Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1406

 

Э.Анхбаярын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/04298 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Анхбаярын

Хариуцагч Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

           

2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 9223 дугаар шийдвэрийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогтохмаагийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогтохмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Анхбаяр нь С.Батдоржтой харилцан тохиролцож 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 300 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан барьцаанд нь 000137276 дугаартай, Ү-2207002859 эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Тэсийн хурд” ХХК-ийн 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл дугаар МҮ-017036, Гавжийн шанд нэртэй 122,48 гектар талбайтай 9011067101 тоот гэрчилгээ, “Тэсийн хурд” ХХК-ийн 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл дугаар МҮ-017035 Алтан-Элс-1 нэртэй 25,33 гектар талбайтай 9011067101 тоот гэрчилгээг дагалдах бичгийн хамт тус тус тавьсан болно. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн банк, ББСБ барьцаалах эрхтэй байна. Гэтэл С.Батдорж дээрх тусгай зөвшөөрлүүдийг барьцаалан зээлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна. Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба нь 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 923 тоот гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж “Мөнх-Оргил трейд” ХХК-иар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл үнэлүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 96 дугаар шинжээч томилуулах тухай тогтоол гаргасан. Үүний дагуу “Мөнх-Оргил трейд” ХХК нь хариу мэдэгдэхдээ уг үнэлгээг хийхэд зайлшгүй шаардлагатай ашигт малтмалын ордын нөөц баталсан Ашигт малтмалын газрын даргын тушаал, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлын дүгнэлт, МҮ017035, МҮ017036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу тухайн ордуудыг ашиглах ТЭЗҮ, ордыг ашигласан уулын ажлын 2012, 2013, 2014 оны тайлан, нөөцийн хөдөлгөөн зэрэг мэдээллийг гаргаж өгөхийг хүсч Ашигт малтмалын газарт хандсан боловч МҮ017036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Гавжийн шандад байршилтай тоосгоны шаврын ордын нөөц тогтоосон протокол хоёроос өөр хариу олдохгүй байна гэсэн хариу хүргүүлсэн. Дээрх ордуудтай холбоотой хангалттай мэдээлэл олдохгүй байгаагаас зах зээлийн үнэлгээг тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн байхад Шийдвэр гүйцэтгэх алба “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж хэтэрхий бага үнэлгээ хийсэн. Үнэлгээг хийхэд хангалттай баримт бичиг бүрдээгүй байхад хүчээр хийлгэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Одоог хүртэл үнэлгээн дээр маргаантай байхад дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь үндсэн хуулиар хамгаалагдсан төлбөр төлөгчийн өмчлөх эрхэд ноцтой халдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдахгүй байгаа тул 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 9223 тоот гүйцэтгэх хуудасны дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 995 дугаар шүүгчийн захирамжаар Э.Анхбаяраас 476 406 000 төгрөг гаргуулж С.Батдоржид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Э.Анхбаярт удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөр барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Гавжийн шандад байрлалтай 122.48 га талбай бүхий уурхайн талбай MV-017036 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй тоосгоны үйлдвэр, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Алтан элс-1 байрлалтай 25.33 га талбай бүхий уурхайн талбай MV-017035 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрыг тус тус битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгэт заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал өгөх мэдэгдлийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн, үнийн санал өгөхийг удаа дараа албан бичгээр шаардахад үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч С.Батдорж нь шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан тул 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 106, 107 тоот тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Алтан Элс-1 байрлалтай 25,33 га талбай бүхий уурхайн талбай MV-017035 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газар эзэмших эрхийн үнэ 84 200 000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө 135 816 600 төгрөг, тоног төхөөрөмжийн үнэ 54 250 000 төгрөг, нийт 274 266 600 төгрөг, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Гавжийн шандад байрлалтай 122,48 га талбай бүхий уурхайн талбай MV-017036 ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй тоосгоны үйлдвэрийг 336 757 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн. Шинжээчийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Э.Анхбаярт 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Гавжийн шандад байрлалтай 122,48 га талбай бүхий уурхайн талбай MV-017036 ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй тоосгоны үйлдвэрийг шинжээчийн тогтоосон үнэ болох 336 757 800 төгрөгийн 70 хувь буюу 235 730 460 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Алтан-Элс-1 байрлалтай 25,33 га талбай бүхий уурхайн талбай MV-017035, дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газар эзэмших эрхийн үнэ 84 200 000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө 135 816 600 төгрөг, тоног төхөөрөмжийн үнэ 54 250 000 шинжээчийн тогтоосон үнэ /үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ/ болох нийт 274 266 600 төгрөгийн 70 хувь болох буюу 191 986 620 төгрөгөөр тус тус 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Төлбөр төлөгч Э.Анхбаяр нь ажиллагаа явагдаж эхэлснээс өнөөдрийг хүртэл жил гаруй хугацаанд нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй бөгөөд оршин суугаа хаяг, утасны дугаараа солих, дуудсан цагт элдвээр шалтаглан ирдэггүй, барьцаа хөрөнгөд үнийн саналаа өгөхөөс татгалзах зэргээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ихээхэн хүндрэл саад учруулж төлбөр төлөхөөс зайлсхийж ирсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байхад төлбөр төлөгч Э.Анхбаяр нь 2016 оны 01 дүгээр сард шинжээчийн гаргасан үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацааг зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зориудаар удаашруулж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 995 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Э.Анхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07508 дугаар захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогтохмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шийдвэр гүйцэтгэх алба нь 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 923 тоот шийдвэр гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж "Мөнх Оргил Трэйд" ХХК-иар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл үнэлүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 96 дугаар шинжээч томилуулах тухай тогтоол гаргасан. Үүний дагуу "Мөнх Оргил Трэйд" ХХК нь хариу мэдэгдэхдээ...МҮ017036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Гавжийн шандад байршилтай тоосгоны шаврын ордын нөөц тогтоосон тогтоол, протокол хоёроос өөр хариу олдохгүй байна гэсэн хариу хүргүүлсэн. Иймд дээрх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ордуудтай холбоотой хангалттай мэдээлэл олдохгүй байгаагаас шалтгаалан зах зээлийн үнэлгээг тогтоох боломжгүй" гэсэн хариу өгсөн. Гэтэл Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба өөр газрыг /"Хөрөнгийн үнэлгээнйй төв" ХХК/ томилж үнэлгээг хийлгэсэн бөгөөд Э.Анхбаяр нь уг үнэлгээг хүлээн зөвшөөрдөггүй, өнөөг хүртэл маргаантай байдаг. Үнэлгээг хийхэд хангалттай баримт бичиг бүрдээгүй байхад үнэлгээг хүчээр хийлгэсэн, төлбөр төлөгч үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй, одоог хүртэл энэ асуудал маргаантай байхад албадан дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь үндсэн хуулиар хамгаалагдсан Э.Анхбаярын өмчлөх эрхэд ноцтой халдаж байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчсөн байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчсөн байдлаар явуулж байна гэж үзэж анхан шатны шүүхэд хандсан. Гэтэл шүүхээс Э.Анхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтооосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Э.Анхбаяр нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 9223 дугаар шийдвэр гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 995 дугаар шүүгчийн захирамжаар, С.Батдоржийн нэхэмжлэлтэй С.Анхбаярт холбогдох хэргийн зохигчид 2014 оны 7 дугаар сарын 15-ны дотор 476 406 000 төгрөгийг төлөх, барьцаа хөрөнгө болох ...МҮ-017036, 017035 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 9011067101 тоот нэр бүхий 2 газрын гэрчилгээ, “Тэсийн хурд” ХХК-ийн гэрчилгээнүүдийг дагалдах бичгийн хамт дээрхи төлбөрийг төлж дуусгамагц  хүлээлгэн өгөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 995 дугаар шүүгчийн захирамжийн дагуу олгогдсон 923 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхэлжээ /хх 83/.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагчаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Гавжийн шанд нэртэй 122,48 гектар талбайтай, МҮ-017036 дугаар тусгай зөвшөөрөлтэй тоосгоны үйлдвэр, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах Алтан элс-1 нэртэй, 25,33 гектар талбайтай, МҮ-017035 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрыг тус тус битүүмжлэн, эд хөрөнгийг хураан авах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан /хх 41-45/ ба эдгээр ажиллагааны талаар төлбөр төлөгчөөс хуульд заасны дагуу гомдол гаргаагүй байна.

 

          Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Гавжийн шанд нэртэй 122,48 гектар талбайтай, МҮ-017036 дугаар тусгай зөвшөөрөлтэй тоосгоны үйлдвэр, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах Алтан элс-1 нэртэй, 25,33 гектар талбайтай, МҮ-017035 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрыг үнэлүүлэхээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 96 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон боловч шинжээч нь ...ашиглалтын зөвшөөрөлтэй ордуудтай холбоотой мэдээлэл олдохгүй байгаагаас зах зээлийн үнэлгээг тогтоох боломжгүй гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлт ирүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр хариуцагчаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон /хх 46-47/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасантай нийцжээ.

 

“Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан талаархи шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Мөн шийдвэр гүйцэтгэлийн албанаас барьцаалагдсан дээрх хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журмын дагуу явуулж, төлбөр төлөгч Э.Анхбаярт үнийн санал авах тухай мэдэгдлийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3/2453 тоот албан бичгээр шуудангаар хүргүүлсэн нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд үнийн санал аваагүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай “2/76 дугаар тогтоолоор ...тоосгоны үйлдвэр буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрыг   шинжээчийн тогтоосон үнийн 70 % буюу 235 730 460 төгрөг, 191 986 620 төгрөгөөр анхны  дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тус тус тогтоон, албадан дуудлага худалдаа эхлэхээс өмнө 14 хоногийн өмнө 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Өнөөдөр сонин”-д мэдээлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/04298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогтохмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Анхбаяраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

                                             ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                      Д.БАЙГАЛМАА