Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч П.Ганбаатар,

Хохирогч Ц.Отгонсүрэн,

Шүүгдэгч Б.Г, Б.Г, О.З тэдгээрийн өмгөөлөгч Б.Адалбек нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Б.Г, О.З нарт холбогдох эрүүгийн 1809024880530 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Ноос ирээдүй” ХХК-нд хялгас ялгах, самнах машин баригч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 9 дүгээр гудамж 04 тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчиний 09-04 тоотод оршин суух албан ёсны хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гоо  сайханч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтай 02-84 тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Г, О.З, Б.Г нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 52-286 тоотод оршин суух иргэн Н.Шүрэнбаганы байнга амьдрах монгол гэрт хууль бусаар нэвтэрч BSB маркийн 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлан авч бусдад 458.910 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 02-84 тоотод оршин суух иргэн Ц.Отгонсүрэнгийн эзэмшлийн хувийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 40 инчийн Хайер маркийн зурагтыг хулгайлан 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Хохирогч Ц.Отгонсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2016 оноос Б.Г манай охин О.Зтай хамтран амьдарч эхэлсэн. Удаа дараа болохгүй бүтэхгүй зүйл хийгээд байхаар нь би салгахыг оролдсон. О.З бага насны 2 хүүхэдтэй. 3 настай хүүхдийг нь би асран хамгаалдаг. 6 настай хүүхэд нь миний дүү дээр байдаг. Амьдралын нөхцөл байдал хүнд хэцүү. Манай охин гэрээс гардаггүй 2 хүүхдээ хараад байдаг байсан. Б.Гтой нийлснээс хойш буруу замаар орсон. Энэ хүүхэд ажил хийж үзээгүй, хүнтэй харьцаж нийгэмтэй харьцаж үзээгүй, ямар мэдүүлэг өгөхөө ч мэдэхгүй байна. Хайртай гэдэг үгний цаана л энэ хүнийг дагаад явдаг байсан. Би өөрөө ажил хийж ам бүлээ тэжээдэг. Б.Г ажил хийдэггүй,дүүгээ дагуулж ирээд манайхаас юм авч байсан. 2 жоохон хүүхдийг нь яаж харж үлдэхээ мэдэхгүй байна. Хохирол байхгүй, гомдол санал байхгүй. Цагдаад мэдэгдэхгүй бол эд нар давраад байдаг юм. Охиноо салгах гэж явсаар байгаад эцэст нь шүүхийн өмнө зогсож байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч О.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Талуудын хүсэлтээр эрүүгийн 1809024880530 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр би 14-15 цагийн үед ах Ганцоожийн 80616380 дугаарын утас руу нь өөрийн 95100664 дугаарын утаснаас ярьтал Цамбын нэг паб-д байна хүрээд ир гэсэн. Тэгээд би уг пабд нь яваад Ганцоож ах ганцаараа сууж байсан. Бид хоёр тэнд ганц ганц шил пиво уугаад сууж байгаа Ганцоож ах хамтран амьдарч байсан Золзаяа гэж эмэгтэй утсаар дуудсан. Тэгээд Золзаяа ирээд бид гурав жаахан юм ярьж суусан. Тэгж байтал Золзаяагийн утас дуугарсан чинь Шүрэнбагана цаанаас залгасан байсан. Ганцоож болохоор “Шүрэнбаганы гэрт нь очих уу” гэж байсан. Тэгээд Золзаяа Шүрэнбагана руу яриад “танайд хэн байгаа юм бэ гэтэл хүүхэдтэйгээ цуг хоеулхнаа байна” гэсэн. Тэгээд Золзаяа нь “би одоо очлоо шүү” гэдгээ хэлсэн. Тэгээд уг газраас гараад явж байх замдаа Ганцоож нь хэлэхдээ "...Шүрэнбаганыг чи аргалаад байж бай, тэр хооронд Ганзориг бид хоёр гэрээс нь зурагтыг нь аваад ломбарданд тавъя" гэсэн. Тэгээд бид гурав автобусанд суугаад “Бэлх” захын хажууханд буусан. Буугаад Золзаяа эхэлж Шүрэнбаганы утас руу залгаж “автобусны буудал дээр чинь ирчихлээ, чи гэрээсээ гараад ир ээ" гэж ярьсан. Тэр хооронд Ганцоож бид хоёр Шүрэнбаганыг байхгүйд нь гэрийнх нь гадаа очсон. Би хашааных нь гадна хүн ирэхийг хараад зогсож байсан, Ганцоож нь Шүрэнбаганы хаалганы цоожийг эвдлээд гэр рүү нь орж 32 инчийн ВSВ маркийн хавтгай дэлгэцтэй хар зурагт 1 ширхэгийг бариад гараад ирсэн. Би тэр зурагтыг урд талынх хашааны өнцөгнөөс аваад цаашаа сугавчилж алхсан. Ганцоож бид хоёр бариад Бэлх захын хажуугаар доошоо уруудаад зам дагаад явж байтал Золзаяа яг хажуухан талд замын эсрэг талаас бид хоёр дээр ирсэн. Тэгээд бид гурав автобусанд суугаад 7-н буудал хүртэл явсан, 7-н буудлаас такси бариад хорооллын Өргөө кино театр хүртэл явсан. Тэгээд Ганцоож эхэлж уг ломбарданд орж бичиг баримтаараа ломбарданд 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Ингээд олсон мөнгөөрөө буудалд орж архи, пиво авч уугаад дуусгасан. Тэрнээс хойш Ганцоож ахтай холбоо бариагүй, Золзаяа бид хоёрыг 2018 оны 5 сарын 30-ны өдөр цагдаа нар барьж авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 5 дугаар сарын сүүлээр /яг хэдний өдөр гэдгийг санахгүй өмнө нь хамтран амьдарч байсан Ганцоож бид хоёр Ганцоожийн дүү Ганзоригтой уулзсан. Тэгээд Ганцоож намайг “найз Шүрээ рүүгээ утсаар ярь, уулзъя гэж хэл, тэгээд гарч ирсэн хойгуур нь Шүрээгийн гэрээс зурагтыг нь хулгайлъя” гэж ярьсан. Тэгээд бид гурав Шүрэнбаганы гэр рүү явсан. Тэдний гэр нь Бэлхэд байдаг учраас Бэлх захын автобусны буудал дээр бид гурав буусан. Тэгээд би Шүрэнбагана руу утсаар яриад "гараад ир" гэж хэлсэн чинь “за” гээд хүүхдээ тэврээд гарч ирсэн. Тэр хооронд Ганцоож, Ганзориг хоёр Шүрэнбаганы гэрт орж зурагтыг нь хулгайлж аваад гарсан байсан. Тэгээд би Шүрэнбаганатай 1 цаг 30 минут гаран юм ярьж зогссон. Шүрэнбагана гэр рүүгээ яваад өгөхөөр нь би зам дагаад явж байтал Ганзориг нь зурагт тэвэрчихсэн, Ганцоожтой цуг явж байсан.Тэгээд бид гурав автобусанд суугаад 7-н буудал дээр буусан. Тэндээсээ такси бариад хорооллын “Өргөө” кинотеатрын хажуугийн ломбарданд орж барьцаанд тавьсан. Тухайн үед Ганцоожийн бичиг баримтаар 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Мөнгийг нь Ганцоож, Ганзориг бид гурав үрж дуусгасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өмнө нь хамтран амьдарч байсан Золзаяа, Ганзориг хоёртой Цамбагаравын автобусны буудал дээр уулзсан. Ганзориг өмнө нь Шүрэнбагана гэдэг охинтой үерхэж байсан учраас энэ охинтой яръя гэж шийдсэн. Тэгээд Золзаяа нь Шүрэнбаганатай өмнө нь найзалж байсан учраас утас руу нь залгаж ярихад "гэртээ хүүхэдтэйгээ байна" гэж хэлсэн. Тэгээд Шүрэнбаганы Бэлхэд байдаг гэрт нь очиж уулзахаар болсон. Тэгээд Золзаяа, Ганзориг бид гурав автобусанд сууж Бэлхийн эцэст Шүрэнбаганы гэрийнх нь доод талд буусан. Тэгсэн чинь Ганзориг нь Золзаяад хандаж "Чи Шүрээг дуудаад доор уулзаж бай, Ганцоож бид хоёр гэр рүү нь орчихоод ирье" гэж хэлсэн. Тэгээд Золзаяа нь Шүрэнбаганатай утсаар яриад дуудаж гаргаж ирээд Бэлхийн эцэс дээр уулзсан. Тэр хооронд Ганзориг бид хоёр Шүрэнбаганы гэр рүү нь явсан. Тэгэхэд би яах гэж явсныг би сайн мэдээгүй, Ганзориг намайг хамт явъя гээд би цуг явсан. Тэгээд Шүрэнбаганы гэрийн хашааных нь гадаа очсоноо Ганзориг нь намайг “Чи хүн хараад гадаа зогсож бай" гэж хэлсэн. Тэгээд би хашааных нь үүдэнд хүн ирэхийг хараад зогсож байсан. Ганзориг хашаагаар ороод Шүрэнбаганы гэрийн хаалгыг эвдээд орсон. Тэгээд нэг их удалгүй Ганзориг хар өнгийн 32 инчийн зурагт тэврээд гараад ирсэн. Тэгээд намайг “явъя” гээд цаад талынх нь гудамжаар тойроод доошоо уруудсан. Тэгээд явж байтал урдхан талаас Золзаяа гарч ирээд бид гурав зам гараад автобусны буудлаас автобусанд суусан. Тэгээд Хорооллын кино театрын хажуу талын ломбарданд уг зурагтыг миний бичиг баримтаар 150.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Ганзориг, Золзаяа хоёрт бичиг баримт байхгүй байсан. Тэгээд олсон мөнгөөрөө бид гурав хоолонд орж, орой нь зочид буудалд орж архи, пиво зэрэг ууж идэх юм аваад л мөнгийг нь үрж дуусгасан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 161-163 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Шүрэнбагана мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Золзаяатай уулзаад гэртээ ирэхэд гэрийн цоожийг эвдээд хойморт байсан 32 инчийн зурагт, удирдлагын хамт алга болсон байсан. Тэгээд хорооны цагдаа дуудаад Золзаяа, Ганцоож, Ганзориг нарын зургийг харуулсан. Би зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан учир гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-23 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Отгонсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өглөө би эрт гэрээсээ гараад явсан. Тэгээд 2 хоног Эрдэнэтэд байж байгаад ирсэн. Намайг явахад манай Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Алтайн 2-84 тоот гэрт манай охин Золзаяа, өөрийн бага охинтойгоо цуг үлдсэн. Мөн манай хүү бас үлдсэн. Намайг явсны дараа манай охин Золзаяа нь Ганцоож гэдэг залууг дуудсан юм шиг байгаа юм. Тэр хоёр яаж яваад холбогдож уулзсаныг мэдэхгүй байна. Тэгээд уулзаад бага охиноо аваад Ганцоож, Золзаяа тэр гурав салхинд гарсан юм шиг байна лээ. Тэгээд салхинд гарч яваад гэнэт Ганцоож нь алга болчихсон юм шиг байна лээ. Тэгсэн Ганцоож нь манай гэрт очоод цонхоор орж 40 инчийн Наier маркийн зурагт хулгайлаад аваад явсан байсан. Энэ талаар Золзаяагийн дүү болох манай хүү над руу Эрдэнэтэд байхад залгаж утсаар хэлсэн. Би бол шууд л Ганцоожийг хулгай хийсэн байх гэж бодсон. 2018 оны 10 дугаар сард Ганцоож алга болчихсон байхад ээж нь хуучин 36 инчийн ЛСД зурагт авчирч Уртнасан мөрдөгчид өгсөн байгаа юм. Тэрнийг би очиж Цагдаагийн хэлтэс дээрээс авсан. Тэгээд гэртээ аваачаад одоо тавьчихсан байгаа. Тэр зурагт эвдэрхий, хааяа гарна, хааяа гарахгүй бас л асуудалтай юм байна лээ. Гэхдээ яахав манай гэрт энэ зурагтыг одоо бол ашиглаж л байгаа. Зурагтны хувьд алдсан зурагтныхаа оронд өөр зурагт авчихсан тул гомдолгүй гэж хэлмээр байна. Нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Гэхдээ Ганзориг, Ганцоож нарт зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 215-218 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Насанжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би өдрийн цагаар хүүхдээ хараад гэртээ суудаг юм. Өнөөдөр 05 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед манай хөрш айл Мадга гэдэг айлын хашааны гүйдэг хаалга тас хийгээд маш хүчтэй дуугарахаар нь би гэрээсээ гүйж гараад харахад хашааны завсраар цэнхэр өмдтэй хар хувцастай хүн хальт харагдаад өнгөрсөн. Тэгээд би Золоо руу утсаар залгаж “танайд хулгай орсон юм шиг байна. Ирж хараарай” гэсэн юм. Золоо ч нэг их удалгүй гүйгээд ирсэн. Тэгээд “манай зурагт алга болчихсон байна” гэж манайд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 219-220 дугаары хуудас/,

 

Гэрч Б.Нэргүй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг руу яваад 2018 оны 5 дугаар сарын 28-ны үеэр гэртээ ирсэн. Намайг байхгүй хойгуур гэрт хулгай орж 32 инчийн BSB маркийн зурагт алга болсон байсан. Манай эхнэр намайг Өмнөговь аймагт байхад утсаар залгаж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Түмэндэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Буянбат овогтой Ганцоож /РД: ПМ93100911/ гэх хүн BSB маркийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг удирлагын хамт 14 хоногийн хугацаатай 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна. Хүлээж авсан ажилтан нь Алтансүх байна. Тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 9-13, 205-211 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Шижир хүнсний дэлгүүрийн гаднах камерын бичлэг хуулбарласан CD 1 ширхэгийг эрүүгийн 1809024880530 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй...” гэжээ /1 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 18 дугаар хуудас/  

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...зурагт /BSB брэндийн 32 инч/- 458910 төгрөг...” гэжээ /1 дүгээр хх-ийн 56-57, 230-231 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...зурагт / Haier брэндийн 40 инч/- 280.000 төгрөг...” гэжээ /1 дүгээр хх-ийн 127-128 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...Буянбатын Ганзоригоос гаргаж өгсөн 32 инчийн BSB маркийн зурагт 1 ширхэг үзлэг хийж хохирогч Нэргүй овогтой Шүрэнбаганад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” /1 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас/,  

 

Гэрч Д.Пүрэвцэцэгийн мэдүүлэг /1 хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Б.Буянбатын мэдүүлэг /1 хх-ийн 29-30 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 62-63 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 66 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар /1 хх-ийн 99-101 дүгээр хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 64 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Згийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 70 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 80 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч О.З нар бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 52-286 тоотод оршин суух иргэн Н.Шүрэнбаганы хүн байнга амьдрах монгол гэрт хууль бусаар нэвтэрч “BSB” маркийн 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлан авч бусдад 458.910 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Г нь ганцаараа 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 02-84 тоотод оршин суух иргэн Ц.Отгонсүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Хайер” маркийн 40 инчийн зурагтыг хулгайлан авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

 шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Шүрэнбаганы “...Золзаяатай уулзаад гэртээ ирэхэд гэрийн цоожийг эвдээд хоймор байсан 32 инчийн зурагт, удирдлагын хамт алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг,  хохирогч Ц.Отгонсүрэнгийн “...Ганцоож нь манай гэрт очоод цонхоор орж 40 инчийн Наier маркийн зурагт хулгайлаад аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Нэргүй, Л.Насанжаргал, Б.Түмэндэлгэр, яллагдагч Б.Г, О.З, Б.Г нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дамно” ХХК-ийн хөрөнгийн тайлан, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хэрэгт цугларсан ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г, О.З, Б.Г нарын үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Г, О.З, Б.Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Шүрэнбаганаас “эд зүйлээ буцаан авсан, гомдол, саналгүй” гэж /1 дүгээр хх-ийн 22-23/, хохирогч Ц.Отгонсүрэнгээс “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж /2 дугаар хх-ийн 7-8 дугаар хуудас/ хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгч нараас тэдгээрт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч Н.Шүрэнбагана нь зурагтаа буцаан авсан болох нь эд зүйл хүлээн авсан тэмдэглэлээр тогтоогдсон, түүний гаанс, бор түрийвч алдагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчээс тэдгээрийн үнийг гаргуулах үндэслэл тогтоогдоогүй, Н.Шүрэнбаганад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Г, О.З, Б.Г нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх, харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэж Б.Гийг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Г, О.З нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Б.Гт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас бусдад учирсан хохирол, түүнийг арилгасан байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.   

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г, О.З нар нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 37 хоног, шүүгдэгч Б.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 96 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй болохыг дурьдлаа. 

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Б.Г, Б.Г, О.З  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Зг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Гийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус бүрийг шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Б.Гийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, О.З, Б.Г  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, О.З  нарын цагдан хоригдсон 37 хоногийг, шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон 96 хоногийг эдлэх ялд оруулж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г, О.З, Б.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г, О.З, Б.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН