Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 181/2019/02978/И |
Дугаар | 210/МА2023/02088 |
Огноо | 2023-12-01 |
Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2023/02088
2023 12 01 210/МА2023/02088
Х ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02611 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Х” санд холбогдох,
Даатгалын хураамжид төлсөн 980,936,832 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Х ХК нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны М ХХК-ийн /цаашид “Хөгжлийн банк” гэнэ/ тус банкинд байршсан болон Хаан банкаар дамжуулан зээлдүүлсэн мөнгөн хөрөнгөнд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу улирал бүр даатгалын хураамж төлж ирсэн. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Улирлын хураамж нь өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1, 7.2.2, 7.2.3-д зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг энэ хуулийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй байна” гэж заасан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Х нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн байгууллага” байхаар хуульчилсан. М- банкны тухай хуульд зааснаар Хөгжлийн банк нь Монгол Улсын үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бөгөөд, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 23 дугаар зүйлд зааснаар Засгийн газар Хөгжлийн банкийг байгуулж, дүрмийг нь баталж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, төлбөрийн чадварын асуудлыг шийдвэрлэж байна. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар “Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Засгийн газар” байна.
М- банкны тухай хуулийн 8 дугаар зүйлд Хөгжлийн банкны үйл ажиллагааны хүрээг тодорхой хуульчилсан бөгөөд төсвийн мөнгийг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаас өөрөөр арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр байршуулан ашиг олох замаар захиран зарцуулах талаар зохицуулаагүй. Дээрх байдлаар мөн чанар, агуулгаараа Хөгжлийн банк төрийн байгууллага мөн. Түүнчлэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс ирүүлсэн лавлагаагаар Хөгжлийн банкны эх үүсвэр, эхлэлтийн хөрөнгийг бүгдийг төсвөөс гаргасан нь тогтоогдсон.
Даатгалын харилцаанд даатгагч өөрөө өөрийгөө даатгах боломжгүй, гэрээний хоёр тал нь нэг этгээд буюу нэг сонирхолтой этгээд байхгүй байх, төр өөрийгөө даатгахгүй байх гэсэн утгаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг тайлбарлана. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтаар даатгалын тохиолдол бий болоход энэ хуулийн 7.2 дахь хэсэгт заасан этгээдэд нөхөн төлбөр төлөхгүй гэдэг улмаар 13 дугаар зүйлийн 13.5 дахь зохицуулалтаар даатгалын хураамжийг “энэ хуулийн 7.1 ба 7.2.2, 7.2.3-т зааснаас бусад” хадгаламжаас авахаар тодруулсан зэрэг нь Хөгжлийн банк гэх төрийн байгууллагын харилцах, хадгаламжид шимтгэл төлөхгүй болохыг зохицуулсан.
Х ХК болон Хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээнүүд нэршлийн хувьд “хадгаламжийн гэрээ” нэртэй хэдий ч агуулгын хувьд хадгаламж биш, төлбөрийн хэрэгсэл юм. Гэрээний дагуу байршуулсан эх үүсвэр нь Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан “төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх” чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тус банкаар дамжуулан иргэн, хуулийн этгээдэд зээл олгох зорилго бүхий мөнгөн хөрөнгө юм. Хуульд заасан төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор ашиглагддаг ихэвчлэн 2-3 хоногийн хугацаанд Хаан банкинд байршиж тухайн зориулалтын дагуу зарцуулагдахаар татагддаг Хөгжлийн банкны мөнгөн эх үүсвэр тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “нэрлэсэн үнээр буцаан төлөгдөхгүй хадгаламж” гэдэгт хамаарах юм.
1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь хэсэгт зааснаар Хадгалагч мөнгөн хөрөнгөө хадгалуулсан иргэн, хуулийн этгээд тус бүрт мөнгөн хадгаламжийн данс нээх ёстой. Гэтэл ийм хадгаламжийн данс нээгээгүй. Мөнгөн хадгаламжийн шинжийг хуулиар тодорхойлохдоо “мөнгөн хөрөнгийг хадгалуулагчид буцаан өгөх”-өөр заасан. Гэтэл Хөгжлийн банкны байршуулсан мөнгөн хөрөнгө буцаад Хөгжлийн банкинд байршдаггүй, харин Монгол банкаар дамжин гуравдагч этгээдэд шилждэг. Энэ нь хоёр банкны хоорондоо бичсэн мэйлд “манай мөнгийг Монгол банк руу шилжүүлээрэй”, “харилцах дансанд шилжүүлээрэй” гэснээс харагдана. Үүнээс гадна Хөгжлийн банкинд ам.доллар манайхаас хадгалуулсан гэрээнүүд хэрэгт авагдсан. Энэ агуулгаараа “хадгаламж байх” шаардлагыг хангахгүй, харин Хөгжлийн банкинд гадаад валют хэрэг болоход манайх байршуулах зэргээр төлбөр тооцоог түргэн гүйцэтгэх зорилгоор хэн алиндаа харилцан байршуулсан мөнгөн хөрөнгө.
Үүнээс гадна Векселээр баталгаажсан буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа авсан. Гэтэл үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг хуулиараа хадгаламжийн гэрээнд хэрэглэгдэхгүй. Иймд Хөгжлийн банкны байршуулсан мөнгөн хөрөнгөд хураамж төлөх үүрэггүй байсан тул 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01- ний өдөр хүртэлх хугацаанд хураамжид үндэслэлгүйгээр төлүүлсэн 980,936,832 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч хураамжийг буцаан нэхэмжлэхдээ Хөгжлийн банкийг “төрийн байгууллага” гэж тодорхойлжээ. Хөгжлийн банкны эрх зүйн байдлыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн М- банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө хуулийн этгээд байна.” гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг хувьцаа эзэмшигч тогтооно.” гэж тус тус заасан.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн этгээдүүдийн 7.1.8-д заасан “Төрийн байгууллага” гэсэн эрх зүйн байдалтай нийцэхгүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд Төрийн өмчит хуулийн этгээдийн ойлголт, ангиллыг зааж, төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэж заасан. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь ангилсан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж тодорхойлсон. Энэ зохицуулалтад хамаарахгүй байна.
Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Хөгжлийн банкийг анх үүсгэн байгуулахдаа хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд “компани” гэж анхнаасаа бүртгүүлсэн. Хэн хувьцаа эзэмшигч, өмчлөгч байх гэдгийг дүрэмдээ “Засгийн газраас гадна иргэн, хуулийн этгээд хэн ч байж болно” гэж заасан. Мөн оноосон нэрийн ард “ХХК” гэж бичиж, Х ХХК гэж татвар төлөгчөөр бүртгүүлсэн. Анх үүсгэн байгуулахдаа Монгол Улсын Засгийн газраас эхний санхүүжилтийг улсын төсвөөс хийсэн боловч Төрийн өмчийн оролцоотой байна уу эсхүл гадаадын хөрөнгө оруулалттай байна уу гэдгээс үл хамаараад ХХК гэсэн статус өмчийн хэлбэрээс хамаарч өөрчлөгдөхгүй, хэвээр байна. Үүнээс гадна Хөгжлийн банк төсвөөс санхүүждэггүй, харин гаднаас авсан бондоор санхүүждэг, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Энэ нь жил бүрийн батлагддаг Монгол Улсын төсвийн тухай хуульд “Хөгжлийн банк” гэж төсөв хуваарилаагүйгээс харагдана. Харин төрийн байгууллага бол төсвөөс бүрэн санхүүждэг.
Хөгжлийн банк өөрийн нэрийн өмнөөс гадаад валютын арилжаа хийж, орлого олох боломжтой. Энэ нь тус компанийн батлагдсан дүрэмд ч нээлттэй, хориглоогүй. Харин төрийн байгууллага орлого олох боломжгүй. Нэхэмжлэгч бонд гаргахдаа Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргадаг тул төрийн байгууллага гэж байна. Гэтэл Засгийн газар, Монгол банк гэх мэт олон байгууллага баталгааг гаргадаг. Мөн дан ганц төрийнх гэлтгүй хувийн байгууллагад ч баталгаа гаргадаг болохыг бид нийтэд илэрхий болсон “Стандарт банк”-ны хэргээс мэдэж байгаа. Ашиггүй ажилласан гэдгээр нь төрийн байгууллага гэж үзэж болохгүй. Ашигтай ажиллавал компани, ашиггүй ажиллавал төрийнх гэж үзэхгүй. Хөгжлийн банк Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан ашгийн төлөө компани мөн.
Нэхэмжлэгч Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж” гэж тайлбарлаж байна. Хадгаламжийн даатгалын үндэсний хорооноос баталсан “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ын дагуу нэхэмжлэгч Х ХК-аас 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Хд ирүүлсэн сар бүрийн тайлангаар 7.1.3-т заасан төрлийн хадгаламж байхгүй гэж өөрсдөө тайлангаа ирүүлж байсан. Бид ирүүлсэн тайлангийн хүрээнд хураамжийг бодож байгаа. Гэтэл өнөөдөр өөрөөр тайлбарлаж байна. Хуульд заасан “нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж” гэдгийг тодорхойлсон хууль, дүрэм журам байхгүй, гагцхүү Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт энэ талаар заасан байгаа. Хэрэв банк тайлангаа буруу гаргасан, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан төрлийн хадгаламж байсан гэвэл асуудал өөрөөр яригдана. Иймд Хөгжлийн банкны хадгаламжийг хуулийн 7.1.3-т хамаатуулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Мөн Хөгжлийн банкны байршуулсан хөрөнгө хадгаламж биш гэж тайлбарлаж байна.
Гэтэл хэрэгт авагдсан гэрээнүүд “хадгаламжийн гэрээ” гэж маш тодорхой заасан. Иргэдийн мөнгө банкинд, харин бүх банкны мөнгөн хөрөнгө Монгол банкинд байршдаг, Монгол банк ирсэн даалгаврын дагуу аль ч банкны гүйлгээг хийдэг, түүгээр дамждаг. Түүнчлэн хадгаламжийн гэрээ байгуулаад дансыг тодорхой дурдаад өгсөн байхад тэр мөнгийг хаанаа, аль дансандаа бүртгэх нь банкны өөрийн асуудал. Хэрэв буруу бүртгэсэн гэвэл банкны хариуцлага.
Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан А-294/340 тушаалаар банкны хэмжээнд дагаж мөрдөх “Нягтлан бодох бүртгэлийн багц материал”-ыг шинэчлэн баталсныг захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдсэн. Үүнд, банк мөнгөн хөрөнгийг аль хэсэгт, хэрхэн бүртгэх талаар нарийвчлан зохицуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Манай байгууллагыг төрийн байгууллага мөн эсэхэд талууд маргаж байна. Хөгжлийн банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт эрх зүйн байдлыг тодорхойлсон. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “хувьцаа эзэмшигч Засгийн газар болон хувь нийлүүлсэн бусад этгээд байна” гэж заасан. Иймд манайх төрийн байгууллага биш, харин өмчийн хувьд холимог хэлбэртэй, ашгийн төлөө “ХХК” байгаа. Анхны үүсгэн байгуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газраас гаргаж өгсөн хэдий ч урт богино хугацаатай зээлийг Монгол банк болоод гадны бусад байгууллагаас авч, бонд гаргадаг, түүгээрээ санхүүждэг, төсвөөс 100 хувь санхүүждэггүй болно. Хадгаламжийн хүү нь Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10, дүрмийн 5.1 дэх хэсэгт зааснаар “ашигт ажиллагаа” гэдэгт хамаарах эх үүсвэр бөгөөд хууль, дүрмээр хориглоогүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.2.2-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Х” сангаас хураамжид төлсөн 980,936,832 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,062,635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
5.б. М- банк нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл дээрх хуулийн заалтад заасанчлан хадгаламжийн хүүгийн хүү, хугацааг нийтэд зарласан үйл баримт байдаггүй, мөн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд зааснаар Хаан банкны Хөгжлийн банкинд байршуулсан эх үүсвэрт хөгжлийн банк нь хадгаламжийн даатгалын хураамж төлдөггүй. Мөн М- банкны тухай хуульд төрийн өмч болох мөнгөн хөрөнгийг хувийн арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр хадгалуулахыг Хөгжлийн банкинд зөвшөөрөөгүй буюу хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтын дагуу зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь мөнгөн хадгаламжийн гэрээ биш болох нь нотлогддог. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж талуудын хооронд байгуулагдсан гэрээг хадгаламжийн гэрээ гэж үндэслэлгүй хууль бус дүгнэлт хийсэн.
Шүүх векселийг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д хамаарах үүргийн гүйцэтгэлийг хангуулах хуульд заасан бусад арга хэрэгсэлд хамаарна гэж дүгнэсэн. Гэтэл Монгол Улсын иргэний хуулийн онолын тайлбарт ипотек болон эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих гэрээний харилцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах бусад арга хэрэгсэлд орох талаар тайлбарласан бөгөөд үүнд вексел орох талаар тусгаагүй байна.
Гэтэл Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт “Хадгалуулагч нь хадгалагчаас энэ зүйлийн 3, 4, 6 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болон гэрээнд заасан бол анз төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргуудаас зөвхөн анзыг ашиглах талаар нарийвчлан зохицуулсан. Мөн хууль тогтоогч арилжааны банкийг хадгалсан мөнгөн хөрөнгөө хадгалуулагчид буцаан төлөх үүргээ үүргийн гүйцэтгэлийг хангуулах бусад аргыг ашиглан бусад гуравдагч этгээд шилжүүлэхийг хуулиар хориглож байгаа юм. Нэгэнт хуульд тодорхой хориглосон зохицуулалт байгаа тул хадгаламжийн гэрээнд Иргэний хуулийн 189 дүгээр заалт үйлчлэх боломжгүй. Хуульд хадгаламж эзэмшигчид Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-т зааснаас бусад арга хэлбэрийг шаардах эрхийг олговол хадгалуулагч бүр барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангуулах бусад гэрээ байгуулахыг банкнаас шаардаж эхлэх ба тэдгээр шаардлагыг биелүүлэх боломж үгүй юм.
Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ” гэж заасан. Мөн Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.5 дахь хэсэгт заасанчлан нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээнүүд нь хуульд заасан мөнгөн хадгаламжийн гэрээ биш гэдэг нь нотлогддог.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7, 7.1, 7.2 дахь хэсэгт хийсэн дүгнэлтийн хувьд: Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7.2.2, 13.5 дахь заалтуудад тусгагдсан “төрийн байгууллага” гэсэн ойлголтын талаар тус хуульд нарийвчилсан заалт байхгүй тул бусад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тус нэр томьёог нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой байсан. Энэ агуулгын хүрээнд төрийн байгууллага гэдэг ойлголтыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар ойлгон хэрэглэх нь хуульд нийцэх юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ” гэж заасан.
Хөгжлийн банк нь хуульд заасан үйл ажиллагааны чиглэлийн дагуу дээрх ангиллын “төрийн байгууллага” гэдэгт хамаарч байгаа юм. Шүүхийн шийдвэрт дурдсанчлан хуулийн этгээдийн улсын бүртгэлд төрийн өмчит хуулийн этгээдийг компани, банк гэсэн нэр ашиглан бүртгэх нь хуулийн этгээдийн өмчлөлийн хэлбэрийг өөрчлөх, хуулийн дагуу эрхийн байдлаар ангилсан ангиллыг өөрчлөх үндэслэл болохгүй юм.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаад байгаа төрийн байгууллагын шинж тэр тусмаа заавал захирамжлах шинжтэй байх талаар тодорхой зохицуулсан хуулийн заалт байхгүй байхад шүүх хууль тогтоогчийн эрхийг хэрэгжүүлж дүгнэлт хийсэн, хуулийн этгээд болохынхоо хувьд “ХХК” гэсэн нэршил авсан нь Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь ангилсан дээр хуулийн заалтыг шууд үгүйсгэсэн дүгнэлт хийх, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх үндэслэл болохгүйн зэрэгцээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаагүй. Мөн Хөгжлийн банкны ажилтнууд нь төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарч төсвөөс санхүүждэг нь нийтэд ил үйл баримт байсаар байхад энэ талаар огт дүгнэлт хийсэнгүй.
Гэтэл Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-т хэрэгт нийт 166 ширхэг гэрээ баримтаар авагдсан гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт болох гэрээнүүдийг гаргаж өгсөөр байтал нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь үнэн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.1-т нэхэмжлэгч олон улсад хэрэглэгддэг нэр томьёоны хувьд харилцан хэн алиндаа мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаагаар байршуулж байгаагаар энэ төрлийн хадгаламж илэрхийлэгдэнэ гэж тайлбарласан ч энэ талаар нотлоогүй гэж дүгнэсэн. Гэтэл бид ийм тайлбарыг огт хийгээгүй харин эсрэгээрээ мөнгөн хөрөнгүүд нь хуульд заасан хадгаламжийн шинж агуулаагүй хадгаламж биш талаар удаа дараа тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг.
Шүүхийн шийдвэрт нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа 100 гаруй гэрээ нь хуульд заасан хадгаламжийн гэрээнд хамаарахгүй байгаа. Эдгээр гэрээ нь валютын хэрэгцээг хангах зорилгоор бие биедээ мөнгөн хөрөнгө харилцан байршуулсан, эх үүсвэрийн дутагдлыг нөхөх зорилготой нэг өдрийн зээл байсан, векселээр баталгаажсан гэрээнүүд байгаа талаар нотлох баримтаар гэрээнүүд гаргаж өгч бичгээр болон амаар тайлбаруудыг шүүхэд удаа дараа өгсөн.
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан нэрлэсэн үнээр буцаан төлөгдөхгүй хадгаламж гэдэгт мөн хамаарч байгаа юм. Учир нь мөнгөн хөрөнгө нь гэрээнд заасан үнийн дүн тооцогдсон хүүгээр Хөгжлийн банкинд буцаан төлөгддөггүй. Иймээс Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан улирлын хураамж тооцохдоо хасаж тооцох хадгаламжид хамаарах юм.
5.в. Монгол банкнаас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр А-6/1087 дугаартай албан бичгийн хавсралтаар шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн бөгөөд дүгнэлттэй танилцахад хуульд заасан шаардлагыг хангаагүй. Энэхүү шинжээчийн дүгнэлт нь дараах хуулийн шаардлага хангаагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж нэмэлт шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Үүнд:
Томилогдсон шинжээч нь санхүүгийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар бус харин өөрийн мэргэжлийн бус хууль зүйн асуудлаар дүгнэлт хийсэн байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлт нь бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна” гэсэн заалтыг зөрчсөн.
Шинжээчийн дүгнэлтийн нэгдүгээр хуудас асуулт 1-т “2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу хураамж төлсөн М ХХК-ийн Х ХК-д байршуулсан харилцах болон хадгаламжийн дансны мөнгөн үлдэгдэл гэх мөнгөн хөрөнгө нь М- банкны векселээр баталгаажсан мөнгөн хөрөнгө, М- банкнаас Хаан банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, М- банк болон Хаан банкны харилцан байршуулсан мөнгөн хөрөнгөнөөс бүрдэж байгаа эсэх” гэсэн асуултад шинжээч дүгнэлтийн 2 дугаар хуудсанд “... М- банк болон Хаан банкны харилцан байршуулсан мөнгөн хадгаламжийн гэрээ, Овернайт мөнгөн хадгаламжийн гэрээ, Хаан банкны Векселээр баталгаажсан мөнгөн хадгаламжийн гэрээнүүдээс бүрдэж байсан болно гэснээ тус дүгнэлтийн 7 дугаар хуудсанд “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн дагуу төлсөн хураамж буюу 980,936,832.84 төгрөг нь М- банкнаас Хаан банкинд байршуулсан харилцах хадгаламжаас бүрдэж байна гэж дүгнэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтийн нэг хэсэг нь нөгөө хэсгээ үгүйсгэсэн байх бөгөөд энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-т заасан шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэлийн талаар дүгнэлтэд тусгахаар заасан байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, М- банк болон Хаан банкны харилцан байршуулсан мөнгөн хадгаламжийн гэрээ, Овернайт мөнгөн хадгаламжийн гэрээ, Хаан банкны Векселээр баталгаажсан хадгаламжийн гэрээнүүд нь ямар үндэслэлээр энгийн харилцах хадгаламжид тооцогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хариулт ирүүлээгүй байна.
Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Шүүхийн шинжилгээ хийхэд дараах зарчмыг баримтална,” гээд 4.1.3-т “хараат бус байх,” гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хээгт “Шинжээч нь дараах үндэслэл байвал шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзана.” гээд 16.1.3-т “Шинжээч нь албан тушаалын болон бусад талаар хэргийн оролцогчийн эрхшээлд байгаа бол,” гэж, 16.1.4-т “...тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал,” одоогийн үйлчилж байгаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.3-т албан тушаалын болон бусад байдлаар хэргийн оролцогчийн нөлөөнд байгаа, эсхүл нөлөөлөхөөр бол гэж тус тус зааснаас үзвэл Монгол банкийг шинжээчээр томилсноор шинжээчийн хараат бус байдал алдагдсан. Шүүхээс нэгэнт томилогдсон тохиолдолд шинжээч нь шинжилгээ хийхээс татгалзах үүрэгтэй байна. Хэрэв шинжээч татгалзах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр дүгнэлт гаргасан тохиолдолд энэ нь хуулийн шаардлагад нийцсэн нотлох баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй юм.
Монгол банк болон хариуцагч Х нь удирдлагын бүтцийн хувьд хоорондоо харилцан хамааралтай. Тодруулбал: Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Корпорацийн удирдах дээд байгууллага нь Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо байна.” гэж тодорхой заасан бөгөөд мөн хуулийн 22.2 дахь хэсэгт “...Үндэсний хорооны гишүүн дараах этгээд байна.” гээд 22.2.1-т “Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Үндэсний хорооны гишүүн бөгөөд дарга.” гэж заасны дагуу Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч нь Хйн удирдах дээд байгууллагын дарга учир энэ тохиолдолд шинжээч нь хараат бус байж, хөндлөнгийн байр сууринаас дүгнэлт гаргах боломжгүй. Дүгнэлтийг Монгол банкны хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.Мандахнаран гаргасан бөгөөд тус газар нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн шууд удирдлага дор байдаг.
Үүнээс гадна Монгол банкны одоогийн ерөнхийлөгч Б.Л- нь талуудын хооронд М- банкны Хаан банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөд хураамж төлөх эсэх асуудлаар маргаантай байх хугацаанд хариуцагч Хйн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн санхүүгийн шинжээчийг анхнаасаа шинжээчээр томилоогүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х ХК, хариуцагч “Х” сангийн хүсэлтээр 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар шинжээч томилоход нэхэмжлэгч Х ХК шүүгчийн захирамжид гомдол гаргаж, тус гомдлыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхэд нэхэмжлэгч талаас тус шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхэд нийт 2 удаа шинжээч томилсон. Нэхэмжлэгчийн дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүхээс хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шинжээч татгалзаагүй үндэслэлээр Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэлд хамаарахгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т албан тушаалын болон бусад байдлаар хэргийн оролцогчийн нөлөөнд байгаа, эсхүл нөлөөлөхөөр бол шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэлтэй гэж заасан. Уг маргааны хувьд шинжээчийн шүүгчийн захирамжаар томилогдож, нэхэмжлэгч хариуцагч нар зохигчоор оролцож байгаа. Хэрвээ “Х” сангийн эрхшээлд Монгол банк байдаг бол шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзах эрхтэй буюу үүрэгтэй. “Х” сан Монгол банкийг эрхшээлдээ байлгадаг байгууллага биш. Төв банкны тухай хуульд заасны дагуу төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч Монгол улсын төв банк, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудад тусгай зөвшөөрөл олгож, цуцалдаг, хяналт шалгалт хийх эрхтэй байгууллага учраас Х ХХК-ийн тайлан мэдээнд шинжээчийн дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий байгууллагыг Монгол банк гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:
М- банкны тухай хуульд М ХХК нь чиг үүрэг бүхий хуульд заасан үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө хуулийн этгээд. 2011 оны М- банкны тухай хуульд чиг үүрэг бүхий ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд гэж заасан. М ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Засгийн газар. М ХХК нь өөрийн эрх зүйн байдлыг тодорхойлохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан зүйл заалтаар тодорхойлж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу төсвөөс санхүүждэг төрийн байгууллага биш. М- банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10-т төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор богино, дунд хугацаатай санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх гэсэн заалтын дагуу бусад арилжааны банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас богино хугацаатай төлбөрийн чадвараа сайжруулах зорилгоор богино хугацаатай эх үүсвэр татан төвлөрүүлж, ашиг олох зорилгоор бусад банкуудад хадгаламж байршуулдаг байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч “Х” санд холбогдуулан даатгалын хураамжид төлсөн 980,936,832 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Нэхэмжлэгч Х ХК-д М ХХК-аас хадгалуулсан мөнгөн хөрөнгөтэй холбоотойгоор албан журмын даатгалын улирлын хураамжид 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 980,936,832 төгрөгийг хариуцагч Х санд төлсөн дүн, тооцооллын талаар талууд маргаагүй. Харин Х ХХК-аас нэхэмжлэгч Х ХК-д байршуулсан мөнгөн хөрөнгө нь нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламжид хамаарах эсэх, гуравдагч этгээд М ХХК нь төрийн байгууллага мөн эсэх зэрэгт маргасан байна.
3. Х ХК болон Х ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 14-ний хооронд байгуулагдсан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”, “Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ”, “Шинэ мөнгөн хадгаламж байршуулах гэрээ”, “Мөнгөн хадгаламжийн хугацаа сунгах”, “Мөнгөн хадгаламж татан төвлөрүүлэх гэрээ”, “Овернайт мөнгөн хадгаламжийн гэрээ” гэх нэртэй гэрээнүүд нь талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт нийцсэн мөнгөн хадгаламжийн гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзлээ. Учир нь, мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүргийг хүлээсэн нь уг хуулийн агуулгатай нийцэж байна. /1хх 229 - 2хх 158, 2хх 206 - 3хх89, 4хх 40-58/
Түүнчлэн, дээрх гэрээнүүдийн агуулгаас үзвэл нэг талаас мөнгөн хөрөнгөө тодорхой хугацаатай, хүүтэйгээр нэхэмжлэгч банкинд байршуулсан байгаа нь мөнгөн хадгаламжийн гэрээний гол нөхцлийн талаар бичгээр тохиролцсон гэж үзэхээр байх тул тухайн гэрээнүүдээр хадгалуулсан мөнгөн хөрөнгөнд хадгаламжийн данс нээж, хадгаламжийн дэвтэр үйлдэгдээгүй гэх байдал нь уг гэрээг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.
4. Дээрх гэрээнүүдийн дагуу хадгалуулсан мөнгөн хадгаламжийг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХК нь, хариуцагч Х санд даатгуулж, даатгалын хураамжид 980,936,832 төгрөгийг төлсөн нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт нийцсэн үйлдэл гэж үзэх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул мөн хуулийн 13.15-д зааснаар банкнаас төлсөн хураамжийг буцаан олгохгүй.
Тодруулбал, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль нь банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой байх бөгөөд “даатгагдах хадгаламж гэж банкин дахь харилцах болон мөнгөн хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг хэлнэ” гэж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тодорхойлсон. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “... тусгай зөвшөөрөл бүхий банк хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг энэ хуульд заасны дагуу хадгаламжийн даатгалд заавал даатгуулж, хураамж төлнө” гэж банкинд үүрэг болгосон зэргээс үзвэл Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1 дэх хэсэгт заасан албан журмын даатгалын төрөлд хамаарна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
Уг даатгалын харилцааны хүрээнд даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй этгээдийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт хадгаламж эзэмшигч байхаар тодорхойлсон тул Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт заасан бусад этгээдэд ашигтай даатгалын гэрээний төрөлд хамаарна.
5. Нэхэмжлэгч талаас, дээрх хадгаламж нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж”-д хамаарахгүй тул хадгаламжийн даатгалд хамаарахгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч хадгаламж байршуулсан хугацаанд хамаарах 2015-2019 онуудын “хадгаламжийн даатгалын хураамж тооцох тайлан”-гууддаа энэ төрлийн хадгаламж байгаа талаар гэж тайлагнаагүй./3хх 176-221/
Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Мөн нэхэмжлэгч талаас, М- банкнаас байршуулсан дээрх мөнгөн хөрөнгө нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан “төрийн байгууллага” тул хадгаламжийн даатгалд хамаарахгүй субьектэд орно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан. Гэтэл гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй М- банкны эрх зүйн байдлыг тогтоосон 2011 оны болон 2017 оны М- банкны хуулиудаар түүнийг ашгийн төлөө хуулийн этгээд гэж тодорхойлсон байна.
Хуулийн этгээдийн эрх зүйн байдал нь хуулийн этгээдийн улсын бүртгэлээр тодорхойлогдох ба Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.5-д Иргэний хуулийн 34-36 дугаар зүйлд заагдсан компани, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо зэрэг хуулийн этгээдийг бүртгэх, 7.1.6-д шашны байгууллага, 7.1.7-7.1.10-т нийтийн эрх зүйн хуулийн этгээд, төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар зэрэг нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг бүртгэх журмыг тодорхойлсон байх бөгөөд М- банкийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд хэлбэрийн хувьд “хязгаарлагдмал хариуцлагатай компани” бөгөөд “ашгийн төлөө, компани” гэж бүртгэсэн байна./1хх 85-129/
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхээр нь 4 төрөлд хуваасан байх бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт төрийн байгууллага, албан газар гэж ангилсан ба, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж тодорхойлсон байна.
Дээрхээс үзэхэд гуравдагч этгээд М- банкийг төрийн байгууллага гэж хууль зүйн хувьд дүгнэх боломжгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй.
7. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн мөнгөн хадгаламжийн гэрээ, Овернайт гэрээ, Хаан банкны векселээр баталгаажсан мөнгөн хадгаламжийн гэрээ зэрэг нь Иргэний хууль болон Векселийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.4-ийг зөрчөөгүй байх ба анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.7 дахь хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргын төрөлд хамааруулан үзсэнийг буруутгахгүй бөгөөд гэрээнүүдийг векселээр баталгаажуулсан байгаа нь мөнгөн хадгаламжийн гэрээ биш гэж үзэх үндэслэл болохгүй. /2хх 179-205/
8. М- банкнаас нэхэмжлэгч Хаан банкинд дээр дурдсан гэрээнүүдээр байршуулсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч банк өөрийн тайландаа “Банк, санхүүгийн байгууллагаас татсан, харилцах, хадгаламж” гэсэн хэсэгт бүртгэсэн болох нь Хадгаламжийн даатгалын хураамж тооцох тайлангууд болон шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогджээ./3хх 176-221, 6хх 74-87/
Монгол банкны шинжээчийн дүгнэлтийн 2.2-т “Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан А-294/340 дугаар тушаалаар баталсан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Нягтлан бодох бүртгэлийн багц материал”-д банкууд сар бүр гаргадаг тайланг хэрхэн тайлагнах, мөнгөн хөрөнгийг ямар дансанд бүртгэх талаар зохицуулсан. Хөгжлийн банк болон Х ХК нарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламжийн гэрээ, Овернайт гэрээ, Векселээр баталгаажсан мөнгөн хадгаламжийн гэрээ нь тус аргачлалын дагуу банкууд М- банкнаас татсан эх үүсвэр буюу мөнгөн хадгаламжийг 2300000 дугаар дансны кодтой “банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр” бүлгийн 23145000 дугаар дансны кодтой “Хөгжлийн банкны хадгаламж” хэсэгт бүртгэсэн талаар дурдсан байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг болон давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
9. Шүүхээс Монгол банкийг шинжээчээр томилсон шүүгчийн захирамжид ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж томилогдсон шинжээчээс татгалзаагүй байх ба, мөн нэмэлт шинжилгээ хийлгэхээр гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамжид нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй байх бөгөөд дахин энэ талаар хүсэлт гаргасан үед шүүхээс өмнөх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх тул шинжээчийн талаарх гаргасан гомдлыг хангахгүй.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч банкнаас хуульд заасан үүргийнхээ хүрээнд хариуцагч байгууллагад төлсөн даатгалын хураамжийн хэмжээгээр хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг уг хуульд нийцсэн гэж үзсэн. Үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэх үндэслэл нь нэг тал эд хөрөнгийг хууль болон гэрээнд заасан үүрэггүй байхад нөгөө талд шилжүүлснээр үүснэ. Нэхэмжлэгч банк нь хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардаж буй даатгалын хураамжийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ хүрээнд уг хуулийн 13 дугаар зүйлд заасан журмын дагуу төлсөн байх тул хариуцагч байгууллагыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
11. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын хуулийн агуулга, зорилгод нийцүүлэн албан журмын даатгалын харилцаа гэж дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02611 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,062,635 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.АЛТАНЦЭЦЭГ