Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 00219

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Д.Ренченхорол би Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо, ШЦ хотхоны 6-р байр 24 тоотод оршин суух Боржигон овогт Бадамын Номинчимэг /РД:МЗ71120825, утас:99054485/-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сум 5-р баг Түнхэл тосгон, Дэнжийн 08 тоотод оршин суух Боржигон  овогт Чинзоригийн Уянгад холбогдох 3,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Б.Номинчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2013 онд “Бумбат Мөнгөлөг” ХХК-ын захирал байсан Ч.Уянгад компаниас нь мод авахаар 5.988.000 төгрөг шилжүүлсэн ингээд модыг цувруулан авсан. “ Бумбат Мөнгөлөг “ ХХК-ын ер нь модны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Би тухайн үед Бумбат Мөнгөлөг ХХК-ын захирлаар ажиллаж байсан Ч.Уянгатай аман гэрээ хийж мод худалдан авч байсан. Ингээд ярьсаны дагуу 2013 онд дахин 3700000 төгрөг мод авахаар тохирч шилжүүлсэн боловч тухайн үед манай компани модгуй байна, модны үйл ажиллаагаа эхлээгуй байна удахгүй модыг чинь өгнө өнөө маргааш гэж ярьдаг байсан гэтэл сүүлдээ Ч.Уянга нь утсаа авахгуй чимээгүй болчихлоо. Одоо компанийн захирлаар нөхөр Ганболд нь ажиллаж бэйгаа бөгөөд Ганболдод нь хэлэхээр Уянгатай яриад учраа олчих гээд байдаг. Иймд “Бумбат Мөнгөлөг” ХХК-ын захирлаар ажиллаж байсан,одоо ня- бо-гоор нь ажиллаж байгаа Ч.Уянгаас 3.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг нь бид урьд өмнө нь мод авч, өгч наймаа хийж хамтарч ажиллаж байсан боловч сүүлийч үед мөнгө болон модыг алийг нь ч өгөхгүй 2-3 жил боллоо. Тооцоо хийе ч гэж Ганболд, Уянга хоёр надтай ирж уулзсан боловч дэвтэрээ авчирна гэж яваад эргэж уулзаагуй. “Бумбат Мөнгөлөг” ХХК нь Үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа ба Ч.Уянга нь Тунхэл тосгонд компанидаа ажлаа хийгээд байж байгаа мөртлөө мөнгөө нэхэмжлэхээр УБ хотод байгаа гээд үнэн, худал яриад байгааг анхаарна уу гэжээ. 

Нэхэмжлэгч Б.Номинчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Уянгаас 3,700,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд Уянга бид хоёр эвлэрэн ярилцаж, би 700,000 төгрөгийг нэхэмжлэлээсээ хасаж 3,000,000 төгрөгийг Уянгаас гаргуулахаар эвлэрлээ. Иймд Уянгаас 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний хувьд маргах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Уянга шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Номинчимэгийн нэхэмжилсэн 3,700,000 төгрөгнөөс 3,000,000 нь төлөхөөр болж, Б.Номинчимэг нь 700,000 төгрөгнөөсөө татгалзсан тул бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

                                             Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Б.Номинчимэг нь хариуцагч Ч.Уянгаас 3,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Номинчимэг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 700,000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Ч.Уянга нь 3,000,000 төгрөгийг төлөхөөр тохирч, зохигч талууд эвлэрсэн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбар хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Номинчимэг нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 700,000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Ч.Уянга нь 3,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Номинчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот данснаас 31475 төгрөгийг, хариуцагч Ч.Уянгаас 31475 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Б.Номинчимэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь, хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт  зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

                         

                                ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ