| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0006/э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 05
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бэд холбогдох 1730000600225 эрүүгийн дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн суманд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Зүүнбаян гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 09 дүгээр сарын 17- ны өдрийн 122 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус шийтгүүлж, БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хунд ялд багтааж 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар ийтгүүлсэн,
Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 114 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн бүгд 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор 1988 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар, 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хугацаагаар хорих ялаар, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хүнд ялд бусад хөнгөн ялуудыг багтааж бүгд 8 жилийн хорих ял шийтгүүлсэн, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан С.Баатарсүхэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 7 хоногийн заримыг нь буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 5 жилийн хорих ял шийтгүүлсэн,Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах ялаас чөлөөлсөн, Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 419 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /рд:ЛЮ69081930/ Боржигон овгийн Д.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны шөнө 02 цагаас 06 цагийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн өрөөнөөс “Хуавей П-9” маркийн гар утас хулгайлж М.Бд 799.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би биедээ байнгын гуурстай. 2017.08.25-ны өглөө гуурснаас цус гоожоод байхаар нь цусаа тогтоолгох гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хойд талын хаалгаар очиход хаалттай байсан. Тэгэхээр нь түргэн тусламжийн 103 төвийн хаалгаар орсон. Ороход эмч нар нь байхгүй, үүдэнд наад талд нь нэг ах унтаж байсан. Гар утсаа наанаа тавьсан байсан. Тэгэхээр нь гар утсыг нь аваад Мын охин Хд 30,000 төгрөгөөр зарсан. Х надаас хулгайн зүйл биш биз гэхээр нь үгүй ээ, ахад нь мөнгөний хэрэг байна, ах нь 15,000 төгрөгөөр тариа хийлгэдэг юм гэсэн. Утсыг нь буцааж өгсөн. Х 30,000 надаас авахгүй гэсэн. Би гэмт хэрэг хийсэн нь үнэн, гэм буруугийн хувьд маргаан байхгүй... гэв.
- Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 05 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээр очиж шээсний сүвэндээ гуурс залгаж бие засах гэж очсон юм. Тухайн үед Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах нь засвартай гээд эмнэлгийн зүүн 3 хаалгаар орж байсан. Намайг 103 руу ороход нэг эрэгтэй хүн утсаа унтаж байгаа орныхоо толгой дээр сул тавьсан байсан.Тэгээд би уг өрөөнөөс гарахдаа утсыг хулгайлж авсан юм. Тэндээсээ Мын руу яваад охин М.Х нь гэртээ байхаар нь энэ утсыг 30.000 төгрөгөөр ав гээд Хд зарсан. Х нь манай эгч дүүсийн хүүхэд болох Бгийн охин бөгөөд Улаанбаатар хотод сурдаг
оюутан юм... гэх мэдүүлэг /хх-42-43/,
- Хохирогч М.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би аймгийн нэгдсэн эмнэлэгт жолооч ажилтай юм. 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжид жижүүрийн жолоочоор гараад 2017 оны 08 дугаар сарын 25-ны 02 цагаас 06 цагийн хооронд дуудлага гайгүй болохоор нь 103-н үүдний өрөөнд амарсан юм. Тэгээд өглөө 06 цагт сэрэхэд миний утас алга болсон байсан. Би утас алга болсон талаар цуг гарч байсан хүмүүсдээ хэлсэн. Цагдаагийн байгууллага миний гар утсыг олж өгсөн болохоор миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний гар утсыг хулгайлсан хүн өөрөө хуулийнхаа дагуу ямар хариуцлага хүлээдэг эсэхийг би
мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-18-19/,
- Гэрч О.Оын: Бид ээлжиндээ өдөр 8 цагаар, орой 16 цагаар гарч, 2 хоног амардаг юм. 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 16 цагаас би яаралтай түргэн тусламжийн диспечер бага эмчээр үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр өдөр их эмчээр А, жолоочоор М.Б, үүдний жижүүрээр О нар гарч үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр яаралтай түргэн тусламжийн өрөөнд Улаанбаатар хот руу явахаар хүзүүний гэмтэлтэй хүн хоносон юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг өнгөрөөгөөд жолооч М.Б миний гар утас байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд утас нь алдагдсан болохыг мэдсэн юм...гэх мэдүүлэг /хх-21-22/,
- Гэрч Б.Аын: 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 16 цагаас би яаралтай түргэн тусламжийн их эмчээр үүрэг гүйцэтгэсэн юм. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг өнгөрөөгөөд манай жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан М.Б миний гар утас алга болчихлоо гэж байсан. Би диспечер О.Оын хамт өрөөнд нь 00 цаг өнгөрөөгөөд дуудлага ирэхгүй болохоор нь амрахаар хэвтсэн юм. Өглөө намайг унтаж байхад жолооч М.Б утас алга болчихлоо гээд миний утаснаас өөрийнхөө дугаар руу залгахад холбогдохгүй байсан юм...гэх мэдүүлэг /хх-23-24/,
- Гэрч П.Бгийн: Манай охин М.Х Улаанбаатар хотод Орхон их сургуулийн 3-р курсийн оюутан юм. Энэ зун амралтаараа Баруун-Урт суманд гэртээ ирж амарсан. 2017 оны 08 дугаар сарын 26, 27-ны орчим Улаанбаатар хот руу явсан. Манай охин Улаанбаатар хотруу явахдаа гар утасгүй болохоор нь би өөрийнхөө гар утсыг өгч явуулсан юм. Дараа нь ярихад би аймагт байхдаа бид нар Монхор гэж дууддаг алба ёсны нэр нь Д.Б гэж манай ээжийн дүүгийнх нь хүүхдээс 30.000 төгрөгөөр утас худалдаж авсан гэж ярьсан юм. Би гар утсыг нь хараагүй. Д.Б 2017 оны 04 дүгээр сард манай гэрээр орчихоод гарсан. Тэрнээс хойш барааг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-27-28/,
- Гэрч М.Хгийн: 2017 оны 08 дугаар сарын 25 билүү 26-ны орчим ... тоотод өөрийн гэртээ ганцаараа байхад манай эмээгийн дүүгийн хүүхэд болох бид нар Монхор гэж дууддаг Д.Б ах орж ирээд манайд хоол идчихээд, хар өнгийн Хуавей маркийн гар утас гаргаж ирээд зарна гэхээр нь би өөрөө гар утасгүй байсан болохоор надад зарчих гэж хэлсэн. Тэгтэл Монхор /Д.Б/ ах 30.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Би уг гар утсыг нь 30.000 төгрөгөөр худалдаж авсанюм. Би тэр гар утсыг Улаанбаатар хотод барьж байгаад 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Сүхбаатар аймагт ирээд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хуучин үерхэж байсан найз залуу Этай уулзаад өөрийн барьж байсан хувей маркийн гар утсыг айфоне-6 маркийн цагаан өнгөтэй
гар утсаар сольж барьсан юм...гэх мэдүүлэг /хх-29-30/,
- Гэрч Э.Эы: Би 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хуучин үерхэж байсан охин М.Хгаас айфоне-6 маркийн гар утсаар сольсон юм” гэх мэдүүлэг /хх-31/,
- Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-44-45/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээний комиссын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээ /хх-46/
- Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53 /
- Д.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/,
- Ялын тооцооны справка /хх-36/
- Хоригдол хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-37/
- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 114 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-55-61/,
- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоол /хх-62-67/,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 17- ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоол /хх-68-71/,
- Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоол /хх-72-76/,
- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоол/хх- 77-80/,
-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 39 дугаартай шүүгчийн захирамж /хх-34/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны шөнийн 05 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн өрөөнөөс иргэн М.Бийн “Хуавай П-9” маркийн гар утсыг хулгайлж 799.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Д.Бийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч М.Б, гэрч О.О, Б.А, П.Б, М.Х, Э.Э нарын мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар
нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, Д.Б нь тус аймгийн нэгдсэн эмнэлэгт очихдоо яаралтай түргэн тусламжийн өрөөнд унтаж байсан хохирогч М.Бийн хажуудаа тавьсан гар утсыг авсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна. Энэ нь шүүгдэгч Д.Бийн шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн “Би биедээ байнгын гуурстай. 2017.08.25-ны өглөө гуурснаас цус гоожоод байхаар нь цусаа тогтоолгох гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хойд талын хаалгаар очиход хаалттай байсан. Тэгэхээр нь түргэн тусламжийн 103 төвийн хаалгаар орсон. Ороход эмч нар нь байхгүй, үүдэнд наад талд нь нэг ах унтаж байсан. Гар утсаа наанаа тавьсан байсан. Тэгэхээр нь гар утсыг нь аваад Мын охин Хд 30,000 төгрөгөөр зарсан. Би гэмт хэрэг хийсэн нь үнэн, гэм буруугийн хувьд маргаан байхгүй “гэх, хохирогч М.Бийн “ 2017 оны 08 дугаар сарын 25-ны 02 цагаас 06 цагийн хооронд дуудлага гайгүй болохоор нь 103-н үүдний өрөөнд амарсан юм. Тэгээд өглөө 06 цагт сэрэхэд миний утас алга болсон байсан. Би утас алга болсон талаар цуг гарч байсан хүмүүсдээ хэлсэн” гэх, гэрч М.Хгийн “ 2017 оны 08 дугаар сарын 25 билүү 26-ны орчим манай эмээгийн дүүгийн хүүхэд болох бид нар Монхор гэж дууддаг Д.Б ах орж ирээд манайд хоол идчихээд, хар өнгийн Хуавей маркийн гар утас гаргаж ирээд зарна гэхээр би уг гар утсыг нь 30.000 төгрөгөөр худалдаж авсан юм” гэх, гэрч Эы “...Би 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хуучин үерхэж байсан охин М.Хгаас “Хуавай П-9” маркийн гар утсыг айфоне-6 маркийн гар утсаар
сольсон юм” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Бийн бусдын гар утсыг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Бд учирсан гар утасны хохирол нөхөн төлөгдсөн буюу гар утас биетээр буцаан олгогдсон, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт “Цагдаагийн байгууллага миний гар утсыг олж өгсөн болохоор миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Д.Б нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 419 дүгээр нээлттэй хорих ангид эдэлж байгаа ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан уг ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь
зүйтэй байна.
Д.Б энэ хэргийн улмаас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 39 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд хоригдсон байх тул энэ хугацааг хуульд заасны дагуу эдлэх ял оруулан тооцох ба энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоолоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,
36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 6/ зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Д.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 00 сар 03 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 01 жил 06 сар 03 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Бэд оногдуулсан 01 жил 06 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Бийн цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Бэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, Д.Бээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч М.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН__