Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 383

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хурлын  танхимд  нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Со-10-411 тоотод оршин суух Борнууд овогт Баянгийн Нарантунгалагийн нэхэмжлэлтэй, Ц.Наранбатыг “эрэн сурвалжлуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.Нарантунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2006 онд Цогтоогийн Наранбаттай гэр бүл болж, 2006 оны 12 дугаар сарын 11-нд 1 хүү төрүүлсэн. Гэр бүлийн тааламжгүй байдлаас болж 2010 оны 05 дугаар сарын 11-нд гэр бүл цуцалж, хүүхдийн тэтгэмж цалингийн доод хэмжээний 50 хувиар тогтоосон. Ц.Наранбат нь шүүхийн шийдвэр гарснаас хойш одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Хүүтэйгээ ерөөсөө уулздаггүй. Би өөрөө Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хороолол Со-10-411 тоотод оршин суудаг. Ц.Наранбат нь Сэлэнгэ аймагт манай хуучин хаяг дээрээ байдаг. Гэсэн хэрнээ Сэлэнгэд амьдардаггүй. Шүүхийн шийдвэрийг үл тоон биелүүлэхээс зайлсхийж, ор сураггүй алга болсон тул Ц.Наранбатыг эрэн сурвалжилж олж өгч тусална уу гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Боржигон овогт Цогтоогийн Наранбат /РД: МЭ-83072313/ нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар баг 3 дугаар хэсгийн 058 тоотод оршин суудаггүй болох нь Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байх тул нэхэмжлэгч Б.Нарантунгалагийн “Ц.Наранбатыг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч Б.Нарантунгалагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд нянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно. 

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Цогтоогийн Наранбат /РД: МЭ-83072313/-ыг эрэн сурвалжилсугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Наранбатыг эрэн сурвалжлах ажиллагаа хийхийг аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нарантунгалагийн улсын тэмэдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор  шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх  хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй. 

6. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны  дагуу  оролцогч тал хүрэлцэн ирж  шүүхийн шийдвэрийг  аваагүй бол шүүх хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг  гардан   авсанд  тооцох болохыг анхааруулсугай

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ