Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/00871

 

БНСУ-ын иргэн Ким Сон Иний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00403 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 840 дүгээр магадлалтай,

Ким Сон Иний нэхэмжлэлтэй,

“Мийтхаем” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 450.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чан Хан Бун, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхланбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхланбаяр, өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ким Сон Ин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Мийтхаем” ХХК-ийн захирал Чой Хюнь Вотай 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 450.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, хүүгүйгээр  зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дууссан боловч Чой Хюнь Во нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул “Мийтхаем” ХХК-с  450.000.000 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Чой Хюнь воо шүүхэд гаргасан тайлбартаа:2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хатагтай Кимээс Голомт банкны дансаар дамжуулан 373.725.300 төгрөгийг хүлээн авсан. Түүнчлэн 450.000.000 төгрөгийг буцаан төлөхөөр зээлийн гэрээг үйлдэж гарын үсэг зурсан. Сар бүр хатагтай Кимд 9.000.000 төгрөгийг төлж байсан. Энэ 9.000.000 төгрөгийн 6.000.000 төгрөгийг манай байшинг 2013 оны 5 дугаар сараас эхлэн түрээсээр эзэмшиж байсан ноён Пак сар бүр төлж байсан. Түүнчлэн өөрийн зүгээс сар бүр 3.000.000 төгрөгийг хатагтай Кимд төлж байсан. Зээлийг төлөхийн тулд 2015 оны 5 дугаар сараас эхлэн байшингаа Монголд зарахаар оролдсон. Гэвч Монголд зарах нь бололцоогүй болсон. Иймээс байшинг худалдан авагч олохоор гадаад явсан. Ингээд 4 сар орчим Филиппин болон Солонгос улсад байж байгаад үл хөдлөх хөрөнгө худалдан авах хүн олоод гуравдугаар сарын 19-ний өдөр Монголд буцаж ирсэн. Энэ асуудлаа шийдвэрлэхээр хатагтай Кимийн итгэмжлэгдсэн хүнтэй уулзсан. Хатагтай Ким намайг 600.000.000 төгрөг төл гэсэн. Учир нь 2013 онд мөнгө зээлэх үед зээлсэн мөнгө нь 300.000 ам.доллартай тэнцэж байсан тул одоо 300.000 ам.долларыг төлж хохирлыг барагдуулах ёстой гэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг хүсч байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Чой Хюнь Во нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Монгол улсын хилээр гарч яваад буцаж ирээгүй нь тогтоогдсон. Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч Чой Хюнь Вог эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Ким Сон Ин болон Чой Хюнь Во нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан болох нь харагдаж байна. Чой Хюнь Во болон Ким Сон Ин нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд барьцааны гэрээг өөрчлөн байгуулсан талаар дурдсангүй. Хэрэгт байгаа барьцааны гэрээг Ким Сон Ин болон “Мийтхаем” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зориулан байгуулагдсан гэдэг нь харагдаж байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “Мийтхаем” ХХК хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. 373.000.000 төгрөгийг Чой Хюнь Вогийн хувийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байх тул уг мөнгийг “Мийтхаем” ХХК биш Чой Хюнь Во хариуцах үүрэгтэй. Чой Хюнь Во болон Ким Сон Ин нарын хооронд зээлийн гэрээ бичгээр биш бодит үйлдлээр хүүгүй тооцож хийгдсэн бөгөөд сар болгон 6.000.000 төгрөг буюу 34 сарын төлбөр нийт 204.000.000 төгрөг эргэн төлөгдсөн байна. “Мийтхаем” ХХК нь зээлийг хариуцах үндэслэлгүй, нэгэнт Чой Хюнь Вог хариуцагчаар татаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00403 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мийтхаем ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 246.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ким Сон Инд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 204.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мийтхаем ХХК нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205026013 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 182 тоот хаягт байрлах, 921.6 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалт бүхий, 2 давхар барилгыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Мийтхаем ХХК-иас 100.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.066.000 төгрөгөөс 2.907.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 158.050 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Мийтхаем ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.387.950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ким Сон Инд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 840 дүгээр магадлалаар:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “282 дугаар зүйлийн 282.3”, 2 дах заалтын “174 дүгээр зүйлийн 174.1” гэснийг тус тус хасч, шийдвэрийн удиртгал хэсгийн “нэхэмжлэгч ...Ким Сон Ин / РД:440105-2047619/” гэснийг нэхэмжлэгч “... Ким Сон Ин /Kim Sungeun/” гэж өөрчлөн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ким Жонг Хи /Kim jong hi/” гэж нэмж, 3 дах заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дах заалтыг 4 гэж тус тус дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 457.950 төгрөг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1.388.000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чан Хан Бун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 00403 дугаартай шийдвэр, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 840 дугаартай магадлалыг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гардан авч эс зөвшөөрч байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Юуны өмнө хариуцагч 450.000.000 төлөх үүрэгтэй, төлөх ёстой гэдгээ удаа дараа мэдүүлж тайлбар гаргасан, цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн, амлалт бичиг бичиж өгсөн гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрдөг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагддаг хэдий ч анхан шатны шүүхээс зээлийн гэрээнд хүүгүй буюу хариу төлбөргүй гэж тохиролцсон тул барьцааны хөрөнгийг түрээслүүлсэн орлогыг хасч тооцсон байгааг онцолж байна. Харин шүүхээс түрээслүүлсэн орлогыг тооцоолохдоо алдаа гарган нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн цаг хугацааг 33 сараар гэж буруу бодит байдалд нийцэхгүй тооцоолсонд гомдолтой байна.

Улмаар шүүх хуралдааны тэмдэглэлд гаргасан шийдвэрт тааруулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “... 2013 оны 5 дугаар сараас ...” гэж хэлсэн мэтээр тусгагдсан байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "... 2014 оны 4 дүгээр сараас ..." гэж тайлбар гаргасныг хурлын тэмдэглэлийн 5 дугаар талын доороосоо 2 дахь мөрөнд “... 2013 оны 5 дугаар сараас ... ” гэж ташаа тэмдэглэгдсэнийг өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн хүсэлтийг анхан шатны шүүхийн тамгын газарт гаргасан.

Хариуцагчийн төлөөлөгчийн Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгүүдээр 450.000.000 төгрөг төлнө, байраа зарж төлнө, хүүд 9.000.000 төгрөг төлж байсан хэдий ч үндсэн төлбөрөөс хасагдахгүй гэдгээ бүрэн илэрхийлсэн байтал анхан шатны шүүхээс түрээсийн төлбөрийг хасч тооцоолсонд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс орлого авч байсан гэдэг дээр маргаагүй хамгийн гол нь авч байсан орлогын хэмжээн дээр маргадаг байтал энэ тал давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлгийг бодитоор үнэлэхийг хүсч, хэргийг шударга үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 00403 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн 840 дугаартай магадлал нь өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон 204.000.000 төгрөгийн шаардлагаас 60.000.000 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхланбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: БНСУ-ын иргэн Ким Сон Инийн нэхэмжлэлтэй, “Мийтхаем” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.03-ны өдрийн 102/ШШ2017/00403 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.31-ний өдрийн 840 тоот магадлалыг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын шатанд гомдол гаргаж байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон “Мийтхаем” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026013 тоот дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн барьцаалан барьцааны гэрээ байгуулсан байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээлдүүлэгч Ким Сон Ин боловч зээлдэгч нь Чой Хюнь Во эсэх эсвэл “Мийтхаем” ХХК-ийн аль нь болох нь зээлийн гэрээнээс тодорхой харагдахгүй байна. Түүнчлэн зээлийн гэрээнд зээлийн хэмжээг 450.000.000 төгрөг гэж заасан боловч зээлдэгч буюу Чой Хюнь Вогийн хувийн дансанд 373.725.300 төгрөгийг Ким Сон Инээс шилжүүлсэн байдаг.

Мөн Чой Хюнь Во иь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа оргон зайлсан болох нь эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичгээр тогтоогдсон. Анхан шатны шүүх хариуцагч талыг төлөөлөх эрх бүхий этгээд Монгол улсад тодорхойгүй шалтгаанаар байхгүй байгаа, шүүх хуралдааны мэдэгдлийг гардуулах боломжгүй байгаа, түүний мэтгэлцэх эрхийг хангах боломжгүй байгаа зэрэг болон бусад бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийж, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахтай холбоотой ажиллагааг гүйцэтгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хэргийг хэрэгсэхгүй болгох зэрэг арга хэмжээг авах боломжтой байсан боловч эдгээр арга хэмжээг авахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн оролцоогүйгээр үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Зээлийн төлбөрт Чой Хюнь Вогоос Ким Сон Инд нийт 204.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Энэ нь баримтаар тогтоогдоно.Төлөгдөөгүй зээлийн хэмжээ нь 169.725.300 төгрөг байтал шүүхээс 246.000.000 гэж буруу дүгнэсэн.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримт, материалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.03-ны өдрийн 102/ШШ2017/00403 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.31-ний өдрийн 840 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч  Ким Сон Ин  /Kim Sungeun/ нь  хариуцагч “Мийтхаем” ХХК-с 450.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд зээлийн болон барьцааны гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...373.725.300 төгрөгийг дансаар авсан, сар бүр 9.000.000 төгрөг төлсөн...” гэж маргажээ.

“Мийтхаем” ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 182 тоотод байрлах, 921.6 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар барилгыг барьцаалан нэхэмжлэгчээс 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 450.000.000 төгрөгийг 24 сарын хугацаагаар зээлэхээр харилцан тохиролцжээ /хэргийн 11-14 дүгээр тал/.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж эрх бүхий этгээд гарын үсэг зурсан,  үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 166 дугаар зүйлийн 166.1-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Гэрээний зүйл болох мөнгийг дансаар болон бэлнээр шилжүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүйн зэрэгцээ 450.000.000 төгрөг авсан, төлөхийг хүлээн зөвшөөрч байсан нь тогтоогджээ /хэргийн 38-39 дүгээр тал/ .

Хариуцагч зээлийн төлбөрт 6.000.000 төгрөг төлсөн ба барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг бусдад түрээсэлж улмаар түрээсийн орлогыг дээрх зээлийн төлбөрт шилжүүлж байсан ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2013 оны 5 дугаар сараас 2016 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд сард 6.000.000 төгрөг авсан гэжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагч зээлийн төлбөрт нийт 198.000.000 төгрөг буцаан төлсөн гэж үзэн үлдэх 246.000.000 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг оновчтой сонгон баримтлаагүй, зохигчдын нэрийг зөв бичээгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд засвар хийлгэх саналыг хуульд заасан хугацааны дотор гаргаагүй байх тул шүүх хуралдааны тэмдэглэл буруу бичигдсэн талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Чой Хюнь Во /Choi Hyunwoo/ нь “Мийтхаем” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлээр тогтоогдсон, тэрээр компанийг төлөөлж зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т заасныг зөрчөөгүй байна.

Гуравдагч этгээд  Ким Жунг Хи нь тус компаний хувьцааг 50.000.000 вонноор худалдан авсан гэж тайлбар гаргасан боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чан Хан Бун, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхланбаяр нарын гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 840 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чан Хан Бун, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхланбаяр нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 457.950 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 1.388.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ