Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 101

 

*******-д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 723 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1338 дугаар магадлалтай, ******* холбогдох 1903014270062 дугаартай хэргийг хохирогч*******, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүгдэгч болон иргэний хариуцагч Х.С нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Вьетнам Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Бүгд найрамдах Вьетнам улсад төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, будагчин мэргэжилтэй, Нарны гүүрний зүүн талд байрлах автомашин засварын газар засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хороолол 53/9 дүгээр байрны 111 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Нго Куанг Тоаныг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, иргэний хариуцагч Х.С нараас нийт 9,244,000 төгрөгийг гаргуулж хохирогч*******т олгуулах,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ш.С-н нэхэмжлэлийн шаардлагаас 1,323,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй...” гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар...” гэсэн хэсгийг “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж, хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч*******, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нар нь хамтран гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, таслан сэргийлэх арга хэмжээг хуульд заасны дагуу аваагүй, шүүхийн уншиж сонсгосон шийдвэр бичгэн хэлбэрээр хэвлэгдэн гарахдаа зөрүүтэй байгаа гэсэн үндэслэлүүдээр уг гомдлыг гаргаж байна. Шүүхээс хохирогчид далны холбогч эдийн урагдлыг нөхөн сэргээх, нүдний ухархайн хугарлыг нөхөн сэргээх хагалгааны төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд эрүүл мэндээ нөхөн сэргээх боломжтой болж байгаад хохирогчийн зүгээс баяртай байна.

Гэвч шүүхүүд өмгөөллийн зардал, оношлогооны зардал, бензиний зардал болох хохирогчоос бодитоор гарсан 1,343,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шийтгэх тогтоолыг уншиж танилцуулахдаа иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийн “...өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг болон яллах дүгнэлт үйлдэгдэж хэрэг шүүхэд шилжсэнээс хойш гарсан эмчилгээ оношлогооны зардал болох 343,400 төгрөг нийт 1,343,400 төгрөгийг шийдвэрлэхгүй орхилоо. Цаашид гарах зардлын хамт иргэний журмаар нэхэмжпэх эрх нээлттэй болохыг” танилцуулсан бөгөөд танхимд байгаа бүх хүн сонсож ойлгосон. Давж заалдах шатны шүүх хурал дээр энэ талаар хяналтын прокурор Н.Уранбайгаль мөн “анхан шатны шүүгч оношлогооны зардал өмгөөллийн хөлсийг хэлэлцэхгүй орхиж, жич иргэний журмаар нэхэмжлэхээр нээлттэй орхилоо гэж уншсан боловч шийтгэх тогтоол хэвлэн гаргаж албажуулахдаа дээрхээс өөрөөр бичсэн байна” гэж батлан мэдүүлсэн.

Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс болон бусад зардалд нэхэмжилсэн 1,343,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж уншиж сонсгосноос зөрүүтэй бичсэн байна. Анхан шатны шүүхэд хандан тэмдэглэлийг засварлуулах дахин сонсох хүсэлт гаргасан боловч огт шийдвэрлээгүй болно. Тус иргэний нэхэмжлэлийн өмгөөллийн хөлс болон яллах дүгнэлт үйлдэгдэж хэрэг шүүхэд шилжсэнээс хойш гарсан эмчилгээ оношлогооны зардал болох нийт 1,343,400 төгрөгийг шийдвэрлэхгүй орхисон тул тогтоол танилцуулахдаа үндэслэл дурдаагүй билээ. Гэтэл шийтгэх тогтоолыг албажуулахдаа “хэрэгсэхгүй болгож” гэж бичиж эрх зүйн өөр үр дагавар бүхий ноцтой алдаа гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг залруулах хүсэлт гаргасан боловч бидэнд бичгээр хариу өгөөгүй болно.

Давж заалдах шатны шүүх шатахууны зардал, өмгөөллийн зардал хохиролд тооцохгүй гэсэн боловч тус 1,343,400 төгрөгийн зардалд Орбита, Солонго, Монгол хюндай эмнэлгүүдэд үзүүлж эмчилгээ хагалгаа хийлгэх боломжтой эсэхийг оношлуулсан зардлын баримт байгааг үнэлж үзээгүй орхигдуулсан. Уг осол гараагүй бол хохирогч Ш.С-ийн эрүүл мэнд сарниж хөдөлмөрийн чадвараа түр хугацаанд алдахгүй, хохирол төлбөр нэхэмжлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, ослын мэдээлэл тогтоолгохоор сургуулийн захиргаа мэргэжлийн хяналтын байгууллагад хандахгүй, тэтгэмж гаргуулах зэргээр хууль зүйн туслалцаа авах шаардлага гарахгүй байсан. Одоогоор эрүүл мэнд хэвийн байдалд ороогүй бөгөөд цаашид хүндрэл гарахыг үгүйсгэхгүй нөхцөл байдалд байна. Шүүгдэгч болон иргэний хариуцагчид осол болсны дараа Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж толгойн хаван дарах бие тогтворжуулах эмчилгээ хийлгэсэн зардлыг төлсөн болохоос нүдний ухархай далны лабромын гол гэмтлүүдийг оношлох эмчлэх зардлыг төлөөгүй. Тус 343,400 төгрөгийг нүдний болон далны оношлогоо үзлэг хийлгэхэд зарцуулсан, нааш цааш автомашинаараа зорчсон бензинд зарцуулсан ба бүгд е-баримттай билээ.

Осол гарсантай шалтгаант холбоотойгоор хохирогчоос нэмэлт зардлууд зайлшгүй гарсан нь дээрх оношлогооны зардал, шатахууны зардал, өмгөөлөгчийн зардал юм. Энэ нь Иргэний хуулийн 497.1, 505.1, 228, 229 дугаар зүйлд заасан гэм хор түүнийг арилгах хуулийн хүрээнд хамаарах бүрэн боломжтой юм. Иргэний хариуцагч нь Иргэний хуулийн 499.1 дүгээр зүйлд зааснаар дээрх эд хөрөнгөнд учирсан хохирол, зайлшгүй гарсан зардлыг төлөх үүрэгтэй. Шүүгдэгч, иргэний хариуцагчийн зүгээс хамт эмнэлэг явж, хагалгаа хийлгэх боломжит эмнэлэг хайх оролдлого огт хийгээгүй, одоо болтол хагалгааны төлбөрийг төлөөгүй байгаа. Хохирогч Ш.С нь одоогоор тэтгэвэрт байгаа бөгөөд хагалгаа хийлгэх мөнгөгүйгээс эрүүл мэндээ нөхөн сэргээж авч чадаагүй, нүдний суулт өдөр өдөрт нэмэгдэж, гараа мөрнөөсөө дээш өргөхөд зовиуртай байгаа.

Нэгэнт анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрээ залруулаагүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, чухам яагаад дээрх баримтаар тогтоогдох зардлыг хэрэгсэхгүй болгосон тухай үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.8.1.7, Иргэний хуулийн 497.1, 499.1, 505.1, 510 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байгаа тул өмгөөллийн зардал болон төлөгдөөгүй байгаа эмчилгээ оношлогооны зардал, шатахууны зардал нийт 1,343,400 төгрөгийг Иргэний хуулийн 497. 499, 505, 510 дугаар зүйл заасны дагуу гаргуулах эсвэл иргэний журмаар нэхэмжлэхээр нээлттэй үлдээж өгнө үү.

Давж заалдах шатны шүүх “Шүүгдэгч*******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн тул хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд тооцогдохыг дурдаж байна” гэсэн нь ойлгомжгүй байна. Шүүгдэгчийн шүүхэд өгсөн тайлбар болон холбогдох баримтаар түүний Монголд оршин суух хугацаа нь 2020 оны 12 сард дуусч байгаа бөгөөд хохирол төлбөр барагдуулаагүй, шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй байна. Шүүгдэгчийн дээрх нөхцөл байдал нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1, 34.2.2 дах хэсэгт заасан Монгол улсаас гарах, гарахыг түдгэлзүүлэх нөхцөл байдалд хамаарч байх тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн улсын хилээр гарахыг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11 дэх хэсэгт зааснаар Монгол улсын хууль тогтоомж зөрчиж эрүүгийн хариуцлага хүлээсэн гадаадын иргэнийг албадан гаргадаг бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийг албадан гаргах нь тодорхой байна. Үүнд хохирол төлбөр төлсөн эсэх нь хамаарахгүй бөгөөд гагцхүү шүүхээс л хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой тул хуулийн хэрэгжилтийг хангаж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дагуу хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хохирлын тооцоололд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүгдэгч болон иргэний хариуцагч Х.С нар хяналтын шатны шүүхэд “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир энэхүү гомдлыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс тус шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн буюу дээрх гэмтлийн улмаас “Эм Би Жи" Гэмтэл согогийн эмнэлгийн хохирогч Ш.С-ийн баруун нүдний ухархайн хугаралд хагалгаа хийхэд 4,391,000 төгрөг төлбөртэй тухай нэхэмжлэх, “Мөнгөн гүүр” эмнэлэгт хохирогчийн баруун мөрний үеийн нээлттэй хагалгаа хийхэд 4,833,000 төгрөгийн төлбөртэй тухай нэхэмжлэх гаргаж өгсөн боловч ямар нэг хагалгаа хийлгээгүй болох нь уг баримтаар нотлогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх баримтыг зайлшгүй хохирол гэж шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-т “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно" гэж хуульчлан заасан. Мөн хэрэгт авагдсан Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн 3.4-т “Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэсэн байтал шүүхээс эмч, шинжээч эмчийн дүгнэлтгүйгээр хувийн эмнэлгийн баримтыг үндэслэн 9,244,000 төгрөг гаргуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд хохирогчийн нэхэмжилсэн 9,244,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хамтран гаргажээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл хэлсэн саналдааТус ослын улмаас миний үйлчлүүлэгч Ш.С-ийн баруун нүдний ухархайд 1 см цөмрөл үүссэн ба цаашид нүд ширгээх эмгэгтэй. Харин далны лабромын урагдалын улмаас гараа дээш өргөж чадахгүй байдалтай байгаа.******* нь тэтгэвэрт гарсны дараа сургуультайгаа гэрээ байгуулж, үргэлжлүүлэн ажиллаж байсан ба ажилдаа явах замдаа осолд орсон. Улмаар эрх зүйн туслалцаа авах шаардлагатай болж надад хандсан бөгөөд өмгөөллийн үйл ажиллагааны зардалд 1,000,000 төгрөг гарсан. Мөн ослын мэдээлэл тогтоох ажиллагаанд алдаа гарсан, цалин хөлсийг дутуу олгосон үйлдлийг эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үед залруулсан. Осолд орсны дараа Мөнгөн гүүр эмнэлэгт хийлгэсэн тогтворжуулах эмчилгээний төлбөрийг шүүгдэгч төлсөн. Харин нүдний ухархай, далны лабромын урагдал гэмтлийг оношлох, эмчлүүлэх зардлуудыг төлөөгүй. Миний үйлчлүүлэгч тэтгэврийн насны хүн бөгөөд ковидын нөхцөл байдлаас шалтгаалж сургууль нь гэрээгээ үргэлжлүүлээгүй, тэтгэврийн мөнгөөрөө амьжиргаа залгуулж яваа. 343,400 төгрөг бол нүдний ухархай, далны лабромын гэмтлийг оношлуулахтай холбогдож гарсан зардал бөгөөд өмгөөлөгчид төлсөн хөлс банкны баримтаар нотлогдоно. Дээрх зардлууд нь тухайн осолтой шууд шалтгаант холбоотой. Харин иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч нартай сайн дураар гэрээ байгуулж, маргаан үүсгэсэн бол шүүхийн тайлбар үндэслэлтэй байх боломжтой. Гэтэл тухайн зардлууд нь осолтой шууд шалтгаант холбоотой бөгөөд нүдний хагалгааны төлбөрийг Цагаан сарын өмнө төлсөн, бусад зардлыг одоо болтол төлөөгүй. Шүүхээс нүд болон далны хагалгааны зардлыг урьдчилан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасантай нийцсэн. Гэвч өмгөөлөгчийн хөлс, оношлогооны зардал болох 1,343,400 төгрөгийг гаргуулаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Иргэний хуулийн холбо гдох заалтуудтай нийцэхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд эдгээр зардлуудыг нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон байдлаар орхисон боловч шийтгэх тогтоол албажиж гарахдаа хэрэгсэхгүй болгосон байсан. Бид энэ асуудлаар гомдол гаргасан боловч залруулах арга хэмжээ аваагүй, хариу ирүүлээгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг залруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Вьетнам улсын иргэн ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна. Шүүгдэгч нь гэм бурууд маргадаггүй бөгөөд шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, цаашид гарах хохирол, төлбөрийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад өмгөөллийн хөлс болон оношлогооны зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар дурдагдсан бөгөөд шүүхийн ажиллагаа бичлэг хэлбэрээр байхгүй учир уншиж сонсгосон шүүхийн шийдвэр зөрүүтэй талаар дүгнэлт хэлэх боломжгүй байна. Харин хяналтын шатны шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хохирогч Ш.С, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүгдэгч болон иргэний хариуцагч Х.С нарын гаргасан гомдлыг үндэслэн *******-д холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

******* нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Өгөөж” ХХК-ийн баруун урд замын уулзварт “Mitsubishi Lancer” маркын 56-62 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.         

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гаргасан зөрчил нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэж дүгнэн, түүний уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Нго Куанг Тоан /*******/ оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосон өөрчлөлтийг оруулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр”-тэй холбоотой асуудлаар гаргасан гомдлуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хохирогч Ш.С-ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн 492 дугаартай дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдсоноос гадна анхан шатны шүүх хохирогчийн баруун нүдний хугарал, баруун мөрний үед хагалгаа хийлгэх тухай “Эм Би Жи”, “Мөнгөн гүүр” эмнэлгүүдийн нэхэмжлэх зэрэг мэс заслын талаарх төлбөрийн баримтуудыг үндэслэн иргэний хариуцагч, шүүгдэгч нараас 9,244,000 төгрөгийг урьдчилан гаргуулж шийдвэрлэсэн нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй авах зайлшгүй шаардлагад нийцсэнээс гадна баримтаар нотлогдсон зардлыг урьдчилан гаргуулахыг хуулиар хориглоогүй байх тул шүүгдэгч болон иргэний хариуцагч нарын энэ зардлыг эмчилгээ, үйлчилгээ авсны дараа гаргуулах тухай гомдлыг хүлээж авахаас татгалзав.

Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “өмгөөллийн хөлс, оношлогооны зардал болох 1,343,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах” агуулга бүхий гомдлын тухайд хэдийгээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс улбаатайгаар хохирогч өөрийн эд хөрөнгөөс уг зардлыг гаргасан боловч шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүйгээр буюу өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх тул хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс болон бусад зардалд нэхэмжилсэн 1,343,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.                                            

Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Ш.С, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүгдэгч, иргэний хариуцагч Х.С нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 723 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1338 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Ш.С, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүгдэгч, иргэний хариуцагч Х.С нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                       С.БАТДЭЛГЭР

     Ч.ХОСБАЯР

                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН