Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Ганчулуун, Ө.Батболд

Хохирогч Ч.Ганзориг, Л.Дуламсүрэн

Шүүгдэгч Ц.Г, Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарт холбогдох 1821000000265 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ........... дугаар сарын .........-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд баг, ............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 21/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 05 дугаар сарын 12-нд хугацаа дуусч суллагдсан, Ц.Г. /РД: ................./

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ......... дугаар сарын .......-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай баг, ................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй,  ял шийтгэл: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 212 дугаар зүйлийн 212.2, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, 1997 оны 05 дугаар сарын 19-нд 1 жил 6 сар 2 хоногийн ялыг тэнсэн суллагдсан, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 26-нд Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар 23 хоногийн ялаас өршөөн суллагдсан, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, Ц.С. /РД: ..................../

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ....... дүгээр сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ....... дугаар баг, ......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 05-ны 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сар хорих ял, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 450000 төгрөгийг төлж барагдуулсан, Б.А. /РД: ................../

 

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын ......... багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, Ч.Б. /РД: ....................../

 

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, .................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2009 оны 07 дугаар сарын шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, М.Э. /РД: ......................./

 

Шүүгдэгч Ц.С нь Ц.Г-н хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрэстэй” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө иргэн Ч.Ганзоригийн 5 тооны адууг хулгайлж, нядлан бусдад 4500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Г нь Ц.С-н хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрэстэй” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө иргэн Ч.Ганзоригийн 5 тооны адууг хулгайлж, нядлан бусдад 4500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн Б.А, Ч.Б, М.Э нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Дуламсүрэнгийн 6 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4850.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны малыг хулгайлж бусдад нийт 9350.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.А нь Ц.Г, Ч.Б, М.Э нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Дуламсүрэнгийн 6 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4850.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ч.Б нь Ц.Г, Б.А, М.Э нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Дуламсүрэнгийн 6 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4850.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч М.Э нь Ц.Г, Б.А, Ч.Б нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Дуламсүрэнгийн 6 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 23-ны шөнө С ах над руу яриад “хэдэн адуу байна, ахдаа ирээд янзлалцаад өгчих” гэсэн. Тэгээд би очиж янзлаад, зөөлцөөд ирсэн. Дараа нь хүүхдийн маань бие муудаад хот руу явах болоод мөнгөний хэрэг гарсан. Тэгээд би Б.А, М.Э, Ч.Б нарыг дагуулж яваад 6 үхэр хулгайлаад буцаж яваад цагдаад баригдсан...” гэв.

 

Шүүгдэгч Ц.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 22-23-ныг шилжих шөнө Чойбалсан сумаас 10 гаруй км-ын зайтай 20-иод тооны адуу байхаар нь захад нь байсан 5 адууг тасдаж авсан. Тэгээд айлын хашаанд хашчихаад туслуулахаар Г-г дуудсан. Тэгээд хамт ажиллачихаад найзынхаа машинаар зөөсөн...” гэв.

 

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байхад Г уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд очиж уулзахад “хүүхэд эмчилгээнд явахаар болсон надад мөнгөний хэрэг гараад байна” гэсэн. Тэгээд бид 4 Сүхбаатар аймгийн Түмэнцогт ороод 6 үхэр хулгайлаад, ажиллачихаад ирэхдээ цагдаад баригдсан...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Г ах манайд ирээд “хүүхэд хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг гараад байна, хамт яваад өгөөч” гэсэн. Тэгээд бид нар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас 6 үхэр ажиллаад ачиж яваад цагдаад баригдсан...” гэв.

 

Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хадам ах Г манайд ирээд “ахад нь мөнгөний хэрэг гарсан хамт яваад өгчих” гэсэн. Тэгээд 6 үхэр ажиллаад ирж яваад цагдаад баригдсан...” гэв.

 

Хохирогч Ч.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 08 дугаар сарын 22-ноос 23-ныг шилжих шөнө 5 адуугаа алдсан гэдгээ мэдсэн. Тэгээд өглөө эрт цагдаад мэдэгдсэн. Айлын хашаанаас гэдэс, толгой нь олдсон. Хулгайлсан хүмүүс нь ч олдсон байсан. Надад нийт 4500.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Төлөгдөөгүй үлдсэн 700.000 төгрөгийг С 7 хоногийн дараа төлөхөө илэрхийлсэн байгаа...” гэв.

 

Хохирогч Лувсандашийн Дуламсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үхрүүдээ алдсан гэдгээ мэдсэн. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас дуудаж, надаас мэдүүлэг авсан. Би 8-14 насны хагас өнчин 3 хүүхэдтэй хамт байдаг. Хоёр хүүхэддээ хэдэн үхэр зүсэлж өгсөн байсан юм. Тэгсэн 6 үхрээ хулгайд алдсан. Эд нар надад учирсан хохирлын хагасыг төлсөн. Хохирол төлж барагдуулчихвал надад гомдол гээд байх зүйл байхгүй. Эд нарын зүгээс надад 1735.000 төгрөг төлөх ёстой. Шүүгдэгч А надад учирсан хохирлыг төлж барагдуулсан...” гэв.

Гэрч С.Түвшинмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Орой манай үхэр зүүн урагш бэлчиж байсан бөгөөд 09 дүгээр сарын 25-нд хураахад 6 тооны үхэр байхгүй байхад нь айлын үхрээр байгаа байх гээд тоогоогүй юм. Тэгтэл 09 дүгээр сарын 26-ны өглөө гэрийнхээ зүүгээр явж байтал хонхорт өмнөх өдөр алга байсан 6 үхрийн толгой, арьс, 4 шир, гэдэс нь байсан...” гэжээ. /2-р хх-ийн 26-27 тал/

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-14 тал/

- Эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 16-18 тал/

- Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 19-24 тал/

- Хохирогч Ч.Ганзоригийн мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 тал/

- Шүүгдэгч Ц.Г-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 тал/

- Шүүгдэгч Ц.С-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 47-78 тал/

- Ц.С-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 тал/

- Ц.Г-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 73, 2-р хх-ийн 14, 75 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, схем зураг /2-р хх-ийн 9-10 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 11-12 тал /

- Хохирогч Л.Дуламсүрэнгийн мэдүүлэг /2-р хх-ийн 17-21 тал/

- Гэрч С.Түвшинмөнхийн мэдүүлэг /2-р хх-ийн  25-26 тал/

- Шүүгдэгч Ц.Г, Ч.Б, М.Э, Б.А нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 27-32 тал/

- Гэрч Ж.Энхжаргалын мэдүүлэг /2-р хх-ийн 34-35 тал/

- Гэрч М.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /2-р хх-ийн 36-37 тал/

- Гэрч Г.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг /2-р хх-ийн 38-39 тал/

- Гэрч М.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /2-р хх-ийн 40-41 тал/

- Гэрч Б.Одбаярын мэдүүлэг /2-р хх-ийн 42-43 тал/

- Шинээр гаргаж өгсөн баримтууд

- Ч.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 56-57 тал/

- М.Э-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 62-63 тал/

- Ц.Г-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 68 тал/

- Б.А-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 73-74 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар: төмөр иштэй сүх, хар иштэй хутга, 5 метрийн урттай цагаан өнгийн мяндсан уяа зэргийг шинжлэн судлав.

 

1. Шүүгдэгч Ц.С нь Ц.Г-тай бүлэглэн Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрэстэй” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Ч.Ганзоригийн 5 тооны адууг хулгайлж, бусдад 4500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Ц.Г нь Ц.С-тай бүлэглэн Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрэстэй” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Ч.Ганзоригийн 5 тооны адууг хулгайлж, бусдад 4500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Б.А, Ч.Б, М.Э нартай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Дуламсүрэнгийн 6 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4850.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 9350.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Б.А, Ч.Б, М.Э нар нь Ц.Г-тай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Дуламсүрэнгийн 6 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Ч.Ганзориг, Л.Дуламсүрэн, гэрч С.Түвшинмөнх нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, схем зураг, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч Ц.Г, Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Ц.Г-г бусадтай бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлсан, Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Г-г бусадтай бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлсан, Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Г, Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

 

Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Г, Ц.С нарын үйлдлийн улмаас хохирогч Ч.Ганзоригт 4500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ц.Г, Ц.С нар нь хохирогч Ч.Ганзоригт 3800.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 700.000 төгрөгийг шүүгдэгч Ц.С төлөхөө илэрхийлсэн тул түүнээс  гаргуулж хохирогч Ч.Ганзоригт олгох, шүүгдэгч Ц.Г-г хохирогч Ч.Ганзоригт төлөх төлбөргүй гэж үзэх,

Шүүгдэгч Ц.Г, Б.А, Ч.Б, М.Э нарын үйлдлийн улмаас хохирогч Л.Дуламсүрэнд 4850.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч Л.Дуламсүрэнд 3112.500 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1737.500 төгрөгийг шүүгдэгч Ч.Б, М.Э нар нь төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.Б, М.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Л.Дуламсүрэнд олгож, шүүгдэгч Ц.Г, Б.А нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Б.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн “Istana” маркийн 84-72 ДОР улсын дугаартай 2000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Пүрэвсүрэнд буцаан олгох, автомашины үнэ болох 2000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Г, Б.А, Ч.Б, М.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нарын цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй сүх, хар иштэй хутга, 5 метрийн урттай цагаан өнгийн мяндсан уяа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г, Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй сүх, хар иштэй хутга, 5 метрийн урттай цагаан өнгийн мяндсан уяа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.Г-ийн ............................. тоот, Ц.С-н ......... тоот, Б.А-н ............. тоот, Ч.Б-н ............... тоот, М.Э-н ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.  

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн “Istana” маркийн 84-72 ДОР улсын дугаартай 2000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Пүрэвсүрэнд буцаан олгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнэ болох 2000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Г, Б.А, Ч.Б, М.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-с бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багт оршин суух, Суврагачин овогт Чадраабалын Ганзориг /РД: ЖМ81042273/-т, шүүгдэгч Ч.Б, М.Э нараас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 1737.500 /нэг сая долоон зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр баг, 3-09 тоотод оршин суух, Монгол овогт Лувсандашийн Дуламсүрэн /РД: ЛЮ43062008/-д тус тус олгож, шүүгдэгч Ц.Г, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г, Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.БАТЖАРГАЛ