| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2022/01201/И |
| Дугаар | 210/МА2023/02005 |
| Огноо | 2023-11-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/02005
2023 11 17 210/МА2023/02005
О.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн ******* хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн ******* хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/01300 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: О.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* *******т холбогдох,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Намбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1 Би ******* ******* ******* газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд нислэгийн удирдагчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан. Тус албаны дарга, удирдлагууд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг хууль эрх зүйн ямар нэг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас халсан. Уг тушаалдаа О.******* нь ******* такси агаарын тээвэрлэгч компанийн ажилтнуудаас шан харамж шаардсан болох нь нотлогдож байх тул гэж гүтгэн ажлаас халсан.
1.2 Тус асуудлаар цагдаа болон Авлигатай тэмцэх *******т удаан хугацаанд шалгагдсан ба намайг 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ******* такси компанийн С-208 дугаартай агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаанд буруутай үйлдэл гаргаагүй болохыг тогтоосон. Зам, тээвэр хөгжлийн сайдад мөн хүсэлт гаргасан боловч надад ******* ******* ******* газрын даргаас хариу өгөхгүй байсаар тус газрын даргаар С.******* томилогдсон.
1.3 Шинээр томилогдсон тус газрын дарга С.*******д 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан. Хуульд заасны дагуу миний гаргасан өргөдөлд хариу өгөх хугацаа хэдийн өнгөрсөн учраас ******* ******* ******* ******* очиход Захиргаа удирдлагын газрын дарга Т.*******тай уулзуулсан бөгөөд харилцан ярилцах явцад шинээр томилогдсон НХҮА-ны даргын зүгээс намайг үл бүтэх этгээд ажилд буцаан авахгүй гэсэн хандлагатай байгааг олж мэдсэн болно. Ийнхүү миний гаргасан өргөдлүүдийн хариу ойлгомжтой болсон учраас намайг ажлаас халсан тус газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 тоот тушаалыг би хууль бус гэж үзэж, нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
2.1 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан Нислэгийн үйлчилгээний албаны хурлаар ******* такси агаарын тээвэрлэгч компанийн 7777 дуудлагатай CESSNA 208B агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаатай холбоотой асуудал болон аюулгүй ажиллагааны хэсгийн мэргэжилтэн О.*******ийн талаар хэлэлцсэн. Тус хуралд дээр дурдсан компанийн холбогдох албан тушаалтнуудыг оролцуулж үйл явдлын талаар тайлбар авсан. ******* такси компанийн ажилтан Д. О.******* миний гарын үсэг, тайлбаргүйгээр энэ бичиг гарахгүй гэж хэлсэн..." гэх, мөн компанийн ажилтан Н.******* .... О.******* бид хоёрыг уулзъя гэсэн. Байшингийн буланд уулзсан. Миний машин бенз засвар дээр байгаа. Тоног төхөөрөмж нь эвдэрсэн. 6,000,000 төгрөгийн асуудал байна тэрийг шийдээд өгчих гэсэн ... гэх тайлбарыг тус тус гаргасан.
2.2 ******* ******* ******* газрын Ёс зүйн зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аюулгүй ажиллагааны хэсгийн мэргэжилтэн О.******* нь ******* такси компанийн нисгэгч Н.*******, тус компанийн чанар баталгаажуулалтын менежер Д. нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд тэднээс 6,000,000 төгрөг өгөхийг шаардсан гэх зөрчлийг нотлох баримтын хүрээнд хамтын зарчмаар хянан хэлэлцээд олонхын саналаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил, үйлдсэн гэж дүгнэн хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг ******* ******* ******* газрын удирдлагад хүргүүлсэн.
2.3 Нэхэмжлэгчийн дурдсанчлан Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах 149 дүгээр тогтоол нь зөвхөн нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хаасан болохоос түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой үйлдлийг зөвтгөөгүй, дүгнэлт хийгээгүй. ******* ******* ******* газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/390 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.*******ийг ******* ******* үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аюулгүй ажиллагааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 159,336,529 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* газраас гаргуулж нэхэмжлэгч О.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,430,241 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч О.*******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ******* ******* *******т даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 188,806 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүхийн шийдвэрт ******* ******* ******* газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн Б/390 дугаартай тушаал ямар хуульд заасныг зөрчиж гарсан учир үндэслэлгүй болох, ямар хуульд нийцээгүй гэж үзсэн талаараа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн талуудын маргаагүй асуудлын талаар буюу нэхэмжлэлд дурдаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр хэлсэн ...мөн ажлаас халсан тушаалыг гардуулж өгөөгүй гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн 3 жилийн дараа шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвтгөхийн тулд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
4.2 Хэргийн оролцогч ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар шүүхэд хэргийн талаар оролцогч үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэсэн байхад илт зөрүүтэй тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. Энэ нь энэ хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ямар ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй зэрэг байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/01300 дугаартай шийдвэрийг ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтад заасны дагуу шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг сэргээлгэх хүсэлтийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргаж өгсөн байна. Мөн О.*******эд ажлаас чөлөөлсөн тушаалыг өгөөгүй. Хэргийн 80 дугаар талд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш цалин хөлс олгоогүй болохыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэг бүрчлэн авч хэлэлцэн, зохигчид хангалттай мэтгэлцсэн.
5.2 Хариуцагчийн зүгээс уг үүргээ биелүүлж, тайлбар, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан зохицуулалт нь нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүхээс үнэн зөв тайлбарласан байхад хариуцагчийн зүгээс үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзээд гомдол гаргасныг эс зөвшөөрч байна.
5.3 Хариуцагчийн зүгээс О.*******ийг сахилгын ноцтой зөрчил гаргасныг нотлох баримтаар тогтоогоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.4, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт тус тус заасан үйл баримтыг нотолсон нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй атлаа ******* ******* ******* газраас анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нь ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон, хэргийг шийдвэрлэсэн байна.
5.4 Анхан шатны шүүхээс гомдол гаргах хугацааг сэргээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдаа гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Нисгэгч, ******* удирдагч үндсэн мэргэжилтэй хүнийг ажилд нь авахгүй байгаад гомдолтой байна. О.******* нь нарийн мэргэжилтэй учраас түүнд өөр хийх ажил олдохгүй, хэцүүхэн амьдарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдож байна.
2. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ******* ******* ******* *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 175,766,770 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг даалгах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.
3. Талууд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх талаар маргасан байна. Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гомдлын шаардлага гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт шүүхэд гаргасан байна. /хх-4, 5/
3.1 Анхан шатны шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь 1995 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.
4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн ******* хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/01300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ******* ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 954,632.65 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД