Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 00218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сум Минжийнхангайн 7-р баг, Сансарын 5а тоотод оршин суух Боржигон овогт Цэнд-Аюушийн Дэмбэрэлмэд /РД:ИВ91020511, утас: 99844454/-ээс гаргасан,

         Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 1-р баг 96-60 тоотод оршин суух Их монгол овогт Уртнасангийн Ганхуяг, / РД:МЗ80111974, утас:99391273/-д холбогдох

Түрээсийн үлдэгдэл төлбөр 400000 төгрөг болон байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

                                                                

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Ц.Дэмбэрэлмэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие Дэмбэрэлмэд иргэн Ганхуягтай тохиролцож миний өмчлөлийн байранд 2015 оны 11 дүгээр сарын 10-наас 2016 оны 5  дугаар сарын 10-ныг хүртэл хөлсөөр суухаар тохиролцож зохих ёсны гэрээ байгуулсан юм. Гэтэл Ганхуяг нь тохирсон ёсоор гэрээний хугацаа дууссан байхад байрны хөлсөө бүрэн өгөөгүй 200.000 төгрөг мөн тохирсон хугацаанаас хэтэрсэн одоо болтол суллаж өгөөгүй. Би ээж аавтайгаа хамт амьдарч байгаа. Байрандаа орох гэтэл хэл амаар доромжлоод байр суллаж өгөхгүй байгаа тул албадан гаргаж өгнө үү. 2016 оны 07 дугаар сарын 28-ны байдлаар түрээсийн төлбөр 400000 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч У.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: Уртнасан овогтой Ганхуяг миний бие нь ШШГЕГ-ын харьяа хорих 433-р ангид агрономич мэргэжлээр ажилладаг. Миний бие Дэмбэрэлмэдийн байрыг түрээсэлж сууж байсан нь үнэн. Байрын чөлөөлөөд өгье гэхээр эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, гараад орон гэр байхгүй учир суллаж өгч чадахгүй байна. Би Дэмбэрэлмэдийн байранд түрээсэлж амьдарч байсан хугацааны хөлс 400000 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд бидний байдлыг харгалзан үзэж, түр хугацаагаар хүлээж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

           

Нэхэмжлэгч Ц.Дэмбэрэлмэд хариуцагч У.Ганхуягаас Түрээсийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 400.000 төгрөг болон байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

 Зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг 96-60 тоот хаягт байрлах 38,26 м2  талбайтай 2 өрөө байрыг орон сууцны зориулалтаар 2015 оны 11 дүгээр сарын 10-наас 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацаанд сарын 200.000 төгрөгөөр түрээслүүлэх тухай түрээсийн гэрээ хийгдсэн байна. Хариуцагч У.Ганхуяг нь гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч Ц.Дэмбэрэлмэдийн байрыг чөлөөлж өгөөгүй байх ба 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар 6, 7-р сарын түрээсийн төлбөр 400.000 төгрөгийг төлж барагдуулаагүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.    

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 76850 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч У.Ганхуягаас 76850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дэмбэрэлмэдэд олгохыг шийдвэрт тусгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                         

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Ганхуягаас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг 96-60 тоот хаягт байрлах 38,26 м2  талбайтай 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 76850 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч У.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамжинд 76.850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дэмбэрэлмэдэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

         4. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ