| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0071/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0071/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч Э. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.д холбогдох 1939000000035 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр баг, “Чулуут” гэх газар нутагладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Э. /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э. нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн иргэн Г.Тунамал-Эрдэнэ, Д.Өлзийбаяр нарын 2 тооны ямаар хулгайлж 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э. нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн иргэн Г.Тунамал-Эрдэнэ, Д.Өлзийбаяр нарын 2 тооны ямаар хулгайлж 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-12 тал/,
Хохирогч Г.Тунамал-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө малынхаа тэжээлийг өгөх үед хар зүсмийн борлон ямаа байхгүй болсон байсан. Тэгээд хайгаад явахад сумын төвийн зүүн талын эзэнгүй хашаан дотор арьсыг нь хуулж авсан ямааны мах байсан. Мөн эвэртээ хөх будагтай улаан зүсмийн дахиад нэг ямаа байсан нь ...Д.Өлзийбаяр гэх хүний ямаа байсан. ...Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Хохирогч Д.Өлзийбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...манай сумын Тунамал-Эрдэнэ гэх хүн эзэнгүй айлын хашаанд 2 ямаа ажилласан байна. Нэг нь манайх, нөгөө нь танай ямаа юм шиг байна гэж хэлэхээр нь манай эхнэр Ганчимэг очиж үзэхэд мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эзэнгүй айлын хашаанд толгойндоо цэнхэр будагтай ямаа нядалсан байна гэхээр нь очиж үзэхэд манай нэг борлон байсан. ...манайх малаа алддаг тэр өдөр тэжээлийнхээ хэдэн малыг хашаанаасаа гаргаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
Малын үнэлгээ /хх-ийн 38-40 тал/,
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Э.ын: “...2 ямаа хулгайлж, арьсыг нь хуулж зарсан нь үнэн. Миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын мал хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Э.ад эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Тунамал-Эрдэнэ, Д.Өлзийбаяр нар нь нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн авсан, гомдолгүй /хх-ийн 19, 26, 28 тал/ гэсэн тул шүүгдэгч Э.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.ад 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгч нь уг ялыг зөвшөөрч байна гэжээ. Шүүгдэгч Э.ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Э.ад оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзав.
Шүүгдэгч Э. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.д Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА