Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 135

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр,

Улсын яллагч Н.Түвшинбаяр,  

Шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Д.Хатанбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э-д холбогдох эрүүгийн 1709019710347 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сум 15 дугаар баг Рашаант Уртын голын 7-5 тоотод  оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Бунхан 1-26 тоотод түр оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч П.Э нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жоби худалдааны төвд лангуу түрээслэгч Д.Мөнхбаатарын Самсунг Галакси Эс7 маркийн гар утсыг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гар утсаараа яриулаач гэж худал хэлэн хууран авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барилгачин дэлгүүрт лангуу түрээслэгч Б.Дөлгөөнд бараа авах гэж байна гэж итгүүлэн түүний самсунг галакси эс7 эджэ загварын гар утсыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эгчтэйгээ яриад өгье гэж хэлээд хууран мэхэлж 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

                 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны  нутаг   дэвсгэрт   үйл   ажиллагаа   явуулдаг   Чандмань дэлгүүрт хохирогч М.Ганцэцэгийн Самсунг Нөүт-5 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хууран мэхэлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бүрд худалдааны товд лангуу түрээслэгч   М.Нарантуяагийн Самсунг Нөт-5 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хууран  мэхэлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 01 дүгээр сарын 01-ний Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Одкон худалдааны төвд лангуу түрээслэгч Б.Болорчулууны Самсунг Галакси эс7 маркийн гар утсыг түр хэрэглээд өгье гэж 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дотор насанд хүрээгүй хохирогч Э.Ууганбаяраас “бараа бөөнд нь авна” хэмээн хуурч самсунг галакси 6 эдж маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч мэхлэн 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх худалдааны төвийн махны тасагт иргэн С.Буянхишигийн Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлэн хуурч 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Home boutique гэр ахуйн барааны дэлгүүийн худалдагч Г.Заяагийн Самсунг галакси эс-6 эджэ загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хууран мэхэлж 200.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн 1709019710347 дугаартай хэргээс:

    Хохирогч Д.Мөнхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 11 цаг 30 минутын үед би “Жоби” төвд 49, 50 дугаар лангуун дээрээ наймаагаа хийгээд байж байтал хоёр залуу ирээд хуулга авна гэсэн тэгээд нэг залуу нь “хямдхан хуулга байвал авмаар байна” гээд байхаар нь “болно” гэсэн чинь “та утсаа өгч байгаач би эгчээсээ асуугаад эргээд хэлье” гээд миний утсаар 99 тэй дуугар руу ярьсан. Тэгээд нөгөө залуугаа үлдээгээд “падаан бичүүлээд байж байгаарай” гэж хэлээд тэр хавьд утсаар ярьж байгаад миний утсыг өгөлгүй аваад явсан. Би хамт явсан залуугаас нь “нөгөөх чинь хаана байна” гээд асуусан чинь “мэдэхгүй” гэхээр нь “чи хамт явж байж яагаад мэдээгүй юм” гэсэн чинь “би танихгүй намайг гадаа явж байхад надаас падаан бичүүлээд өгөөч би бичиг үсэг мэдэхгүй юм” гэж хэлээд намайг гуйж орж ирсэн гэж надад үлдсэн залуу нь хэлсэн тэгээд би надтай хамт үлдсэн залууг нь цагдаа дээр дагуулж ирсэн..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

    Хохирогч Б.Болорчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ"...Би 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Одкон” төвд байрлах 54 дүгээр лангуунд ажиллаж байтал 30 орчим насны намхан залуу 15 цагийн үед орж ирээд “эгчээ таниас юм худалдаж авах гэсэн юм” гэж хэлэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн чинь уг залуу “за би найзыгаа дагуулаад ороод ирье” гэж хэлээд буцаад гарсан юм. Тэгээд удалгүй уг залуу нь нүдний шилтэй туранхай 20 гаран насны залуутай хамт орж ирээд “гэрэл 10 ширхэг, унтраалага 10 ширхэг, разетка 10 ширхэг зэрэг баахан бараа худалдаж авна” гэж хэлээд баримт бичүүлсэн юм. Тухайн үед намхан залуу нь надад хандан “эгчээ та надад гар утсаа өгөөч би хүнтэй ярих гэсэн юм” гэж хэлэхээр нь би өөрийнхөө 99665000 дугаартай хятад гар утсаа өгсөн чинь миний утсаар яриад байх шиг байсан ба удалгүй миний утсыг буцаагаад өгсөн юм. Тэгээд уг залуу нь дахин танайхаас “гэрлийн авжуур 2 ширхэгийг нэмж авья” гэж хэлээд “эгчээ та фэйсбүүк ордог утсаа өгөөч би эхнэртээ авжуурны зургийг явуулах гэсэн юм” гэхээр нь би еөрийнхөө Самсунг эс-7 маркийн гар утсаа өгсөн юм. Тэгээд би уг залуугийн авна гэсэн барааг бэлдээд доошоогоо тонгойгоод бэлдэж байгаад эргээд харахад уг залуу нь алга болчихсон байсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67-68 дугаар хуудас/,

 

                Хохирогч Б.Дөлгөөн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах барилгын материалын “Барилгачин” дэлгүүрт худалдаа хийгээд байж байтал 13 цагт 2 эрэгтэй хүн орж ирээд хомучик асуугаад эргээд ирээд “авъя” гэсэн тэгээд 5-6 орчим минутын дараа буцаж хоёулаа орж ирээд падаан дээр авах бараагаа хамт явж байсан эрэгтэй хүнээр бичүүлсэн нэг эрэгтэй нь “би нэгжгүй болчлоо манай эгч ирж байгаа утсаа өгөөч нэг ярьчаад өгье” гэсэн тэгээд лангууны урд миний утсаар ярьж байгаад миний утсыг авч гараад 4-5 орчим минут болчоод оруулж ирээд өгсөн. Тэгэхэд нөгөө залуу нь миний хажууд зогсож байсан. Тэгээд за бараануудаа “бэлдэж байгаарай” гээд гарч яваад 10 гаран минут болсны дараа анх миний утсаар ярьсан эрэгтэй хүн ганцаараа орж ирээд “чи шаланкнуудаа тасалж бай одоо эгч ирж байгаа” гээд ахиад гараад явсан. Тэгээд ахиад 10-15 орчим минутын дараа ахиад өөр эрэгтэй хүнтэй орж ирээд “надаа ахиад нэг падаан өгөөч би өмнөх падаанаа ураад хаячихлаа” гэсэн. Тэгээд би падаан өгтөл хамт орж ирсэн хүнээрээ падаан дээр бараагаа бичүүлээд байсан тэгж байхдаа “эгч яачихваа миний машиныг олохгүй байх шиг байна утсаа өгч байгаач ахиад нэг залгаадхая” гээд утас аваад ярьж байснаа модон хаалга зардгийн тэнд явж байна гээд миний утсыг аваад гарсан би цуг явж байсан хүн нь миний хажууд байгаа болохоор нь юм бодоогүй. Тэгээд хэсэг хугацааны дараа хамт явж байсан хүнээс нь “танай ах чинь яачихваа” гэхэд “сая энд зогсож байсан шдээ чи дугаарыг нь мэдэхгүй юм уу” гэж асуухад “мэдэхгүй утасгүй юм биш үү” гэж хэлсэн. Тэгээд би тэр залуугаас “чи яаж таньдаг юм бэ гэж асуухад танихгүй манай таньдаг ах туслаад өгөөч гэж гуйсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88 дугаар хуудас/,

 

            Хохирогч М.Ганцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Чандмань” барилгын материалын дэлгүүрт ажилладаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн үед гаднаас хоёр эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд “бараа авна” гээд нилээн их хэмжээний бараа бэлдүүлсэн. Тэгээд бараа бэлтгэж байхад арай хөгшин нь буюу 25 орчим насны эрэгтэй нь “надад утсаа өгч байгаач ярьчихаад өгье” гэж хэлээд миний “Самсунг галакси Нөте 5” маркийн гар утсыг аваад гарсан. Гадаа утсаар ярьж байгаад нэг харсан алга болчихсон байсан. Дэлгүүрт цуг явсан хүүхэд нь байсан болохоор би юм бодолгүй хүлээгээд байж байгаад юмаа хайрцаглаад дууссан юм. Тэгээд 20 орчим минут хүлээгээд ирэхгүй болохоор нь утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд үлдсэн хүүхдийн хамт 1 цаг орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь цуг явсан хүн чинь яасан талаар асуухад үлдсэн хүүхэд маань би тэр хүнтэй гудамжинд тааралдсан юм. Дэлгүүрээс юм аваад өгөөч гэж хэлээд дагуулж орж ирсэн. Би бодохдоо ах дүү нар бараа авах гэж байгаа юм байна гэж бодоод итгээд байж байтал утсыг маань аваад явсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 109-111 дүгээр хуудас/,

               Хохирогч М.Нарантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Бүрд” худалдааны төвд би ахуйн бараа зардаг лангуу ажилуулдаг. Тэгээд 15 цаг 30 минутын орчим үл таних намхан бор царайтай залуу хүрч ирээд үнэ асуугаад явсан. Тэгээд удалгүй хойноос эмэгтэй хүнтэй хүрч ирээд 300.000 төгрөгийн бараа бэлдүүлж аваад падаан дээр бичиж байгаад “утас байна уу утсаар чинь ярьчаад өгье” гэж хэлээд цаашаа очоод “хоол идчихээд ирье” гээд явсан. Тэгээд надад энэ эмэгтэй хүн хэлэхдээ сайн боож баглаарай хөдөө явуулдаг юм гэж бэлдүүлсэн тэгээд би бүх тооцоог нь хийж дуусаад цайны газар руу ортол хэн ч байхгүй байсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 137 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Ууганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бөмбөгөр худалдааны төвийн 1212 тоот бэлэг дурсгалын лангуунд сууж байтал 13 цагийн орчимд миний утсыг залилсан гэх хүн ирсэн юм. Тухайн үед би кино үзээд сууж байсан. Тэгсэн чинь тэр ах “хөөш ахын дүү танайхаас сувинер болон жааз тус бүр 8 ширхэгийг бөөндөж авна” гэж хэлсэн. Тэгээд би “за” гэж хэлээд байж байтал миний утсыг залилсан гэх хүн “ах нь ганцаараа худалдаж авах гэж байгаа зүйлсээ даахгүй юм байна” гэж хэлээд “ах нь дүүгээ дагуулаад ирье” гэж хэлээд гараад явсан. Тэгээд 20 орчим минут өнгөрсний дараа дүүгээ дагуулаад ороод ирсэн. Тэгээд намайг манай лангуун дээр хамгийн овор ихтэй барааг зааж энийг авна гэж хэлсэн. Тэгээд би авна гэсэн барааг боох гээд байж байтал ахын дүү “утасаа өгч байгаач ээ ах нь нэг дугаар луу залгачихаад өгье” гээд миний утасыг авсан. Миний утсаар ярьж байсан юмуу ярьж байгаа дүр эсэхсэн юмуу би сайн мэдэхгүй байна ямар ч байсан цаашаа хараад “Уянгаа ахын дүү нааш ир” гээд дуудаад байсан. Тэгээд тэр дагуулж ирсэн дүү гэх хүүхдийг “надтай цуг боолцоод байж бай” гэж хэлсэн. Бид 2 бараагаа боож байгаад эргээд харахад миний утсаар ярьсан хүн байхгүй болсон байсан. Би тэгээд нөгөө дагуулж ирсэн хүүхдээс “төрсөн ах чинь юм уу хамаатны ах чинь юм уу” гэж асуухад үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар ч холбоогүй хүн юм уу гэж асуухад надтай холбоогүй хүн гэсэн. Тэгээд би нөгөө хүүхдийн утсаар өөрийн дугаар руу залгахад утас маань холбогдох боломжгүй гэсэн дохио өгч байсан. Тэгээд тэр хүүхдийг явуулалгүй байлгаж байгаад ах, эгч хоёртойгоо уулзуулаад асуулгахад утасыг маань залилсан гэх хүнтэй би холбоогүй тэр гадаа зогсож байтал “20.000 төгрөг өгье ахдаа юм өргөөд өг” гэж хэлэхээр нь би цуг явсан юм..." гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.Заяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо “Зоос гоёл” дэлгүүрийн зүүн хойд талд байрлах “Home boutique” дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. Өнөөдөр намайг ажлаа хийж байхад 16 цагийн үед гаднаас 30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд ах нь “байраар шагнуулаад гэртээ юм авах гэсэн юм. Танай нөгөө олон ширхэгтэй жааз байгаа юу, ханын цаг, байгаа юу” гэж асуусан. Би тэр болгоныг л байгаа гэж хэлээд үзүүлтэл “авъя” гэж хэлсэн. Тэгсэнээ танай дэлгүүрийн энэ хавьд зогсоол олдохгүй хэцүү юм байна манай дүү машинаа тавьж байгаа орж ирэхээр нь дахиад хэд хэдэн зүйл авна гэсэн. Тэгээд “ханын цагийг авъя, Дархан явуулах гэж байнаа сайн боогоорой” гэж хэлсэн. Би тэр цагийг боож байх хооронд тэр ах дэлгүүрээс гараад явсан. Удалгүй гаднаас орж ирэхдээ 20 орчим насны эмэгтэй хүүхэд дагуулаад ороод ирсэн. Орж ирээд тэр охинд худалдаж авах гэж байсан цагаа харуулаад “энэ цаг ямархуу байна” гэж асуугаад нөгөө охин “аанхан” гээд толгой дохисон чинь тэр ахын авах гэж байгаа зүйлсийг зарлагын баримтан дээр бичиж эхэлсэн. Тэр ах бараа авч байх үедээ “ах нь яарч байгаа шүү” гээд “байн байн” яаруулаад байсан. Тэгээд намайг “ахын дүу ахдаа утсаа өгч байгаач ах нь гялс нэг яриадхая” гэхээр нь би өөрийн “Самсунг эс 6 эдже” маркийн гар утсаа өгчихсөн. Тэгж байгаад 1 мэдэхэд тэр ах байхгүй болчихсон байсан. Дагуулж ирсэн охин зарлагын баримт бичээд байсан болохоор дүү нь юм чинь гэж бодсон. Бараагаа боож дуусаад тэр охиноос “ах чинь хаачив аа” гэж асуухад миний ах биш гудамжинд таарсан, намайг баримт бичээд туслаад өг гээд гуйсан хүн ш дээ гэж хэлсэн. Тэгээд гараад дэлгүүрийн бичлэгийг шүүж үзсэн чинь миний гар утсыг барьж байгаад дэлгүүрээс гараад хойшоо зугтаасан байсан..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 71-73 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Буянхишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Баянзүрх” худалдааны төвийн махны лангуун дээр ажиллаж байхад 25-30 орчим насны бор арьстай, дугуй царайтай 160 орчим өндөртэй, хүрэн өнгийн футболкотой ах 1 эмэгтэй хүнтэй хүрч ирээд “150.000 төгрөгөнд хорхогны мах бэлдээд өг” гэж хэлсэн. Тэгээд би махаа хэсэг хэсгээр нь уутлаад хиллэсэн, тэр үед хамт явж байсан эмэгтэй нь хэллэсэн махны үнийн дүнг цаасанд бичиж байх хооронд тэр эрэгтэй надад "Ах нь утсаар чинь нэг ярья" гэж хэлээд миний гар утсыг авсан. Миний гар утсыг авсаны дараа тэр эрэгтэй махны машин манай лангуу 2-ын хооронд эргэлдэж байгаад надаас Хаан банкны АТМ асуусан. Тэгээд тэр хүн нэг мэдэхэд алга болчихсон байсан...." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 127 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Саруултуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлч орчуулагчийн ангид суралцдаг юм. Одоогоор Контрол ТВ-д дадлага хийж байгаа юм. Тэгээд өнөөдөр 15 цагийн үед ус цаг уурын хүрээлэн орж 7 хоногийн цаг агаарын байдлын талаар тодруулга авчихаад буцаад ажил руугаа 5 дугаар сургуулийн хажууханд явж  байхад цэнхэр өнгийн костьюм пиджак өмссөн 30 орчим насны ах хүрч ирээд "ахдаа туслаад өгөөч их яарч яваа юм" гэхээр нь "яаж туслах вэ" гэсэн чинь "ах нь байгууллагаасаа байраар шагнуулсан юм, гэртээ шинэ эд зүйлс авч байгаа юм, ахын дүү тэрийг зарлагын баримт дээр бичээд нийт төлбөрийг нь бодоод өгөөч тэгэх юм бол ах нь тусласны чинь хариуд шан харамжийг чинь өгнө" гэсэн. Тэгэхээр нь би нээх яараагүй явж байсан болохоор туслахыг зөвшөөрөөд Ноmе boutique дэлгүүрт орсон юм. Дэлгүүрт ороход 2 худалдагч нь аймар яарчихсан, нөгөө ах хурдал хурдал, тэрийг авъя, энийг авъя, хурдан боогоорой, 4 цагаас хуралтай болчихлоо” гээд яаруулаад байсан. Намайг дэлгүүрт ороход тэр ах том цаг авчихсан надаас "ахын дүү чи энийг хардаа сэв зураастай байна уу" гэж асуухаар нь би "байхгүй байна" гэсэн чинь худалдагчаар боолгож эхэлсэн. Тэгээд би тэр хүний авна гэсэн гэх бараануудыг зарлагын баримт дээр бичиж эхэлсэн. Тэр үед тэр ах утсаар яриад байгаа юм шиг чихэн дээрээ барьчихаад "одоо очлоо, чи найзынхаа өмнөөс гарын үсэг зураад өгөөч" гэх мэтээр яриад яваад байсан. Тэгээд намайг завгүй байж байх хойгуур дэлгүүрээс гараад явчихсан байсан. Би тэр хүнийг танихгүй, хаана ажилладаг, ямар байгууллагаас байраар шагнуулсан талаар хэлээгүй, би тэр дэлгүүрийн худалдагчийн гар утсыг аваад явсан ч гэж мэдээгүй..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 77 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Дуламханд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх захын урд талын байрны үзүүрээр баруун гар тийшээ эргэтэл нэг эрэгтэй хүн надаас “хэдэн цаг болж байна гэж асуусан. Би утасны цагаа харахад нь 13:48 цаг болж байсан. Намайг цаг хэд болж байгааг хэлж өгсөний дараа тэр хүн "Ах нь чамаас 1 юм гуйх гэсэн юм. Би бичиг үсэг мэддэггүй, хадам эгчээсээ нэлээн их хэмжээний бараа авах гэж байгаа юм, намайг бичиг үсэг мэддэггүй гэдгийг манай хадам эгч мэддэгүй юм, би хадам эгчдээ бичиг үсэг мэддэггүй гэдгээ мэдэгдэхээс санаа зовж байна” гэж хэлэхэд нь би “ажил руугаа явж байна” гэхэд тэр эрэгтэй ах нь “чамайг нээх ах нь удаахгүй, өөр хүнээс гуйхаас санаа зовоод байна" гэсэн. Тэгээд бид 2 хамт Баянзүрх зах руу орсон. Баянзүрх зах руу ороод хамгийн эхний лангуунаас худалдагчтай нь үнэ тохироод падаан дээр бараа бичүүлсэн. Бичүүлсэн бараагаа худалдагчид орхиод ах нь эндээс “хорхогны мах авах гэж байгаа юм” гэж хэлээд намайг дагуулаад махны лангуу руу явсан. Махны лангуун дээр очоод худалдагчид “150.000 төгрөгөнд мах худалдаж авна гэж хэлээд надад болохоор хиллэж байгаа махнуудыг сайн хараад тооцоог нь бичиж байгаарай” гэж хэлсэн. Тэгж хэлээд тэр хүн “би тийшээ яваад гурил худалдаж авах ёстой, махны нийт дүн хэд болж байна би үлдэгдэл мөнгөндөө гурил авах ёстой” гэсэн. Худалдагч охин махны тооцоо бодуулах гээд гар утасныхаа тооны машиныг гаргаад гар утсаа тэр эрэгтэйд өгөхөд "Ах нь утсаар чинь ганц ярья" гээд худалдагч охины гар утсыг авсан. Гар утсыг авсаны дараа худалдагч охинтой хамт хэсэг махыг махны машинд машиндуулах гээд авч явсан. Махаа машиндуулж дуусаад худалдагч охинтой хамт буцаж хүрч ирсэн. Тэр эрэгтэй буцаж хүрч ирээд “махны тооцоо, өмнөх бараа худалдаж авсан тооцоо нийлээд хэд болж байна манай ээж надаас асуугаад байна” гэхэд би тооцоог нь бодож байтал эрэгтэй гараад явсан байсан. Тэгтэл худалдагч охины хажууд байсан эгч "Утсаа яасан бэ? Гэж худалдагч охиноос асуухад тэр охин түрүүний ах миний гар утсыг авсан гэж хэлсэн. Тэгээд би тэр эрэгтэйг ойр хавьд хайхад тэр эрэгтэй байгаагүй. Худалдагч эгчид “би тэр хүнтэй хамт яваагүй ээ би тэр хүнийг ойр хавьд байна уу? хараад ирье” гээд явах гэтэл худалдагч эгч намайг явуулахгүй, “та 2 хамт байсан юм чинь чи мэдэж байгаа биз дээ чи луйварчин байна” гэсэн..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 128 дугаар хуудас/,

 

          Гэрч Д.Шинэбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Жоби” худалдааны төвийн үүдэнд явж байсан чинь нэг танихгүй ах ирээд “би барилгын матерал цуглуулж яваа юм тэгсэн чинь зарлагын падаан бичүүлэх гэсэн чинь бичиг үсэг мэдэхгүй чи надад туслаад өгөөч ах нь чамд 10, 20 цаас өгье” гэсэн тэгэхээр нь би “удах юм уу” гэсэн чинь “удахгүй” гэсэн. Тэ;ээд надтай хамт юм зогсоод “миний машинд хийгээд өгөөрэй” гээд “Жоби” төвийн урд зогсоол дээр байсан саарал өнгөтэй гэж машиныг заасан тэгэхээр нь би “за тэгье” гээд хамт” Жоби” төв рүү орсон. Тэгээд эхлээд нэг гэрэл зардаг лангуу руу явсан. “Хасах гэрэл 13 ширхэгийг авна” гэсэн тэр ахаар 13 ширхэг гэрэл бэлдүүлсэн тэгээд “эгчтэйгээ ярьмаар байна” гээд лангууны худалдагч ахын гар утсыг гуйж ярьсан тэгснээ тэр ахаас зарлагын падаан гуйж авсан. Тэгээд надаар бичүүлнэ гэсэн тэгээд худалдагч ахын утсыг буцаагаад өгсөн. Дараа нь “хуулга авна” гээд дахин өөр лангуу руу явсан. тэгээд хуулга авах гэж байсан лангуунаасаа “42 метр хуулга авна” гэж хэлээд худалдагч ах бид хоёроор хуулга хэмжүүлсэн бид хоёрыг хуулга хэмжиж байх зуур надтай хамт орсон ах худалдагч ахын утсыг гуйж авсан. Тэгээд хажууд утсаар ярьж байснаа гэрэл бэлдүүлсэн лангуу руугаа явна гээд явсан тэгээд эргэж ирээгүй худалдагч ахын утсыг аваад алга болсон..." гэсэн мэдүүлзг /1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Отгонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цаг өнгөрч байх үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах УБЕГ-аас гадаад пасспорт захиалах ажилтай очоод бичиг баримтаа хөөцөлдөөд цэгцлээд 12 цаг 30 минутын орчим гараад 100 айлд байрлах Голомт банкны салбарын хажууд тамхи татаад байж байтал 30 гаран насны цэвэрхэн бор царайтай залуу над руу хүрч ирээд “тамхилаач” гэхээр нь би нөгөө залуутай тамхилаад зогсож байтал 155 см орчим өндөртэй, хар өнгийн куртик, хар саравчтай малгайтай, цайвар жинсин өмдтжй, пүүзтэй бөөрөнхий хэлтэй, махлагдуу бор царайтай залуу ирээд “би харин бичиг үсэг мэдэдгүй ээ барилгын дэлгүүрэзс материал авах гэж байгаа юм надад тусгаад өгөөч” гэж хэлээд “гуйж байна хө” гээд байхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд тэндээсээ зам дагуу явж байгаад худалдагч хүүхэн “чамаас намайг асуувал намайг Эрдэнээ” гэж хэлээрэй гээд бид хоёр “Барилгачин” гэх нэртэй барилгын дэлгүүр рүү орсон. Дэлгүүрт орохоосоо өмнө нөгөө залуу надад хэлэхдээ “манай эгч ирж байгаа эгчийг иртэл чи надтай хамт барилгын материал бичээд тулгаад өгөөчээ” гэж хэлсэн. Тэгээд би тэр залуутай хамт барилгын материалын дэлгүүр рүү ороход нөгөө залуу надад бал өгсөн. Би худалдагч хүүхнээс “цаас байна уу” гэж асуухад “энэ дээр биччих” гээд надад падаан гаргаж өгөөд уг падаан дээр нь би 5 төрлийн зүйл бичээд худалдагчид өгсөн. Намайг дээрх зүйлүүдийг бичиж эхэлж байхад нөгөө танихгүй залуу худалдагчийн утсыг аваад “ярьчихаад ирье” гэж хэлээд гараад явсан. Түүнээс хойш багцаагаар 5 орчим минут болсны дараа би нөгөө охиноос “чи ямар утасны дугаартай юм би залгаадхая” гэж хэлтэл нөгөө худалдагч намайг “чи танихгүй юм уу” гэж асуухаар нь би “танихгүй ээ” гээд үнэнгээ хэлээд хоёулаа хамт араас нь гарахад нөгөө залуу байхгүй болчихсон байсан..." гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 97-98 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Отгондалай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сансараас гараад гэр рүүгээ харихаар 32-ын буудал руу явж байсан юм. 100 айлын иргэний бүртгэлийн гадаа явж байхад 25 орчим насны нэг эрэгтэй хүн намайг дуудаад “ах нь бичиг үсэг мэдэхгүй юм барилгын материал аваад үнэ ширхэг тоог нь бичээд өгөх боломж байна уу хэрэгтэй гэвэл ах нь мөнгө өгье” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд явж байхад нөгөө хүн миний машин энэ гээд ногоон өнгийн приус маркийн машин заасан. Дэлгүүрт орхоосоо өмнө надад чи намайг таньдаг хүн шиг байгаарай Батаа ах гэж дуудаарай гэж хэлээд бид хоёр “Чандмань” гэх дэлгүүр рүү орсон. Тэгээд баахан барилгын материал аваад хайрцганд хийлгэсэн. Намайг дэлгүүрт дагуулж ороод куртик ороолтоо тайлчих тухтай юм авна гэж хэлсэн. Юмаа авч байхад нөгөө ах дэлгүүрийн эгчээс “утсаа өгөөч би хүнтэй ярих гэсэн юм” гэж хэлээд утсыг нь аваад гарсан. Би дэлгүүрт худалдагчийн хамт 20 орчим минут хүлээсэн..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 121-122 дугаар хуудас/,

 

                 Гэрч Д.Оюунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би ажлаа тараад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Бүрд” худалдааны төв ороод хүүхэддээ өмд цамц, футболк аваад явж байсан чинь хойноос нэг намхан бандгар залуу дуудаад “би бичиг үсэг мэдэхгүй надад манай хадмын талынхан юм захиад байна чамд би 10.000 төгрөг өгье” гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд “бичээд өгье” гэж хэлээд гэр ахуйн барааны лангуун дээр очоод оо, сойз, аяга угаагч зэрэг эд зүйл авсан тэгээд “чи хоол идэх үү” гэхээр нь би “идэхгүй” гэсэн тэгсэн чинь тэр худалдагчаас утас байна уу гэхээр нь байна гэж хэлээд “утсыг нь аваад хоол идлээ” гээд цайны газар руу явсан тэр хооронд нь би худалдагчтай авсан эд зүйлийг нь хайрцганд хийж багалсан. Тэгээд тооцоогоо бодоод 300.000 гаруй мянган төгрөгний эд зүйл болсон тэгээд би цайны газар руу очсон чинь тэр залуу байхгүй байсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 148-151 дүгээр хуудас/,

 

                 Таньж олуулах ажиллагаа хийсэн гэмдэглэл /1 дүгээр хх-ийн 18-19, 64-65, 140-142 дугаар хуудас/,

 

               Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

 

               Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

               Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/, /1 дүгээр хх-ийн 45 дугаар хуудас/,

  

               Эд зүйлийн үнэлгээ, “Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан” /1 дүгээр хх-ийн 45, 72, 101, 126, 154, 2 дугаар хх-ийн 45, 80, 139-140 дүгээр хуудас/,

 

               Хохирол барагдуулсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 76, 102, 127 дугаар  хуудас/,

 

Шүүгдэгч П.Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 150 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 86 дугаар хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /2 дугаар хх-ийн 149 дүгээр хуудас/, гэрч Б.Нэргүйн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Д.Мөнхбатын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37-38 дугаар хуудас/, Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2 дугаар хх-ийн 152-159 дүгээр хуудас/, шүүхэд гаргасан хохирол төлсөн талаарх хохирогч М.Нарантуяагийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Прокуророос П.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт цугларсан баримтуудаар тэрээр уг хэргийг үйлдэхдээ тус хүндрүүлэх нөхцлөөр үйлдсэн болох нь бүрэн тогтоогдоогүй тул шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг ойлголтод гэмт хэрэг үйлдэгч нь гэмт үйлдлээ тодорхой тогтмол хугацааны туршид тогтвортой үйлдэж, гэмт хэргийн улмаас бий болсон хууль бус орлогыг амьдралынхаа эх үүсвэрээ болгосон байхыг хамааруулж ойлгох ба түүний дээрх үйлдлүүдэд уг шинжүүд бүрэн нотлогдоогүй.       

 

П.Э нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 сар хүртэл, 2018 оны 7 дугаар сард нийт 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан байх ба үйлдлийн цаг хугацааны үргэлжлэл нь байнга үйлдсэн гэсэн давтамжыг илэрхийлж чадахгүй байгаагаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг амьдралын эх үүсвэрээ болгож зарцуулсан гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл П.Э гэмт үйлдлээ тогтмол байнга хийснээр түүний амьдрал эдийн засгийн хувьд оршин тогтнох эх үүсвэр болсон нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч П.Э нь:

 

2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жоби” худалдааны төвд лангуу түрээслэгч Д.Мөнхбаатарт “бараа авах гэж байна, падаан бичиж өгөөрэй” хэмээн төөрөгдүүлэн улмаар “гар утсаараа яриулаач” гэж худал хэлж түүний “Самсунг Галакси Эс7” загварын гар утсыг хууран авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Барилгачин” дэлгүүрт лангуу түрээслэгч Б.Дөлгөөнд “бараа авах гэж байна, падаан бичиж өгөөрэй” хэмээн төөрөгдүүлэн улмаар “эгчтэйгээ яриад өгье” гэж худал хэлж түүний “Самсунг галакси эс7 эджи” загварын гар утсыг хууран авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

                2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны  нутаг   дэвсгэрт   үйл   ажиллагаа   явуулдаг “Чандмань” дэлгүүрт хохирогч М.Ганцэцэгт “бараа авах гэж байна, падаан бичиж өгөөрэй” хэмээн төөрөгдүүлэн улмаар “утсаар яриад өгье” гэж худал хэлж түүний “Самсунг Нөүт-5” загварын гар утсыг хууран авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрд” худалдааны төвд лангуу түрээслэгч   М.Нарантуяад “бараа авах гэж байна, падаан бичиж өгөөрэй” хэмээн төөрөгдүүлэн улмаар “гар утсыг утсаар яриад өгье” гэж худал хэлж түүний “Самсунг Нөт-5” загварын гар утсыг хууран  авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 01 дүгээр сарын 01-ний Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Одкон худалдааны төвд лангуу түрээслэгч Б.Болорчулуунд “бараа авах гэж байна, падаан бичиж өгөөрэй” хэмээн төөрөгдүүлэн улмаар “гар утсыг түр хэрэглээд өгье” гэж худал хэлэн түүний “Самсунг Галакси эс7” загварын гар утсыг хууран авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дотор насанд хүрээгүй хохирогч Э.Ууганбаяраас “бараа бөөнд нь авна” хэмээн төөрөгдүүлэн улмаар “утсаар чинь яриад өгье” гэж худал хэлэн түүний “Самсунг галакси 6 эдж” загварын гар утсыг хуурч аван 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх худалдааны төвийн махны тасагт иргэн С.Буянхишигт “мах худалдаж авна” хэмээн төөрөгдүүлэн улмаар “утсаар чинь яриад өгье” гэж худал хэлэн түүний “Самсунг Галакси Эс-7” загварын гар утсыг хуурч аван 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Home boutique” гэр ахуйн барааны дэлгүүрийн худалдагч Г.Заяад “бараа авна” хэмээн төөрөгдүүлэн улмаар “утсаар яриад өгье” гэж худал хэлэн түүний “Самсунг галакси эс-6 эджи” загварын гар утсыг хууран авч 200.000 төгрөгийн хохирол нийт 3.070.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч П.Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Мөнхбаатар, хохирогч Б.Болорчулуун, хохирогч Б.Дөлгөөн, хохирогч М.Ганцэцэг, хохирогч М.Нарантуяа, хохирогч Э.Ууганбаяр, хохирогч Г.Заяа, хохирогч С.Буянхишиг нарын мэдүүлэг, гэрч Н.Саруултуяа, гэрч Б.Дуламханд, гэрч Д.Шинэбаяр, гэрч Б.Отгонбаатар, гэрч Н.Отгондалай, гэрч Д.Оюунчимэг нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, Эд зүйлийн үнэлгээ, "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч нь хохирогч нарт “бараа авна, падаан бичиж өгөөрэй” гэж хэлж бараа эд зүйлсийг боолгох, падаан бичүүлэх зэрэг үйлдлийг бусдаар хийлгэн төөрөгдүүлж анхаарлыг нь сарниулах тухайн агшинд гар утсыг авах зорилгоор “утсаар түр яриад өгье” гэж худал хэлэн хохирогч нараас сайн дураараараа утсыг өөртөө шилжүүлэн авсан, энэ үйлдэлдээ бусдыг ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон тул хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч П.Эрдэнийн үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогчоос авсан эд хөрөнгийг залилан авах санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэж нийтдээ 3.070.000 төгрөгийн эд хөрөнгийг авсан нь түүнийг үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүх шүүгдэгч П.Эг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар ялласныг шүүх дээр дурьдсан дүгнэлтдээ тодорхой дүгнэж хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

 

Иргэдийн төлөөлөгчөөс “П.Э удаа дараа залилах санаатай үйлдэл хийсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.  

 

Хохирогч нараас “...Эд зүйлээ авсан. Гомдолгүй...” гэсэн хүсэлтээ /1 дүгээр хх-ийн 46, 76, 102, 127, 2 дугаар хх-ийн 46, 81, 142, 152-159/, илэрхийлсэн, хохирлыг буцаан төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч П.Эрдэнийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүгдэгч П.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, анх удаа шүүхээр ял шийтгэгдэж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцаан өгсөн, нөхөн төлж хор уршгийг арилгасан нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүх  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд П.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Э нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 59 хоног цагдан хоригдсон  байх ба Эрүүгийн хуульд заасны дагуу түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /59*8=472/ 472 цагийг хасч /720-472=248/ 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг тогтоов. 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурьдлаа. 

           Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Прокуророос П.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

            2. Шүүгдэгч П.Эг бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эрдэнийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э гийн цагдан хоригдсон 59 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /59*8=472/ 472 цагийн ажлыг эдлэх ял хасч, /720-472=248/  248 /хоёр зуун дөчин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоосугай.

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч П.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН

                                ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЧИМЭГ

                                                                                       Д.РЕНЧЕНХОРОЛ