Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/00872

 

Ж.Батцогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00073 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 793 дугаар магадлалтай,

Ж.Батцогтын нэхэмжлэлтэй,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазарт холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Эрдэнэчулууны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Батцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, Д.Энхбат, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал, нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Батцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 419 дугаар захирамжаар аймгийн Тээвэр, Авто замын газрын даргаар томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байсан. Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай 55 тоот тогтоолоор  аймгуудын Тээвэр, Авто замын газрыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн орон нутаг дахь салбаруудтай нэгтгэн зохион байгуулсан тул Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/147 тоот захирамжаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Сэлэнгэ салбарт шилжүүлсэн. Гэтэл шилжин очсоноос хойш ажлын байраар хангаагүй улмаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн захирлын 2015 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн Б/120 тоот  тушаалаар ажлаас халсан. Ажлаас халах тушаалыг эс зөвшөөрч байх тул Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2016  оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны цалинд 20.618.532 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай 55 тоот тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Тээвэр Авто замын газрыг  Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Сэлэнгэ аймаг дах салбартай нэгтгэн зохион байгуулсан. 2 байгууллага нэгдэж байгаатай холбоотойгоор 2 дарга ажиллуулах боломжгүй. Иймд Ж.Батцогттой хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажлаас нь чөлөөлсөн.

Хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн тул цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх хуулийн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00073 дугаар шийдвэрээр:Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Ж.Батцогтыг Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 21.684.072 /хорин нэгэн сая зургаан зуун наян дөрвөн мянга далан хоёр/ төгрөг гаргуулан Ж.Батцогтод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 720.158 /долоон зуун хорин мянга нэг зуун тавин найм/ төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан  ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих  байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Батцогт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 266.370 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 793 дугаар магадлалаар:Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн181/ШШ2017/00073 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ нь Монгол улсын хэмжээнд тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан тухайн байгууллагын дүрмээс харагдана. 2013 онд Засгийн газрын 336 дугаар тогтоолоор Автотээврийн үндэсний төв төсөвт үйлдвэрийн газраас аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөн; байгуулж Монгол улсын хэмжээнд зорчигч болон ачаа тээвэр, тээврийн хэрэгслийн бүртгэл, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулахаар чиг үүргийг нь тогтоож өгсөн. Нэхэмжлэгч Ж Батцогт электроникийн инженер мэргэжилтэй бөгөөд Сэлэнгэ аймгийн засаг даргын дэргэдэх агентлаг-Тээвэр авто замын газрын даргаар төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан. Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь авто механик мэргэжлийн бус байснаас Сэлэнгэ аймгийн автотээврийн төвийн даргаар томилох боломжгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргад шаардлагад зааснаар мэргэжлийн хувьд тэнцэхгүй Ж.Батцогтыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б/260 дугаар тушаалаар ажлын байраар хангаж чадахгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг-Тээвэр. авто замын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн юм. Ж.Батцогт Автотээврийн үндэсний төвийн Сэлэнгэ аймгийн автотээврийн төвийн даргын албан тушаалд нэг ч өдөр ажиллаагүй. Шүүх Хөдөлмөрийн хуулийг зөрчин өөрт олгогдоогүй эрхийг эдэлж ажил олгогчийн өмнөөс шууд томилгоо хийлээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгг заасан шаардлагад нэхэмжлэгч нийцэхгүй байгаа учраас эрх ашгийг нь зөрчөөгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргээ хариуцагч байгууллага биелүүлсэн бөгөөд Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын дагуу цалин хөлс холбогдох зардлыг Авто тээврийн үндэсний төвөөс хариуцаж 2015 оны 01 дүгээр хүртэлх цалин хөлсийг олгосон. Нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлээ татан авсан байхад шүүх хууль зөрчин нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00073 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 793 дугаар магадлалыг хүчингүй болгож. нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд  хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Ж.Батцогт ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд,  нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “...2 байгууллагыг нэгтгэсэн тул 2 дарга зэрэг ажиллуулах боломжгүй...” гэсэн тайлбар гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг болох Тээвэр авто замын газрыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т нэгтгэн зохион байгуулсан, үүний дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн А/147 дугаар захирамжаар тус аймгийн Тээвэр авто замын газрын захирал Ж.Батцогтыг  “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ аймаг дах салбарт шилжүүлжээ.

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал  2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б/260 дугаар тушаал гаргаж, Ж.Батцогтыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгожээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл дээрх 2 байгууллага нэгтгэсний дараа ажиллагсадын орон тоо 22 болсон нь өмнө байснаас нэмэгдсэн байх ба ажил олгогч нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ч.Жамбалнямбууг тус төвийн даргын ажилд томилжээ.  Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй байхдаа өөр этгээдийг төвийн даргын ажилд томилжээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг хуулийн аль үндэслэлээр ажлаас халснаа нотолж чадаагүй, энэ  нөхцөлд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох бөгөөд шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлаас халагдсанаас хойш шийдвэр гарах хүртэлх 18 сар 20 хоногоор тооцсон нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.

Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн шаардлагад нийцжээ.  

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх  үндэслэл  тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсанаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00073 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 793 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ