Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 29

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2016/0026/З

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа би: “Ресурс минком” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох, улсын байцаагч С.Амгаланбаатарын 22/04//016/36 тоот актыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хэлэлцэхээр шүүх хуралдааныг нээв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Ресурс минком” ХХК-ийн захирал Т.Саруул, хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Амгаланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Ресурс минком” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулууны баталсан удирдамжийн дагуу явагдсан шалгалтын явцад 2016.09.03-ны өдөр Хэнтий аймгийн МХГ-ын улсын байцаагч С.Амгаланбаатар нь 22/04/016/36 тоот актаар манай компанийн Батноров сумын нутагт байрлах жонш баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Байцаагч С.Амгаланбаатар нь “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10.9.7 дугаар заалтын үндэслэлээр Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний хугацаа дууссан ба 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй гэсэн хоёр үндэслэлээр манай үйлдвэрийг хаасныг бид үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулинд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь ямар нэгэн хугацаатай байх, 5 жилийн дараа үнэлгээнд нэмэлт тодотгол хийх ёстой талаар ямар нэгэн зүйл заалт байхгүй. Иймээс манай үйлдвэрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь хүчинтэй гэж үзнэ.

2. Манай үйлдвэрийн 2016 оны менежментийн төлөвлөгөө нь батлагдаагүй нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 19.1.3-т үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох бус тусгай зөвшөөрөл хурааж авах, торгох санкци заасан байгаа. Иймээс улсын байцаагч хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

3. Улсын байцаагч С.Амгаланбаатар нь манай үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохдоо Мэргэжлийн хяналтын байгууллага, түүний бүрэн эрхийг заасан “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10.9.7-г үндэслэн шийдвэрээ гаргасан билээ. Тэгтэл уг заалт нь “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон....” гэж байгаа ба С.Амгаланбаатар нь манай үйлдвэрийг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулаагүй, учруулж болохыг нотолсон байх ёстой.

Иймд дээрхийг үндэслэн, улсын байцаагч С.Амгаланбаатар нь хууль зөрчиж, манай компанийн жонш баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон гэж үзэж байгаа тул Хэнтий аймгийн МХГ-ын улсын байцаагч С.Амгаланбаатарын 2014.09.14-ний өдрийн 22/04/016/36 тоот актыг хүчингүй болгоно уу

” гэжээ.

            Нэхэмжлэгч “Ресурс минком” ХХК-ийн захирал Т.Саруул шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.Амгаланбаатар нь манай компанийн жонш баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон актаа цуцалж, үйл ажиллагааг сэргээн явуулахыг зөвшөөрсөн. Иймээс шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

            Гэхдээ манай үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон нь хор хохиролтой байсан ба энэ талаарх тооцоог одоогоор гаргаагүй байна. Хохиролтой холбоотой асуудлаа  иргэний хэргийн шүүхээр жич шийдвэрлүүлнэ” гэв.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Амгаланбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....1. Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулууны баталсан удирдамжаар тус аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, Усны дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулсан эсэх, ус ашиглах тухай гэрээ байгуулж зөвшөөрөл авсан эсэх, усны тоолуур суурьлуулсан эсэх зэрэг асуудлуудыг чиглэл болгон хяналт шалгалтын ажлыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Хэрлэн голын сав газрын захиргаа зэрэг байгууллагуудтай хамтран явуулсан болно.

2. Хяналт шалгалтын ажлыг “Ресурс минком” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрт 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр явуулахад зохих зөвшөөрлийн баримт бичгүүд байгаагүй ба баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явагдаж байсан болно.

3. ”Ресурс минком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Саруултай утсаар ярьж зохих бичиг баримтуудыг авчирч шалгуул гэж мэдэгдсэн боловч 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Ресурс минком” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд “Грийнтрэндс” ХХК-иар нэмэлт тодотгол хийлгэж байгаа гэсэн гэрээ авчирч үзүүлсэн ба БОНБҮ-ний хугацаа 3-р сард дууссан гэж өөрөө хэлсэн мөн 2016 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, усны дүгнэлт, гэрээ байхгүй ажиллаж байсан болно. Иймд хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтад заасан бүрэн эрхийн дагуу улсын байцаагчийн 22/04/016/36 дугаартай актаар “Ресурс минком” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон болно.

4. ”Ресурс минком” ХХК нь улсын байцаагчийн актыг үндэслэлгүй гэж үзэн аймгийн Прокурорын газар, МХЕГ-т гомдол гаргаж байсан ба МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбатын 2016.10.03-ны өдрийн 2/2650 тоот болон 15 хуудас хавсралт материалтайгаар, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Цэен-Ойдовын 2016.10.13-ны өдрийн 5/32 дугаартай тогтоолоор улсын байцаагчийн 22/04/016/36 дугаартай актыг үндэслэлгүй байна гэсэн шийдвэр ирээгүй ба актыг хэвээр үлдээсүгэй гээд “Ресурс минком” ХХК-ийг Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах нь зүйтэй байна гэж мэдэгдсэн байдаг.

5. ”Ресурс минком” ХХК-ийн зүгээс аймгийн Мэргэжпийн хяналтын газарт 2016.09.19-ний өдрийн 1/147, 2016.10.26-ны өдрийн 1/177 тоот албан бичгүүдээр улсын байцаагчийн актыг сэргээж өгч баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх талаар хүсэлт ирсэн ба мөн аймгийн Засаг дарга, МХЕГ-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд зэрэг албан тушаалтнуудад давхар хүсэлт гаргаж байсан байна.

6. Дээрхи хүсэлт, албан бичгүүдийг үндэслэл болгон улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22/04/016/40 дугаартай актаар /“Ресурс минком” ХХК-ны баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон улсын байцаагчийн 22/04/016/36 дугаартай актыг цуцалж/, сэргээсэн болно” гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Амгаланбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч “Ресурс минком” ХХК-ийн манай байгууллагад гаргасан удаа дараагийн хүсэлтийг үндэслэн, компанийн үйл ажиллагааг түр зогсоосон актаа цуцалсан. Тус компани нь хохирлын асуудал тавьбал, үйл ажиллагааг нь түр зогсоосон актынхаа үндэслэл, зөрчил дутагдлынх нь талаар тайлбарлах болно” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ресурс минком” ХХК нь тус шүүхэд Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай” 22/04/016/36 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч “Ресурс минком” ХХК нь улсын байцаагчийн уг актын талаарх гомдлоо Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Мэргэжлийн  хяналтын ерөнхий газарт тавьж, зохих хариу авсан байх тул захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Амгаланбаатар нь нэхэмжлэгч “Ресурс минком” ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон шийдвэр болох 22/04/016/36 тоот актаа  2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22/04/016/40 тоот актаар цуцалсан байна. Энэ нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон уг тайлбарт хавсарган ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан, “улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 22/04/016/36 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага  ийнхүү биелэгдсэн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно. 

Хариуцагч  Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Амгаланбаатар нь нэхэмжлэгч “Ресурс минком” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хуралдааны хэрэг хэлэлцэж эхлэх үе шатанд шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргах нь зүйтэй байна. 

Энэ нь өөр асуудлаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 22/04/016/36 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Ресурс минком” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Амгаланбаатар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ресурс минком” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.БАЛЖМАА