Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01973

 

2023 11 13 210/МА2023/01973

 

 

******* ХХН-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/03136 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХН-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* цахир ресурс ХХК-д холбогдох,

 

1,599,168,106 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өгөөдэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: 

1.1 ******* цахир ресурс ХХК нь ******* ХХН-тай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тээвэр зуучлалын гэрээ байгуулж, нийт ******* ширхэг 2 цуваа бүхий нүүрс тээврийн фитингтэй ******* тонны тавцант вагон түрээсэлж тээврийн үйл ажиллагааг явуулсан. ******* цахир ресурс ХХК нь ******* ХХН-ийн байгуулсан гэрээгээр вагон түрээсийн төлбөрийг уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтын дагуу 3 сар тутам төлбөрийг ******* хувь урьдчилан төлөхөөр тохиролцсон ба хоног тутам 1 вагоны түрээсийн төлбөр 2500 рубль төлөх үүрэг хүлээсэн болно. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, вагонууд нь Монгол улсын хилээр гараагүй мөн ******* ХХН-д зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй.

1.2 Иймд хариуцагч ******* цахир ресурс ХХК-иас 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаарх вагоны түрээсийн төлбөр болох 39,700,000 рубль буюу 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож, 1,517,257,500 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх төлөөгүй үнийн дүн 31,557,971 рублийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож, 1,204,567,753 төгрөг, гэрээний 6.24-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар алданги тооцно. Төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги 136 өдрийн хугацаа хэтэрсэн 81,910,606 төгрөг болж байна. Дээрх төлбөрүүдийг тооцоход вагон түрээсийн төлбөрт 1,599,168,106 төгрөгийг ******* цахин ресурс ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* цахир ресурс ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 1,599,168,106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ОХУ-ын ******* ХХН-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,153,791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч ******* цахир ресурс ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 8,153,791 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХН-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга

3.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 14208 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч компанийн дансны зарлагын гүйлгээг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон. Хариуцагчийн зүгээс мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар тодорхой үндэслэл заан 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр буюу хуульд заасан хугацаандаа гомдлоо гаргасан.

Гомдол хэлэлцэх шүүх хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр товлогдсон атал хуульд заасан эрхийг эдлүүлэхгүйгээр, шүүх хуралдааныг хэлэлцүүлэх захирамжийг бидний гомдол өгснөөс хойш буюу 2023 оны 09 дүгээр 01-ний өдөр гаргаж, мөн сарын 06-ны өдөр буюу гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан болохоос өмнө үндсэн хэрэг маргааныг шийдвэрлэсэн.

3.2 Энэ нь хуулиар олгосон эрхийг хууль бусаар хязгаарлаж, бидний эрх ашгийг илтэд хохироож байгаа нь шүүгч тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш зарчимд нийцэхгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зориудаар эдлүүлээгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүх хэргийн материалтай буюу эсрэг талын нотлох баримттай огт танилцуулаагүй, танилцах боломжоор хангаагүй атлаа шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч талыг ...хэрэгт хамааралтай нотлох баримтаа өгөөгүй... хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

3.3 Шүүгчийн захирамжид гомдол гаргасан, хурал нь товлогдсон талаар шүүгчийн туслахад мэдэгдэхэд тодруулаад эргээд мэдэгдье гэсэн атлаа шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдсэн мэт, мөн хариуцагч талыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй хэмээн шийдвэртээ дүгнэж, хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр нь хангалгүй, шүүгчийн захирамжид гомдол гаргасныг мэдсээр байж хэргийг шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс үнэхээр гомдолтой байна.

3.4 Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2.-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, 168.1.3.-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/03136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

4. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: 

4.1 Хариуцагч 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан боловч хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

4.2 Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Мөн хариуцагчид хуульд заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэл тогтоогдож байна.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХН нь хариуцагч ******* цахир ресурс ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1,599,168,106 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2023 оны 08 дугаар сарын 14-ний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүрэг танилцуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийг гардуулсан, хариуцагч тал шүүгчээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

4.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгч 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 102/ШЗ2023/14208 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гаргаж хариуцагч ******* цахир ресурс ХХК-ийн арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг 1,599,168,106 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авсан байна. Хариуцагч тал уг шүүгчийн захирамжид гомдол гаргасан, гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр товлон зарласан байжээ.

Гэтэл шүүгч 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 102/ШЗ2023/14781 дугаартай захирамж гарган, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр товлож, тус өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцээд 102/ШШ2023/03136 дугаартай шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй байна.

Тодруулбал, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шүүх шийдвэрлээгүй байснаас гадна хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхээр хангасан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

5. Түүнчлэн хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад тэмдэглэсэн тэмдэглэгээг үндэслэн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хариуцагч талд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/03136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* цахир ресурс ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлөх хугацааг хойшлуулсан байх тул 8,153,791 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД