| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0024/э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 25
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Гэрч Б.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тд холбогдох эрүүгийн 1830004040261 дугаартай хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, ам бүл 4, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Шаргын ...тоотод оршин суух хаягтай, одоо 9 дүгээр баг, Хайлаастын ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Э.Т.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Яллагдагч Э.Т нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “С” бааранд 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Т.Тг зодож, эрүүл мэндэд нь “дагз хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: - Шүүгдэгч Э.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэрэг болдог орой 10 цаг 30 минутын алдад заалнаас гараад “С” баар руу Ө, Ба бид нар хамт орсон. Бааранд ороод 0.5 граммын шилтэй “Ерөөл” архи авсан. Би “У” дэлгүүрийн тэнд хүнтэй уулзах гээд гараад явсан. Намайг бааранд буцаж ирэхэд тэр хоёр 0.5 граммын шилтэй “Ерөөл” архи ууж дуусгаад, дахиад 0.5 граммын “Экс” архи аваад талыг нь уусан байсан. Баар хаах дөхөж байхад зүс таних 2 ах манай ширээнд ирж хамт суусан. Тэгээд бид нар архиа ууж байхад урд талын ширээнд хохирогч Т сууж байсан. Т манай ширээнд сууж байсан хоёр ах руу бархираад байсан. Би тэр хоёр ахыг гаргаж өгчихөөд, буцаж орж ирэхдээ Тгийн ширээний хажуугаар явсан. Тэгтэл Т намайг дуудахаар нь би очиход намайг үг дуугүй шууд мөргөсөн. Хамраас цус гоожоод, намайг тонгойход Т дээрээс цохиход, найз нар нь мөн намайг цохиод байсан. Ө ирээд Т бид хоёрыг салгаад Тг аваад гарсан. Би текний зүүн талын ширээнд сууж байтал Т гаднаас гартаа нэг юм бариад над руу дайрахаар нь би тонгойход миний дагзны ар тал руу гурван удаа цохисон. Ттэй хамт явж байсан М гэж залуу, Өнөрбаяртай хамт Тг авч гарсан. Ттэй хамт явж байсан С, Чагдаг гэдэг залуус Баыг текний хажууд унагаад өшиглөж байхад Ө очиж салгасан. Би одоо болно та хэд яв гэхэд Т явахгүй, би явах гэтэл араас зулгаагаад байсан. Тэгээд Т, М, С энэ 3 явлаа гээд гарсан. Тэгсэн Т дахиад орж ирээд намайг ширээн дээр сууж байхад ирээд зууралдаад байсан. М, С хоёр намайг хажуунаас бариад Т цохиод байхаар нь би пивоны шилээр Тг 2, 3 цохисон. Тэр үед цус гарсан гэдгийг мэдээгүй. Текний хажууд сууж байтал ирээд зууралдаад байхаар нь би хүзүүгээр нь тэврээд дарахад гарт нойтон цус мэдэгдсэн. Би хамраас нь цус гарсан байх гэж бодож байсан. Тэгээд байж байтал Т ухаан алдаад, цагдаа, түргэн тусламж ирсэн... гэв.
-Гэрч Б.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Тэр өдөр Т гээд залуу Тог дуудаж авчираад Тогийн нүүр рүү нь мөргөсөн. Намайг тэр хоёрыг салгахад Т байн байн буцаж ирээд Тотэй муудаад байсан. Т баарнаас гарсан боловч буцаж орж ирсэн. Бид нар тэгэхэд бааранд байсан. Тог архины шилээр Тг цохиж байхыг би хараагүй... гэв.
- Яллагдагч Э.Тгийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 22 цаг 30 минутын үед найз Ба, Э.Ө нарын хамт “С” баар руу орцгоосон. Би У супер маркет дэлгүүр орж хүнтэй уулзаад буцаад 23 цаг өнгөрөөгөөд ирсэн. Намайг орж ирэхэд Э.Ө, Б.Ба хоёр нэг шил архи уучихсан дахиад нэг шил архи авч тэрийгээ ууж байсан. Би тэр архинаас нь 3-4 хундага архи уусан. Тэгж байтал манай ширээн дээр миний зүс таних хоёр ах ирж суугаад удалгүй гарах болж би тэднийг гаргаж өгөөд буцаад орж ирээд ширээрүүгээ явж байтал миний зүс таних Т нь намайг дуудсан юм. Би яваад очтол намайг үгийн зөрүүгүй шууд мөргөж хамраас цус гаргасан. Би тухайн үед доошоо тонгойтол миний дээрээс дараад автал цуг явж байсан нэг залуу нь миний хажуунаас цохиод авсан. Тухайн үед манай найз Э.Ө бид хоёрыг салгатал, мөн Ттэй цуг явж байсан М гэдэг залуу Э.Өыг татаад цааш нь аваад явсан. Удалгүй бүгдээрээ гарч яваад буцаад түрүүлж Т орж ирээд миний толгойны ар хэсэг рүү нэг зүйлээр цохисон. Би юу байсан талаар нь анзаарч хараагүй. Мөн над руу пивоны аяга авч цохих гэж байх үед манай найз Э.Ө болиулж тэрийг булааж авсан. Мөн над руу ирээд намайг цохиод байхаар нь би ширээн дээр байсан пивоны шилний ёроол хэсгээр Тгийн дагз хэсэг буюу толгойн ар хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгэхдээ пивоны шил хагараагүй. Дахиж бид хоёр зодолдоогүй. Тэгээд Т гарч яваад буцаж орж ирээд дахиж над руу дайрч ирэхээр нь би тэврээд автал толгойны ар хэсгээс нь цус гарчихсан миний гар цус болсон. Би тухайн үед одоо хоёулаа болъё гэтэл “үгүй би чамтай зодолдоно” гээд дайраад байсан. Тэгж байтал Т над руу дайрахаа болихоор нь би тавиадбосч яваад үүдэн хэсэгт очоод эргээд хартал Т ухаан алдчихсан. Удалгүй цагдаа болон эмч нар ирж Тг авч явсан. Би Тгийн хохирлыг барагдуулж, хоорондоо эвлэрсэн, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-41-42/,
- Хохирогч Т.Тгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би тус өдрийн орой “С” баар руу найз Тү, Б, С нарын хамт 21 цаг өнгөрөөгөөд орж нийт 3 шил архи хувааж ууцгаасан. Нэг мэдсэн чинь би То гэдэг миний зүс таних ах манай ширээн дээр ирчихсэн манай найзуудтай муудаж байсан. Манай найзуудын хэлж ярьж байгаагаар би эхлээд Тог цохисон юм шиг байна. Үүнээс болж То нь намайг архины шилээр цохисон гэж байсан. Би тухайн үед болж өнгөрсөн асуудлын талаар сайн санахгүй байна. То нь миний хохирлыг барагдуулсан. Тийм болохоор надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-5-7/
- Гэрч Б.Баын: Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой найзууд болох Ө, То нарын хамт 23 цагийн орчимд “С" баар руу хамт орцгоосон. Бааранд бид гурав “ерөөл” нэртэй 500 граммын шилтэй архи нэгийг, “экс” нэртэй 500 граммын шилтэй архи нэг нэг авч хувааж ууцгаасан. Тэгээд ширээндээ сууж байтал бид гуравын ширээнд танихгүй хоёр залуу ирж суусан. Тэр хоёр залуу манай ширээний урд талын ширээнд сууж байсан залуучуудтай муудах гээд байсан. Гэтэл манай найз То нь манай ширээнд сууж байсан хоёр залууг гаргаж өгөөд буцаад ороод иртэл манай урд талын ширээнд сууж байсан Т /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх залуу Тог дуудсан.
Тухайн үед То нь тэр ширээ рүү очтол Т гэх залуу Тотэй муудаж зууралдаад зогсож байсан. Би тухайн үед архи их уучихсан согтуу байсан болохоор болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Тог Т гэх залуутай муудаж байхад нь манай найз Ө тэр хоёрыг салгаж, мөн намайг авч баарны үүдэнд байж байтал Т гэх залуутай цуг явж байсан танихгүй залуу над руу ирж надтай муудаад байсан. Мөн Ө бид хоёрыг салгасан.
Гэтэл манай найз То нь Т гэх залуутай бааран дотор хоорондоо зууралдаад зогсож байсан. Удалгүй Т гэх залуу цус алдаад байна гээд газар ойчоод өгсөн...гэх мэдүүлэг /хх-10/
- Гэрч Э.Өын: 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой найзууд болох Ба, То нарын хамт 22 цаг 30 минутын үед С баар руу орцгоосон. Бааранд бид гурав хоёр шил архи хувааж уугаад сууж байтал танихгүй хоёр ах ирж манай ширээнд ирж хамт суусан. Удалгүй тэр хоёр ахыг То гаргаж өгөөд буцаж орж ирж байтал Т гэх залуу Тог дуудаж гээд То тэдний ширээ рүү очсон. Гэтэл тэр хоёр хоорондоо зууралдаад байхаар нь би очиж тэр хоёрыг салгасан. Гэтэл тэр Т гэдэг залуутай цуг явж байсан хүмүүсээс нэг нь намайг гэнэт цохисон. Тухайн үед хамраас цус гарсан өөр гэмтэл бэртэл надад учраагүй. Баыг Ттэй хамт явж байсан хүмүүс газар унагачихсан дээрээс нь өшиглөж байсан. Би тэр хэдийг очиж салгасан. Энэ хооронд То, Т хоёр дахиж хоорондоо муудаж байсан. Намайг харахад То нь гартаа пивоны шил барьчихсан байсан. Тэр пивоны шилээр Тог цохисон эсэх талаар би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Тэгж байтал Т гэх залуу бааран дотор ухаан алдчихсан газар ойчсон хэвтэж байсан. Удалгүй цагдаа болон эмнэлгийнхэн ирсэн” гэх мэдүүлэг /хх-11/,
- Т.Тгийн өвчний түүхийн хуулбар /хх-22-32/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай дүгнэлтэд: “1.Т.Тгийн биед дагз хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ. /хх-18/
- Э.Тгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-49/
- Э.Тгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/
-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-45-47/
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 7/02 дугаартай тодорхойлолт /хх-50/
-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-52-53/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнийн цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “С” бааранд хохирогч Т.Тгийн толгойн ар хэсэгт шар айрагны шилээр цохиж, эрүүл мэндэд нь “дагз хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Тгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Т.Т, гэрч Б.Ба, Э.Ө, нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Тухайн хэрэг гарсан байдлыг тодруулбал, хохирогч Т.Т нь бааранд архи ууж согтуурсан үедээ шүүгдэгч Э.Тг нүүрэнд нь мөргөж цус гарган, удаа дараа өдөөн хоргоож, маргаан үүсгэсний улмаас Э.Т нь түүний толгойд шар айрагны шилээр цохисон үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь хохирогч Т.Тгийн “ Манай найзуудын хэлж ярьж байгаагаар би эхлээд Тог цохисон юм шиг байна. Үүнээс болж То нь намайг архины шилээр цохисон гэж байсан. Би тухайн үед болж өнгөрсөн асуудлын талаар сайн санахгүй байна” гэх, гэрч Э.Өын “ Т гэх залуу Тог дуудахад То тэдний ширээ рүү очсон. Гэтэл тэр хоёр хоорондоо зууралдаад байхаар нь би очиж тэр хоёрыг салгасан. Мөн То, Т хоёр дахиж хоорондоо муудаж байсан. Намайг харахад То нь гартаа пивоны шил барьчихсан байсан. Тэр пивоны шилээр Тог цохисон эсэх талаар би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Тэгж байтал Т гэх залуу бааран дотор ухаан алдчихсан газар ойчсон хэвтэж байсан” гэх, гэрч Б.Баын ” манай урд талын ширээнд сууж байсан Т /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх залуу Тог дуудсан. Тухайн үед То нь тэр ширээ рүү очтол Т гэх залуу Тотэй муудаж зууралдаад зогсож байсан. Удалгүй Т гэх залуу цус алдаад байна гээд газар ойчоод өгсөн “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн буюу бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн согтуурсан зүй бус үйлдлээс шалтаглан түүнийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. Шүүгдэгч Э.Тгийн, хохирогч Т.Тгийн эрүүл мэндэд хохиролучруулсан дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах “ гэмт хэргийн бүх шинжийг агуулах бөгөөд прокуророос түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. түүнд
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, талаар хэрэгт мэдүүлжээ. Шүүгдэгч Э.Т нь хохирогчийн согтууран, хэрүүл маргаан үүсгэсэн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Э.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогчийн согтуурсан үедээ маргаан эхлүүлсэн буруутай үйл ажиллагаатай холбоотой, хохирогч Т.Т хохирлын маргаангүй, гомдолгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулна.
Харин Э.Т нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 04 дугаартай шийтгэхтогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна ” гэж заасны дагуу дээрх хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх 2 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд шилжүүлж 33 хоног буюу 1 сар 03 хоногоор тооцон, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 03 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Э.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Э.Тг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг мөн хугацааны хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд шилжүүлж 33 хоног буюу 1 сар 03 хоногоор тогтоож, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 03 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Тд оногдуулсан 2 жил 1 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Ялтан Э.Тд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялын хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Ялтан Э.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Т.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах
гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН