Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 10

 

 

                            Н.Х, А.А нарт холбогдох

                                                                                     эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Э.Н,

Шүүгдэгч: Н.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Х, А.А нарт холбогдох, эрүүгийн 201608000152 дугаартай, 1 хавтас, 185 хуудас бүхий эрүүгийн хэргийн шүүгдэгч Н.Хгийн давж заалдсан гомдлыг үндэслэн  давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Х /,

Шүүгдэгч: А нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцжээ. 

 

Шүүгдэгч Н.Х нь ялтай байхдаа А.Атай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, “Б” ХХК-ийн төмрийн хүдэр угаах үйлдвэрт хууль бусаар нэвтэрч 93,2 метр урттай, 380 вольтын кабель утас хулгайлж, бусдад 233000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өдрийн 22 цагийн үед шүүгдэгч А.Атай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, тус үйлдвэрийн бутлуурын байранд хууль бусаар нэвтрэн орж давтан үйлдлээр 36,88 метр урттай 6000 вольтын кабель утас хулгайлж бусдад 583200 төгрөгийн хохирол буюу нийт 816200 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч А.А нь Н.Хтэй бүлэглэж  буюу урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, “Б” ХХК-ийн төмрийн хүдэр угаах үйлдвэрт хууль бусаар нэвтэрч 93,2 метр урттай, 380 вольтын кабель утас хулгайлж, бусдад 233000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өдрийн 22 цагийн үед шүүгдэгч Н.Хтэй бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, тус үйлдвэрийн бутлуурын байранд хууль бусаар нэвтрэн орж давтан үйлдлээр 36,88 метр урттай 6000 вольтын кабель утас хулгайлж бусдад 583200 төгрөгийн хохирол буюу нийт 816200 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Хг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, агуулах саванд нэвтэрч хулгайлсан, шүүгдэгч А.Аыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Хгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Аын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Н.Хд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч А.Ат оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Н.Хгийн цагдан хоригдсон 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор,

Шүүгдэгч Н.Х, А.А нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Х давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016.05.01-нд Б ХХК-нд ажилд орсон. Ажилд орсон хугацаанд эхний цалин болох мөнгийг 6 сарын 15-ны өдөр авсан. Тэрнээс хойш 9 сарын 13 хүртэл цалин аваагүй. Ингээд дэлгүүрээс өмсөх хувцас, идэх уух юм авсан өр нэхэхээр нь тус компаниас цахилгаан утас авч зарж өрөө барагдуулсан. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Одоогоор Б ХХК-нд төлбөр тооцоо байхгүй. Иймд ялыг хөнгөрүүлж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Прокурор Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Х нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Шүүх шүүгдэгч Хгийн хувийн байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялаас ялын доод хэмжээгээр оногдуулсан тул  анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Н.Х, А.А нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, “Б” ХХК-ийн төмрийн хүдэр угаах үйлдвэрт нэвтэрч 93,2 метр урттай, 380 вольтын кабель утас хулгайлж, бусдад 233000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдрийн 22 цагийн үед тус үйлдвэрийн бутлуурын байранд  нэвтрэн орж давтан үйлдлээр 36,88 метр урттай 6000 вольтын кабель утас хулгайлж бусдад 583200 төгрөгийн хохирол буюу нийт 816200 төгрөгийн ба бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Өнөржаргал /хх-32-34/, гэрч С.Батмөнх /хх-35-36/, Ж.Баянмөнх /хх-37-38/ нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-20/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-22-28/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэ тогтоох комиссын шийдвэрүүд /хх-67, 69/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан хэргийн талаар нотолбол зохих асуудал бүрэн тогтоогдсон, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Н.Х, А.А нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасны дагуу тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Х нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байх хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж, шүүгдэгч Н.Хд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ. 

            Шүүгдэгч Н.Хгийн ялтай байхдаа, давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Хгийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Хгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                      ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

                                                                                            Н.БАТЧИМЭГ