Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 04

 

 

 

           

 

 

 

 

 

С.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 365 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Тэс сумын  10 дугаар багт оршин суух, Засгууд овогт Сандагдоржийн Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс шилтгээн ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагч Т.Шинэхүү,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлд 1.128.960 төгрөг нөхөн төлүүлж, ээлжийн амралтын мөнгө 543.420 төгрөг, нийт 1.672.380 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие нь Увс шилтгээн ХХК-д 2011 онд анх үйлчлэгчээр орж ажиллаад тасралтгүй 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 5 гаруй жил ажилласан. Гэтэл миний ажилд орсон тушаал нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 тоотоор нөхөн гаргахдаа 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс түр ажлын байраар хангаж ажиллуулах явцад шаардлага хангаагүйн улмаас 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилтнаар томилсон гэх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, миний эрх ашгийг ихээхэн хохироосон. Байгууллагын дарга тушаал гаргах байтал ерөнхий менежер тушаал гаргаж байдаг нь хуульд нийцээгүй. 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тушаал гаргасан байна. Тэгвэл 2012 онд 10 сарын шимтгэл 2013, 2014 оны 1-6 дугаар саруудын шимтгэл төлөхгүй хохироосон. Би 2012 оны 03 дугаар сараас эхлэн ажилд орсон боловч тушаал гаргаагүй. Надад ямар нэгэн амралт өгч амраах буюу цалин мөнгө өгч байгаагүй. Иймд надад 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2013 оныг дуустал, 2014 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцон нийгмийн даатгалын шимтгэлд 1.128.960 төгрөг нөхөн төлүүлэх, мөн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2013 он, 2014 он, 2015 оны ээлжийн амралтын мөнгө 543.420 төгрөг, нийт 1.672.380 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх боломжгүй. Анхнаасаа С.Цэндсүрэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилтнаар аваагүй, хөлсөөр ажиллах журмаар ажиллаж байсан. өөрөөр хэлбэл 2012 оны 03 дугаар сараас эхлэн цагийн ажилтнаар ажиллулсан  ба 2014 оны 07 дугаар сараас эхлэн үйлчлэгчийн орон тоог шинээр баталж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж, харин 250.000 төгрөгөөр цалинжуулж гар дээр нь 220.000 төгрөг өгч байсан нь түүний амьдрал ахуйг бодсон асуудал байсан. Эдгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой хөдөлмөрийн эрх зүйн маргаанууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгч 3 дугаар улирлын эд хөрөнгийн тооллогоор өөрийн хариуцсан 5 метрийн монгол хивсийг дутаасан тул   2015 оны ээлжийн амралтын түүнтэй тохиролцон 2015 оны ээлжийн амралтын мөнгөөр төлүүлсэн. Мөн  С.Цэндсүрэнийн ажилд орсон, гарсан тушаалууд нь хуурамч  бөгөөд намайг эзгүйд менежер Б.Цэнгэл нь миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, нөхөж гаргасан байсан. Энэ үйлдлээ Б.Цэнгэл тайлбарлахдаа С.Цэндсүрэн эгч нийгмийн даатгалын сангаас  олгох  ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөнө гэхээр нь түүнд туслах зорилготойгоор хийсэн.  Би С.Цэндсүрэнг ажлын хариуцлага алдсаны дараа ажилчдын хурал хийж ажлаас чөлөөлөх тухай ярьсны дараа  өдрөөс өөрөө ажилдаа ирэлгүй алга  болсон. Хэрвээ би тухай үед өөрөө байсан бол хуулийн зөв заалт баримтлан үндэслэл бүхий тушаал гаргах байсан.” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 359 дүгээр зүйлийн 359.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 32 дугаар зүйлийн 32.1.2-т тус тус зааснаар хариуцагч Увс шилтгээн ХХК-иас 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 509.506 /таван зуун есөн мянга таван зуун зургаа/ төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгч С.Цэндсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 619.454 /зургаан зуун арван есөн мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан хариуцагч Увс шилтгээн ХХК-иас 2012-2015 оны ээлжийн амралтын мөнгө 543.420 /таван зуун дөчин гурван мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Цэндсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.710 /дөчин нэгэн мянга долоон зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс шилтгээн ХХК-иас 15.935 /арван таван мянга есөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Цэндсүрэнд олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлын агуулга: “"Увс шилтгээн" ХХК-ийн Улаангом рестораны үйлчлэгчийн ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглодог. Гэтэл шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилласан гэж үзэж байгаа нь анхан шатны шүүхийг хангалттай нотлох баримт байхгүй байхад хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 365 дугаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.      

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

  1. Шүүх нэхэмжлэлийн  шаардлагыг  тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн талаар.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д зааснаар  ажилтны хөдөлмөрийн хөлснөөс суутгах 10 хувийн шимтгэл, мөн ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч С.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагад “хариуцагч “Увс шилтгээн” ХХК-аас 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2014 оны 06 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл 1128960 төгрөгийг нөхөн төлүүлэх” гэжээ. 

Нэхэмжлэгч нь ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилтны цалингаас ажил олгогч суутган нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийг төлүүлэх шаардлагын алийг нь нэхэмжилсэн, эсхүл хоёуланг нь зэрэг нэхэмжилсэн эсэх нь тодорхойгүй байхад шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т нийцээгүй ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар нотлох баримт гаргаж, мэтгэлцэх зохигчдын үндсэн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Ажилтан С.Цэндсүрэнгийн  2012 оноос 2014 оны цалингийн картнаас[1] үзвэл  зарим саруудад ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж байсан байх бөгөөд  шүүх нийт шимтгэлийг 20 хувиар тооцсон хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.

  1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулагдах  бөгөөд анхан шатны шүүх  2012 оны 03 дугаар сараас 2013 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн дааталын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т зааснаар, гэрээний үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг баримталж хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүрэгтэй холбоотой маргааныг  Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой зохицуулалтын дагуу хөөн хэлэлцэх хугацааг баримталж, нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хуулийг буруу тайлбарласан байна.

Анхан шатны шүүх маргааныг үйл баримтад хамааралгүй Нийгмийн даатгалын  тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

            Шүүх зохигчдын хооронд 2012-2014 онд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний  эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх зохицуулалт буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой зохицуулалтыг давхар баримталж 2012-2015 оны ээлжийн амралтын мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, талуудын дунд эрх зүйн ямар харилцаа үүссэнийг ялгамжтай тогтоогоогүй нь ойлгомжгүй  болжээ.

Хэрэгт авадсан нотлох баримтуудын хүрээнд маргааныг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1, 168.1.3.-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  нэхэмжлэгч С.Цэндсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32458 төгрөгийг түүнд шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32458 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.Цэндсүрэнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

                                   

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 


[1] Хавтаст хэргийн 41-43 дугаар  хуудаст.