| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0335/Э |
| Дугаар | 339 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч Э.Гэрэлмаа,
шүүгдэгч Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 1906 0073 70379 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Б, 1989 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Иргэний нисэхийн ерөнхий газрын Дулааны станцын ковшийн оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 34-528 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулангийн задгай тоотод Ц.Гантулгатай хөзөр тоглох явцдаа маргалдан нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Ц.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б бид хоёр багын найзууд бид нар хоол идээд хөзөр тоглосон. Баяржаргалтай хөзөрнөөс болж муудалцаад бие биенийгээ заамдаж авсан. Б миний зүүн хөмсөг рүү гараараа 1 удаа цохисон чинь миний зүүн хөмсөг язарч цус гарсан. Санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-7 дүгээр хуудас/
Гэрч О.Алтаншагай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...хөзөр тоглож байхад Гантулга, Б хоёр муудалцаад барьцалдаж аваад Баяржаргал нь Гантулгын зүүн хөмсгийг гараараа нэг удаа цохиж цус гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/
Яллагдагч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би уурандаа Гантулгын зүүн хөмсөг рүү нэг удаа цохьсон нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 29-30/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1953 дугаартай дүгнэлт:
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно. /хх-ийн 15 дугаар хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /ххийн 18/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 17/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулангийн задгай тоотод Ц.Гантулгатай хөзөр тоглох явцдаа маргалдан нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ц.Гантулгын: “...Б бид хоёр багын найзууд бид нар хоол идээд хөзөр тоглосон. Баяржаргалтай хөзөрнөөс болж муудалцаад бие биенийгээ заамдаж авсан. Баяржаргал миний зүүн хөмсөг рүү гараараа 1 удаа цохисон чинь миний зүүн хөмсөг язарч цус гарсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ц.Гантулга нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүгдэгч нь торгуулийн ялыг төлөх үүрэг хүлээж байгааг тайлбарласан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР