| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0166/Э |
| Дугаар | 158 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 19090000570148 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Их Засаг их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 41 дүгээр байрны 97 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны тамхины өрөөнд хохирогч Ш.Амартүвшинтэй хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909000570148 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Баттамир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө талбайн урд байдаг “Лакс” бааранд үйлчлүүлж байгаад тамхины өрөөнд нь Ш.Амартүвшин гэх залуутай маргалдсан. Тэгээд Ш.Амартүвшингийн нүүр хэсэгт нь 2-3 удаа цохьсон. Тэгээд үснээс нь татаж доош нь дарж байгаад нүүр хэсэгт нь өвдгөөрөө өвдөглөсөн. Тэгээд тамхины өрөөнөөс гарах гэхэд Ш.Амартүвшингийн нүүр нь улайчихсан, чихнээс нь цус гарч байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Хохирогч Ш.Амартүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 12 дугаар сарын 28-ноос 29-нд шилжих шөнө найз Эрдэнэ-Очир, Эрдэнэ-Очирын найзын хамт гурвуулаа талбайн урд байдаг “Лакс” бааранд орсон. Тэгээд “Лак”с бааранд пиво ууцгаагаад бүжиглэж байгаад тамхи татах гээд тамхины өрөөнд нь ороход нэг өндөр нэг залуу найз охинтойгоо тамхи татаж байсан. Тэр охин гэнэт над руу дайраад байхаар нь би тэр охиныг түлхэхэд найз залуу нь над руу дайрсан. Тэгээд өндөр залуу над руу хэлээ гаргаж байгаад намайг доош нь дараад зодсон. Тэгээд баарны гадаа гараад хэрүүл маргаан хийгээд дахиад маргалдсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Гэрч Ц.Агаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01:00 цагийн үед найз Баттүшиг, Анужин, Анужингийн найз эмэгтэйгийн хамт “Лакс” бааранд орцгоосон. Тухайн үед манай аймгийн Төгөлдөр гээд залуу хамт орсон. Тэгээд бааранд Жак сэт 2 ширхэгийг авч уусан. Тэгээд баар хаах дөхөж байхад Анужин, Баттүшиг, Төгөлдөр гурав алга болчихсон байсан болохоор нь Анужингийн найз Солонгоог /Солонго согтчихсон байсан/ хүмүүсийн хувцаснуудтай аваад бааран дотор хайж байгаад тамхины өрөөнд ороход Анужин, хохирогч залуу, Баттүшиг, Төгөлдөр танихгүй хүмүүстэй байсан. Намайг тамхины өрөөнд ороход Баттүшиг Амартүвшинтэй муудалцчихсан, Амартүвшингийн найз нь Амартүвшинг дагуулаад тамхины өрөөнөөс гарах гэхэд Амартүвшин гарахгүй байсан. Би тамхины өрөөнд ороод Анужинг гаргаад “хамгаалагч дуудаад ир” гээд явуулсан. Тэгээд Баттүшиг, Амартүвшин хоёр зууралдаад байхаар нь би голоор нь салгах орсон. Намайг салгах гээд орох үед Амартүвшинг нэг нь цохьсон юм шиг байгаа юм, намайг Амартүвшин "чи намайг цохьлоо" гээд миний күртикны юүдэнгээс зуурчихаад тавихгүй байсан. Тэгээд тамхины өрөөнөөс гарчихаад байхад цагдаа нарын хажууд над руу дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Г.Анужин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө би Авирмэд, Солонго, Агаа, Мөөгийгийн хамт Сүхбаатарын талбайн урд байдаг бааранд орсон. Бид нар “Лакс” бааранд ороод нэг шил виски, хүний тоогоор 6 шил 2-3 ундаа авч хувааж ууцгаасан. Тэгээд уух нь уугаад бүжиглэх нь бүжиглээд байсан чинь Батгүшиг надад “хэлэх юм байна” гэхээр нь би Баттүшигтэй лакс тамхины өрөө рүү хамт орсон. Тэгээд Баттүшиг бид хоёр тамхины өрөөнд байж чинь тамхины өрөөнд хоёр охинтой зогсож байсан залуу Баттүшигийг хэл амаар доромжилсон. Яг юу гэж доромжилсоныг нь санахгүй байна, ямар ч байсан тэр Баттүшигийг “ямар аймар өндөр юм бэ?” гэж байсан санагдаж байна. Тэгээд би уурлаад тэр залуутай маргалдсан. Би Баттүшиг, тэр залуу хоёрын дундуур Баттүшигийг салгах гэхэд тэр залуу намайг хоёр гараараа түлхсэн. Тэгсэн Баттүшиг уурлаад тэр залууг цохиод байх шиг байсан. Би яг хаана нь цохисныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №783 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэжээ /хх-ийн 10 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/ хохирогчийн хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны тамхины өрөөнд хохирогч Ш.Амартүвшинтэй зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбэнд шарх, зүүн нүдний гадна буланд шалбаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулайн хуйхны үс зулгарч унасан” хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Амартүвшингийн мэдүүлэг, гэрч Ц.Агаа, гэрч Ц.Анужин нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №783 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч Ш.Амартүвшингийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрчээс хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ш.Амартүвшингээс “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 36 дугаар хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН