Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 328

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Анармаа,                            

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч П.В /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.В-д холбогдох эрүүгийн 1806 0687 00294 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн П.В, 1960 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч П.В нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны 5 дугаар орцны подвальд хохирогч Э.Намнанхүүгийн гар болон гуянд нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч П.В шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Э.Намнанхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 18-ны орой 23 цаг өнгөрч байхад би найз Мягмаржавын гэр болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны 5 дугаар орцны подвальд байрлах гэрт нь ороод юм яриад хоол идэх гээд сууж байсан чинь нэг настай ах орж ирсэн юм. Тэр ах над руу чи манайд юу хийж яваа юм бэ гэж хэлээд миний зүүн талын гуя хэсэгт нэг хутга шиг жижиг зүйл гарган ирж дүрсэн. Тэгэхээр нь ахаа та яаж байгаа юм бэ, би найзтайгаа уулзаж байна гэсэн чинь шууд миний зүүн талын гар руу хутгалсан. Тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад цаана нь байсан Мягмаржавын эрэгтэй хүүхдийг нь аваад шууд гэрээс нь  гарч явсан, тэр настай ах гарч ирээд араас хөөгөөд байсан. Тэр үед гартаа бас заазуур хутга барьсан байсан. Удалгүй түргэний машин ирээд намайг шууд эмнэлэг рүү авч явсан ба ард юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дүгээр хуудас/,

 

Хохирогч Э.Намнанхүү дахин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний биед тухайн үед гар, гуя хэсэгт хутгалсан шархтай байсан. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна, надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №617 дугаартай дүгнэлт:

  1. Э.Намнахүүгийн биед тухайн үед зүүн бугалга, зүүн гуяанд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн зүйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 20 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч П.В нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны 5 дугаар орцны подвальд хохирогч Э.Намнанхүүгийн гар болон гуянд нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Э.Намнанхүүгийн: “...2018 оны 08 дугаар сарын 18-ны орой 23 цаг өнгөрч байхад би найз Мягмаржавын гэр болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны 5 дугаар орцны подвальд байрлах гэрт нь ороод юм яриад хоол идэх гээд сууж байсан чинь нэг настай ах орж ирсэн юм. Тэр ах над руу чи манайд юу хийж яваа юм бэ гэж хэлээд миний зүүн талын гуя хэсэгт нэг хутга шиг жижиг зүйл гарган ирж дүрсэн.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч П.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.В-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.Намнанхүү нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүгдэгч нь торгуулийн ялыг төлөх үүрэг хүлээж байгааг тайлбарласан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. П.В-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар П.В-д 500 (таван зу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.В нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.В нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.В-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР