Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01889

 

 

 

 

 

 

 

 

2023 10 27 210/МА2023/01889

 

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/02272 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* *******т холбогдох,

 

Нийслэлийн ******* ******* газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд нь эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Э.******* нь ******* ******* газрын даргын 2017 оны 05 сарын 09-ний өдрийн Б/63 тоот тушаалаар Нийслэлийн нийтийн ******* үйлчилгээний газрын ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон. Уг албан тушаалд ажиллах хугацаанд хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт болон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ба төрийн албан хаагчийн ёс зүйн болон сахилгын хариуцлага хүлээж байгаагүй.

Тус байгууллагын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 тушаалаар хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан үндэслэлгүйгээр ******* ******* үйлчилгээний *******-ыг ******* ******* ******* болгон өөрчилж, ахлах нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас хууль бусаар халж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн.

1.2.Ажлаас чөлөөлсөн тухай ******* ******* газрын даргын тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаж, Чингэлтэй дүүргийн 3 талт хороонд хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэхээр хандсан. Гэтэл хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй тул 2022 оны 12 сарын 14-ний өдөр дахин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.3.Нийслэлийн нийтийн ******* *******т холбогдуулж, Нийслэлийн нийтийн ******* газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Э.*******г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах хүсэлтэй байна.

Түүний эрхэлж байсантай ижил албан тушаалыг одоо Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга эрхэлж байна. Иймд Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гартал тооцон гаргуулна.

1.4. Э.*******г ажлаас халах үеийн үндсэн цалин 797,676 төгрөг дээр 15 хувийн нэмэгдэл нэмэгдэж 917,327 төгрөг болно. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 18 cap 5 хоногийн цалин нийт 16,511,886 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй. Мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын хариу:

2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасан.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 сарын 28-ны өдрийн А/1041 дүгээр захирамжаар Нийслэлийн ******* ******* үйлчилгээний *******-ын нэршлийг ******* ******* ******* болгон өөрчилж, мөн оны 12 сарын 31-ний өдрийн А/1059 дугаар захирамжаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоосон.

Эдгээр шийдвэрүүдэд үндэслэн Нийслэлийн ******* ******* газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/01 дугаар тушаалаар баталсан. тус газрын зохион байгуулалтын бүтэц, ажил мэргэжлийн жагсаалтаар нэхэмжлэгч Э.*******гийн эрхэлж байсан Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн Ахлах нягтлан бодогч-ийн /ТҮ-8/ ажлын байр хасагдаж, шинээр үүсгэн байгуулагдсан Захиргаа, удирдлагын хэлтэс болон Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст Ахлах нягтлан бодогч-ийн /ТҮ-8/ ажлын байр үгүй болсон.

Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга-ын албан тушаал ТЗ-9 зэрэглэлийн, төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах ерөнхий болон тусгай шалгалтад тэнцсэн, холбогдох хууль, тогтоомжид заасан болзол, шалгуурыг хангасан байхыг шаарддаг.

Эдгээр нөхцөл байдлыг нэхэмжлэгч Э.*******д 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бичгээр баталгаажуулан танилцуулахад Мэдэгдэл-д гарын үсэг зурахаас татгалзаж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх, уг шинэчилсэн бүтцийн дагуу шинээр бий болсон өөр ажлын байранд үргэлжлүүлэн ажиллахгүй талаар ажил олгогчид мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасны дагуу Э.*******д түүний эрхэлж байсан албан тушаалын дундаж цалин хөлстэй тэнцүү хэмжээний олговрыг олгож, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг баримтлан, календарийн 30 хоног буюу 2022 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны дараа түүнийг ажлаас бүр мөсөн чөлөөлсөн. Энэ талаар маргаан бүхий шийдвэр болох газрын даргын 2022 оны А/08 дугаар тушаалын 1, 2 дахь хэсэгт тодорхой тусгасан.

2.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан шалтгаанаар, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбогдуулан мөн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******д 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 2,393,028 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгосон. Э.******* тус *******т өөрийн мэргэжил, ур чадварт тохирох ажлын байранд ажилд орох талаар бидэнд ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

Нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоох ажлын байргүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, Э.*******г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах боломжгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Нийслэлийн ******* ******* *******т холбогдох Нийслэлийн ******* ******* газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 тушаалыг хүчингүй болгуулах, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны олговорт 16,511,886 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн.

4.1. 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагт товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хуучин хэргийн 132-147 дахь талд авагдсан 2017 оны 05 сарын 18-ны өдрийн А42 дугаар бүтэц орон тоо өөрчилсөн тухай ******* ******* газрын даргын тушаал, хавсралтууд, 148-152 дахь талд авагдсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А75 дугаар тушаал, хавсралтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой тул шүүхийн архиваас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн.

4.2 Тус шүүх хуралдаан 15:25 минутад хүсэлт хэлэлцэж дуусаад тухайн өдрийн 15:40 минутад хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг зарлаж, захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр, захирамж заавал биелэгдэх, нотлох баримттай танилцах, шүүгчийн захирамж, шийдвэрт гомдол гаргах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг хангаагүй.

Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан зөвшөөрөн мэдэгдэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.11-т заасан өмгөөлөлд бэлдэх боломжит хугацааг олгоогүй. Нөгөө талаар шүүхээс гаргасан нотлох баримтууд нь архивын тэмдэг дарагдаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ. Гэтэл шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн талаар захирамж гаргаагүй, хүсэлтийг ханган Шүүхийн архиваас баримтыг хэрхэн гаргуулсан нь тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана. гэж заасан. Шүүгч хүсэлтийг хангахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон атлаа өнөөдрийг хүртэл захирамж гараагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн захирамжид гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан Шүүхийн архивын ажиллах журам"-ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хэргийн баримтыг шүүхээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаагаар түр шилжүүлнэ, 7.4 дэх хэсэгт Архивын сан хөмрөгийн эх баримт, хэргийн баримтыг гадагш түр шилжүүлэхдээ хэргийн баримт татах тухай шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, албан бичгийг үндэслэнэ гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн мөртлөө захирамж гаргалгүйгээр 15 минутанд хэрхэн шүүхийн архиваас баримт татсан нь тодорхойгүй, шүүхийн тамгын ******* руу албан бичиг явуулсан нь тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байна.

Талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн, хязгаарлагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийг, диспозитив зарчмыг зөрчсөн байх нь шийдвэрийг хүчингүй болгох шууд үндэслэл болдог. Хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт дутуу бүрдүүлсэн, сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан, шийдвэрлэлгүй орхигдуусан зэрэг түгээмэл алдаа нь талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарлах, тэгш байдлыг алдагдуулах үндэслэл болдгоороо хэргийг дахин хянан хэлэлцэх шалтгаан болдог.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98-114 дүгээр зүйлд заасан дагуу шүүх хуралдааны дэг, зарчим алдагдсан.

2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15.40 минутад эхэлсэн шүүх хуралдааныг шүүгч нээгээгүй, хэргийн оролцогчдоос татгалзал, эрх үүрэг тайлбарлаагүй, зохигчдоос шүүх хуралдаанд гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулалгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцүүлж эхэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98-114 дүгээр зүйлд анхан шатны шүүх хуралдааны дэгийг тусгахдаа мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар даргалагч шүүх хуралдааныг нээж, 105 дугаар зүйлд зааснаар хүсэлтийг шийдвэрлэн захирамж гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулна.

Гэвч шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал шүүх хурлыг шинээр эхлүүлэлгүй, хэргийг үргэлжлүүлэн хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 - 105 дугаар зүйлд заасан шүүх хуралдаан явуулах хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

4.3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуулбар үнэн дарагдсан, эх баримтууд нь шүүхийн архивын журам зөрчсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт "...4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 4.1 Нийслэлийн ******* газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/01 дугаартай тушаал, 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн N77 дугаартай тушаал /хх27-31/, 4.2 Цалингийн карт, Э.*******г ажлаас чөлөөлсөн олговор, /хх32-33/ 4.3 ******* ******* газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдэл /хх34/, 4.4 Албан тушаалын тодорхойлолт /хх35-51/, 4.5 Нийслэлийн нийтийн ******* газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Зохион байгуулалтын бүтэц, ажил мэргэжлийн жагсаалт шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх95-103/, 4.6 Тээврийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/63 дугаартай тушаал /хх115/, 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх116-119/ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад Үндэслэх нь гэжээ.

Нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар үнэн баримтыг үнэлсэн. Хэргийн 27-31, 34, 35-51, 116-119 дэх талд авагдсан хариуцагч ******* ******* газрын хуулбар үнэн тэмдэгтэй, хуулбар баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байхад, шүүх нотлох баримтаар үнэлжээ. Хэргийн

Шүүхийн шийдвэрлэх үндэслэх хэсгийн 4.3 дахь хэсэгт хэргийн 27, 29 дахь талд авагдсан нотлох баримтыг үндэслэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа *******т нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. гэж, мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэж заасан.

Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан "төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд" гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй. Иймд шүүх хэргийн оролцогчийн хуулбар үнэн дарсан нотлох баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь хуульд нийцэхгүй юм.

4.4. Шүүх нь Ерөнхий нягтлан бодогч нь төрийн захиргааны албан тушаал болсон гэх боловч Төрийн захиргааны алба тусгай шалгалт зарласан эсэх, Б.Баярмаа нь дээрх шаардлагыг хангасан эсэх нотлох баримтууд байхгүй атал хэргийг дүгнэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 4.4 Дээрх ажлын байрны чиг үүрэг, ангилал, зэрэглэлийг харьцуулан үзэхэд хоёр албан тушаалын зарим чиг үүргүүд давхцаж байгаа боловч ахлах нягтлан бодогчийн хэрэгжүүлж байсан чиг үүргийг хэлтсийн дарга хэрэгжүүлж байгаа, ажлын байрны нэр өөрчлөгдсөн гэж үзэхээргүй байна. гэжээ.

Мөн үндэслэх хэсгийн 3-т Хариуцагч нь орон тоо хасагдсан бөгөөд Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга төрийн албаны ТЗ ангилалд хамаарах болсон, ажлын чиг үүргийн хувьд ахлах нягтлан бодогчийн ажлын чиг үүргийг гүйцэтгэхээс гадна илүү өргөн, удирдах ажил, үүргийг гүйцэтгэдэг гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж үндэслэжээ. Өөрөөр хэлбэл, талуудын маргаагүй асуудалд дүгнэлт хийсэн байна.

4.5. Төрийн захиргааны албан тушаал болсон нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болох тохиолдолд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлд хамаарах бөгөөд Б.Баярмаа нь шаардлага хангасан эсэх, мөн төрийн захиргааны албан хаагчийг тусгай шалгалтыг зохион байгуулсан баримтгүй атал Төрийн захиргааны албан тушаал болсон нь орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэл болох талаар тал бүрээс нь бодитой дүгнээгүй байна.

Нотолгооны зүйлд багтаж буй нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тодорхой зөв илэрхийлж чадах нотлох баримтын шинжийг нотлох баримтын үнэн зөв байдал гэнэ. Бодит байдлын тухай үнэн мэдээлэл агуулж буй нотлох баримт л үнэн зөв байна. Үнэн зөв биш нотлох баримт хэргийн нөхцөл байдлыг тогтоох, эсхүл үгүйсгэх чадваргүй. Иймд нотлох баримтын үнэн зөв байдал заавал шалгагдах ёстой.

4.6. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн...4.4 Дээрх ажлын байрны чиг үүрэг, ангилал, зэрэглэлийг харьцуулан үзэхэд хоёр албан тушаалын зарим чиг үүргүүд давхцаж байгаа боловч ахлах нягтлан бодогчийн хэрэгжүүлж байсан чиг үүргийг хэлтсийн дарга хэрэгжүүлж байгаа, ажлын байрны нэр өөрчлөгдсөн гэж үзэхээргүй байна. гэжээ.

Шүүх орон тоо хасагдах гэдэг нэр томъёог хэрэглэжээ. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулиар орон тоо хасагдах гэдэг нь нэр томьёог ажлын байр хасагдах болгон өөрчилсөн. Ажлын байр гэдэг нь Хөдөлмөрийн тухай 49 дүгээр зүйлийн 49.1.1-д заасан ажил үүргийг хэлнэ.

2002 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1-д ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг гэж заасан байх бөгөөд албан тушаалын нэршил, ажил үүрэг нь салшгүй нэг хэсэг бөгөөд ажил үүрэг нь хасагдаагүй, харин ажил үүрэг нь нэмэгдсэн талаар ажил олгогчийн тайлбар, хуульд заасан ахлах нягтлан бодогчийн хийж гүйцэтгэж байсан Санхүү, татварын тайлан, мөнгөн гүйлгээ, 2 дугаар гарын үсэг зэрэг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажил үүрэг хасагдаагүй байхад үүнийг орон тоо хасагдах гэсэн үндэслэл хэрэглэж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

4.7. Шүүх хэрэглэх ёстой хууль хэрэглээгүй. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д Байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж заасан. Өөрөөр хэлбэл, ажлын байр гэдэг нь ажил үүргийн нэгдлийг хэлдэг.

Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал 1 дугаар зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2.1-д ...Мөн зүйлийн орон тоо хасагдах гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, орон тоо цөөрүүлэх гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил тооноос тодорхой тоогоор багасгахыг тус тус ойлгоно. Эдгээр ойлголтуудад ажил, албан тушаалын нэг байрны асуудал хамааралтай болохыг анхаарвал зохино гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, нэг ажлын байрны асуудал хамааралтай байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 182/ШШ2023/02272 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй тул шүүх хуралдааны дэг зөрчсөн талаар хэлэх тайлбаргүй.

5.2. Манай талаас холбогдох бүх баримтаа гаргаж өгсөн бөгөөд 2023 оны 02 сараас хойш гаргаж өгсөн бүх баримтуудыг нотариатаар батлуулж, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр өгсөн. Нэхэмжлэгч гомдолд дурдагдаж буй баримтууд нь өмнө нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэг гэж бодож байна. Тус хэрэг архиваас татагдсан.

2023 оны 05 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь онлайнаар оролцсон. Тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын шаардсан баримтууд манайд байгаагүй тул өөрт байсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Нийслэлийн ******* ******* *******т холбогдуулан тус газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,511,886 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ байгууллага бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, ахлах нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, ... түүний ижил албан тушаалыг одоо Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга эрхэлж байгаа ... гэж тайлбарласан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ахлах нягтлан бодогчийн ажлын байр байхгүй болсон, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаал ТЗ-9 зэрэглэлийн, төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах ерөнхий болон тусгай шалгалтад тэнцсэн, холбогдох хууль тогтоомжид заасан болзол, шалгуурыг хангасан байхыг шаарддаг гэх агуулгаар тайлбарлан, талууд маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ. Учир нь зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтад хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулах зохицуулалт нь маргааны талуудад хамаарахгүй юм.

 

Тодруулбал, талуудын маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтуудад хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх бөгөөд уг баримтуудыг буюу Нийслэлийн нийтийн ******* газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/01 дугаар ажил мэргэжлийн жагсаалтыг батлах тухай тушаал, мөн газрын 2022 оны 07 сарын 04-ний өдрийн А/77 дугаар зарим ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлж, ахлах нягтлан бодогчийн албан тушаал байхгүй болсон байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. ./хх27-28, 30-31/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа *******т нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заажээ.

Дээрх хуульд заасан ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүхээс гаргасан эрх зүйн акт болон холбогдох бичиг баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой гэж үзвэл шүүхийн архиваас хуульд заасан шаардлага хангуулан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх явуулах боломжтой. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг, хариуцагч татгалзаж буй тохиолдолд татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, шүүхэд нотлох баримтаа цуглуулан, гаргаж өгөх үүрэгтэй. Иймд хуучин хавтаст хэрэгт байгаа ******* ******* газрын даргын тушаал, хавсралтууд зэргийг шүүхийн архиваас гаргуулах хүсэлтийг шүүх хангасан атлаа шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1,167 дугаар зүйлийн 167.1.5 -д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/02272 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД