Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 26

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Гэрч Ж.Ц, Д.Н,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Д.Э, Г.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.Э, Г.Ц нарт яллах дүгнэлт үйлдсэн, тэдгээрт холбогдох эрүүгийн 1830003570239 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар: Нэг. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн харьяат, 1964 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Мөнххаан сумын 3 дугаар баг “Бая” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Д.Э.

Хоёр. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн харьяат, 1970 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9, эхнэр, хүүхдийн хамт Батноров сумын 4 дүгээр багийн “Б” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Г.Ц.

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/: Шүүгдэгч Д.Э, Г.Ц нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ш” гэх газраас Ө.Өын 36 тооны хонь буюу олон тооны бог малыг бүлэглэн хулгайлж 5.925.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 16, 17 оны үед Ц над руу яриад амбаарны өртгөнд өгсөн мал, мөн бэлэгний адуугаа очиж авъя гэхээр нь тэг гэсэн. Тэр өдөр би өвөлжөөгөө янзалж байгаад ирсэн. Ц хонь, малаа авч явна гэхээр нь өгч явуулахаар болсон. Тэгээд машиныг нь хонины хашаа руу ухрааж, өндөрлөгөөг нь буулгаж байгаад хонь ачсан. Манай хүргэний хонинууд хар будагтай, хүүгийн хонинууд улаан будагтай, манай хонинууд будгаар тэмдэг тавиагүй. Тиймээс тэмдэггүй хониноос нь ачаарай гэж Цт хэлсэн. Тэгээд машныг нь дүүргэж хонь ачаад явуулсан. Цын гэрийг нь мялааж би хурдан удамын адууг өмнө нь бэлгэнд өгсөн байсан. Ц хүүхдүүдээ үзүүлж, эмчилгээ хийлгэх гэсэн юм, мөнгөний хэрэг байна. Та адууныхаа оронд хонь өгчих гэсэн. Тэгэхээр нь мөнгөний хэрэг байгаа юм бол тэг гээд оронд хонь өгсөн. Маргааш өглөө нь би Ө руу утсаар яриад ийм ажил болсон байна, хонио олоогүй байгаа бол манай руу хүрээд ир гэж хэлэхэд тэгье гэсэн. Намайг худаг руу яваад ирэх хооронд Ө манай гадаа ирээд Б сум руу явж, цагдаад мэдэгдсэн байсан. Ачиж явуулсан хонинуудыг зүсээр нь ачиж, авчирч өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай хонинд орой нь өөр хонь байгаагүй байсан учраас нягталж хараагүй, тэмдэггүй хониноос нь ачаарай... гэж хэлсэн гэв.

- Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Э ахын яриад байгаа зүйл үнэн. Би 2 удаа ирж хонь авсан. Айлын хонь гэж надад хэлээгүй. Э ах надад бэлгэнд адуу өгсөн. Энэ адууны оронд хонь авсан. Маргааш нь Нараа эгч утсаар яриад айлын хонь ачиж явуулсан байна, эзнийг нь очтол наад хонинуудаа байлгаж байгаарай гэсэн... гэв.

-Гэрч Д.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Ц хэрэг болохоос өмнө 2, 3 хоногийн өмнө манай руу утсаар ярьсан байсан. Тэр жилийн өвөл зуд болохоод Ц манайд хэдэн хонь үлдээсэн байсан. Манай Цын галын амбаарыг малаар наймаа хийж авсан байсан. Цынх шинэ гэр барихад нь Э адуу бэлгэнд өгсөн. Цын 2 хүүхэд нь бие нь муу байсан учраас энэ адууны оронд хонь авъя гэсэн юм билээ. Тэр өдөр манай урд айл хадлангаас бууж ирсэн байсан учраас өвөлжөөгөө янзалж байгаад тэднийхээр орж хоол цай идчихээд, нэг шил архи задалсныг уугаад Э халсан байсан. Тэгэхээр нь би хонио хонио явган хөөгөөд харьсан. Гэртээ ирээд аргал түлээгээ оруулаад галаа асаачихаад байж байтал утас дуугаард Ц, Цэ хоёр ирж байна гэсэн. Тэгээд манай хүн гарч хонио хашаад орж ирсэн. Тэгээд төд удалгүй ирсэн Цынхан ирсэн. Ц манайхаас авах ёстой байсан хонио авах гэж ирсэн. Шөнө Э, Ц хоёр гараад хонь ачаад байсан. Хэний хонийг ачсаныг би мэдэхгүй. Маргааш өглөө нь Өын хонь манай хонинд ирж нийлээд Э, Ц хоёр ачсаныг мэдсэн. Ц манайд 36 тооны хонь авчирч буулгасан бөгөөд 36 хонины 2 төлөг, 1 эм хонь нь Г.Цын хонь байсан учраас Ө.Өын хонийг буцааж өгөхдөө Цын 3 хонийг өгөөгүй... гэв.

-Гэрч Ж.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Эынх руу авлагаа авах гэж явсан. Эднийхээс авах малын авлага байсан. Манай хүүхдүүд бие муутай байсан учраас мөнгө хэрэгтэй байсан. Тиймээс авлагаа авна гэж 2, 3 хоногийн өмнө Э ахтай утсаар ярьсан...гэв.

- Яллагдагч Д.Эын: Би Хэнтий аймгийн Батноров сумын Г.Ц гэдэг хүнд 30 гаруй хонь өгөх байсан. Манай хонинд Ө.Өын хонь гэрийн гадаа ирж нийлсэн байсан.Тэгээд би өөрийн эхнэр Н, болон Ц, түүний эхнэр Цэ нарт хэлэлгүйгээр Цт өгөх 30 хониныхоо оронд Өын хонийг ачаад явуулсан. Би өөрийнхөө хонийг үрэхээс хайрлаж Өын хонийг ачиж явуулсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор ийм үйлдэл хийсэн байна. Ө.Өад эрэл суралд явсан гээд 750000 төгрөг нэхэмжлэхээр нь би 750000 төгрөг бэлнээр өгсөн. Би хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн-60-62/

- Яллагдагч Г.Цын: Би Д.Э гэдэг хүнээс хонины авлагатай байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Д.Э руу утсаар залгаж хонь, адуу, хийж өгсөн амбаарныхаа өртгийг авъя гэхэд тэгээ тэг гэсэн. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумаас гарч Мөнххаан сумын нутагт Д.Эынд ирсэн. Би эхлээд 18 хонийг Эынхаас авч явсан. Тэгээд тухайн өдрийн шөнө буцаад ирж Д.Эынхаас дахин 18 хонийг авсан. Маргааш нь буюу 2018 оны 10 сарын 20-ны өдөр 11 цагийн үед Эын эхнэр Нараа утсаар яриад “та хоёрт өгч явуулсан хонь айлын хонь байна шүү, битгий үрээрэй” гэхээр нь би тухайн 36 хонийг алдаж магадгүй гээд толгой дээр нь улаан будгаар тэмдэг тавьсан. Тэгээд 3 хоногийн дараа 36 тооны хонины эзэн болох Ө ирж 36 тооны хонио зүс, имээр нь хүлээн авсан. Би хулгайн хонь гэж мэдээгүй, хэрвээ хулгайн хонь гэж мэдсэн бол Б сумын төвөөр дамжиж явахгүй байсан. Би өөрийнхөө 38-36 ХЭА дугаартай машинтай явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

- Хохирогч Ө.Өын: Манайх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Шинэ-Ус” гэх газарт оршин суудаг юм. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хонь, ямаагаа тоолоход бүрэн байсан. 2018 оны 10 дугаар сарын 20-ний өдөр намайг гэртээ байж байхад манайхаас зүүн хойд зүгт 1 км орчим зайд нутаглах Д.Э гэдэг ах манай гэрийн утас руу утасдаад урьд шөнө манай хонь үргээд байсан чинь танай хониноос хонь ирж манай хонинд нийлсэн байна, ирж хонио ав гэж хэлэхээр нь тухайн өдөр би манай хоньчин Эын хамт гэртээ байсан, мөн миний бие өвдөөд байсан учраас очиж тэдний хониноос хонио ялгаж авч чадалгүй өнжөөд 10 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн орчимд Д.Э ахын гадаа очиж тэдний хониноос нэг зуу гаруй тооны хонийг, 1 тооны ямаатай ялгаж аваад өөрийнхөө хонинд нийлүүлчихээд тэр өдөртөө өөрийнхөө нийт хонь ямааг тоолоход 46 тооны хонь дутуу байсан учраас 2018 оны 10 дугаар сарын 21-23 ны өдрийг хүртэл алга болсон 46 тооны хонио эрж хайж яваад олоогүй юм. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг өнгөрч байх үед манай эхнэр Д.Абид хоёр хонио эрж хайх гээд гэрээсээ гарах гэж байхад манай гэрээс баруун урд зүгт 5 км орчмын зайд нутаглах Нацагдорж гэдэг залуу утасдаад “ та хоёр алга болсон хонио эрж хайгаад байсан хонио олсон уу, өчигдөр би танайхаар очсон чинь танайх хүнгүй байсан “ гэж хэлэхээр нь би “ алга болсон хонио эрж хайгаад олоогүй “ гэж хариулахад Н “ танай алга болсон хонь чинь Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс зүүн урд зүгт тус сумын харъяат айлын хонинд байна гэж манай хүргэн дүү А хэлж байна “ гэж надад хэлсэн юм. Тэгээд би Ноос “ миний хонь гэдгийг дүү чинь яаж мэдэж байгаа юм бэ “ гэж асуухад хүргэн дүү Агийнх нь эхнэр, Нын төрсөн дүү болох эмэгтэй тэдгээр хонинуудыг миний имтэй хонинууд байна гэж хэлсэн гэсэн. Учир нь Нын дүү эмэгтэй Батноров сум руу бэр болж явахаасаа өмнө манайхтай ойрхон нутагладаг байсан учраас манай хонины имийг мэддэг юм байна лээ. Нын эмэгтэй дүүгийн нэрийг нь мэдэхгүй байна. Хониныхоо байгаа газрыг Ноос сонсож мэдсэн учраас эхнэр бид хоёр 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус хонинуудыг очиж үзэх гэж өөрсдийн Ланд-80 маркийн машинтайгаа Б сумын төв рүү урдаас нь орж явахад бид хоёрын араас Д.Э ах утасдаад “ би та хоёроос уучлалт гуйх гэсэн юмаа, учир нь би танай хонийг хүнд өгөөд явуулчихсан юм, та хоёр буцаад ирээ, цагдаагийн байгууллагад битгий мэдэгдээч “ гэж гуйгаад байхаар нь бид хоёр Б сумын төвөөс эргэж буцаад шууд Д.Э ахын гэрт ирж уулзахад” урьд шөнө манайд Батноров сумаас хүн ирээд архи уусан юм, би тэр хүнд хонь өгөх байсан учраас архи ууж согтсондоо манай хонинд нийлсэн байсан танай хониноос ачуулчихсан байна, ахыгаа уучлаарай, танай хонийг ачиж явсан хүн маань 36 тооны хонь ачигдаж ирсэн байна” гэж хэлсэн гэж бид хоёрт хэлсэн. Тэгээд Д.Э ахаас 36 тооны хонийг ямар машинаар ачиж явсан талаар асуухад Портер маркийн машинаар ачиж явсан гээд өөр юм ярихгүй байсан. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэр А, Д.Э ах, түүний эхнэр болох Нараа эгчийн хамт тэдний өөрсдийнх нь Пронтер маркийн машинтай нь алдсан хониныхоо араас явж 2 машинд 36 тооны хонийг ачиж авчирсан юм. Нэг машин нь Д.Э ахынхаас манай хонийг  ачиж явсан Г.Ц гэдэг хүний машин байсан. Г.Ц нь өөрөө цагаан өнгийн 38-36 хэа дугаартай Портер маркийн машинаа жолоодож ирсэн. Г.Ц өөрөө хэлэхдээ Портер машинаар 36 тооны хонийг 1 шөнө 2 удаа зөөж авч явсан гэж байсан. Эдгээр хонины 10 гаран тооны хонины зүүн талын чихийг урдаас нь ганзага имээр имнэсэн байсан. Манай хонь зүүн талын чих нь араасаа ганзага, баруун чих нь урдаасаа ганзага араасаа ухам имтэй байдаг юм. Бүх хонины толгойн оройг болон зоог нь улаан будгаар будсан байсан. Хулгайд алдсан 36 тооны хонио Д.Э, Г.Ц нараас бүрэн эргүүлж авсан. Харин хулгайд алдсан хонио эрж хайхад 750.000 төгрөгийн шатахуун зарцуулсан учир үүнийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-14/,

- Гэрч Г.Цын: 2016 оны өвөл Хэнтий аймгийн Батноров суманд өвөлжилт хүндэрч манайх хонио Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутагт нутагладаг манай худ ураг болох Д.Э ахынд өвөлжүүлсэн юм. Тэгээд 2017 оны 04 дүгээр сард цас хайлах үед хонь, ямаагаа Д.Э ахынхаас авсан юм, тэр үед 2 тооны ямаа, 7 тооны хонь миний машинд багтахгүй үлдсэн юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 15 цагийн үед Д.Э ахын 98333569 дугаарын утас руу нь өөрийн 98209219 дугаараас залгаад, үлдээсэн хонио бэлэгнийхээ адуутайгаа авах гэсэн юм гэж хэлэхэд Д.Э ах тэгээ гэж хэлсэн учраас би 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 38-36 хэа улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинтайгаа эхнэр болох Ж.Цын хамт Батноров сумын төв рүү явж сумын төв дээр очоод гөлмөн төмрөөр Дамдинсүрэн ахтай хамтарч зуухны яндан хийсэн. Петровис шатахуун түгээх станцаар 15 цаг өнгөрч байх үед очиж машиндаа 25 литр түлш авчихаад тэндээсээ сумын төвийн Лхамаа эгчийн дэлгүүрээр орж гурилан боов болон бусад хүнсний зүйлийг гэртээ авчихаад сумын төвөөс зүүн урагшаа гарч хөдөө гэртээ буцаж 16 цаг өнгөрч байх үед ирчихээд хоол идэж цай уучихаад гэрт байсан 2 литр нэрмэл архийг аваад эхнэр бид хоёр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Цагаан-Усны хоолой” гэх газарт байдаг Д.Э ахынд очих гэж машинтайгаа яваад замдаа манай гэрээс зүүн урд нутаглах Т.Цын гэрээр орж цай уучихаад хонинд явлаа гэж хэлчихээд тэдний гэрээс удалгүй гарч яваад 18 цаг болж байх үед Хэний аймгийн Б сумын төвөөр дамжиж зүүн урд талых нь гүүрээр гарч баруун урагшаа явж Д.Э ахын гэрт очсон. Тэдний гэрт Д.Э түүний эхнэр Нараа эгч нар байсан. Бид хоёрыг очиход Д.Э ах согтуу унтаж байсан учраас түүнийг сэрээж босгоод тэдний гэрт цай, хоол идсэний дараа Э ах 0,75 литрын алтантүрүү нэртэй архи 1 ширхэгийг гаргаж өгч бид 4 хувааж ууж байхдаа бид авч очсон 2 литр нэрмэл архиа гаргаж өгөөд уусан юм. Тэгээд бид 4 алтан түрүү архиа хувааж ууж дуусаад байхад Д.Э ах одоо орой болсон учраас адуу гадаа байхгүй тул адуугаа нэг удаа орхиод хонь аваад яв, мөн чиний үлдээсэн хонь ч байгаа байх гэж надад хэлсэн учраас би зөвшөөрч Д.Э ах бид хоёр гадаа гарч хотондоо хэвтэж байсан хонийг хашаанд нь хашаад би машинаа хашааны ам руу ухрааж тулгаж зогсоож байхад тэдний хониноос зүүн чих араасаа ганзага имтэй, баруун чих урдаасаа ганзага болон ухам имтэй эм хонь эр төлөг нийлсэн 18 хонийг машидаа ачсан. Хонь машинд ачиж дууссаны дараа Д.Э ах надад чи дахин ирж хонь авбал аваарай гэж хэлж байсан. Д.Э ахтай хамт хонь машинд ачиж байх үед тэдгээр хонинуудыг би хараад өөрийнхөө үлдээсэн хонь биш байна гэдгийг мэдсэн, мөн Э ахын хонь биш гэдгийг мэдсэн учраас би Д.Э ахаас энэ хонийг надад өгч байгаа чинь болох юмуу гэж асуухад тэр надад болноо, зүгээр гэж хэлсэн учраас би дахиж юм асуугаагүй. Тэгээд бид хоёр тэдний гэрт цай уучихаад би машинаа жолоодож эхнэр маань миний хажууд суугаад бид хоёр тэдний гэрээс шөнө 22 цагийн орчимд гараад буцаж яваад гэртээ ирж малынхаа хашаанд авчирсан хонинуудаа буулгаж хашчихаад эхнэр бид хоёр эргэж Д.Э ахаас хонь авах гэж яваад Б төв дээр ирж нээлттэй байсан шатахуун түгээх станцаас машиндаа 30 литр түлш авч хийчихээд үүрээр гарч Д.Э ахын гэрт очсон, Д.Э ах бид хоёр дахин машинд эм хонь, эр төлгөн хонь нийлүүлсэн 18 тооны хонийг ачиж дуусахад үүр цайж байсан. Тэгээд эхнэр бид хоёр тэдний гэрээс нар мандахын өмнө гарч яваад Б сумын төвөөр дамжин гэртээ 10 цагийн орчимд ирж авчирсан хонио урьд нь авчирсан хоньтойгоо нийлүүлж хашаанд хашсан юм. Тэгээд би гэртээ орж цай уучихаад эргэж гарч ирээд нөгөө авчирсан 36 тооны хонио захаас нь барьж аваад өөрийнхөө хонины имтэй ижилсүүлж зүүн чихийг нь урдаас цуулж 11 тооны хонины зүүн чихийг урд ардаасаа ганзага имтэй болгож толгойных нь оройг улаан будгаар будаж байтал манай эхнэр гэрээс гарч ирээд “чи наад хонинуудаа имнэхээ болио, Нараа эгч утсаар ярьж байна наад хонинууд чинь Д.Э ахын ойролцоо нутагладаг айлынх нь хонинууд байна гэж хэлж байна гэсэн учраас би үлдсэн хонинд им хийгээгүй юм. Харин авчирсан бүх хониныхоо толгойг улаан будгаар будаж өөрийнхөө хонинд нийлүүлсэн юм. Манай өөрийн хонь зүүн талын чих араасаа болон урдаасаа ганзага имтэй...гэх мэдүүлэг /хх-15-17/

- Гэрч Д.Аийн: Манайх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хонь, ямаагаа тоолоход бүрэн байсан. Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой хөдөөх гэрээсээ Мөнххаан сум руу яваад 10 дугаар сарын 21-ний орой ирэхэд нөхөр маань манай хониноос Д.Эын хонинд нийлсэн байхыг очиж ялгаж аваад хонио тоолсон чинь хониноос 46 тооны хонь дутаад байхаар нь эрж хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр алга болсон хонио өөрсдийн Ланд-80 маркийн машинаараа 2018 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрийг хүртэл эрж хайгаад олоогүй. Гэтэл Н гэдэг хүн 10 дугаар сарын 24-ний өглөө манай манай алдсан хонийг Батноров сумын зүүн урд Ц гэдэг хүний хонинд байна гэж сураг хэлсэн. Манай 36 тооны хонийг Д.Э ах өөрийнх нь хонинд нийлсэн байсныг Батноров сум руу Г.Ц гэдэг хүнд өгч явуулсан байсан. 10 дугаар сарын 27-ны өдөр би Э ахыг, эхнэр Нараагийн хамт дагуулж өөрсдийнх нь Портер маркийн машинтай явж Г.Ц гэдэг айлынхаас өөрийнхөө 36 тооны хонийг авчирсан. Г.Ц гэдэг хүн 36 тооны хонины хагасыг нь өөрийнхөө портер маркийн машинд ачиж буцааж хүргэж өгсөн. Алга болсон 36 тооны хонийг бүгдийнх нь толгой нурууг хэсгийг Г.Ц улаан будгаар будаж, 10 гаруй тооны хонийг нь зүүн чихийг нь урдаас нь имнэсэн байсан. Д.Э ах хүнд хонь өгөх өглөгөндөө манай хонийг өгч явуулсан гэж өөрөө хэлсэн. Г.Ц нь 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө өөрийнхөө Портер маркийн машинаараа 36 тооны хонийг 2 удаа зөөж явсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/,

- Гэрч Х.Нын: Манайх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Э” гэх газарт нутаглаж байна. Манай гэрээс зүүн хойд зүгт 5-6 км зайд нутаглах Ө.Ө гэдэг айлынх 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед хониноосоо хэсэг хонийг алдчихсан гээд эрж хайгаад явж байсан юм. Гэтэл Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багт оршин суудаг А гэж миний хүргэн дүү тугалтай 2 тооны үнээгээ алдчихаад эрж хайж явахад Хэний аймгийн Батноров сумын 4 дүгээр багт нутагладаг Г.Ц гэдэг хүнийг урд зүгээс баруун талын чих урдаасаа ганзага араасаа ухам имтэй, зүүн талын чих араасаа ганзага имтэй хонинуудыг Портер маркийн машиндаа ачиж ирсэн байна гэж надад хэлсэн учраас би 10 дугаар сарын 24-ний өглөө Өын гэр рүү утасдаж танай хонины имтэй ижил имтэй хонинууд Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн нутагт Ц гэдэг айлын хашаанд байна гэж манай хүргэн дүү А надад хэллээ, тэр хонинуудыг очиж үз, хар гэж хэлсэн юм. А надад хэлэхдээ их сэжигтэй байдлаар ирсэн хонь бололтой байна, нарийн тоог нь сайн мэдэхгүй байна гэж ярьсан юм. 10 дугаар сарын 24-ний өдрөө тус хонинуудыг очиж үзэх гэж Ө нь эхнэр Аийн хамт Хэнтий аймгийн Батноров сум руу явсан. Чухам үүнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Ө, А нартай би дахиж утсаар холбогдоогүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

- Гэрч Ж.Цын: 2016-2017 онд шилжих өвөл манай суманд зуд болоод манай нөхрийн худ болох Сүхбаатар аймгийн Мөнххаан суман байдаг Д.Э ахынд манайх хонио оторлуулсан юм. 2017 оны хавар мал төллөхөөс өмнө /сараа сайн санахгүй байна/ хонио Э ахынхаас авахдаа 2 ямаа, 7 тооны хонь үлдээгээд явсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сард /өдрийг нь би сайн санахгүй/ манай нөхөр Г.Ц Д.Э ахтай утсаар ярьчихлаа тэднийд үлдээсэн малаа ав гэж байна мөн давхар бэлэгний адуу, хонь, мөн манайх Э ахад амбаар зарсан юм тэрний өртөг болох малаа гээд бүгдийг нь авахаар болчихлоо, хоёулаа Э ахын руу явъя гэж надад хэлсэн. Тэгээд Э ахынх руу 38-36 хэа улсын дугаартай өөрийн Портер маркийн машинтай явсан. Д.Э ахынд очиход Э ах халамцуу гэртээ унтаж байсан. Э ахыг сэрээгээд цай уучихаад байж байхад Э ах “алтантүрүү” нэртэй архи гаргаж бид 4 хувааж ууж дуусаад манай нөхөр Ц Э ахад 2 литрийн нэрмэл архи гаргаж өгөөд дээрээс нь 2,3 татсан. Манай нөхөр Г.Ц Э ах хоёр малаа ачья даа гээд гарсан. Хэсэг хугацааны дараа манай нөхөр Ц малаа ачаад болчихлоо, одоо явъя гэхээр нь хоол идчихээд бид хоёр гэр рүүгээ явсан. Гэртээ очоод ачиж очсон хонио малынхаа хашаанд буулгачихаад эргээд Э ахынх руу очиж ахиж хонь ачаад үүр цайж байхад яваад 10 өнгөрөөгөөд гэртээ очсон. Харин хэдэн тооны хонь ачсан талаар би мэдээгүй. Тэгээд авчирсан хонио имнэж улаан будгаар тэмдэг тавьж байхад Нараа эгч манай гэрийн утас руу залгаад наад хонинууддаа им тэмдэг хийж, мөн зарж үрэгдүүлж болохгүй шүү, Э согтуураад айлын хонь ачуулсан байна гэхээр нь би гэрээсээ гарч нөхөртөө наад хонинд чинь айлын хонь байна гэж Нараа эгч сая ярьж байна, им тэмдэг хийхээ болиорой, хамаагүй бүгдэд нь им тэмдэг хийж болохгүй юм байна гээд тэмдэг хийхээ больсон...гэх мэдүүлэг /хх- 28/

- Гэрч Д.Нийн: Манайх өвөлжөөн дээрээ том гэрээ буулгачихаад байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 09 цаг өнгөрч байхад өглөөнийхөө цайгаа уучихаад манай нөхөр Д.Э бид хоёр мотоцикльтой өвөлжөө рүүгээ явж том гэрийнхээ хаяаг манах, гэрээ төвхнүүлэхээ яваад өдөржингөө өвөлжөөн дээр ажиллаж байгаад орой нар шингэх үед би хонио хөөгөөд манай нөхөр надаас түрүүлээд гэр рүүгээ явсан юм. Тэгээд хонио хөөгөөд гэртээ ирэхэд манай нөхөр 0,75 литрын “алтантүрүү” нэртэй архи задалчихсан уугаад сууж байсан. Би галаа түлж аргал түлээгээ оруулчихаад бид хоёр хонио хашихаар гарахад хонь майлалдаад байхаар нь хуц, ухна дээрээ майлалдаад байна гэж бодсон юм. Хонио хашихад манай хонь арай олон болчихсон юм шиг санагдаад “ би нөхөртөө хонь арай олон болчихсон ч юм шиг санагдаад байх юм, хонь зарим өдөр олон болчихсон ч юм шиг, зарим өдөр цөөхөн ч юм шиг харагдаад “гэж ярилцаад гэр рүүгээ орсон. Гэртээ ороод би цай гал дээр хийгээд байж байхад манай нөхөр нөгөө ууж байсан 0,75 литрын “алтантүрүү” нэртэй архиа задлаад 1,2 татчихаад байж байхад нь манай гэрийн утас дуугарахаар нь би очиж утсаа харахад Цын дугаар залгаж байхаар нь “Ц залгаж байна чи утсаа ав” гэхэд манай нөхөр утсаа аваад Цтай ярихад “би Залаагийн хөтөл дээр ирчихээд байна, гэрэл гарга” гэж байсан. Тэгээд манай нөхөр гарч гэрэл гаргачихаад гэртээ орж ирээд хэвтэж байхад удалгүй Ц эхнэртэйгээ манайд ирсэн. Ц 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2-3 хоногийн өмнө манайх руу ирнэ гэнээ гэж манай нөхөр надад хэлж байсан юм. Тэгээд Ц түүний эхнэр Цэ хоёр ирээд цай уучихаад сууж байхад манай нөхөр Э Цт өөрийнхөө ууж байсан архинаас хундгалж өгсөн. Ц нэг их уугаагүй манай нөхөр уугаад согтоод байх шиг байсан. Ц манай нөхөр хоёр тамхи татахаар гараад буцаж орж ирээд “за бид хоёр хонио ачиж байя, та хоёр хоол хийж бай” гээд гарсан. Хоол болж байхад тэр хоёр орж ирээд хонио аччихлаа гээд хоол ундаа идчихээд нөгөө шилтэй архиа хувааж уучихаад Ц түүний эхнэр Цэ хоёр манайхаас 22 цаг өнгөрч байхад машинаа асаагаад явсан. Манай нөхөр Цыг явахад гаргаж өгөх чадалгүй тасарчихсан байсан. Тэгээд унтаж байхад шөнө манай гадаа машин дуугарах шиг болсон, тэгтэл Ц “ Нараа эгчээ хаалгаа “ гэхээр нь хаалга түгжээгүй байгаа гэхэд Ц эхнэртэйгээ орж ирэхээр нь “ та хоёр яаваа машин тэрэг чинь саатаа юу “ гэхэд бид хоёр харьчихаад ирлээ гэж байсан. Тэгээд Ц манай нөхрийг сэрээгээд “ Э ах одоо бос, наад архи чинь гараа биздээ, та надад бэлэгний адууныхаа оронд хонь өгнө гэж байснаа санаж байна уу “ гэхэд манай нөхөр Э “аа за за” гээд боссон. Цай ууж байгаад би Ц, Цэ хоёрыг одоо та хоёр хоноод явах юм байгаа биз дээ гэхэд Ц “манай охины бие базаахгүй байгаа юм, бид хоёр мал хийгээд хэдэн төгрөг болгох санаатай яараад байгаа юм, одоо хоёр дүү нь явна” гэхээр нь би “юу гэж хонь ачих гээд байгаа юм, хүүхдүүдийн хониноос аччих ваа” гэж хэлэхэд манай нөхөр Э над руу “чи наймаанд оролцох болоогүй” гээд гарсан. Тэгээд би бэлэгнийхээ адууны оронд хонь өгч байгаа юм байна гэж бодсон. Ц, Цэ хоёрыг манайхаас явахад үүр цайж байсан. Би нар гарахын үед босоод өглөөнийхөө цайг чаначихаад байж байхад манай хонь бэлчихээр нь хонио эргүүлэхээр цаагуур нь явахад манай хонинд Өын имтэй хонь байж байсан. Тэгээд хашаатай хонь руугаа очоод харахад мөн Өын имтэй хонь байсан юм.Гэртээ ороод Цын утас руу нь залгахад Цэ утсаа авахаар нь би “та хоёрын ачиж явсан хонь ямар имтэй хонь байна вэ” гэж асуухад Цэ “баруун чих араасаа ухам, урдаасаа ганзага имтэй хонь байна” гэхээр нь “наана чинь хэдэн хонь очсон байна вэ, баруун чих араасаа ухам урдаасаа ганзага имтэй хонь хэд байна вэ” гэхэд ихэнх нь “баруун чих араасаа ухам, урдаасаа ганзага имтэй хонь байна, догол имтэй хонь хоёрхон байна нийт 36 хонь байна” гэж байсан. Тэгэхээр нь би наад хонь чинь айлын хонь байна та хэд зарж үрж, болохгүй шүү байлгаж бай гэж хэлсэн. Тэгээд би нөхөртөө “чи дан хүний хонь Цт өгч явуулсан байна” гэхэд манай нөхөр Э, би ямар хонь өгч явуулснаа санахгүй байна, хонь ачиж байхад би машин түшээд ойчиж байснаа санаж байна, цагаан хониноос нь ачаад байгаарай” гэж хэлснээ санаж байна гэхээр нь би “уйлаад чи хүний хонь ачууллаа” гээд нөхрөө загнасан. Тэгээд Өын утас руу залгаж танай хонь манай хонинд нийлсэн байна, ирж хонио ялгаж ав гэж хэлсэн. Тэр өдөр Өын хоньчин залуу ирж хагас хонио ялгаж аваад явсан. Тэгээд 2 өдрийн дараа Ө өөрөө ирж үлдсэн хонио авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

- Гэрч А.Аийн: Би 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс би өөрийн 4 тооны үхэр хайгаад Б, Баян-адарга Батноров сумын 4 дүгээр багийн нутгаар явж үхрээ эрж явсан. 2018 оны 10 дугаар сарын 20-ны орой Батноров суманд ирэхэд Ц Ланд-80 маркын машинтай яваад байсан. Тэгээд бензин колонкоос түлш аваад зүүн урагшаа явахыг нь харсан, тухайн үедээ би Цыг Мөнххаан сум руу явж байгааг нь мэдээгүй. Би машиндаа түлш аваад зүүн урагшаа 4 дүгээр багийн төв рүү эхнэртэйгээ хоёулаа яваад маргааш өглөө нь 10 сарын 21-ний өглөө 11 цагийн орчимд Цынд очиход тэдний гэрээс нь 500 м орчим хүрэхгүй газар баруун хойно ухаа дээр хонь бэлчиж байсан. Тэдний хонин дотор улаан өнгөөр толгойн хэсэгт нь будсан 14 тооны хонь байж байсан. Би машин дотроос тоолсон тэгээд би Цтай уулзалгүй Батноров сум руу явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг.2018.12.13 /хх- 3- 6 тал/

-Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 195 дугаартай тодорхойлолт /хх-68/

-Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 196 дугаартай тодорхойлолт /хх-69/

-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 276 тоот тодорхойлолт /хх-70/

-Д.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/

-Г.Цын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-72/

- АЯ 0151374 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх- 73/

-Г.Цын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-74/

-Д.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-75/

-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2018 оны 11 сарын 06-ны өдрийн Эд хөрөнгийн үнэлгээ /хх-79/

-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хх-80/

-Хохирогч Ө.Өын “ Хохирол барагдуулсан талаарх ” тодорхойлолт/ хх-81/

- Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-82-85/

- Прокурорын томилолт.2019.01.23

- Г.Цын Хаан банктай байгуулсан Зээлийн гэрээ

-Хэнтий аймгийн Ниймгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр.2017.02.08

- Хэнтий аймгийн Ниймгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр.2017.04.05

- Ц овогтой Баярсүрэнгийн өвчний картын хуулбар 2 хуудас,

- Ц овогтой Хишгээгийн өвчний картын хуулбар 1 хуудас зэргийг шинжлэн судлав.

Прокуророос шүүгдэгч Г.Ц, Д.Э нарыг бүлэглэн Ө.Өын 36 хонь буюу олон тооны мал хулгайлсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй, тэдгээрийн үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор нууцаар авч байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдэхгүй гэсэн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцааны нэгдэл бөгөөд шүүгдэгч Д.Э, Г.Ц нарын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн дээрх шинж үгүйсгэгдэж байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Э, Г.Ц нар иргэн Ө.Өын хонийг түүний эзэмшлээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй бөгөөд харин шүүгдэгч Д.Э орой өөрийн хонийг хотлуулж, хашихдаа Ө.Өын хонь ирж нийлснийг мэдээгүй, шөнө шүүгдэгч Г.Цыг ирсний дараа түүнд өгөх хонийг ачихдаа өөрийн хонинд Ө.Өын имтэй хонь байгааг мэдэж түүний хониноос ачуулсан, шүүгдэгч Г.Ц нь Д.Эаас өөрийн 2017 оны хавар үлдээсэн, хүүхдэд нь өгсөн бэлэгний, мөн эд зүйл худалдсаны өртгийн хонийг авах зорилгоор ирсэн, Д.Эын хонинд Ө.Өын хонь байгаа асуудлыг анхнаасаа мэдээгүй байсан ба харин хонь ачих явцдаа түүнд өгч байгаа хонь нь Д.Эынх биш гэмт болохыг мэдэж, улмаар 2 удаа ирж ачиж явсан үйл баримт тогтоогдоно. Энэ нь шүүгдэгч Д.Эын “ Би хониныхоо хашаан дээр Цыг дагуулж очоод хонь ачуулахад манай хонинд Өын зүүн талын чих араасаа ганзага, баруун талын чих урдаасаа ганзага, араасаа ухам имтэй хонинууд нийлчихсэн байсныг харж мэдээд Цт ийм имтэй хониноос ачаарай гэж ачуулсан.Ц гэрээс явахынхаа өмнө дахиад нэг ачих уу гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Хонины тоог зааж хориглоогүй учраас Ц энэ хонинууд буруу гарын гэж гадарлаад дахиад нэг ачих уу гэж асуусан байх. Эхнэр бид хоёр орой хонь хотлуулж байхад айлын хонь манай хонинд нийлээгүй байсан. Харин хонь хаших гэж эргэж гэрээсээ гарч ирэх зуурт л манай хонинд Өын хонь нийлсэн юм байна лээ.Манай ойр орчмын айлуудын хониндоо тавих гэж авчирсан хуц, ухнууд манай гэрийн гадна хашаанд байсан учраас тэдний хонь үнэрээр нь тасарч ирж нийлсэн боловуу гэж бодож байгаа “гэх, Г.Цын гэрчээр өгсөн “ Д.Э ахтай хамт хонь машинд ачиж байх үед тэдгээр хонинуудыг би хараад өөрийнхөө үлдээсэн хонь биш байна гэдгийг мэдсэн. Мөн Э ахын хонь биш гэдгийг мэдсэн учраас энэ хонинуудыг надад өгч байгаа чинь болох юмуу гэж асуухад тэр надад болно оо, зүгээр гэж хэлсэн учраас би дахиж юм асуугаагүй. Э ах надад хонь өгөхдөө өгч байгаа хониныхоо тоог заагаагүй, хонь ачих үед одоо болно гэж хориглоогүй учраас өөрийнхөө шуналдаа хөтлөгдөөд 36 хонийг авсан” гэх, гэрч Д.Нийн “ Би орой нар шингэх үед хонио хөөгөөд манай нөхөр надаас түрүүлээд гэр рүүгээ явсан юм. Бид хоёр хонио хашихаар гарахад хонь майлалдаад байхаар нь хуц, ухна дээрээ майлалдаад байна гэж бодсон. Хонио хашихад манай хонь арай олон болчихсон юм шиг санагдаад “ би нөхөртөө хонь арай олон болчихсон ч юм шиг санагдаад байх юм, хонь зарим өдөр олон болчихсон ч юм шиг, зарим өдөр цөөхөн ч юм шиг харагдаад “ гэж ярилцаад гэр рүүгээ орсон.  Би нар гарахын үед босоод хонио эргүүлэхээр цаагуур нь явахад манай хонинд Өын имтэй хонь байсан. Тэгээд хашаатай хонь руугаа очоод харахад мөн Өын имтэй хонь байсан. Гэртээ ороод Цын утас руу нь залгахад Цэ “баруун чих араасаа ухам, урдаасаа ганзага имтэй хонь байна, догол имтэй хонь хоёрхон байна нийт 36 хонь байна” гэж байсан. Тэгэхээр нь би наад хонь чинь айлын хонь байна та хэд зарж үрж, болохгүй шүү байлгаж бай гэж хэлсэн. Би “чи дан хүний хонь Цт өгч явуулсан байна “гэж уйлаад, нөхрөө загнасан. Тэгээд Өын утас руу залгаж танай хонь манай хонинд нийлсэн байна, ирж хонио ялгаж ав гэж хэлсэн ” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Д.Эын ижил сүргээсээ тасарч өөрийнх нь хонинд нийлсэн алдуул малыг Ө.Өын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч бусдад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ алдуул мал завших”, шүүгдэгч Г.Цын “ Д.Эын хонь биш, хууль бусаар олсон мал гэдгийг мэдсээр байж 2 удаа очиж авсан үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “мөнгө угаах ” гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байна гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ш” гэх газарт өөрийн хонинд нийлсэн 33 хонь буюу алдуул малыг Ө.Өын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч бусдад 5.925.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Г.Цын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Ө.Өын 33 хонийг авсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ө.Ө, гэрч А.А, А.А, Х.Н, Д.Н, Ж.Ц нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эд зүйлийн үнэлгээ, Сүхбаатар аймгийн Эд хөрөнгийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Яллах дүгнэлтээр шүүгдэгч Д.Э, Г.Ц нарыг хохирогч Ө.Өын 36 хонийг хулгайлсан гэж хохирлыг тооцсон нь үндэслэлгүй байна.

Учир нь дээрх 36 хонины 2 төлөг, 1 эм хонь нь Г.Цын өмчлөлийн хонь болох, хохирогч Ө.Өын хонийг буцаан олгохдоо уг 3 хонийг өгөөгүй болохыг шүүгдэгч Д.Э, гэрч Д.Н нар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдох ба уг 2 эр төлөгний тус бүрийн үнэ 90.000 төгрөг, эм хонины 100.000 төгрөг, нийт 280.000 төгрөгийг хохирлоос хасч тооцох нь зүйтэй болно.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эд зүйлийн үнэлгээний комиссоос эр төлөгийг 90.000 төгрөг, эм хонийг 100.000 төгрөг үнэлсэн байна. Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийг хувийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор буюу шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэдгээр нь бусдын мал болон гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийн авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын алдуул малыг завшиж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ алдуул мал завших”, шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “мөнгө угаах ” гэмт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Өад учирсан 33 хонины 5.645.000 төгрөгийн хохирол арилсан буюу 33 тооны хонь зүс, имээр нь буцаан олгогдсон бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлж, хүсэлтээ гаргасан байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эд зүйлийн үнэлгээний комиссоос сувай эм хонийг 100.000 төгрөг/ 2 эм хонь/, хязаалан хонь 150.000 төгрөг / 10 хонь/, соёолон эр хонийг 200.000/ 21 хонь/ 5.645.000 төгрөгөөр тус тус үнэлжээ/хх- 62/.

Шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Д.Э, Г.Ц нар Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад бага бус хэмжээний хохирол учирсан, тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзвэл тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Д.Э, Г.Ц нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Цын эзэмшлийн 38-36 ХЭА улсын дугаартай Хьюндай Портер маркийн машиныг битүүмжлэх үйл ажиллагаа явуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн байгааг дурдья.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх үйл ажиллагааг шүүх, прокурорын шийдвэрээр хэрэгжүүлэх атал мөрдөн байцаагч нь зөвхөн тэмдэглэл үйлдэж, эрх бүхий дээрх этгээдүүдээр шийдвэр гаргуулалгүй орхигдуулжээ.

Мөн тэмдэглэлдээ уг машиныг шүүгдэгч Г.Цт хадгалуулахаар заасан атлаа машиныг түүнд өгөлгүйгээр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын цагдаагийн тасгийн хашаанд хадгалсан, үүний улмаас уг машины арын 2 дугуй алдагдсан талаар шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд мэдүүлснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд мөрдөн байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн дээрх тэмдэглэлийг хүчингүй болгож, машиныг шүүгдэгч Г.Цт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.  Г.Ц нь машинд учирсан хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э, Г.Цын нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг / алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан/, шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан / -т зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Эыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г.Цыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/ нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Цыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц дээрх тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдгээрт мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Э, Г.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.Өад хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

7. Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилэх тухай тэмдэглэлийг хүчингүй болгож, 38-36 ХЭА улсын дугаартай Хьюндай Портер маркийн машиныг шүүгдэгч Г.Цт буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН