Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 326

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулах тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0811 80485  дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн О.Б, 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дэнд боловсролтой, мэргэжилгүй, одоо “Мираж” зоогийн газарт зөөгч ажилтай, ам бүл 3, эмээ дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжүгийн гудамж, 18а байр 77 тоотод оршин суух хаягтай, урьд 2018 оны 12 дугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Арслантай гүүрний зүүн талын явган хүний гарцан дээр Тоёота Королла маркийн 58-81 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг  гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.Алтыжаныг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.Б  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан.” гэв.

Хохирогч Ж.Алтынжан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10 цагийн орчимд...явган хүний гарцаар ганцаараа явж байтал ертөнцийн зүгээр баруун талаас ирж явсан нэг машин миний биеийн зүүн хэсэгт мөргөсөн нэг мэдсэн би ухаан алдчихсан байсан тэгээд сэртэл Гэмтлийн эмнэлэг дээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Гэрч Д.Эрдэнэ мөрдөн шалгах ажилгаанд мэдүүлэхдээ: “...явган хүний гарцаараа урдаасаа хойшоо чиглэлтэй гарч явсан эмэгтэй хүүхдийг маш хүчтэй мөргөөд гарцнаас хол шидэгдээд унасан. Тухайн үед жолооч залуу машинаа зогсоож чадалгүй 50-60 метр яваад явсаар байгаад зогсоосон, тэр жолооч хурдтай хүчтэй явж байсан. Тэгэхээр нь би мөргүүлсэн охин руу явж очиход хүүхэд ухаангүй байсан. 1, 2 дугаар эгнээнд машин байсан охиныг гарцаар гарахыг хүлээгээд зогсож байсан. Би яагаад гэрчийн мэдүүлэг өгөх болсон бэ гэхээр явган зорчигч хүүхдийг түргэн тусламж аваад явсны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзлэг хийхэд жолооч залуу явган зорчигч хүүхдийг гарцгүй газар мөргөсөн гэж худал заасан, тэгэхээр нь би харсан учраас замын цагдаагийн бүрэлдэхүүнд хүүхдийг машинд мөргүүлсэн унасан цэгийг зөв зааж өгсөн юмаа...” гэх мэдүүлэг. /хх-ийн 46/,

Иргэний хариуцагч Д.Насанбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бусдад учруулсан хохирлыг зам тээврийн осол хэрэг гаргасан хүн өөрөө төлж барагдуулна миний зүгээс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11968 дугаартай дүгнэлт:

1. Ж.Алтынжан биед зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн бугалга, зүүн шуу, баруун өгзөг, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 51/,

 

Техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №630 дугаартай дүгнэлт:

  1. Тоёота Королла маркийн 58-81 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Ж.Алтынжан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
  3. Тоёота Королла маркийн 58-81 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйны даралтын мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй болно.
  4. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлөхгүй болно.
  5. Уг зам тээврийн осол нь Тоёота Королла маркийн 58-81 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол үйлдэгдсэн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 66-67/,
  6. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
  7. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлт. /хх-61/, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10, 13-16/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 17/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23/, гэрч О.Б-ын мэдүүлэг /хх-ийн 40/, гэрч Ө.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 44/, төлбөр төлсөн баримт /хх-ийн 91-95/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 78/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Арслантай гүүрний зүүн талын явган хүний гарцан дээр Тоёота Королла маркийн 58-81 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг  гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.Алтыжаныг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч Ж.Алтынжаны: “...2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10 цагийн орчимд...явган хүний гарцаар ганцаараа явж байтал ертөнцийн зүгээр баруун талаас ирж явсан нэг машин миний биеийн зүүн хэсэгт мөргөсөн нэг мэдсэн би ухаан алдчихсан байсан тэгээд сэртэл Гэмтлийн эмнэлэг дээр байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь хохирогч Ж.Алтынжанд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг төлж барагдуулсан болно.

Шүүгдэгч О.Б хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Б нь Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 хугацаагаар тэнссэн шийдвэрлэсэн бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө үйлдсэн гэмт хэрэг байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүгдэгч нь торгуулийн ялыг төлөх нь зүйтэй гэж үзсэн учир шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. О.Б-ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-д 1000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

              5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР