Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 352

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Д.Тунгалагийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх  хуралдаанд:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан суманд 1957 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхит 3 дугаар багт хаягтай, одоо Сүхбаатар сум, Буурийн голын 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 129 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,  

                                  Боржигон овгийн Доржийн Тунгалаг       

                                 регистрийн  дугаар: МЬ- 57012006

 

          Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Э.Бүүвэйцэцэг нар  оролцов.

                                             

                                                       Тодорхойлох нь: 

     Нэхэмжлэгч: Д.Тунгалаг шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: 

     ... Миний бие анх 1984 оны 06 сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын “Худалдаа бэлтгэлийн трест”-ийн харъяа 6 дугаар гуанзны цайны газарт үүргийн худалдагчаар ажилд орсон.

          Ингээд тогооч дутагдалтайг харгалзан үүрэгт ажлаас чөлөөлөгдөн  1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус гуанзны туслах тогоочоор үргэлжлүүлэн ажилласан.    

         1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Ажилчин ББХ” хоршоонд шилжсэн. 1993 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Нийтийн аж ахуй үйлчилгээний газар”-т ажилд орсон. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэн ажиллаж байсан боловч болгоомжгүйгээс хөдөлмөрийн дэвтэрийн нүүрний зураг, эхний хуудас  шаардлага хангахгүй, мөн аймгийн архиваас халагдсан тушаалууд шүүгээд гарч ирэхгүй байгаа тул намайг 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл “Худалдаа бэлтгэлийн трес”-т гуанзанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэжээ. 

 

        Нэхэмжлэгч: Д.Тунгалаг шүүх  хуралдаанд  гаргасан    тайлбартаа:

     ... Би 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Худалдаа бэлтгэлийн трест”-ийн харъяа 6 дугаар цайны газарт худалдагчаар ажилд орсон. Тэгээд дараа нь 1986 оны 01 дүгээр сарын 16-наас эхлэн туслах тогоочооражиллаж байсан. Энэ үед манайх “Ажилчин” гэсэн хоршоо байгуулагдсан боловч ажиллаагүй, би гуанзандаа туслах тогоочоор л ажиллаж байгаад 1993 оны 4 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Харин намайг ажлаас чөлөөлсөн тухай тушаал гарсан эсэх нь тодорхойгүй, архивт байхгүй байна.

 

 

 

 Миний хөдөлмөрийн дэвтэрт ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийсэн байдаг. Иймд тэр үед надтай хамт ажиллаж байсан ахлах тогооч Ш.Даариймаа, тогооч Ч.Долгор, касс, тогооч П.Цэндмаа нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд бусад баримтаар намайг 1984 оны 06  дугаар сарын 29-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл “Худалдаа бэлтгэлийн трес”-т гуанзанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэв.

 

                 Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж 

                                                            Үндэслэх нь:

 

         Нэхэмжлэгч Д.Тунгалаг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын “Худалдаа бэлтгэлийн трест”-д 1984 оноос 1993 он хүртэл ажиллаж байсан боловч  ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр олдохгүй, мөн хөдөлмөрийн дэвтэрийн нүүр хуудас, зураг нь  шаардлага хангахгүй болсны улмаас ажилласан байдлыг  тогтоолгохоор шүүхэд ханджээ. 

        Д.Тунгалаг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын “Худалдаа бэлтгэлийн трест”, “Ажилчин” ББХ хоршоонд туслах тогооч, тогоочоор 1984 оны 06 дугаар сарын 29-нөөс 1993 оны 04 дүгээр сарын 10-ныг хүртэл ажиллаж байсан  болох нь  Сүхбаатар хотын “Худалдаа бэлтгэлийн трест”-ийн даргын 1984 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 132 дугаартай  “Ажилд авах ба өөр ажилд шилжүүлэх тухай”  тушаалд “...Дорж овогтой Тунгалагийг 6 дугаар гуанзны цайны газарт үүргийн худалдагчаар 1984 оны 6 дугаар сарын 29-нөөс ажилуулсугай” гэсэн, мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тус трестэд худалдагчаар авч ажиллуусан, чөлөөлсөн тушаалуудын бичилт, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2006 оны 07 дугаар сарын 205 тоот лавлагаа, 1984 оноос 1990 оны 7 дугаар сар хүртэл ажил хөдөлмөр эрхэлж цалин орлогоосоо татвар төлж байсан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбарыг зэрэг бичгийн баримтууд болон тухайн үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан ажиллаж байсан гэх Ч.Долгор, П.Цэндмаа, Ш.Даариймаа нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.   

         Иймд Боржигон овгийн Доржийн Тунгалагийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын “Худалдаа бэлтгэлийн трест,” “Ажилчин” ББХ хоршооны гуанзанд  худалдагч, туслах тогооч, тогоочоор 1984 оны 06 дугаар сарын 29-нөөс 1993 оны 04 дүгээр сарын 10-ныг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

          

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Доржийн Тунгалагийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын “Худалдаа бэлтгэлийн трест”, “Ажилчин” ББХ хоршооны гуанзанд худалдагч, туслах тогооч, тогоочоор 1984 оны 06 дугаар сарын 29-нөөс 1993 оны 04 дүгээр сарын 10-ныг хүртэл ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор хойш  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны  шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ