Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 381

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би С.Уянгын нэхэмжлэлтэй Б.Бямбажаргалд холбогдох “1.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  хүлээн авч танилцаад: 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Уянга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бямбажаргал нь 2014 оны 08 дугаар сарын 25-нд энэ өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатайгаар 15 хувийн хүүтэй 400.000 төгрөгийг зээлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Б.Бямбаржаргалаас үндсэн 400.000 төгрөг, хүү 600.000 төгрөг нийт 1.000.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: С.Уянга миний бие Б.Бямбажаргалд холбогдуулан 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болох 1.000.000 төгрөгнөөсөө 300.000 төгрөгийг нь татгалзаж үлдсэн 700.000 төгрөгөнд тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. 

 

                                    Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

                            Нэхэмжлэгч                            С.Уянга

                             

                            Хариуцагч                               Б.Бямбажаргал           ... гэжээ.

 

  ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч С.Уянга нь 1.000.000 төгрөгийг хариуцагч Б.Бямбажаргалаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 700.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зохигчдоос ирүүлсэн дээрх гэрээгээр батлагдаж байна.

Зохигчдын хооронд байгуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар С.Уянгын нэхэмжлэлтэй Б.Бямбажаргалд холбогдох “1.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигч 700.000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 700.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 21350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ