Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 156

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Т.Нансалмаа, шүүгдэгч Р.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Р.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 02990 1593 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овогт Р.Д, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** үйлчлэгч ажилтай, ам бүл гурав, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Р.Д нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, *** тоот хашааны гадаа иргэн Д.Г-ийг намайг архичин, хулгайч гэж хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хэвлий тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөхөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч О овогт Р.Д нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, *** тоот хашааны гадна “намайг архичин, хулгайч гэж хэл амаар доромжиллоо” гэсэн шалтгаанаар Д.Г-тэй маргалдаж, түүний хэвлий рүү өшиглөж, түүний бие махбодод “...хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөхөнд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Р.Д-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би цайныхаа цагаар гэртээ цайгаа уугаад байж байтал үл таних эмэгтэй орж ирээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд намайг карт авсан гэж хулгайд сэрдсэн бөгөөд бид хоёр хоорондоо маргалдсан. Дараа нь бие биеэ өшиглөсөн. Тэр үл таних эмэгтэй намайг эхэлж үсдэж, толгой руу 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Миний буруу, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 122 дугаар сургуульд үйлчлэгч ажилтай, ам бүл гурав, хоёр хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Сард 300,000 төгрөгийн цалин авдаг бөгөөд цалингийн зээлтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн орчимд Тахилтын гуравдугаар гудамжинд байх Х-ын гэрт ороход Х гэртээ байхгүй түүний эхнэр Д гурван хүүхдийн хамт байсан. Гэрт нь ороод мэнд мэдэхэд ёозгүй харсан, тэгээд би Х А-тай нийлж архи уугаад байна, чи эхнэр нь юм бол харж хандахад яадаг юм нийлээд архи уугаад байдаг юм уу, арчаагүй юм гээд хэлчихсэн чинь намайг хар авгай энэ тэр гээд хэл амаар доромжилсон. Тэгээд би хүүгийн минь банкны карт олдохгүй байна хараагүй биз гэсэн чинь хулгайч гэж хэллээ гээд бөөн хэрүүл болсон. Дараа нь Д гэрээсээ гараад нөхөртэйгөө уулзах гэж байгаа бололтой явахаар нь би араас нь машинтай явахад Х нэг айлд байсан, тэгээд ярилцах гэтэл чи намайг банкны карт авсан гэл үү, хар авгай, балай авгай гээд доромжлоод байсан, тэгээд Хын эхнэр нь миний гэдэс рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас);

3. Гэрч Д.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгтэл гадаа хүмүүс орилолдоод байхаар нь хашааны гадна гартал Х-ийн эхнэр Д нэг махлаг нас тогтсон эгчтэй картын тухай яриад хэрэлдээд байхаар нь дундуур нь орж болиулсан. ...намайг гарч ирснээс хойш ямар нэгэн зодоон болоогүй, тэр махлаг биетэй эмэгтэй цагдаад өгнө гээд л машинд суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас);

4. Гэрч Ц.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д нөхөртэйгөө гараад ирэхээр нь ээж бид хоёр буугаад очсон чинь Д ээжийн гэдэс рүү өшиглөөд газар унагаасан. Би ээжийгээ өмөөрөөд хойш болгож түлхээд ээжийг газраас татаж босготол нөхөртэйгөө нийлж намайг үсдэж маажих гэж дайрсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39 дугаар хуудас);

5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 7531 дугаартай “...Д.Г-ийн биед хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 42 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Р.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 60 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Р.Д-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Хохирогч Д.Г-ийн бусдыг хулгайд сэрдсэн, мөн архичин гэж хэл амаар доромжилсон үйлдэл нь энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон гэж шүүх үзлээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Р.Д-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 107,986 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд үүнээс нотлох баримтын шаардлага хангахгүй зарим мөнгөний баримтыг хасаж тооцоод шүүгдэгч Р.Д-аас 97,846 төгрөг гаргуулан хохирогч Д.Г-т олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Р.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч Р.Д-т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460,000  төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Хувийн байдлын хувьд шүүгдэгч хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд саяхан ээж нь нас барсан, сард 400,698 төгрөгийн цалинтай боловч банкны зээлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялыг 6 сарын хугацаанд, харин хохирлыг 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-т дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О овогт Р.Д-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-т дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-т оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Р.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-аас 97,846 төгрөгийг гурван сарын дотор гаргуулж, хохирогч Д.Г-т олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.Д-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА