02-ны шөнө найз Жавхлан, Анхбаяр Тэмүүжин нарын хамт уулзаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гэрэлт гудамж"-нд очсон. Бид дөрөв тэнд явж байхдаа танил Дөлгөөнтамиртай таарсан. Бид нар ярилцаж байгаад Жавхлан бид хоёр АТМ явчихаад ирсэн. Би Дөлгөөнтамиртай ойр зуурын юм яриад зогсож байсан. Жавхлан миний ард зогсож байсан. Жавхлан намайг маргаад байна гэж ойлгосон уу яасан намайг "за болио явъя аа" гэсэн. Дөлгөнтамиртай хамт явж байсан өндөр шар залуу Дөлгөөнтамирыг холдуулаад Жавхлангийн нүүр рүү цохисон. Жавхлан газар унасан. Тэгээд намайг бас нүүр рүү цохисон. Би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь дахиж намайг нэг цохиод "яадаг пизда вэ" гэж хэлээд яваад өгсөн. Би Жавхлан босгоод зүүн тийшээ алхсан.  Тэгээд Анхбаяр Тэмүүжин хоёртой таарсан Жавхлангийн хамарнаас цус гарсан байсан. Тэгээд болсон явдлаа Анхбаяр Тэмүүжин хоёрт хэлсэн чинь тэр хоёр "юу болсон юм учрыг нь ольё" гээд Дөлгөөнтамирын байсан зүг рүү гүйгээд явсан. Би Жавхлантай хамт араас нь явсан. Дөлгөөнтамир найз нартайгаа “Хангай” зочид буудлын харалдаа асарын дэргэд ширээнд сууж байсан. Жавхлан бид хоёрыг очиход Анхбаяр Тэмүүжин хоёр баруун тийшээ зугтаасан. Араас нь Дөлгөөнтамирын хоёр найз гүйсэн. Жавхлан шууд Дөлгөөнтамирын ширээнд очоод нэг хүнийг цохиж байсан. Дөлгөөнтамир нь намайг "хоёулаа ийшлээдэхье" гээд намайг татаад ширээнээсээ холдуулаад намайг алгадсан. Би Жавхланг харахад Дөлгөөнтамирын найз өндөр шар залуу дахиад цохиж байгаа харагдсан. Анархүү гэдэг залуу Жавхлангийн урдаас тэвэрсэн чинь бондгор бүдүүн залуу болон жижигхэн залуу нар нийлж Жавхланг зодож байгаа харагдсан. Би очиж салгаад Жавхланг аваад явсан. Жавхлангийн хамарнаас их цус гараад байхаар нь гэмтлийн эмнэлэгт очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч Р.Золбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 6 дугаар сарын 02-ны шөнө найз Нямцэрэнгийн төрсөн өдөр болж найзууд болох Анархүү, Дөлгөөнтамир бид нар Шангриллагийн Брюсе ресторанд цугларсан. Тэнд цуглаад бид З бааранд очсон. Тэндээс 04 цагийн үед гарсан. Гэрэлт гудамжинд хоол идэхээр ширээнд суусан. Гэтэл үл таних хоёр залуу ирээд "та нар Жавхааг яагаад байгаа юм бэ" гээд ууртай хэлсэн. Бид нар "та нар хүн андуураад байгаа юм уу юун Жавхаа вэ" гэсэн. Тэр хоёр залуу "та нар босоод ир" гэсэн. Бид нар "та хоёр одоо яагаад байгаа юм бэ" гээд бүгдээрээ боссон. Тэгээд хоёр талаасаа хэрэлдсэн. Хоёр залуу над руу дайрсан. Тэр хоёрын араас бас хэдэн залуу ирээд манай найз нартай хэрэлдээд үлдсэн Тэр хоёр залуу дээр өшөө нэг залуу нэмж ирээд гуравуулаа болсон. Нэг залуу намайг хөлөөрөө жийх үед би бултсан. Би идэж байсан хот догныхоо модыг бариад "та нар зүг байгаарай та нарын нэгний иргэний үнэмлэх надад байгаа шүү"   гэсэн. Тэрний өмнөхөн нэгнийх нь түрийвч газар унахаар нь би аваад дотроос нь иргэний үнэмлэхийг нь аваад халаасандаа хийсэн байсан. Нийлээд намайг зодчихвол би дараа нь иргэний үнэмлэхээр нь олно гэж бодсон юм. Тэгээд тэр гурван залуу 45 дугаар сургуулийн тийшээ гүйгээд явсан. Би найз нар дээрээ яваад очсон чинь манай найз нар байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Нямцэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 6 дугаар сарын 01-ний орой найз Билгүүтэй, Анархүү, Дөлгөөнтамир, Золбаяр болон манай эхнэр Оюундарь нарын хамт “Шангрилла” зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах кафед уулзаж миний төрсөн өдрийг нөхөж тэмдэглэсэн. Тэндээс шөнө гараад Сөүлийн гудамжинд буюу гэрэлт гудамжинд очиж бааранд очсон. Тэнд үйлчлүүлж байгаад шөнө гараад гудамжнаас хоол аваад ширээнд сууцгаасан. Бид нарыг сууж байх үед улаан биеийн тамирын хувцастай банди ирээд Дөлгөөнтамиртай ярилцсан. Тэгээд явсан. Юу ярьсаныг нь анзаараагүй. Гэтэл жоохон байж байгаад тэр залуу өөр нэг залуугийн хамт ирсэн. Тэгээд бас Дөлгөөнтамиртай юм яриад байсан. Хамт ирсэн залуу нь авч явах гээд оролдож байсан. Тэгээд тэр хоёр явсан. Тэрний дараа дахиад өөр гурван залуу ирээд Анархүүтэй яриад байсан. "яаж байгаа юм бэ" гэж тэд нарын нэг нь хэлээд байсан. Байгаа байдал нь Анархүү рүү дайрчих гээд байсан. Тэгээд бид нар бүгдээрээ босоод маргалдсан. Гэтэл над руу анх ирээд байсан улаан бэлтгэлийн хувцастай залуу шууд над руу үсэрч ирээд өшиглөх гэж оролдоод оноогүй. Би уурлаад өөдөөс нь өшиглөх гэж оролдоод хий өшиглөөд газар унасан. Тэгээд би боссон чинь намайг өшиглөх оролдсон залуугийн хамарнаас цус гарчихсан зогсож байсан. Би уурандаа дайрсан боловч Анархүү, Оюундарь хоёр хориглоод байсан. Тэгээд салаад явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

            Гэрч Г.Анархүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 6 дугаар сарын 02-ны шөнө найз Нямкагийн /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ төрсөн нь болж байна гээд Шангриллад очсон. Тэнд очиход Нямка, түүний эхнэр, Золбаяр, Дөлгөөнтамир Батзориг, Билгүүтэй нар байсан. Тэндээс удалгүй гараад Чоко бааранд очсон. Тэнд нилээн сууж үйлчлүүлсэн. Тэндээс 04 цагийн үед гараад шөнийн гудамжинд хоол идсэн. Гудамжинд ширээнд суугаад хоол идээд сууж байх үед үл таних 2 залуу ирээд над руу хандаж "Жавхааг яаж байгаа юм бэ" гэсэн. Би "Жавхаа гэж хэн билээ" гэсэн. Дахиад "Жавхааг яаж байгаа юм бэ" гээд хэрүүлийн өнгө аястай хэлсэн. Би "хэнийг яриад байгаа юм бэ" гэсэн чинь манай найзууд босоод "чи яах гээд байгаа юм бэ" гэсэн. Тэгсэн чинь Жавхаа гүйж ирсэн. Тэгсэнээ Нямкаг өшиглөх гэж байгаад халтирч унасан. Би Жавхааг татаад "чи согтуу байж яах гээд байгаа юм бэ" гэсэн. Жавхаа Дөлгөөнтамир руу цохих гэж дайрсан. Энэ үед нь би Жавхлангийн араас нь тэвэрч тэндээс холдуулах гэж оролдсон. Гэтэл Дөлгөөнтамир холдуулахын завдалгүй Жавхлангийн нүүр рүү цохисон. Энэ үед Жавхаагийн хамарнаас цус гарсан байсан. Би Жавхааг бариад бусдыгаа болиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

   Гэрч Т.Билгүтэй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны  06 дугаар сарын  02-ны  найз Золбаяр, Анархүү, Дөлгөөнтамир, Нямдорж болон түүний эхнэр нарын хамт уулзаж Нямдоржийн төрсөн өдрийг тэмдэглэсэн. Нямдоржийн төрсөн өнгөрсөн байсан ч тэмдэглэсэн. Тэгээд бид нар 04 цагийн үед шөнийн гудамжинд очсон. Тэнд гудамжинд хоол идээд сууж байсан. Энэ үед Жавхлан гэх залуу ирээд Дөлгөөнтамиртай уулзсан. Бид нарын сууж байсан ширээнээс зүүн тийшээ 20-иод метрийн зайд уулзаад зогсож байсан. Дөлгөөнтамир ирээд ширээнд суугаад бид нар пиво уусан. Тэгсэн чинь үл таних хоёр залуу манай ширээнд ирээд "сайн уу Анар ахаа" гэсэн. Анархүү "чи чинь хэн билээ би танидаггүй ээ" гэсэн. Тэгээд Жавхлангийн тухай яриад маргалдсан. Жавхлан гэдэг залуугийн хамарнаас цус гарсан байсан. Жавхлан манай ширээнд сууж байсан нэгнийг өшиглөх гэж байгаад хий өшиглөсөн. Энэ үед Анархүү Жавхланг тэврээд авахад Дөлгөөнтамир түүний нүүр рүү нэг удаа цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7097 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. О.Жавхлангийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, зовхи, хамар, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэжээ /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудасны ар тал/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 47-49 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн гудамжинд танил О.Жавхлантай зүй зохисгүй харьцаж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, зовхи, хамар, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Жавхлангийн мэдүүлэг, гэрч Б.Шүхэрт, гэрч Р.Золбаяр, гэрч Б.Нямцэрэн, гэрч Г.Анархүү, гэрч Т.Билгүтэй нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7097 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч О.Жавхлангийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрчээс хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Дын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч О.Жавхлангаас “...шүүгдэгч Ц.Даас эмчилгээний зардалд 2.200.000 төгрөг авсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ц.Дыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ДУЛАМСҮРЭН