Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Р.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.О-д холбогдох эрүүгийн 1809040931215  дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Баянгол дүүргийн 42а байрны орцны жижүүр ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 02-355 тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо Баянгол дүүргийн 7 дугаар хороо 42 дугаар байрны жижүүрийн байранд түр оршин суудаг, урьд 2 удаа ял шийтгэгдсэн,

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар тэнссэн,

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 20 хоногийн ялаас чөлөөлсөн

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Р.О нь 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 31 дүгээр байрны 06 тоотод оршин суух иргэн Б.Оюунбатын гэрээс биет 100.000 төгрөг, монетон бөгж, 1.8 гр алт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 555.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Р.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Бөгж, шар алт зэргийг шүүгээ савнаас нь ухаж аваагүй. Цэвэрлэгээ хийж байгаад орны хажуугийн шүүгээний урдаас олсон. Олоод халаасандаа хийсэн. Бурхан дээр байсан 100.000 төгрөгийг аваагүй. Тавилгаа гүйцэт оруулаагүй, бурханаа байршуулаагүй байсан. Орой нь очоод авсан эд зүйлээ буцааж өгсөн. Бурхан дээр байсан 100.000 төгрөгийг нь би аваагүй ч гэсэн өгье гэж хэлээд өгсөн...” гэв.

 

Эрүүгийн 1809040931215 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Р.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Оюунмаагийн гэрээс жижиг хэмжээтэй бөөрөнхий алт, шар өнгийн бөгж аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Оюунбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гадуур явж байгаад ирсэн. Манай гэрт засвар хийгээд 2 хүн байсан. Орой 21 цаг орчим ороо засах гэсэн чинь орны гудас хунирсан таг нь далийсан байсан. Тэгээд юмаа шалгатал монетон бөгж, бөөрөнхий алт, бурханы 100.000 төгрөг алга болсон байсан. Би засвар хийж байгаад явсан Оюунааг нөхөртэй нь хамт сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...эмэгтэй хүний цирконон шигтгээтэй шаргал өнгийн металл бөгж 1 ш /3.5 гр/, шаргал өнгийн металл бөмбөлөг 1 ширхэг /1.8 гр/ зэрэг эд зүйлсийг Баттөмөрийн Оюунбатад хүлээлгэн өгөв...” /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд “...жижиг хэмжээтэй, бөөрөнхий хэлбэртэй шар метал, шар метал бөгж 1 ширхэг эд зүйлийг хураан авах ажиддагааг ...дуусгав... эд мөрийн баримт хураалгасан Оюунцэцэг...” /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж байгаа хөрөнгө нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэсийн МБТасагт шалгагдаж байгаа 1809040931215 дугаартай хэрэгт холбогдох бусдад хулгайд алдагдсан үнэт эдлэл болно. Тус үнэлэгдэж буй 3.5 гр жинтэй цагаан өнгийн цирконон шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, 1.8 гр жинтэй сорьц тодорхойгүй алтны өөдөс 1 ширхэг зэрэг эд зүйл нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 455.800 /дөрвөн зуун тавин таван мянга найман зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Р.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар суллагдсан баримт /хх-ийн 35-39 дүгээр хуудас/ болон хохирол төлбөр төлж барагдуулсан 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Р.О нь 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 31 дүгээр байрны 06 тоотод оршин суух иргэн Б.Оюунбатын гэрт засвар хийж байх явцдаа монетон бөгж, 1.8 гр алт, биет 100.000 төгрөг зэрэг эд зүйл, мөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 555.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Оюунбатын “...Манай гэрт засвар хийгээд 2 хүн байсан. Орой 21 цаг орчим ороо засах гэсэн чинь орны гудас хунирсан таг нь далийсан байсан. Тэгээд юмаа шалгатал монетон бөгж, бөөрөнхий алт, бурханы 100.000 төгрөг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг,  эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч нь хохирогчийн гэрт засвар үйлчилгээ хийх зорилгоор гэрт нь байх явцдаа хохирогч Б.Оюунбатын хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсан болон хэрэг гарсан газрын нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж, шүүгдэгчээс тухайн алдагдсан эд хөрөнгийг хураан авсан болохыг тэмдэглэлд бэхжүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Оийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Р.Оийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Оюунбатын 455.800 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний цирконон шигтгээтэй шаргал өнгийн металл бөгж 1 ш /3.5 гр/, шаргал өнгийн металл бөмбөлөг 1 ширхэг /1.8 гр/ зэргийг шүүгдэгч Р.Оээс хураан авч түүнд буцаан өгсөн /хх-ийн 19/, 100.000 төгрөгийн хохирлыг Төрийн банкан дахь Д.Оюунбатын дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож, хохирлыг бүрэн нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Р.Оийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд шүүхээс учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Р.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

 

            Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Р.О-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Оийг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Р.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН