Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 401

 

   Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Шивээговь 2 дугаар баг, Сэвхүүл 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух, 50 настай, эмэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Цагаан хуулар овогт Даваа-Осорын Тогтоххоролын /МД-66012962/ нэхэмжлэлтэй:

   “Улсад ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

   Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.Тогтоххорол, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов. 

 

                                             Тодорхойлох нь:

   Нэхэмжлэгч Д.Тогтоххорол шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралд гаргасан тайлбартаа:

   Миний бие нь улсад ажилласан жил тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Би 1982 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын “Мод дамжуулах бааз”-д илгээлтээр очиж нормчноор ажилд орж 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Ажиллаж байх хооронд 1987 оны 12 дугаар сарын 13-нд анхны охин маань төрсөн. 1988 оны 09 дүгээр сард ажилдаа орсон. 1990 оны 07 дугаар сарын 29-нд төрсөн. 1991 онд “Улаан пүүс” нөхөрлөлд орж ажиллаад 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан. 

   Иймд намайг Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын “Мод дамжуулах бааз”-д “Улаан пүүс” нөхөрлөлд тус тус нормчноор 1982 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэх.  

 

                 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

                                              Үндэслэх нь:

   Нэхэмжлэгч Д.Тогтоххорол нь “...намайг Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын “Мод дамжуулах бааз”, “Улаан пүүс” нөхөрлөлд тус тус нормчноор 1982 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл  ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  Учир нь: 

 Д.Тогтоххорол нь Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын “Мод дамжуулах бааз”-д нормчноор 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

1985 оны 05 дугаар 25-ны өдөр нээлгэсэн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний №585634 дугаартай бат илэрхийлэх, 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон “Баярын бичиг”, 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин А.Дөлцацралын, 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин А.Рэгзэдмаа нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрч Д.Цэцгээ, Ц.Даваасүрэн, Д.Алтанхуяг нарын шүүхэд Д.Тогтоххоролын ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна. 

Иймд  Д.Тогтоххоролыг Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын “Мод дамжуулах бааз”-д нормчноор 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоож, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан байдал нь  “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд хамрагдсан, 1982 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилласан байдал нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Даваа-Осорын Тогтоххоролыг Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын “Мод дамжуулах бааз”-д нормчноор 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоож, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан байдал нь  “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд хамрагдсан, 1982 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилласан байдал нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА