Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02041

 

 

 2023 оны 11 сарын 22 өдөр Дугаар 210/МА2023/02041

 

О.У...ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/02637 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.У....ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: К... ХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.У..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т..., Э.Г...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. О.У... нь 2008 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч, кибернетик мэргэжлээр төгсөж, 2008-2018 онд Худалдаа, хөгжлийн банканд оператор, борлуулалтын мэдээллийн ажилтан, эдийн засагчийн ажил, албан тушаалыг тус тус эрхэлж байсан.

1.2. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл К... ХК-ийн Ард салбарын харилцагчийн менежер, байгууллагын банкны газрын мэргэжилтэн, "Галакси салбар"-ын захирлаар тус тус ажилласан.

1.3. Салбар, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, зээлийн багц, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замаар банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвар, ажлын туршлага зэрэг бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн. К... ХК-ийн Галакси салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, К...ны Хөдөлмөрийн дотоод журам, К....ай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажилласан.

1.4. Гэтэл К... ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ү...ын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/246 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, К....ны Хөдөлмөрийн дотоод журам-ын 13 дугаар зүйлийн 13.4.4, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3.5, 31.13.1, Хөдөлмөрийн гэрээ-ний 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн хууль бусаар ажлаас халсан.

1.5. Галакси салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа ажил олгогч К.ХК-д эд хөрөнгий..н хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй, тушаалд дурдагдсан ажлаас халсан үндэслэлүүд нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар тухайлан заасан "ноцтой зөрчил гэдэгт хамаарахгүй тул намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Урьд эрхэлж байсан К... ХК-ийн Галакси салбарын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч О.У... нь К... ХК-д 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллаж, харилцагчийн менежерийн албан тушаалыг эрхэлж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийг түүнтэй харилцан тохиролцсны үндсэн дээр К... ХК-ийн Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/726 тоот тушаалаар Галакси салбарын захирлаар 3 хүртэл сарын хугацаагаар дагалдан томилж, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/84 тоот тушаалаар тус өдрөөс эхлэн жинэхлэн ажиллуулсан.

2.2. Нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд харьяа салбарын зээлийн ажилтанд зээлийн судалгаа хийх явцад заавар зөвлөгөө өгч ажиллах, зээлийн бүрдүүлбэр баримт бичгүүд болон боловсруулсан тайлангуудтай танилцаж, судалгааны маягтад саналаа өгөх, журамд заасан зээлийн судалгаа, шинжилгээ, тэдгээрийн тайлангуудыг бодитой хийсэн эсэхэд хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй нь банкны Зээлийн үйл ажиллагааны журам, Хөдөлмөрийн дотоод журам, тус ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажилтанд олгосон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, зөрчил гаргасан болох нь холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон тул Капитрон банкны Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/246 тоот тушаалаар О.У...тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, талуудын хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

2.3. О.У... нь Хөдөлмөрийн гэрээнд болон банкны дотоод эрх зүйн баримт бичгүүдэд туссан дараах зөрчлүүдийг гаргасан. 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Капитрон банкны Зээлийн дэд хорооны хурлаар Х... ХХК-ийн 259,300,000 төгрөгийн дүнтэй, 60 сарын хугацаатай, тоног төхөөрөмжийн зээлийг яаралтай жагсаалтанд оруулан танилцуулахдаа тус банкны "Тоног төхөөрөмжийн зээлийн журам"-ын 2.8-д 36 сараас дээш хугацаатай 100 сая төгрөгөөс дээш дүнтэй зээлийн хувьд зээлийн 20%-аас доошгүй зээл зөвшөөрөх дээд үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалах тухай заалтыг харилцагчид мэдэгдэлгүйгээр зээлийн судалгааны материалыг бүрдүүлсэн, холбогдох зээлийн хороонд тус зээлийн хүсэлтийг танилцуулахдаа мөн мэдэгдээгүй.

2.3.а Тус зээлийн судалгааг хийх явцад зөрчил гарсан болохыг хянах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр холбогдох Зээлийн салбар хорооны хурлаар хэлэлцүүлж, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №23/15/01 тоот шийдвэрээр тус зээлийг олгохоор шийдвэрлэж, улмаар зээл олгох шийдвэрийг эцсийн байдлаар гаргах эрх бүхий субьект буюу дээд шатны зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлэх Бизнесийн зээлийн танилцуулах хуудсыг баталгаажуулж, дээд шатны зээлийн хорооны хуралд санаатайгаар буруу мэдээлэлтэй зээлийн судалгааг танилцуулсан.

2.3.б. К....ны Зээлийн үйл ажиллагааны журмын 3.7 дахь заалтад зааснаар Харилцагчийн бүрдүүлсэн материалыг судлах, зээлийн санал дүгнэлт гаргах болон судалгааны маягт боловсруулах үүрэг нь зээлийн ажилтанд байх хэдий ч мөн журмын 3.8, 3.9 дэх хэсгүүдэд зааснаар салбар, нэгжийн захирал нь зээлийн бүрдүүлбэр баримт бичгүүд болон боловсруулсан тайлангуудтай танилцаж, судалгааны маягтад саналаа өгөх үүрэгтэй буюу тухайн зээлийн судалгааны хувьд эцэслэх үүрэг бүхий этгээд нь нэгжийн захирал бөгөөд О.Ууганцэцэг нь тус үүргээ биелүүлэлгүйгээр зөрчил гаргасан.

2.3.в. Зээлдэгч Ц.О...ын зээлийн судалгаанд өмнөх зээлийн зарцуулалт, зээлийн төлөлт зэргийн тооцоолол, ашгийн зарцуулалт нь зээлийн зориулалтад нийцсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг зохих түвшинд судлалгүйгээр Зээлийн дэд хорооны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралд танилцуулсан.

2.3.г. Зээлдэгч Х.Э...ийн өр, орлогын харьцааг буруу тооцож зээлийн шинжилгээний тайланд тусгасан.

Дээрх зөрчлүүдийн талаар О.У...ээс тайлбар авахад хүлээн зөвшөөрсөн байдаг. О.У....ийн албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан дараах үүргүүдийг зөрчсөн.

Хөдөлмөрийн гэрээний 9.3.1 дэх хэсэгт заасан зөрчил, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуул /2021 оны шинэчилсэн найруулсан/-ийн 158 зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.У...ийг К... ХК-ийн Галакси салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К.... ХК-аас нэхэмжлэгч О.У...ийн ажилгүй байсан хугацааны цалин 12,017,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар 43.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.У....ийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагч К... ХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 207,223 төгрөг гаргуулан улсын орлогод оруулан, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тайлбарласан тухай

Нэхэмжлэгч нь ажил эрхэлж байх хугацаандаа 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд өөрийн удирдлага дахь салбарын зээлийн ажилтанд зээлийн судалгаа хийх явцад заавар зөвлөгөө өгч ажиллах, зээлийн бүрдүүлбэр баримт бичгүүд болон боловсруулсан тайлангуудтай танилцаж, судалгааны маягтад саналаа өгөх, журамд заасан зээлийн судалгаа, шинжилгээ, тэдгээрийн тайлангуудыг бодитой хийсэн эсэхэд хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй нь банкны Зээлийн үйл ажиллагааны журам, Хөдөлмөрийн дотоод журам, тус ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажилтанд олгосон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, зөрчил гаргасан болох нь холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон тул К...ны Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/246 тоот тушаалаар О.У...тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан.

О.У... өөрийн удирдлага дахь ажилтануудаа заавар зөвлөмжөөр хангаагүй, үүнээс үүдэлтэй салбарын үйл ажиллагаанд буюу тус салбараас гүйцэтгэж буй зээлийн судалгаа, шинжилгээ, тайланг бодитой хийсэн хяналт тавих үүргээ удаа дараа биелүүлээгүй болохыг илрүүлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.3 дахь хэсэгт нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн агуулгыг буруу тогтоож, маргааны зүйлийг оновчтой тогтоогоогүй.

Зээлийн ажилтан Б.Э...ийн гаргасан үйлдэлд О.У...т хариуцлага тооцсон мэтээр ойлгож, үндэслэлгүй дүгнэлт гаргажээ. Улмаар маргааны үйл баримтыг тайлбарласан нь бодит үйл баримтад нийцээгүй, маргааны зүйлд хамааралгүй болсон.

4.2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн тухай.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн, талуудын маргаагүй үйл баримтын хүрээнд дүгнэлт гаргасан.

Шүүх хариуцагчдийн хүсэлтээр Б.Э..., О.У... нарын цахим шууданд үзлэг хийсэн бөгөөд тус үзлэгээр Б.Э... нь зээлийн судалгаа хийж байхдаа гаргасан алдааг түүний удирдлага болох нэхэмжлэгч О.У... нь илрүүлээгүй, зохих хяналтыг тавьж ажиллаагүй болох нь тогтоогддог бөгөөд нэхэмжлэгч тус үйл баримтын тухайд буюу тухайн зөрчил гарсан, энэ талаар К... ХК-ийн зээлийн дэд хорооноос зээлийн судалгааг засварлах, цаашид судалгаа хийхдээ анхаарал тавьж ажиллахыг сануулсан цахим шуудан хүлээн авсан, цахим шуудангийн агуулгын тухайд шүүх хуралдаанаас өмнөх шатанд болон шүүх хуралдааны үеэр огт маргаагүй.

Гэтэл шүүх зохигч маргаагүй асуудлаар, мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас хальсан хүрээнд дүгнэлт гаргаж, түүнд үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасанд тус тус нийцээгүй.

4.3. Шүүх гэрчийн мэдүүлгийг буруу үнэлсэн. Гэрч Б.Э... мэдүүлэгтээ дурдсан ...Би Э..., О... нарын зээлийн асуудал дээр сахилгын арга хэмжээ авагдсан." гэх үйл баримт бодитоор болоогүй бөгөөд маргааны зүйлд огт хамааралгүй тайлбар болно.

О.У...ийн өөрийн удирдлага дахь ажилтанд заавар зөвлөмж өгөх, үүний гүйцэтгэсэн зээлийн судалгаа, шинжилгээнд зохих ёсоор хяналт тавиагүй үйлдлийг зөрчилд тооцсон байхад шүүх маргааны зүйл болох хяналт тавьж ажиллаагүй зөрчил үйлдэгдсэн эсэхэд зохих дүгнэлт гаргалгүйгээр гэрчийн мэдүүлэгт хэт автаж, Б.Э..., О.У... нарын үйлдлийг хольж хутгасан нь шүүхийн шийдвэрийг үндэслэл муутай гарахад хүргэсэн байна.

4.4. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Ажил олгогч нь ажилтанг "хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" хэмээн буюу хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, банкны болон ажилтны ёс зүйн дүрэм, тангараг болон банканд мөрдөгдөж буй журам, дүрэм, заавар, эрх зүйн баримт бичиг, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа зөрчсөн" үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нэг талын санаачилгаар дуусгавар болгосон нь хөдөлмөрийн гэрээгээр талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсэгт заагдсан "ноцтой зөрчил" гэх ойлголтод хамаарах ноцтой зөрчил болохыг анхан шатны шүүх буруу дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн.

Шүүх гэрээний 9.3.1 дэх хэсэгт заасныг зөв дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг явцууруулан тайлбарласан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, О.У.ийн нэхэм..жлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч талууд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан.

ХЯНАВАЛ:

 

1. Хариуцагч К... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г..., Б.Т... нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр давж заалдах шатны шүүхэд эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.

2. Эвлэрлийн гэрээг нэг талаас О.У..., нөгөө талаас К... ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ү... нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцжээ. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчийг Галакси салбарын захирлын ажил, албан тушаалаас өөрийн хүсэлтээр нь чөлөөлж, уг асуудлаар талууд аливаа шаардлага гаргахгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,017,040 төгрөгийг, гэрээг шүүхээс баталгаажуулан бичгээр гарсан даруйд төлөхөөр, мөн нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл нөхөн бичилт хийхээр харилцан тохиролцжээ. /хх/

3. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул нэхэмжлэгч О.У..., хариуцагч К... ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ү... нарын эвлэрлийн гэрээг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/02637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.У... нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчийг Галакси салбарын захирлын ажил, албан тушаалаас өөрийн хүсэлтээр нь чөлөөлж, уг асуудлаар талууд аливаа шаардлага гаргахгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,017,040 төгрөгийг эвлэрлийн гэрээг шүүхээс баталгаажуулан бичгээр гарсан даруйд төлөх, хариуцагч нь нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндиййн даатгалын дэвтэрт анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл нөхөн бичилт хийхээр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,223 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД