Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00202

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг, Баянбулагийн 2-58 тоотод оршин суух, Боржигон овогт Чулуунбатын Бат-Оюун /УС:85090117/ утас:94400452/-ны нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг, Дунд Өлөнтийн 67 тоотод оршин суух, Бэсүд овогт Өлзийбатын Баярлах /РД:ДМ:90122109/ утас:89174177/-д холбогдох 2,000,000 төгрөг, иргэний болон бусад бичиг баримтаа авах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн  авч 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Ч.Бат-Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Миний бие нь 2014 оны 12 дугаар сард Ө.Баярлах гэж хүнээс мөнгөний хэрэг болоод 1500000 төгрөг 20 хувийн хүүтэй зээлсэн. Ингэхдээ портер машины бичиг баримт гэрчилгээ, Чансаа мотоциколийн бичиг баримт, өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээ зэргийг барьцаа болгон тавьсан. Тухайн үед ямар нэг гэрээ хийгээгүй амаар тохиролцсон. Ингээд эхний 2 сарын хүү 500000 төгрөгийг өгөөд л үлдэх мөнгийг өгч чадаагүй. Тэгээд энэ зээлсэн мөнгөө өгч чадахгүй байсан учир өөрийн эзэмшлийн барьцаанд тавьсан газраа 2015 оны 9 дүгээр сард Ө.Баярлахад 5,000,000 /таван сая/ төгрөгөөр зарахаар болж Ө.Баярлах нь надад 800,000 /найман зуу/ төгрөгийг, бичиг баримтын хамт буцааж өгөхөөр тохирсон. Энэ үед Ч.Бат-оюун миний иргэний үнэмлэх, эхнэр Б.Тогтохмаагийн иргэний үнэмлэхийг, мөн 3 хүүхдийн Б.Энх-Амар, Б.Амарсайхан, Б.Амаржаргал нарын төрсний гэрчилгээ зэргийг дахин барьцаалж аваад одоог хүртэл өгөхгүй байна. Тэгээд 800,000 төгрөг бичиг баримтаа авъя гэхэд надыг дахин 2,000,000 /хоёр сая/ төгрөг өг гээд байна. Миний хувьд газраа 5 сая төгрөгөөр Ө.Баярлахад зарсан. Би өргүй байсан бол өшөө өөр хүнд өндөр үнээр зарах байсан. Өртэй учир 5 сая төгрөгөнд бодож зараад Ө.Баярлахаас зээлсэн 1,500,000 төгрөг хүүнд 1,500,000 төгрөг урьд нь 2 сарын хүү 500,000 төгрөг өгсөн байсан бүгд 3,500,000 төгрөгийг өгч, үлдэх 2,000,000 төгрөгөө өөрөө авах ёстой гэж үзэж байна. Иймд Ө.Баярлахаас 2,000,000 төгрөгийг бүх бичиг баримтын хамт гаргуулж өгнө үү. Сонгууль болох гээд иргэний үнэмлэх хэрэгтэй байна. Иймд түргэн шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Баярлах шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь нэхэмжлэгч Ч.Бат-Оюунтай 500000 /таван зуун мянга/ төгрөгийг өгч авахаар эвлэрсэн болно. Би Ч.Бат-Оюуны нэхэмжилсэн 500000 /таван зуун мянга/  төгрөг болон Ч.Бат-Оюуны иргэний үнэмлэх, эхнэр Тогтохмаагийн иргэний үнэмлэх, гурван хүүхдийх нь төрсөний гэрчилгээ зэргийг даруй хүлээлгэж өгнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Бат-Оюун шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Ө.Баярлахаас 2,000,000 төгрөг болон бусад бичиг баримтын хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд бид эвлэрч би 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, одоо Ө.Баярлахаас бүх бичиг баримтаа 500,000 төгрөгийн хамт гаргуулж авахаар эвлэрч тохирлоо. Өөр маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ч.Бат-Оюун, хариуцагч Ө.Баярлах нар нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгнөөс 500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг уридлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Бат-Оюун, хариуцагч Ө.Баярлах-д холбогдуулан 2,000,000 төгрөг болон бусад бичиг баримтаа авах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 500,000 төгрөг болон бусад бичиг баримтаа өгч авахаар тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө.Баярлахаас 23475 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 23475 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Ч.Бат-Оюунд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.