| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0058/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0058/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч С. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.д холбогдох 1839006160031 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 13-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн гэх С. /РД: СЭ89050231/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С. нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч П.Отгонбаатарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж нүүрэн тус газарт 2-3 удаа цохьсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С. нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч П.Отгонбаатарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж нүүрэн тус газарт 2-3 удаа цохьсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч П.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Андууд пабад зодолдсон гэх 4 залууг авчирчихсан эрүүлжүүлэх дотор байлгаж байсан. Тэгээд нөгөө 4 залуутай уулзаад юунаас болж Андууд паб дотор зодолдсон талаар тодруулж асуухад нөгөө 4 залуу зөрчил гаргасан шинжтэй байхаар нь эмчид биеийн байдлыг үзүүлж гадна хувцасаа тайлах талаар шаардлага тавихад 3 залуу нь шаардлага биелүүлж өөрсдөө гадуур хувцасаа тайлаад камерт орсон боловч С. гэх залуу нь би ямар нэгэн зөрчил гаргаагүй би наад камерт чинь орохгүй намайг явуул гэх зэргээр шаардлага эсэргүүцсэн. Тэр үеэр хэсгийн байцаагч ахмад Лхагвадорж мөн дуудлагаар 1 хүн аваад гаднаас орж ирсэн. ...С. гэх залуугийн дүү нь гээд мөн нэг согтуу залуу эрүүлжүүлэх дотор орж ирчихсэн ба ахыгаа авч явна гээд байхаар нь танд хүлээлгэж өгөх боломжгүй та өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Та тусгай объектийн газар зөвшөөрөлгүй орж ирсэн гарна уу гэхэд гэж шаардлага тавихад нөгөө залуу мөн шаардлага биелүүлэхгүй болохоор нь таныг ч гэсэн эрүүлжүүлнэ гэхэд шаардлага биелүүлэхгүй байхаар нь мөн гадуур хувцасыг нь тайлах гэсэн чинь С. гэх залуу чи яагаад манай дүүгийн хувцасыг тайлж байгаа юм гээд агсраад байхаар нь ахмад Лхагвадорж, ахлагч Пүрэвдагва нартай С. гэх залуугийн гадуур хувцасыг нь тайлсан. Мөн хажууд Сэргэлэнбаатар гэх залуугийн гадуур хувцасыг тайлж байхад С. гэх залуу араас босож ирээд миний хөлнөөс татаж унагаагаад дээр гарч нүүр рүү 2-3 удаа цохисон. Лхагвадорж ахмадыг салгаж байхад С. гэх залуу би маргааш эндээс гараад чамайг ална аа, чамд 50 см зоосон байхад чи гөлөг болно гэх зэргээр заналхийлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/
Гэрч Ж.Энхболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд дараах нь бид хэд нөгөө хэдийн араас эрүүлжүүлэх дээр ирэхэд хэдэн залуучууд ирчихсэн С. гэх залууг нь эрүүлжүүлэх гэсэн Отгонбаатарын болон тэнд байсан цагдаа нарын шаардлагыг эсэргүүцээд Отгонбаатарын хувцаснаас зуураад хамрыг нь цохичих шиг болсон. Тэгсэн дараахан Отгонбаатар нь хамар цохьчихлоо гээд дээшээ хараад эмчийн өрөөнд орж байсан. Тэр С. гэх залуу эрүүлжүүлэхэд орохгүй гээд тэнд байсан цагдаа нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд цаг хиртэй зууралдаж эсэргүүцсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
Гэрч Э.Мөнхтулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...С. утсаар яриад та хэд эрүүлжүүлэхийн хашааг даваад ороод ир гээд утсаар яриад байсан. Тэгсэн дараахан нь С.эгийн дүү нь гэх нэг залуу орж ирчихсэн ахыгаа авмаар байна гээд мөн цагдаагийн шаардлага эсэргүүцээд байхаар нь Отгонбаатар согтуу хүнд хүлээлгэж өгөхгүй та тусгай хамгаалалтын газар зөвшөөрөлгүй орж ирлээ гэсэн чинь тэр залуу шаардлага биелүүлэхгүй байхаар нь эрүүлжүүлнэ гээд хувцасыг албадлага хэрэглэж тайлж байхад С. лаларнууд минь миний дүүг битгий оролдоод байгаарай бүгдийг чинь ална шүү гээд дайраад байхаар нь Лхагвадорж ахмад бид хоёр С.эг хорьж байхад Отгонбаатарын араас хамаж унагаагаад дээрээс нь хэд хэд цохихоор нь Лхагвадорж ахмад бид хоёр салгасан чинь С., Отгонбаатарыг чи намайг амжихгүй шүү, хоёулаа лаа гарья, би чамайг ална гэх зэргээр заналхийлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
Гэрч Ө.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд нөгөө дуудлагаа шалгачихаад буцаад эрүүлжүүлэх дээр ирэхэд дэслэгч Отгонбаатар хамар руугаа цохиулчихлаа гээд зогсож байсан. Нөгөө С. гэх залуу агсарсан байдалтай эмчийн ширээний цаана зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Гэрч Л.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...тусгай хамгаалалтын газрын хашааг давж орж ирсэн гэж хэлсэн чинь нөгөө цагдаа нар бөөнөөрөө намайг барьж аваад хувцас тайлахад манай ах “дүүг босго” гэж хэлээд нэг цагдааг түлхэж байх шиг байсан. Намайг унагаагаад хувцас тайлж байсан болохоор сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №11 дугаартай: П.Отгонбаатарын биед хамрын үүдэвчийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27 тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн: “...цамцны билэгдэл нь оёдол хэсгээрээ 9 см урттай урагдсан байх ба мөн зүүн суганы оёдол хэсгээрээ 11 см урагдсан байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...наад талд цагдаа нар нэг залуугийн хувцасыг тайлж байхад цаана нь сууж байсан залуу гэнэт босч ирээд дэслэгч Отгонбаатарын хөлнөөс татаж унагаагаад дээр нь гарч нүүр орчим нь хоёроос гурван удаа цохиж байхад тэнд байсан цагдаа нар салгаж нөгөө залууг цааш нь болгоход нөгөө залуу гараараа зангаж үг хэлж байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 8 тал/,
Л.Сэлэнгийн шүүх хуралдаанд өгсөн: “...төрийн албан хаагчид гар хүрсэн нь миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Сэлэнгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул С.д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч П.Отгонбаатар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой /хх-ийн 10-11 тал/ гэсэн тул шүүгдэгч Л.Сэлэнгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.д 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгч нь торгуулийн ял оногдуулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч С. нь хувьд ногдох хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд урьд танхайн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан, захиргааны зөрчилд удаа дараа холбогдож байсан зэрэг хувийн байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй биелэгдэх зарчмын үүднээс С.д Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
С.д оногдуулах хорих ялын хэмжээний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан тухайн зүйл ангид оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.-г хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.д 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.д оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч С-г цагдан хорьсугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА