Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 21

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2016/0016/З

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа би: “Сантранс Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргад холбогдох, сумын Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Сантранс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхтөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/13 тоот захирамжийн дагуу тус сумын Согоот багт орших Буурлын ам, Хөх чулууны ам гэх газруудад газар эзэмших эрхийн 0227036, 0227037 тоот гэрчилгээнүүдийг авч, 60 жилийн хугацаатай эзэмшихээр болсон. Гэтэл Цэнхэрмандал сумын Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/21 тоот захирамж гарч, манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

            Тус захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснийг үндэслэн гарсан байдаг.

            ... Манай компанийн хувьд тухайн газрыг ашиглаж, зуны улиралд үйл ажиллагаа явуулж байсны дээр тухайн газарт хөрөнгө оруулахаар судалж байсан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

            Иймд Цэнхэрмандал сумын Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/21 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг дарга Л.Баатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Миний бие 2012 оны 12 дугаар сарын 7-нд сумын Засаг даргаар томилогдсон. Энэ үеэс уг аж ахуйн нэгж нь тус сумын удирдлагатай огт харилцаагүй, эзэмшил бүхий газартаа байшин барилга огт барьж байгуулаагүй тул газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж, газар эзэмших эрхийг цуцалсан...” гэжээ.

            Хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Сантранс Монгол” ХХК-ийн 2011, 2012 онуудад Цэнхэрмандал сумын Засаг даргатай холбоотой байсан талаарх албан бичиг, тоот, бусад нотлох баримттай танилцахад сумын Засаг даргатай харилцаж ажиллаж, өөрсдийн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж байсан нь баримтаар тогтоогдож байна. Мөн 2012 оны 11 сард газрын гэрээг шинэчлэн хийсэн нь хувийн хэрэгт байгаа зэргээс харвал миний шийдвэр хангалттай үндэслэл бүхий байж чадахгүй болох нь харагдаж байна.

            Нотлох баримт хангалттай тул өвөлжилтийн бэлтгэл хангах, сонгуулийн бэлтгэл хангах гээд ажил их байгаа тул миний бие дахин дахин ирж очих хүндрэлтэй, боломж хязгаарлагдмал байна.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Сантранс Монгол” ХХК нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/13 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар, тус сумын Согоот багийн “Буурлын ам”, “Хөх чулууны ам” хэмээх газарт аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон бөгөөд газар эзэмших эрхийн 0227036, 0227037 тоот гэрчилгээ олгогдсон байна.  Газар эзэмшүүлэх гэрээг “Сантранс Монгол” ХХК-тай 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр болон 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус тус байгуулсан байна.

            Гэвч хариуцагч Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслэн, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А/21 дүгээр захирамж гаргаж, нэхэмжлэгч “Сантранс Монгол” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0227036, 02227037 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгожээ.

            Нэхэмжлэгч “Сантранс” ХХК хариуцагчийн энэхүү шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг дарга Л.Баатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн болно.

            Хариуцагч ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг б аримтлан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/21 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Сантранс Монгол” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг дарга Л.Баатар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Сантранс Монгол” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.БАЛЖМАА