| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0007/э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2019-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 06
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Э,рдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бод холбогдох эрүүгийн 1830003200254 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сумын 8 дугаар багт түр оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн. Н.Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Яллагдагч Н.Б нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын ... тоотод өөрийн эхнэр Б.Аг хүүхдээ хуурайлсан эсэх дээрээс болж маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь “баруун хөмсгөнд өнгөц зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд зовхи, доод уруулын дотор талд цус хуралт, баруун нүдний алиманд цусан хураа, доод уруулын дотор талд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд
- Шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би шөнө хөдөөнөөс ирсэн. Өглөө үүрээр хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ хуурайлсан юм уу? Гэж асуухад хуурайлахгүй яадаг юм гэж өөдөөс уурласан. Тэгээд орон дээрээ хэвтээд “үрчийсэн хар шаар, танайхан гуйлгачин “ гэж намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь дуугүй байлдаа гээд газарт байсан бөөрөнхий хар зүйлийг авч шидсэн. Тэгсэн хөмсөгнөөс нь цус гарахаар нь эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Цагдаад хэлнэ гэхээр нь би өөрөө авч очиж, мэдүүлэг өгсөн. Бөөрөнхий хар зүйлээр цохиогүй, чулуудсан. Тэр өглөө ажил руу чинь хүргэж өгье гэхэд машиныг том чулуугаар чулуудаад байсан. Тэгэхээр нь чи надад уураа гарга, машинд уураа гаргалаа гэж нэг алгадсан. Миний гар хүрсэн нь буруу. Гэр бүлд маргаан бол байдаг. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрнө, тухайн үед гар хүрсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Эхнэрээсээ уучлал гуйсан, сая шинэ жилээ хамт тэмдэглэчихээд би Эрдэнэцагаан сумаас ирсэн...гэв.
- Яллагдагч Н.Бын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би эхнэр Б.Атай хоёр дахь жилдээ амьдарч байна. 2018 оны 10 дугаар сарын 16- ны өдөр манай эхнэр Сүхбаатар аймгийн төвд ажлаар ирсэн юм. Би өглөө 06 цагийн орчимд манай аавын гэрт эхнэр хүүхэдтэйгээ байхдаа эхнэртээ хандаж хүүхдийнхээ живхийг сольсон юмуу гэтэл манай эхнэр уурлаад намайг “үрчийж хорчийсон, үзээрийн царайлаад” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Гэнэт уур хүрээд газар байсан хар бөөрөнхий резенин зүйл байхаар нь аваад хана руу шидсэн тэгсэн эхнэрийн хөмсөгний дээр оносон байсан. Цуг эмнэлэг орж оёдол тавиулсан юм. Мөн цагдаа руу цуг очсон. Би буруу үйлдэл хийсэн гэдгээ ойлгож байна...гэх мэдүүлэг /хх-24-25/,
- Хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нийгмийн халамжийн ажилтнаар ажилладаг юм. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн орчим манай нөхөр Б намайг хүүхдээ хуурайлсан юмуу гэж маргаж байгаад над руу нэг хар бөөрөнхий зүйл шидсэн. Миний баруун нүдний дээд хэсэгт шалбарсан байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-5-6/,
- Гэрч Р.Нын: Манай хүү Б эхнэр Б.Агийн хамтаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ирсэн юм. Маргааш буюу өглөөний 06 цагт ажлаасаа буугаад ирэхэд Б.Агийн хөмсөгнөөс цус гарсан, танай хүү намайг зодлоо гэж байсан. Б эхнэртэйгээ гараад явсан...гэх мэдүүлэг /хх-12-13/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №555 дугаартай дүгнэлтэд: 1.Б.Б.Агийн биөд баруун хөмсгөнд өнгөц зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд зовхи, доод уруулын дотор талд цус хуралт, баруун нүдний алиманд цусан хураа, доод уруулын дотор талд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, доод уруулын дотор талд язарсан шарх, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ. /хх-20-21/
-Хохирогч Б.Агийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай 2018.11.21-ний өдрийн тодорхойлолт /хх-3/
- Н.Бын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-31/
- Н.Бын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/
-Н.Б, Б.А нарын 2237000036 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-32/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-34-36/ зэргийг шинжлэн судлав.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өглөөний 06 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын ... тоотод эхнэр Б.Атай хүүхдээ хуурайлсан эсэх асуудлаас маргалдан улмаар түүнийг резинэн зүйлээр шидэж, мөн гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь “баруун хөмсгөнд өнгөц зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд зовхи, доод уруулын дотор талд цус хуралт, баруун нүдний алиманд цусан хураа, доод уруулын дотор талд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, Н.Б нь хүүхэд хуурайлсан эсэх асуудал, гэр бүлийн маргаанаас эхнэр Б.Атайгаа маргаан үүсгэн, улмаар түүнийг резинэн зүйлээр шидэж нүүрэн тус газарт гэмтэл учруулан, мөн гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох ба гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх8 эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. Энэ нь шүүгдэгч Н.Бын “ 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өглөөний 06 цаг орчимд эхнэртээ хандаж хүүхдийнхээ живхийг сольсон юмуу гэтэл манай эхнэр уурлаад намайг “үрчийж хорчийсон, үзээрийн царайлаад” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Гэнэт уур хүрээд газар байсан хар бөөрөнхий резенин зүйл байхаар нь аваад хана руу шидсэн тэгсэн эхнэрийн хөмсөгний дээр оносон байсан. Цуг эмнэлэг орж оёдол тавиулсан ” гэх, хохирогч Б.Агийн “ 2018 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн орчим манай нөхөр Б намайг хүүхдээ хуурайлсан юмуу гэж маргаж байгаад над руу нэг хар бөөрөнхий зүйл шидсэн юм. Миний баруун нүдний дээд хэсэгт шалбарсан байсан ” гэх, гэрч Р.Нын “Манай хүү Б эхнэр Б.Агийн хамтаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ирсэн юм. Маргааш буюу өглөөний 06 цагт ажлаасаа буугаад ирэхэд Б.Агийн хөмсөгнөөс цус гарсан, танай хүү намайг зодлоо гэж байсан “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.
Шүүгдэгч Н.Бын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, талаар хэрэгт ирүүлсэн хүсэлтдээ дурджээ.
Шүүгдэгч Н.Бын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Н.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь гэр бүлийн гишүүдийн хоорондын зүй бус харьцаанаас эхлэлтэй, хохирогч Б.А хохирлын маргаангүй, гомдолгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулна.
Харин Н.Б нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна ” гэж заасныг дагуу дээрх хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх 1 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд шилжүүлж 33 хоног буюу 1 сар 03 хоногоор тооцон, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 03 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Н.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Н.Быг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг мөн хугацааны хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд шилжүүлж 33 хоног буюу 1 сар 03 хоногоор тогтоож, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 03 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Бод оногдуулсан 1 жил 1 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Ялтан Н.Бод энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялын хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Ялтан Н.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.А гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН