Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/00873

 

“Гурван сайхан хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00238 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 835 дугаар магадлалтай,

“Гурван сайхан хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Дорнод Монгол полимет” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 144.886.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгондаваа, өмгөөлөгч Б.Борхүү, хариуцагчийн төлөөлөгч Д.Майцэцэг, өмгөөлөгч Г.Тунгалаг нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Гурван сайхан хайрхан” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Тус компани нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт “Дорнод Монгол полимет” ХХК-ийн захиалгаар зоогийн газар, худалдаа үйлчилгээний төвийн зориулалттай 1188 м.кв талбайтай барилгын ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эхлэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн. Барилгын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр захиалагч талын хүсэлтээр зогсоосон. Тус барилгын ажил явагдаж байх хугацаанд “Дорнод Монгол полимет” ХХК-ийн зүгээс барилгын ажлын санхүүжилтэд нийт 170.910.000 төгрөгийг өгсөн бөгөөд уг мөнгөөр барилгын материал авсан зардалд 124.560.000 төгрөгийг, аж ахуйн зардал болон ажилчдын цалинд 41.850.000 төгрөгийг зарцуулсан. Барилгын материал худалдаж авсан баримтыг тухайн үед “Дорнод Монгол полимет” ХХК-ийн няраваар ажиллаж байсан А.Гантуяад тоо ёсоор хүлээлгэн өгсөн. Иймд тус барилгын ажлыг гүйцэтгэхэд нийт ажлын хөлс 186.736.000 төгрөг болсон бөгөөд үүнээс аж ахуйн зардал болон ажилчдын цалинд зарцуулсан 41.850.000 төгрөгийг хасаад 144.886.000 төгрөгийг “Дорнод Монгол полимет” ХХК-иас гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Майцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын төвд худалдаа үйлчилгээний зориулалттай зоорийн 1 давхартай 2 давхар барилга барих ажлыг эхлүүлэхэд иргэн Ч.Отгондаваа нь “Гурван сайхан хайрхан” ХХК-ийн ерөнхий захирал гэж өөрийгөө бусдын компанийн нэрийг барьж, мөн барилга барих “тусгай зөвшөөрөл”-тэй гэж барилгын гүйцэтгэгчээр ажиллах болсон боловч анхнаасаа манай компанийг хууран мэхэлсэн байсан. Мөн ажилчдын цалин, ажлын гүйцэтгэлд олгосон мөнгийг Ч.Отгондаваа нь өөрийн хувийн дансандаа байршуулж зориулалтын бусаар ашиглаж хувийнхаа зээл төлбөрийг барагдуулсан. “Гурван сайхан хайрхан” ХХК нь бусдын “Барилгын зөвшөөрөл”-өөр барилга барьдаг нь нэгэнт тодорхой болсон. Мөн түүнчлэн “Гурван сайхан хайрхан” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Оюунчимэг нь тус компанийн ерөнхий захирал мөн бөгөөд компанийн дүрмийн 3,6-д Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу Б.Оюунчимэг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэжээ. Иймд ерөнхий захирал нь адилхан ерөнхий болон захирлаа томилдог тус компани хоёр захиралтай болж байгаа дүр зураг нь компанийн тухай хууль тогтоомж зөрчсөн, Ч.Отгондаваа өөрийгөө “Гурван сайхан хайрхан” ХХК-ийн ерөнхий захирал гэж “Дорнод Монгол полимет” ХХК-ийн захирал Б.Майцэцэгт итгүүлж удаа дараа нэхэмжлэл болон саналуудыг ирүүлж байсан гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00238 дугаар шийдвэрээр: Иргэний  хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6-д заасныг баримтлан “Дорнод Монгол полимет” ХХК-иас 94.271.963 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Гурван сайхан хайрхан” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50.614.037 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 882.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 629.310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 835 дугаар магадлалаар:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Дорнод Монгол полимет” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529.310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 03 сарын 31-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 835 дугаарт магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах үндэслэл бүхий гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нотлох баримтыг гарган өгсөн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар нэг зүйл заалтыг зөрчөөгүй, хууль бусаар олж аваагүй, хэн нэгний эрхийг хөндөөгүй, шаардлага хангасан баримт юм. Учир нь тус баримтын төрийн эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээн хүсэлт тавин авч шүүхэд гаргаж өгсөн. Тус нотлох баримтыг хариуцагч, ямар нэг байдлаар хууль бус, үндэслэлгүй, ийм баримт, буюу шинжээчийн дүгнэлт байхгүй, хийгдээгүй гэж маргаагүй, харин ажил гүйцэтгэсэн мөнгийг өгөхгүй гэж маргасан ба тус нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангасан байхаар шүүх буруу дүгнэлт гаргасан.

Манай зүгээс гаргаж өгсөн нотлох баримтыг хариуцагчийн зүгээс, хасуулах, шүүхээс шинжээч томилуулах зэрэг тодорхой ажиллагааг хийгээгүй, тус шинжээчийн дүгнэлт гэх баримтын талаар нэхэмжлэгч хариуцагч нар худал үнэн гэж маргаагүй, хариуцагчийн зүгээс ажлаа хийлгэсэн эсэх дээр маргаагүй, хөлс төлөх эсэх дээр маргасан, зэргээс хархад анхан шатны шүүх хэн нэгний эрхийг тайлбарлан таниулж өгөөгүй зүйл байхгүй байхад эсрэг дүгнэлт хийсэн явдалд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хугацаа хэтэрсэн гомдлыг авч хэлэлцсэн явдалд гомдолтой байна. Учир нь Анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 01 сарын 17-ны өдөр гарсан талууд шүүхийн шийдвэрийг гардаж аваад 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан боловч хариуцагч тус хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх хугацаа хэтэрсэн гомдлыг хууль зөрчин шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Иймд 2017 оны 03 сарын 31-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 835 дугаар магадлалыг хүчингүй болгож, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны  шүүх “...шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангаагүй” гэх үндэслэлийг магадлалд дурджээ.

Булган аймгийн Цагдаагийн хэлтэс 201606000018 тоот эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулжээ. Тус төв нэхэмжлэгчийн хүсэлтээр дээрх  дүгнэлтийг шүүхэд ирүүлэхдээ өөрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг даржээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан, шинжээчийн дүгнэлт дээрх шаардлагыг хангасан байхад давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт  хийж, ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Гурван сайхан хайрхан” ХХК нь хариуцагч “Дорнод монгол полимет” ХХК-с 144.886.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг  ажлын хөлс гэж тодорхойлжээ. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...20.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрнө...” гэжээ.

Нэхэмжлэгч нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт зоогийн газар, худалдаа, үйлчилгээний зориулалттай төвийн барилгыг барьж гүйцэтгэхээр хариуцагчтай харилцан тохирч, улмаар ажлаа 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн боловч хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлыг зогсоосон нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Гэрээ цуцалсанд нэхэмжлэгч буруутай болох, хариуцагч ажлын хөлс төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Зохигчид гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэг тал барилга барих, нөгөө тал хөлс төлөхөөр харилцан тохирсон байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй тул ажлыг зогсоосон хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй юм.

Харин Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д зааснаар ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Захиалагч гэрээг цуцалсан явдалд ажил гүйцэтгэгч буруутай болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн барьж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт төсөвт өртөг нь 518.115.899 төгрөг, үүнээс хариуцагчийн оруулсан зардал 381.993.936 төгрөг бөгөөд ажлын үлдэгдэл өртөг 136.121.963 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тооцож нэхэмжлэлээс 94.271.963 төгрөгийн шаардлагыг хангасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан  нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 835 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 629.310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ