Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 372

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх  хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 1 дүгээр  хэсэг, 18 дугаар байрны 20 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газарт шалгагч ажилтай гэх, Тайж овогт Энхтөрийн Өнөрцэцэгийн нэхэмжлэлтэй

            “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох”-ыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Өнөрцэцэг 

             Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.                                                                          

  ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэхэмжлэгч Э.Өнөрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан  тайлбартаа:

           ... Миний бие 1977 оны 4 дүгээр сарын 07-нд Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгонд Нарангийн Шүүшир болон Дашдоржийн Даваажав нарын 5 дахь охин болж төрсөн. Намайг төрөх үед өргөж авсан ээж аав хоёрын маань дундаас төрсөн хүүхэд өөд болчихсон байсан учраас 1978 онд намайг 1 настай байхад миний аав Шүүшир нь дүүгийнхээ энэ байдлыг бодоод намайг төрсөн дүү Нарангийн Цэрэннадмид болон түүний нөхөр Ц.Энхтөр нарт үрчлүүлсэн. 

Тухайн үед намайг өргөж авсан ээж аав 2 маань гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас албан ёсны үрчлэлт хийгээгүй юм байна лээ.  Би үүнийг 2005 онд иргэний үнэмлэх солигдох үеэр үрчлэгдсэн болохоо мэдсэн. Би өөрийгөө Ц.Энхтөр, Н.Цэрэннадмид нарын төрсөн охин л гэж боддог байсан. Ингээд иргэний бүртгэлд хандсан. Иргэний бүргэл 2005 онд миний овгийг Энхтөр болгож сольж өгөхөөр нь болчихлоо л гэж бодож байсан юм. Саяхан охин маань гадагшаа сургуульд явах болж батлан даагч хэрэг болоод Н.Цэрэннадмид нь эмээгийн зүгээс батлан даах гэтэл намайг өдий зэрэгтээ өсгөж хүн болгосон ээж маань надад ямар ч хамааралгүй болчихлоо. Улсын бүртгэлийн бүх лавлагаа Даваажавын Өнөрцэцэг гэж гараад байгаа юм.  

Миний хувьд 1978 оноос хойш эцэг Ц.Энхтөр, Н.Цэрэннадмид нар дээр өсөж өдий болтол хамт амьдарсан.  Өргөж авсан аав маань 1999 онд өөд болсон. 

Иймд намайг эцэг Ц.Энхтөр, ээж Н.Цэрэннадмид нарт 1978 онд үрчлэгдсэн болохыг тогтоож өгнө үү! гэжээ. 

Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж  

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Өнөрцэцэг нь 1978 онд Ц.Энхтөр, Н.Цэрэннадмид нарт үрчлэгдсэн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Э.Өнөрцэцэг нь Ц.Энхтөр болон Н.Цэрэннадмид нарт 1978 онд үрчлэгдсэн болох нь гэрч Н.Цэрэннадмид, Ш.Мягмархүү, Ш.Лхагва-Очир, Ш.Эрдэнэбаатар нарын тодорхойлолт, төрсний гэрчилгээ /Г-22 дугаартай/, овог өөрчилснийг бүртгэсэн гэрчилгээ /Г-130 дугаартай/-ний хуулбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

            Э.Өнөрцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.  

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1 дэх хэсэгт зааснаар овогт Тайж овогт Энхтөрийн Өнөрцэцэгийг 1978 онд Артойлбо овогт Цэрэндоржийн Энхтөр, Боржигон овогт Нарангийн Цэрэннадмид нарт үрчлэгдсэн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Э.Өнөрцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон  зохигч  энэ  хуулийн 119.3 дахь хэсэгт заасан  хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар  мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцох болохыг  анхааруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХЗУЛ