Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/53

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сад холбогдох эрүүгийн 1838009400056 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.С нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2-р баг “Хогорго” гэх газраас Ж.Т олон тооны буюу 8 тооны адууг хулгайлж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.С нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2-р баг “ Хогорго” гэх газраас Ж.Т олон тооны буюу 8 тооны адууг хулгайлж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Сын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 10 сарын сүүлээр Ренчинлхүмбэ сум 2-р баг Хогорог гэх газраас бэлчээрт байсан Хамар цагаан хар азаргатай адуу бэлчиж байхад нь бэлчээрээс нь тухайн адуун дотроос 8 тооны адуу салгаж ялган хөлөөр нь тууж явсан... тухайн хулгай хийж авчирсан адуун дотроос нэг бүдүүн нас бие гүйцсэн халтар зүсмийн гүүг нь алж нядлан идшиндээ идсэн. Тухайн адууны азарга нь 3 хоног авчирсан адуун дотор байж байснаа нэг өдөр байхгүй болсон байсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,

      Хохирогч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2018 оны 10 сарын 20-ны үед Ренчинлхүмбэ сумын 2-р баг “Хогорог” гэх газрын нутаг дэвсгэрт бэлчээрээс адуун дотроос 8 тооны адуу алга болсон байсан. Тухайн адуунууд нь гүү, унага, даага нийлсэн нийт 8 тооны адуу байсан. Адуугаа хайж сураглаж яваад Тэнгис гэх газарт айлын ойролцоо миний алга болоод олохгүй байсан адуунуудыг уулын мухар хавцал газарт хүн хариулж, хоргоож, маллаж байгааг мэдсэн. Тэгээд хулгайн мөрөөр хулгайн гарт орсон юм байна гэдгийг ойлгож мэдээд хамт явсан хүнтэйгээ буюу Хишигбаттай хээр хонож Бавуудорж, Гантулга хоёрыг утсаар дуудаж маргааш нь дуудсан газарт ирэхээр нь тухайн айлд очиж адуугаа буцааж авсан. Адуугаа буцааж авахад нэг гүүг нь алж нядлаад нэг тооны морь нь байхгүй нийт 6 тооны адуу үлдсэн байсан. 8 адууны 6 адууг нь буцааж авсан, нэг адууг нь нядалсан, нэг нь ор сураггүй алга болсон. Тийм болохоор би хоёр адууныхаа мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-10 дугаар хуудас/,

        Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Ж.Т алж идсэн адууны чинь ширийг үзье гэж хэлтэл гарч үзэхгүй юу гэж ууртай ширүүн хэлсэн. Тэгээд Т.Сыг дагуулаад Ж.Т, Гантулга, Xишигбат бид дөрөв хамтдаа гарч амбаар дотор нь үзэх гэсэн Т.С гаргаж ирэхгүй байсан. Ж.Т Т.Сад дахин гаргаад ир гэж хэлтэл юман доор нуусан байдалтай байсан. Aдууны хуйлж бөөгнүүлж хаясан халтар хээр зүсмийн адууны шир байсан. Тухайн адууны ширийг хараад Ж.Т Т.Сад чи миний халтар байдсыг /гүүг/ цохьчихсон байна ш дээ, миний адууны шир байна гэж хэлтэл Т.С дугараагүй. Т.Саас дуу гарахгүй байсан. Тэгж байгаад Ж.Тын үлдсэн 6 тооны адууг нь Хишигбат, Ж.Т, Гантулга бид дөрөв тууж авч явж буцсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

        Гэрч Ш.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Т.С нь чононд хазуулсан адуу танай гадаа алж нядлах гэсэн юм гэхээр би тэг, тэг гэж хэлсэн. Тухайн адууг манай гэрийн гадаа алж нядалж байсан. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй дараа нь мэдсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

        Гэрч Л.Ё-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Манайх 2018 оны 10 сарын дундуур өвөлжөөн дээр ирж буугаад байж байтал манай ойрхон бэлчээрт 8 тооны адуу байсныг би малд явж байхдаа дурандаж харсан. Дурангаар харж тоолоход яг 8 тооны адуу байсан ба миний харснаар 2 цайвар буюу бор гүү бусад нь бараан зүсмийн халтар хээр зүстэй адуунууд байсан. Нэг жижиг даага юм уу унага байсан. Би 2-3 км зайд дурандаж харсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 24 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч              Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838009400056 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Т.С нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 42 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Ж.Т хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Т.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 6, эцэг, ах, дүү нарын хамт амьдардаг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Т.Сбусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сад оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн 1838009400056 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР