Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2019/0269

 

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2019/0269

Улаанбаатар хот

 

 

 

 Г.Ц-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө, гуравдагч этгээд “Ө”
ХХК-ийн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээд У.У, Н.О, С.С, Г.Б, С.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, түүний өмгөөлөгч Р.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0141 дүгээр шийдвэртэй, Г.Ц-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө-ийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0141 дүгээр шийдвэрээр: Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц-с Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжийн “Ө” ХХК холбогдох хэсгийг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15000 м2 газрыг дуудлага худалдааны журмаар нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/365 дугаар захирамжийн иргэн Д.У, С.А, Г.Бх, С.С, Н.О холбогдох хэсгийг хариуцагчаас шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 3 дахь заалтаар хариуцагч шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/365 дугаар захирамжийн иргэн иргэн Д.У, С.А, Г.Б, С.С, Н.О холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгохдоо “ ... Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар өөрийн эрх мэдлийн хүрээнд бусад газар эзэмшүүлсэн, дүүргийн Засаг дарга өөрт олгогдоогүй эрх эдэлсэн гэх дүгнэлтийг хийсэн” үүнийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгчид Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар тус дүүргийн 10 дугаар хороонд 15000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших болсон бөгөөд ийнхүү эзэмших шийдвэр гарах үед гуравдагч этгээдээр татагдсан компани, иргэдийн хэн алинд нь газар эзэмших эрх үүсээгүй,  газрын төлбөрөө төлсөн, 2 жил ашиглах хугацаа нь дуусаагүй байсан нотлох баримт хэрэгт авагдсан байхад түүнийг шүүхээс үнэлээгүй, яагаад үүнийг үгүйсгэж байгаагаа тайлбарлан дүгнээгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг Нийслэлийн Засаг даргаас ... бусдын газартай давхацсан, ... дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журам баримтлаагүй, ... төлбөр төлөөгүй, ... гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүдээс үзэхэд шүүхийн дүгнэж байгаа шиг Нийслэлээс олгох газрыг дүүрэг олгосон нь буруу гэх үндэслэлийг зааж хүчингүй болгоогүй нь харагдана.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэгчийг буруутгаж, газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож байгаа үндэслэлүүд бий болсон эсэхийг анхаарахаас бус өөрөө Нийслэлийн Засаг даргын өмнөөс үндэслэл гаргаж маргаж буй актыг зөвтгөх эрх хуулиар олгогдоогүй гэж үзэж байна. Хариуцагч байгууллага бусдын эрхийг хязгаарлаж буй актын үндэслэл, бодит нөхцөл байдал байсан гэдгээ өөрөө нотлох ёстой бөгөөд актандаа түүнийг заах ёстой.

Шүүх түүнийг нь нотлох баримтын хүрээнд үнэлж үндэслэлтэй эсэхийг дүгнэх болохоос бус өөрөө акт гаргасан этгээдийн өмнөөс үндэслэл гаргаж түүнийгээ нотлох баримтаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

Энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-д заасныг тус тус гол үндэслэлээ болгож дүгнэсэн атлаа мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1-ийг тус тус зөрчсөн тул түүнийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын захирамж хуульд нийцсэн үндэслэл бүхий болно гэх дүгнэлтээс тодорхой харагдаж байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд давхцал үүссэн баримт байхгүй, дуудлага худалдаа явуулаагүй боловч уг асуудлыг Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгох замаар бус нэхэмжлэгч иргэн Хан-Уул дүүргийн Засаг даргатай зөвшилцөж шийдвэрлэх боломжтой.

Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн захирамж нь илтэд хуулийг зөрчиж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр, кадастрын мэдээллийн санд холбогдох мэдээлэл нь байхад сүүлд захирамж гарган давхцуулж олгосон байдал, түүнийхээ дараа нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болоогүй буюу газрын төлбөр төлсөн, давхцал үүсээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл байхгүйг нотлосон баримтыг зөвөөр үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч Б.Ц-ийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... шүүх хариуцагчийн өмнөөс үндэслэл гаргаж маргаж буй актыг зөвтгөх эрх хуулиар олгогдоогүй, хариуцагчийн өмнөөс үндэслэл гаргаж, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулж үнэлсэн, давхцал үүссэн баримт байхгүй, дуудлага худалдаа явуулаагүй боловч нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Засаг даргатай зөвшилцөн шийдвэрлэх боломжтой, гуравдагч этгээд нарт илт хуулийг зөрчиж сүүлд газар олгож, нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болоогүй, төлбөр төлсөн, давхцал үүсээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл байхгүйг нотолсон нотлох баримтуудыг анхан шатны шүүх зөвөөр үнэлээгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар захирамжаар Б.Ц-д маргаж буй газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн, мөн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар төлбөрөө төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа ашиглаагүй гэж үзэж Б.Ц-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/47 дугаар захирамжаар Б.Ц-д Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон боловч газрын байршлыг сольж хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн талбайн хэмжээг 15000 м2 болгон нэмэгдүүлж аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/490 дүгээр захирамжаар анх олгож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/443 дугаар захирамжаар “Ө” ХХК-д сургалт, үйлчилгээ, үйлдвэрийн барилгын зориулалтаар эзэмшүүлсэн газартай хэсэгчлэн давхцуулан газар эзэмшүүлсэн нь тогтоогджээ.

Хэдийгээр Б.Ц-д тухайн маргаж буй байршилд газар эзэмшүүлснээс хойш 2 жил өнгөрөөгүй, мөн 2016, 2017 оны газрын төлбөр төлсөн[1] байхад Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх боловч “Ө” ХХК-ийн эзэмшиж буй газартай давхцуулан эзэмшүүлсэн нь мөн хуулийн 31.3-д заасныг зөрчсөн байх тул энэхүү үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61.1-д “Төрийн эрх бүхий багууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдлээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ....” гэж заасанд нийцсэн байх тул дээрх гомдлыг хүлээн авч Засаг даргын А/898 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй.  

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/443 дугаар захирамжаар 20000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар “Ө” ХХК-д олгосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Учир нь нэхэмжлэгч Б.Ц-д газар эзэмших эрх үүсэхээс өмнө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт батлагдсан ерөнхий төлөвлөгөө, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/490 дүгээр захирамжаар “Ө” ХХК-д сургалт, үйлчилгээ, үйлдвэрийн барилгын зориулалтаар тус дүүргийн 10 дугаар хороонд анх эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.  

Харин нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А/365 дугаар захирамжаар Д.У, С.А, Г.Б, С.С, Н.О нарт тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 15000 м.кв газрын “Ө” ХХК-ийн эзэмшил газартай давхцаагүй хэсэгтэй нь давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасанд нийцэхгүй.  

Хариуцагчаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 112 дугаар тогтоолоор “Шинэ яармаг” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө баталсны дагуу “Ө” ХХК болон тус компанийн ажилчид дээрх нэр бүхий иргэдэд орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн гэх тайлбар гаргасан байх боловч Б.Ц-д эзэмшүүлэхээс өмнө дээрх иргэдэд газар эзэмших эрх олгогдсон нь тогтоогдохгүй байх тул энэхүү тайлбар нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ямар зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд иргэдийн газар эзэмших зориулалт нь төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэх, хэн аль нь газар эзэмших хүсэлттэй бол дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэх боломжтой эсэх зэргийг тодруулах шаардлагатай байх тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/365 дугаар захирамжийн гуравдагч этгээд иргэдэд холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлснийг буруу гэж үзэхээргүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 


[1] Хэргийн 1 хавтасны 14 хуудас