Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Иргэдийн төлөөлөгч М.Гантулга,

Улсын яллагч Х.Еркебулан,  

Шүүгдэгч П.Г түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Пүрэвдоржийн Ганпүрэвт холбогдох эрүүгийн 1809030960896 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 328 тоотод оршин суух, урьд 1 удаа ял шийтгэгдсэн,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д зааснаар түүнд оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьтын зуслангийн задгайд байрлах хашаанд хохирогч Б.Оргилболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, цээжний зүүн хөндий тус газар нь нэг удаа хатгаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн 1809030960896 дугаартай хэргээс:

Шүүгдэгч П.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 7 дугаар сарын 06-ны өглөө Оргилболд бид хоёр Баянхошууны хөтөлд очиж Оргилболдын найз Шарлай гэх найзтай нь уулзсан. Тэнд Шарлай бид хоёр пиво уусан. Тэгээд Шарлай, Оргилболд бид гурав манай гэрт 4 том савтай пиво хувааж уусан. Дараа нь Равжааг аваад, манай гэрт ирээд байж байхдаа хажуугийн дэлгүүрээс 1 литрийн "Соёрхол" архи, 1 том савтай пиво аваад, Равжаагийн найз охиных нь лагерь руу явцгаасан. Лагерь дээр очоод дэлгүүрээс авсан нэг шил архи, том пиво уугаад, би нилээн согтсон. Тэр үед Оргилболд бид хоёр байшингийн гадна жижигхэн асуудлаас болж маргалдсан. Тэгээд би Оргилболдыг айлгая гэж бодоод байшин дотор гал тогооны ширээн дээр байсан хутга, заазуурыг авч гарсан. Тэр үед Оргилболд бид хоёр зууралдаж, түлхэлцэж байгаад би болгоомжгүйгээр Оргилболдыг хутгалчихсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-94 дүгээр хуудас/.

Хохирогч Б.Оргилболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би найз Ганпүрэвийн хамт Баянхошуунд гэртээ найз Шарлай хочтой Цогоогийнд очсон. Тэднийд байхад Ганпүрэв, Цогоо хоёр пиво уусан. Дараа нь бид гурав Ганпүрэвийн найз охин Үүрийнтуяагийн Дэнжийн мянгад байх гэрт нь очсон. Тэнд Ганпүрэв, Цогоо бид гурав 3 ширхэг том савтай пиво хувааж уусан. Равжаагийн найз охин Око нь "манай гэр рүү явах уу? яах уу?" гээд бүгдээрээ ярилцаад Окогийн Шарга морьтод байх лагерь руу явцгаасан... Гадаа байж байсан чинь миний араас Цогоо, дараа нь Ганпүрэв нар гараад ирсэн. Тэр үед намайг гадна байшингийн хаалганы харалдаа шатан дээр сууж байхад Ганпүрэв миний гарнаас татаж босгосон. Тэгээд босоод зогсож байхад миний өмсөж явсан савхин куртик дотор нойтон юм урсаад явчихсан. Тэр үед гадна харанхуй байсан болохоор юм харагдаагүй, хаалга руу ойртоод байшингийн доторхи гэрэлд харахад миний өмсөж байсан шорт цус болчихсон байсан. Би өмсөж байсан савхин куртикээ тайлахад миний ар талаас цус гарсан байсан. Ганпүрэв намайг татаж босгох шиг болсон. Тэгээд миний биед нойтон оргиж мэдрэгдээд, би гэмтэл авсан байсан. Ганпүрэв миний биед гэмтэл учруулсан. Ганпүрэв миний эмчилгээний зардал мөнгийг төлсөн…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-43 дугаар хуудас/,

Гэрч Б.Цогтбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Өчигдөр өглөө найз Оргилболд, түүний найз Ганпүрэв нартай уулзаад Дэнжийн мянга руу Ганпүрэвийнд очиж архи, пиво ууцгаасан. Орой 23 цаг өнгөрч байхд Равжаа "манай зуслангийн байшинд очъё" гэсэн. Тэгээд Оргилболд түүний найз охин Дэнсээ, Ганпүрэв, түүний эхнэр, Равжир эхнэртэйгээ бид нар Шарга морьтын зуслангийн эцсээс зүүн урагш тэдний байшинд очсон. Тэдний байшинд жоохон уугаад сууж байсан чинь Оргилболд, Ганпүрэв хоёр гадаа гараад юм яриад суугаад байсан. Оргилболд бид хоёр гадаа гараад юм яриад сууж байсан чинь Ганпүрэв гарч ирсэн. Ганпүрэв гарч ирээд Оргилболдтой муудалцсан. Ганпүрэв: "Оргилболдоо би чамайг алнаа" гээд байшин руу гүйж ороод гал тогооны шүүгээнээс хутга, заазуур авч гарч ирсэн. Би: "Оргио наадах чинь хутга аваад гарч ирж байна. Хоёулаа зугтаая" гэсэн. Тэгтэл Оргио, Ганпүрэв рүү "яасан гэнээ хөгшөөн" гээд боссон. Тэр хоёр бие бие рүүгээ асаад, хашхираад дайраад байсан. Нэг харсан чинь Оргилболдын зүүн далны орчмоос цус гарсан байсан. Тэгээд Ганпүрэв өөдөөс нь хараад суугаад байсан. Энэ үед Равжир гарч ирээд: "Ганпүрэвээ чи ямар тэнэг пизда вэ, юу хийчихвээ" гэсэн. Оргилболд намайг: "явъя хөгшөөн" гээд бид хоёр хашаанаас гарахаар явж байсан чинь Оргилболд цус алдаад хашааны хаалганы дэргэд суучихсан. Тухайн үед тэр хоёр байшингийн үүдний орчим муудалцаж байсан ба тэр газар нь цэнхэр өнгийн лентээр ороосон хар иштэй хутга, ногоон иштэй заазуур байхаар нь Ганпүрэв нь Оргилболдыг дахиад хутгалчихаж магадгүй гэж бодоод аваад сагсны шидний чигтээ шидсэн. Ганпүрэв байшин доторх гал тогооны шүүгээний шургуулганаас авч байхыг би цонхны гадна талаас харсан...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

Гэрч М.Равжаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр миний төрсөн өдрийг найзуудынхаа хамт тэмдэглэсэн. Надад 0.75 литрийн "Соёрхол" архи өгсөн. Тэр архиа задлаад Ганпүрэв, Оргилболд, түүний найз бид 4 ууж архины гуравны хоёрыг нь уусан. Тэгээд Ганпүрэвийн гэрээс бүгдээрээ гарч дэлгүүрээс 2 том 2.5 литрийн "нийслэл" пиво, 1 шил 0.75 литрийн "Цагаан хадаг" нэртэй архи авч Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын эцэст байрлах манай зуслангийн байшин дээр шөнө 01:20 цагийн үед ирсэн. Тэгээд унтаж байхад хүмүүс шуугилдаад бархиралдсан. Тэгээд сэрээд гараад очтол Оргилболд байшингийн буланд сууж байсан. Өмсөж байсан шорт нь цус болчихсон байсан юм. Оргилболдоос: "юу болсон, яагаад цус болчихсон байгаа юм бэ? гэж асуухад Оргилболд Ганпүрэв намайг хутгалчихлаа гэсэн...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

 

Гэрч П.Окаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би найз залуу Равжаагийн хамт Ганпүрэв, түүний найз охин, Шарлай, Оргилболд, түүний найз охин бид нар нийт долуулаа орой 23 цаг өнгөрч байх үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод байх манай лагерь руу явцгаасан. Шөнө сэрэхэд байшингийн гадна хохирогч Оргилболд, Ганпүрэв хоёр байсан. Оргилболдын гарнаас нь цус гарсан байхаар нь би цусыг нь тогтоох зорилгоор алчуураар дараад, машинаа Равжаа, Оргилболд нарыг суулгаад хотын төв рүү явсан. АС: Тухайн үед Оргилболд, Ганпүрэв, Равжаа бусад хүмүүс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу? ХР: Оргилболд, Ганпүрэв хоёр хэрэглэсэн байсан. Тухайн үед хэн нь Оргилболдын биед гэмтэл учруулсныг би унтаж байсан болохоор мэдэхгүй. Равжаагаас Ганпүрэв нь найз Оргилболдыгоо хутгалсан гэж сонссон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Дэнсэнхорлоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би Ганпүрэвийн гэрт очиход Оргилболд, Ганпүрэв, Шарлай хочтой Цогоо гурав пиво ууж байсан. Дараа нь Равжаагийн найз охин Окаагийн лагер руу Равжаа, Оргилболд, Цогоо, Оргилболд, Ганпүрэв, Үүрийнтуяа, Окаа бид долуулаа явцгаасан. Оргилболд: "байшин дотор халуун байна, бүгчимдээд байна" гээд байсхийгээд л гарч ороод байсан. Удалгүй гадаа Ганпүрэв "хөөе, яачихав" гээд орилсон. Би тухайн үед унтахаар хэвтээд зүүрмэглэж байсан бөгөөд тэр чимээгээр нь сэрсэн. Намайг сэрээд босоход Равжаа гадагшаа гараад эргэж орж ирээд машиныхаа түлхүүрийг хэвтэж байсан орныхоо хажуугаас аваад Равжаа, Оргилболд, Окаа, Цогоо нар машиндаа суугаад явцгаасан. Би тухайн үед ямар асуудал болсныг ойлгоогүй, мэдээгүй. Үүрийнтуяатай хамт явж байхдаа би юу болсон талаар асуухад Оргилболдыг байшингаас гараад явсны дараа Ганпүрэв хойноос нь гарсан. Тэгээд тэр хоёр гадаа байж байхдаа хоорондоо юм яриад, инээлдэж байгаад удалгүй Ганпүрэв  “хөөе" гээд орилсон. Оргилболдын биенээс цус гарсан байна лээ гэж хэлсэн. Оргилболд, Ганпүрэв, Равжаа, Цогоо нар пиво уусан. Оргилболд, Ганпүрэв хоёр согтсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...гэрч Б.Цогтбаяр нь "Оргилболдыг энд хутгалсан" гэж хэлснийг тэмдэглэлд тусган уг зүйлийг харуулан "А" үсгийг байрлуулж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн 2 кадр зураг авав. Цус мэт улаан хүрэн зүйлээс хөвөнд шингээн тусгайлан бэлтгэсэн саванд дээж авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. Хашааны зүүн урд хэсэгт буюу хашааны урд хэсгээс хойш 2 метр зайд, хашааны зүүн талаас баруун тийш 20 см зайд нүхэн дотор өвсөн доор цэнхэр өнгийн лентээр ороосон хар иштэй хутга байсныг харуулан "Б" үсэг байрлуулан 1 кадр зураг, хутгыг нүхнээс гаргаж масштабын шугамаар хэмжин 1 кадр зураг тус тус авч хутгыг эд мөрийн баримтаар хураан авч битүүмжлэв. Мөн хойд талын хашаанаас урагшаа 14 метр зайд, баруун талын хашаанаас зүүн тийш 6 см зайд ногоон өнгийн иштэй заазуур байсныг харуулан "В" үсгийг байрлуулан 1 кадр зураг авч заазуурыг эд мөрийн баримтаар хураан авч битүүмжлэв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хашааны хаалганы гадна талд байрлуулан тавьсан Б.Равжаагийн эзэмшлийн 84-49 ДОР улсын дугаартай “Тоёото Камри” маркийн суудлын автомашины дотор болон гадна хэсэгт үзлэг хийхэд автомашины зүүн хойд хаалганы гадна тал цус мэт улаан хүрэн зүйлээр бохирдсон байсныг харуулан зүүн хойд хэсгээс 1 кадр зураг масштабын шугамаар хэмжин 1 кадр зураг авав. Автомашины зүүн урд талын копут, крыло нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг харуулан зүүн урд талаас 1 кадр зураг авав. Үзлэгийг цааш нь үргэлжлүүлэн автомашины дотор хэсэгт хийхэд урд талын зүүн талын суудлын бүрээсний зүүн хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг харуулан 1 кадр зураг, арын суудлын зүүн хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг харуулан 1 кадр зураг авав..." гэсэн тэмдэглэл /хх-ийн 4-5, 6-10 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,

Б.Оргилболдын өвчний түүх / хх-ийн 17-25 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол: “...цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон хар өнгийн савхин хүрэм 1 ширхэг, хэргийн газар үзлэг хийх явцад цус мэт улаан хүрэн зүйлийг хөвөнд шингээж, тусгайлан бэлтгэсэн саванд авсан дээж, цэнхэр өнгийн лентээр ороосон хар иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8483 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. Б.Оргилболдын биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт /цус 700 мл/  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 60 дугаар хуудас/,

             

              Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №4488 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

              Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №7463 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/,

 

              Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №10853 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/,

 

              Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №5994 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1.  Шинжилгээнд ирсэн хүрмэнд зүсэгдэлт халцралт, урагдалт, гогдолт, гарсан байна.
  2. Зүсэгдэлт, халцралт, урагдалт, шинээр, гогдолт хуучин эдэлгээний явцад гарсан байна.
  3. Зүсэгдэлт нэг удаагийн үйлчлэлээр, харин урагдалт, гогдолт, халцралтын материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна...” гэжээ /хх-ийн 80-82 дугаар хуудас/,

              

Гэрч Ц.Уртнасангийн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, шүүгдэгч П.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 96 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-101 дүгээр хуудас/ шүүхэд хохирогч Б.Оргилболдоос гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

             Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

   Шүүгдэгч П.Г нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьтын зуслангийн задгайд байрлах хашаанд байх зуслангийн байшинд найзуудтайгаа архидан согтуурч улмаар байшингийн үүд орчимд хохирогч Б.Оргилболдтой зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар хутга хэрэглэн түүний цээжний зүүн хөндий тус газар нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт /цус 700 мл/  гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь

 

шүүгдэгч П.Гийн “...Оргилболд бид хоёр байшингийн гадна жижигхэн асуудлаас болж маргалдсан. Тэгээд би Оргилболдыг айлгая гэж бодоод байшин дотор гал тогооны ширээн дээр байсан хутга, заазуурыг авч гарсан. Тэр үед Оргилболд бид хоёр зууралдаж, түлхэлцэж байгаад би болгоомжгүйгээр Оргилболдыг хутгалчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Б.Цогтбаярын “...Би: "Оргио наадах чинь хутга аваад гарч ирж байна. Хоёулаа зугтаая" гэсэн. Тэгтэл Оргио, Ганпүрэв рүү "яасан гэнээ хөгшөөн" гээд боссон. Тэр хоёр бие бие рүүгээ асаад, хашхираад дайраад байсан. Нэг харсан чинь Оргилболдын зүүн далны орчмоос цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч М.Равжаагийн “...Оргилболд байшингийн буланд сууж байсан. Өмсөж байсан шорт нь цус болчихсон байсан юм. Оргилболдоос: "юу болсон, яагаад цус болчихсон байгаа юм бэ? гэж асуухад Оргилболд Ганпүрэв намайг хутгалчихлаа гэсэн...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч П.Окаа, гэрч Д.Дэнсэнхорлоо нарын мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8483 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ 1.             Б.Оргилболдын биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт /цус 700 мл/  гэмтэл тогтоогдлоо. 2.          Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.             Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Б.Оргилболдын өвчний түүх,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №5994 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.Оргилболдтой маргалдан байшингаас хутга авчирч улмаар түүний цээжин тус газар нь хутгалж хүч хэрэглэж гэмтэл учруулсанаа хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон өөрийг нь П.Г гэмтээснийг мэдүүлж, болсон үйл явдлыг шууд харсан гэрч Б.Цогтбаяраас хэргийн байдлыг тодорхой мэдүүлж, хэрэг болсны дараах тухайн агшин, хэргийн нөхцөл байдал, хохирогч гэмтсэн байдалтай байсныг гэрч М.Равжаа, гэрч П.Окаа, гэрч Д.Дэнсэнхорлоо нараас гэрчилэн мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хүчний үйлчлэлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдаж, хэргийн газраас хураан авсан хутгыг эд мөрийн баримтаар хураан авч бэхжүүлсэн, хохирогчийн өмсөж явсан хүрмэнд нэг удаагийн зүсэгдсэн гэмтэл учирсан болохыг тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хөдөлбөргүй агуулжээ.

 

Шүүгдэгч П.Г нь зориуд хутга авч хохирогчид хүч хэрэглэж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч П.Гийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нараас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирогчоос “...Ганпүрэв миний эмчилгээний зардал, мөнгийг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд хор хохирол учирч үүнээс үүссэн гэм хорын хохиролд хохирогчоос нэхэмжилсэн баримтаа гаргаагүй боловч цаашид гарах гэм хорын хохирол үүсвэл иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч П.Гийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд бусдад учруулсан хүнд хохирлоос үүссэн гэм хорын хохирлыг арилгах арга хэмжээ авсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

П.Г нь шүүх хуралдаанд өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаа гэмшсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан талаар хохирогчоос удаа дараа мэдүүлж, гомдол саналгүй талаар хүсэлт гаргасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд П.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрөл, хэмжээний дотор болох 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон хар өнгийн савхин хүрэм 1 ширхэг, хэргийн газар үзлэг хийх явцад цус мэт улаан хүрэн зүйлийг хөвөнд шингээж, тусгайлан бэлтгэсэн саванд авсан дээж, цэнхэр өнгийн лентээр ороосон хар иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс согтуурсан үедээ нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                       

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. П.Г-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.Гийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчид оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.   

 

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон хар өнгийн савхин хүрэм 1 ширхэг, хэргийн газар үзлэг хийх явцад цус мэт улаан хүрэн зүйлийг хөвөнд шингээж, тусгайлан бэлтгэсэн саванд авсан дээж, цэнхэр өнгийн лентээр ороосон хар иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.    

            6. Хохирогч Ц.Оргилболд цаашид гарах гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН

 

                                        ШҮҮГЧИД                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                            Д.РЕНЧЕНХОРОЛ