Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2016/00290/И |
Дугаар | 386 |
Огноо | 2016-07-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 386
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Д.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй Ж.Цэцэгжаргалд холбогдох “2.890.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Цэцэгжаргал өөрөө 2015 оны 03 дугаар сард ажил дээр ирж хүүхдүүдийн сургалтын төлбөр 1.700.000 төгрөг дутаад байна, мөнгө байвал зээлдүүлээч гэж ирэхэд надад ямар мөнгө байх вэ дээ алга гэхэд ядаж хүнээс хүүтэй мөнгө зээлээд өгөөч гэж 2-3 цаг ажил дээр гуйж суугаад, арга ядаад л тань дээр ирлээ гээд байхаар нь хүмүүсээс чадахаараа л асуугаад зээлдүүлэх хүн олдоогүй. Тэгээд охин маань байр авах нэн шаардлагатай мөнгө бий нь ч бий л дээ гэхэд тэгвэл хамаагүй хүүтэй аваад өгөөч гэж гуйсан. Харин хугацаандаа л төлбөл ярьж өгье гээд охин руугаа утастахад найдвартай юм уу, яг юм уу гээд дургүйцэж байгаад миний данс руу 1.700.000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Би мөнгөө өгөхдөө найдвартай биз дээ мөнгөнөөс болж муудалцмааргүй байна шүү, охины минь байр авах мөнгө шүү, хүүхдээ хараад ажилгүй сууж байгаа хүүхдийн маань мөнгө гэж хэлээд Цэцэгжаргал өөрөө хүүгээ 03 дугаар сарын 03-наас эхлэн 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Анхнаасаа хүүгээ ч цаг хугацаандаа өгч эхлээгүй, мөнгө нэхэхэд цалингийн зээл аваад өгье, зээл бүтэхгүй байна гээд л байсан. Утастахаар төлнө, барагдуулна л гэдэг байсан. Сүүлдээ утсаа авдаггүй болсон. Тэр битгий хэл би гэнэтийн ослоор дүүгээ алдчихлаа чи ядаж хагаслаад ч болтугай өгөөч, шарил авчрах зардал мөнгө хэрэг болоод байна гэж хүнээр хэлүүлээд ч өгөөгүй. Зовлонгийн маань ойлгоод надад ядаж бензиний мөнгө ч өгөөгүй. Дараа нь бас нэг дүүгээ алдчихлаа гээд хүн явуулж биечлэн уулзуулсан боловч мөн өгөөгүй. Гэрээгээр бичгээр сунгаж явж байсан бөгөөд мөнгөө хугацаанд нь төлөхгүй намайг хохироож байна. Иймд гэрээний дагуу 2.890.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Цэцэгжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Цэцэгжаргал миний бие нь иргэн Д.Оюунчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2.890.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн мөнгө болох 2.890.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 25 гэхэд төлж барагдуулна. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүйгээр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь хариуцагч Ж.Цэцэгжаргалд “2.890.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61190 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30595 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 30595 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй Ж.Цэцэгжаргалд холбогдох “2.890.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 61190 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 30595 төгрөгийг, үлдэх 30595 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ