Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 577

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

            улсын яллагч Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч А.Ч, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.А-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт А-ын Ч-д холбогдох 181000000000000004 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт дэнжийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт А-ын Ч- ,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нас барсан нөхөр Ж.С-ийн тахир дутуугийн тэтгэврийг “Хаан банк”-ны картыг нь ашиглан 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд буюу 6 сар нийт 1.593.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч А.Ч-ээс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.А-гаас: “...А.Чий нөхөр Ж.С- нь манай байгууллагаас тахир дутуугийн тэтгэвэр авагч хүн байсан. Тэтгэвэр авагчийг нас барсан гэдгийг түүний ар гэрийн хүмүүс манай байгууллагад ирж бүртгүүлээд нас барсны дараах тэтгэврийг авч нас барсны гэрчилгээг хураалгах ёстой. Тухайн үед тэтгэвэр авагчийг нас барсан талаар мэдээлэлгүй байсан. 2018 оны 04 дүгээр сард тэтгэвэр олголтын хяналтын программаас шүүлт хийхэд гарч ирсэн. Улсын бүртгэл 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тэтгэвэр авагч этгээдийг бүртгэж авсан бөгөөд манай байгууллагад 2-3 сарын дараа хоцорч ирсэн. Тэтгэвэр авагч этгээдийг нас барсан гэдгийг түүний ар гэрийн хүмүүс харьяа нийгмийн даатгалын хэлтэст ирж мэдээллэж бүртгүүлэх ёстой байсан. Гэтэл манай байгууллага Ж.С-ийг амьд гэж бодоод сар бүр тэтгэврийн мөнгийг данс руу нь шилжүүлдэг байсан. Нийт 1.593.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

-Хохирогч Г.А-гийн: “...Манай байгууллагаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг Ж.С- 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан байна, ар гэрийнхэн 2017 оны 09 дүгээр сар буюу нас барсан сарын тэтгэврийн мөнгийг авах эрхтэй байдаг бөгөөд энэ талаар Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан байдаг. Ингээд халамж авах эрх нь хаагдах ёстой байтал дараагийн сарууд буюу 2017 оны 10, 11, 12, 2018 оны 01 дүгээр саруудад 216.000 төгрөгөөр нийт 4 удаа, 2018 оны 2, 3, 4 дүгээр саруудад 243.000 төгрөгөөр нийт 3 удаа, нийт 7 удаа 1.593.000 төгрөг авсан байсан. Манайхаас тэтгэврийн мөнгийг зогсоох үндэслэл нь тухайн хүн нас барсан талаарх мэдээллийг авсан үед зогсооно. Дээрх саруудад тэтгэврийн мөнгийг шууд дансанд нь оруулж байсан нь нас барсан талаарх мэдээлэл манайд ирээгүй буюу манайх мэдээгүй учраас оруулж байсан. 2018 оны 05 дугаар сарын тэтгэвэр олгох үед мэдээллүүдээ шалгахад Сандагдорж гэдэг хүн 2017 оны 09 дүгээр сард нас барсан гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байсан. Уг хүний талаарх мэдээлэл ирэхгүй удсан шалтгаан гэвэл Төв аймагт нас барсан байна, тэгээд аймгаас нийслэл рүү, нийслэлээс манайх руу мэдээлэл ирэх гэж удсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

-Гэрч А.Г-ийн: “...Ч-г одоогоос 6 жилийн өмнөөс таньж мэдэх болсон. Төв аймгаас Өлзийт хороололд нүүгээд ирж байсан. Манай хүнсний мухлагаар байнга орж гарсаар байгаад танилцаад сүүлдээ найз нөхдүүд болсон. Нөхөр нь өнгөрсөн жил 2017 оны 09 дүгээр сард өвчнөөр нас барсан. Чимэдцеэн Өлзийт хороололд нөхөртэйгөө хоёулаа амьдардаг байсан бөгөөд нөхөр нь өвчтэй байх хугацаанд ганцаараа сахидаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч А.Чийн: “...2007 оноос Ж.С- гэх хүнтэй танилцаад нэг гэрт хамт амьдрах болсон. Талийгаач 2015 оноос булчингийн сулрал өвчтэй байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сараас эхлэн хэвтэрт орсон байсан юм. Талийгаач 2015 оны 05 дугаар сард нийгмийн даатгалаас халамж авах болсон, сард 216.000 төгрөг авдаг байсан, анх хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь гэж тооцоод халамж олгож байсан бөгөөд нас барахаас нь хэдэн сарын өмнө 90 хувь гэж тооцсон. Талийгаач эхлээд өөрөө очоод халамжийн мөнгөө авдаг байсан бөгөөд сүүлдээ хэвтэрт ороод очих боломжгүй болсон, тухайн үед “Хаан банк”-аас явуулаар Өлзийт хороололд ирж ажилласан, би талийгаачийн бичиг баримтыг үзүүлээд өөрөө очиж халамжаа авах чадваргүй болсон, карт захиалаад авч болох уу гэхэд болно гэж хэлээд манай нөхрийн бичиг баримтуудыг хуулбарлаж аваад явсан. Удалгүй картаараа халамж авдаг болсон, би сар болгоны эхээр бэлэн мөнгөний машинаас авдаг болсон. Талийгаач 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан, 5-6 хоногийн дараа буяны ажлаар “....” ХХК-д ирэхэд тэнд халамжийн ажилтан сууж байсан, тэр хүнтэй уулзаад, манай нөхөр нас барсан юм, одоо иргэний бүртгэлийн тал дээр би яах ёстой билээ гэсэн чинь одоо ингээд хасалт хийгдэнэ, та хөөцөлдөх шаардлагагүй гэж хэлсэн. Тэгээд талийгаачийн ажил явдал болсоны дараа сарын эхээр 99695368 дугаарын утсанд халамжийн мөнгө орлоо гээд мессеж ирсэн, уг дугаар талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд би ашигладаг байсан, анх карт захиалахдаа мөн уг дугаарыг бичүүлж байсан. Тэгээд эхний сарын мөнгөө автал дараа сар нь дахин мөнгө орлоо гээд мессеж ирэхээр нь дахиад мөнгийг авсан, ийм байдлаар 6 сар мөнгө авсан бөгөөд эхний 4 сар 216.000, сүүлийн хоёр сар 243.000 төгрөг авсан, 2018 оны 4 сард  өөрийн бүх бичиг баримтаа хаячихсан, дахиж карт захиалаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэргийн талаар бусад нотлох баримтууд:

-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

-Нийгмийн даатгалын лавлагаа /хх-ийн 6 дугаар хуудас/,

           -Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар   /хх-ийн 34 дүгээр хуудас/,

-Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 51 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж А.Чд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч А.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нас барсан нөхөр Ж.С-ийн тахир дутуугийн тэтгэврийг “Хаан банк”-ны картыг нь ашиглан 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд буюу 6 сар нийт 1.593.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.А-агийн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/, гэрч А.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26-28 дугаар хуудас/, Нийгмийн даатгалын лавлагаа /хх-ийн 6 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй  болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан байдаг.   

Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор зохицуулсан.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Чд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч А.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.    

          Шүүх, шүүгдэгч А.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч байгууллагын төлөөлөгч Г.А-нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 1.593.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг шүүгдэгч А.Ч нь төлөөгүй байх тул түүнээс гаргуулж Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

1. Б- овогт А-ын Ч-г төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ч-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Чгээс 1.593.000 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ