Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2016/00297/И |
Дугаар | 258 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 258
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Г.Цагааны нэхэмжлэлтэй “Бичиг баримтын эзэмшигч, ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1956 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Буурагчин 2 дугаар баг, Дарь- Эх гудамж, 1-11 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэдэг
Олхогноод овгийн Гонгорын Цагаан
регистрийн дугаар: МЕ- 56071539
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Тодорхойлох нь :
Нэхэмжлэгч: Г.Цагаан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Г.Цагаан миний бие 1956 онд төрсөн. Одоо насныхаа тэтгэвэр тогтоолгон авах нас болоод байна. Би 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Нийгмийг авран хамгаалах яамны цэргийн тусгай дунд сургууль төгссөн.
1986 оны 11 дүгээр сарын 30-ны хүртэл Ерөө суманд хэсгийн төлөөлөгч, 1986 оны 12 дугаар сарын 10-наас Ерөө сумын “Сангийн аж ахуй”-д боловсон хүчний зааварлагч 1989 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс “Сангийн аж ахуй”-н орлогч даргаар дэвшин, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад Ерөө “Сангийн аж ахуй” татан буугдсан тул ажлаас чөлөөлөгдсөн болно.
Уг сангийн аж ахуйд ажиллаж байсан ня-бо Ч.Дулмаа, малын ахлах ня-бо О.Оюунгэрэл, зоо-техникч Д.Уранбилэг нарын тодорхойлолт “МАХН”-ын татвар төлж байсан намын батлахын 1956 он мөн иргэний үнэмлэх, Иргэний бүртгэлийн Ерөнхий газрын иргэний баримтын лавлагааг үндэслэн уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: Г.Цагаан 2016 оны 06-р сарын 30-нд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан хүсэлтдээ:
... Г.Цагаан миний бие Ерөө сум Сангийн аж ахуйд 1986 оны 12 дугаар сарын 10-наас 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл зааварлагч, орлогч даргаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: Г.Цагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би 1977 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай сургуульд элсэж, 1980 оны 7 дугаар сарын 14-нд төгссөн. Тухайн жилд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1986 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр уг албан тушаалаас халагдсан.
Дараа нь тус Сангийн аж ахуйд боловсон хүчний зааварлагч, орлогч даргаар 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд хувьчлал явагдаж Сангийн аж ахуй тарсан. Сангийн аж ахуй тарснаас хойш хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. Миний бие 1986 оны 11 дүгээр сарын 30-наас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Сангийн аж ахуйд ажиллаж байсан. Сангийн аж ахуй улсын хэмжээнд татан буугдах үед татан буугдсан тушаал, Сангийн аж ахуйн орлогч даргаар ажиллаж байсан тушаал, байхгүй болсон учраас 1986 оны 11 дүгээр сарын 30-наас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна.
Анх нэхэмжлэл гаргахдаа бичиг баримтын эзэмшигч тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Миний хувьд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1986 оны 11 дүгээр сард халагдахдаа хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн. Хөдөлмөрийн дэвтэрт миний төрсөн оныг 1959 он гэж нээсэн байсан. Миний архивын лавлагаан дээр 1956 оны 07 дугаар сарын 15-нд төрсөн гэж бичигдсэн байгаа. Намайг хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн дэвтэр нээлгэх боломжгүй байсан тул офицерийн үнэмлэхээр явж байсан. Дорноговь аймгийн шүүхийн лавлагаан дээр 1956 он гэж бичигдсэн байгаа. Хэсгийн төлөөлөгчийн ажлаас гарахад офицерийн үнэмлэх хурааж авсан болохоор хөдөлмөрийн дэвтэр нээхэд буруу бичигдсэн. Тиймээс хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь намайг мөн болохыг тогтоож өгнө үү! гэж хүсч байна...гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Г.Цагаан нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигч тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 1986 оноос 1991 онуудад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Сангийн аж ахуйн боловсон хүчний тасгийн зааварлагч, Сангийн аж ахуйн орлогч даргаар ажиллаж байсан жилийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгч Г.Цагаан нь цэргийн байгууллагаас чөлөөлөгдөн энгийн байгууллагад шилжин ажиллах болоход Улсын Цагдан сэргийлэх Ерөнхий газрын Боловсон хүчний тасгаас 1986 оны 12 дугаар сарын 15-нд нээж олгосон №218672 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт түүний төрсөн оныг “1959 он” гэж ташаа бичсэнээс бичиг баримтын эзэмшигч тогтоолгох шаардлага гарсан байна.
Г.Цагаан нь 1956 онд төрсөн болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний баримтын архивын 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18468 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”, Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, №108683 дугаартай МАХН-ын гишүүний бат илэрхийлэх зэргээр нотлогдож байх тул Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий газрын Боловсон хүчний тасгаас 1986 оны 12 дугаар сарын 15-нд төрсөн оныг “1959 он” гэж ташаа бичиж олгосон, № 218672 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч Олхогноод овгийн Гонгорын Цагаан мөн болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:
Г.Цагаан нь 1980 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль төгсөж Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1986 оны 11 дүгээр сарын 30-нд ажлаас чөлөөлөгдөн 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ерөөгийн Сангийн аж ахуйд даргын 402 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар тус Сангийн аж ахуйн боловсон хүчний тасагт зааварлагчаар томилогдон ажилласан байна.
Ийнхүү ажиллаж байгаад мөн Сангийн аж ахуйн даргын 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 139 дугаар тушаалаар “зааварлагчийн ажлаас өөрчилж, Сангийн аж ахуйн орлогч даргаар дэвшин” ажиллаж байгаад 1991 оны 12 дугаар сарын 31-нд Ерөөгийн Сангийн аж ахуй татан буугдсан тул ажлаас чөлөөлөгдсөн боловч ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр олдохгүй улмаас ажилласан жилийг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Г.Цагаан нь 1986 оны 12 дугаар сарын 10-наас 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Ерөөгийн Сангийн аж ахуйд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ерөөгийн Сангийн аж ахуйн даргын “Ажилд томилох тухай” 402 дугаартай, 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “ Шагнах тухай” 51 дугаартай, 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “ Ажилд томилох тухай” 185 дугаартай тушаалуудын хуулбар,1990 оны цалингийн жагсаалт, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт, мөн тухайн үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан ажиллаж байсан гэх Ч.Дулмаа, О.Оюунгэрэл, Д.Уранбилэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Иймд Олхогноод овгийн Гонгорын Цагааныг Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйд 1986 оны 12 дугаар сарын 10-наас 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл боловсон хүчний тасагт зааварлагч, Сангийн аж ахуйн орлогч даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий газрын Боловсон хүчний тасгаас 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, төрсөн оныг “1959 он” гэж бичиж олгосон, №218672 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч Олхогноод овгийн Гонгорын Цагаан мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олхогноод овгийн Гонгорын Цагааныг Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйд 1986 оны 12 дугаар сарын 10-наас 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл боловсон хүчний тасагт зааварлагч, Сангийн аж ахуйн орлогч даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Цагааны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ