Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2019/0257

 

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2019/0257

Улаанбаатар хот

 

 

 

                                      П.Э, Г.Б, Ш.Н, Э.М, Э.Х нарын

                            нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Д.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0133 дугаар шийдвэртэй, П.Э нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0133 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Э, Г.Б, Ш.Н, Э.М-И, Э.Х нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.А давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоол, цагдаагийн байгууллагад шалгагдсан зөрчлийн хэрэг үүссэн нь бусдын буруутай үйл ажиллагаа гэж үзэн дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд газар эзэмшигч иргэд хоорондын маргааныг тухайн шатны Засаг дарга хянан шийдвэрлэхээр зохицуулсан. Маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл нэхэмжлэгч нараас дүүргийн Засаг дарга болон Газрын албанд хандаж бусдын буруутай үйл ажиллагааны талаар гомдол гаргаж байгаа нь шүүх хуралдааны явцад тодорхой болсныг харгалзаж үзээгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нар байшин барих ажлыг гүйцэтгэхэд гуравдагч этгээд удаа дараа хэрүүл, маргаан үүсгэн саад учруулсан нь мөн Газрын тухай хуульд заасан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхилоо.

Хариуцагч давж заалдах гомдолдоо ... маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл нэхэмжлэгч нараас дүүргийн Засаг дарга болон Газрын албанд хандаж бусдын буруутай үйл ажиллагааны талаар гомдол гаргасныг харгалзаж үзээгүй, гуравдагч этгээд удаа дараа хэрүүл, маргаан үүсгэн саад учруулсан нь ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй” гэжээ.

Нэхэмжлэгч П.Э, Г.Б, Ш.Н, Э.М-И, Э.Х нарын хүчингүй болгуулахыг хүссэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй гэж үзэж нэхэмжлэгч 5 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.    

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/203 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэхэмжлэгч П.Э-д 600 м.кв, Э.Х-д 700 м.кв, Э.М-И-д 600 м.кв, Г.Б-д 500 м.кв, Ш.Н-д 600 м.кв газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч нараас гэр бүлийн зориулалттай эзэмшил бүхий газар дээрээ хашаа барихаар шуудуу ухсантай холбоотой баримт, гуравдагч этгээд Д.Г-ын зүгээс үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байсантай холбоотой Ерөнхий прокурорын мэдэгдэх хуудас, зөрчлийн хэргүүд, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 300-5/4230, 300-5/4232 дугаар албан бичгүүд, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/816 дугаар албан бичиг, Өдрийн сонины 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 86, 10 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр нийтлэл, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч газраа ашиглахад саад болж байгаа асуудлыг зохицуулах үйлдлийг удаа дараа хийж байсан нь нотлогдсон, анхан шатны шүүхээс газар эзэмшигч нараас үл хамаарах шалтгаанаар газраа ашиглаж чадаагүйг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа ашиглаагүй гэж үзэхгүй талаар үндэслэлтэй дүгнэж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь захиргааны шийдвэр гаргахаас өмнө нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газраа ашиглах боломжгүй “хүндэтгэн үзэх шалтгаан” байгаа эсэх талаар бодит нөхцөл байдлыг шалган тогтоолгүй газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн байх тул хариуцагчийн “... бусдын буруутай үйлдлийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн нь шаардлагад нийцэхгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Засаг дарга нь давж заалдах гомдолд дурдсан “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд газар эзэмшигч нарын хоорондын маргааныг Засаг дарга шийдвэрлэнэ гэсний дагуу Засаг даргаар шийдвэрлүүлээгүй, шууд шүүхэд хандсаныг харгалзаж үзээгүй” гэх боловч маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр гаргаснаас үзвэл газар эзэмшигч нарын хооронд маргаан гарсан гэж үзэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгч нар нь газар эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгосон сөрөг үйлчлэлтэй Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “... Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрөл шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасанд нийцсэн байх тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.